Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2021/0303

 

 

 

 

 

 

 

 

 

2021 05 13 128/ШШ2021/0303

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Шинжлэх ухаан технологийн их сургууль ,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Өнөр бүл хүүхдийн төв ТӨҮГ ,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/902 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэхээр гаргасан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хүсэлтийг шийдвэрлээгүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг хүсэлтийг шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Б.М, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 28.200 м.кв газар эзэмшдэг. Уг газарт ШУТИС-ийн бүрэлдэхүүн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль үйл ажиллагаа явуулдаг болно.

Манай байгууллага дээрх газрыг 1980 оноос хойш тасралтгүй эзэмшиж үйл ажиллагаа явуулж байна. Тус газрын хэмжээг 2015 онд 28.200 м.кв хэмжээгээр баталгаажуулсан бөгөөд үлдсэн 5359 м.кв газрыг нэмж эзэмшихээр 2017 оноос хойш Нийслэлийн Газрын албаар дамжуулан Нийслэлийн Засаг даргад хандан удаа дараа хүсэлт гаргасаар ирсэн. Гэтэл манай хүсэлтийг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байгаа билээ. 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 5/196 дугаартай хүсэлтээр бид газрын хэмжээг 33559 м.кв болгон нэмэгдүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд дээрх нэмж эзэмшихээр хүсэлт гаргасан газарт манай сургуулийн 5 хаалга бүхий 15 автомашины граж байрладаг бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 02-06/2318 тоот албан бичгээр манай эзэмшил газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлэхийг түр хойшлуулсан тухай мэдэгдсэн билээ.

Гэтэл Өнөр бүл хүүхдийн төвөөс 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 200 тоот албан бичгээр манай сургуульд хандаж дээрх манай байгууллагын нэмж эзэмшихээр хүсэлт гаргасан газрыг эзэмших хүсэлтэй байгаа тухай хандсан. Бид 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг 357 тоот албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан тус газрыг бусдад эзэмшүүлэх боломжгүй талаар мэдэгдсэн болно. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас манай албан бичгийн хариуд 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 02-06/4650 дугаар албан бичгээр маргаан бүхий газарт Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/902 дугаар захирамжаар Өнөр бүл хүүхдийн төвд конторын зориулалтаар 1847 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн талаар дурдсан хариуг өгсөн болно.

Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжаар манай хашаалан эзэмшиж ирсэн, граж байрлах газрыг бусдад эзэмшүүлсэн нь хуульд нийцзэгүй бөгөөд газар эзэмшигч манай байгууллагын газар эзэмших эрхийг зөрчөөд зогсохгүй маргаан бүхий газрыг нэмж эзэмшихийг хүссэн манай байгууллагын түрүүлж гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа гэнэт Өнөр бүл хүүхдийн төвд эзэмшүүлсэн нь хүсэлт гаргагчийн хувьд манай эрхийг мөн зөрчсөн, Газрын тухай хуульд нийцээгүй шийдвэр гэж үзэж тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлагадаа: Манай байгууллага 2015 онд 28.200 м.кв-аар баталгаажуулсан газар дээрээ нэмж өмнө нь эзэмшиж байсан газар болох 5359 м.кв газрыг нэмж эзэмшихээр 2017 оноос хойш Нийслэлийн Газрын албаар дамжуулан Нийслэлийн Засаг даргад хандаж байсан. 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 5/196 дугаартай хүсэлтээр бид газрын хэмжээг 33559 м.кв болгон нэмэгдүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд дээрх нэмж эзэмшихээр хүсэлт гаргасан газарт манай сургуулийн 5 хаалга бүхий 15 автомашины граж байрладаг бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 02-06/2318 тоот албан бичгээр манай эзэмшил газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлэхийг түр хойшлуулсан тухай мэдэгдсэн билээ.

Өнөөдрийг хүртэл хариуцагчаас дээрх хүсэлтийг ямар нэг байдлаар шийдвэрлээгүй байгаа бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хүсэлт гаргасан хуулийн этгээд болох манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Иймд нэхэмжлэгчээс эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 сарын 26-ны өдрийн А/902 дугаар захирамжийн Өнөр бүл хүүхдийн төв-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэхээр гаргасан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах шаардлага гаргасан, дэмжиж байна. Гаражийн барилга 1998 онд баригдсан. Үндсэн хөрөнгөд бүртгэлтэй. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: ШУТИС-ийн 1980 оноос хойш тасралтгүй эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа газрыг 2015 онд 28200 м.кв-аар баталгаажуулсан бөгөөд үлдсэн 5359 м.кв газрыг нэмж эзэмшихээр 2017 оноос хойш Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаар дамжуулан Нийслэлийн Засаг даргад хандаж удаа дараа хүсэлт гаргасаар ирсэн, манай хүсэлтийг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байгаа. Нэмж эзэмшихээр хүсэлт гаргасан газарт сургуулийн 5 хаалга бүхий 15 автомашины гараж байрладаг бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 02-06/2318 тоот албан бичгээр манай эзэмшил газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлэхийг түр хойшлуулсан тухай мэдэгдсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар манай хашаалан эзэмшиж ирсэн гараж байрлах газрыг орц, гарц хааж бусдад эзэмшүүлсэн нь хуульд нийцээгүй бөгөөд газар эзэмшигч манай байгууллагын газар эзэмших эрхийг зөрчөөд зогсохгүй маргаан бүхий газрыг нэмж эзэмшихийг хүссэн манай байгууллагын түрүүлж гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан атлаа Өнөр бүл хүүхдийн төв-д эзэмшүүлсэн нь хүсэлт гаргагчийн хувьд манай эрхийг зөрчсөн, Газрын тухай хуульд нийцээгүй шийдвэр гэж үзэж байна. Мөн Өнөр бүл хүүхдийн төв-д олгосон газрын хойд хэсэгт Шинжлэх ухаан технологийн их сургуулийн эзэмшлийн цахилгааны дэд станц байрладаг. Уг станц нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн эзэмшлийнх бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар цахилгааны шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг зөрчиж, гуравдагч этгээд Өнөр бүл хүүхдийн төв-д газар олгосон. Мөн газрын баруун хойд талд багш ажилчдын 180 айлын орон сууц баригдсан байгаа. Уг сургуулийн барилга 180 айлын орон сууц руу орж, гарах гарцыг хааж газар олгосон. Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 сарын 26-ны өдрийн А/902 дугаар захирамжийн Өнөр бүл хүүхдийн төв-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчээс эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 2318, 2018 оны 11 сарын 12-ны өдрийн 5458 дугаартай албан бичгээр газар нэмж эзэмших хүсэлтийг хойшлуулсан л гэсэн. Эцэслэн шийдвэрлэж хариу өгөөгүй.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй байна. Захиргааны акт нь Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Гуравдагч этгээд Өнөр бүл хүүхдийн төв-д конторын зориулалтаар газар олгосон асуудал нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д аж ахуйн нэгжээс газар эзэмшүүлэх хүсэлт гаргахдаа хавсаргаж өгөх баримтуудыг тодорхой заасан байдаг. Эзэмших газрынхаа болон үйл ажиллагаа явуулж байгаа газрынхаа тойм зургийг хавсаргаж өгөх ёстой. Өнөр бүл хүүхдийн төв нь А/902 дугаартай захирамжаар эзэмшиж байгаа 1847 м.кв газар дээр барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдах боломжгүй гэж үзэж байна. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар эрчим хүчний шугам сүлжээний зурвасыг Нийслэлийн Засаг дарга тогтоодог. Шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж барих гэх мэт хориглох үйл ажиллагааг тодорхой заасан. Ирээдүйд уг газар дээр барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдахад зайлшгүй уг асуудал яригдах учраас архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдах боломжгүй юм. Газрын тухай хуульд зааснаар иргэн болон аж ахуйн нэгжийн гаргасан хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх үүрэгтэй. Маргаан бүхий акт нь 2020 оны 05 сарын 26-нд гарсан өдрөөс хойш 2020 оны 09 сарын 28-нд бусад газрынхаа бичиг баримтуудыг буцааж авсан болохоос хүсэлтээсээ татгалзсан зүйл байхгүй. Тиймээс манай хүсэлтийг шийдвэрлэсэн, эс үйлдэхүй гаргасан зүйл байхгүй гэж дүгнэх боломжгүй гэж үзэж байна. Мөн 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 02-06/450 дугаартай албан бичгээр Өнөр бүл хүүхдийн төв-д газар олгосон гэдгийг мэдэгдсэн. Урьдчилсан шийдвэрлүүлэх журмаар Нийслэлийн Засаг даргад хандах шаардлагагүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/902 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1847 м.кв газрыг "Өнөр бүл хүүхдийн төв" УТҮГ-т конторын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.

"Өнөр бүл хүүхдийн төв" УТҮГ нь улсын төсөвт байгууллага бөгөөд маргаан бүхий газар нь улсын төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газар байх тул Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу Нийслэлийн 3асаг дарга газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 3З.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/902 дугаар захирамж гарсан болно. Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/902 дугаар эахирамж нь хуульд нийцэн гарсан захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох тайлбартаа: Эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэхээр гаргасан хүсэлтийг нь шийдвэрлээгүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг хүсэлтийг шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад даалгуулах нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/902 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1847 м.кв газрыг "Өнөр бүл хүүхдийн төв" УТҮГ-т конторын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 3З.1.1 дэх хэсэг, төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/902 дугаар захирамж гарсан болно. Маргаан бүхий газар нь гуравдагч этгээдийн эзэмшилд байгаа бөгөөд газар эзэмших эрх олгосон шийдвэр нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байх тул нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд нийтийн эзэмшлийн талбайг төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээ, шаардлагын үндсэн дээр Өнөр бүл хүүхдийн төв-д олгосон. Уг газрыг Өнөр бүл хүүхдийн төв-д олгосноор нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байна. Маргаан бүхий захирамж нь Газрын тухай хуулийн 21.2.3, 21.2.4, 33.1.1-д заасныг баримталсан. 2 дахь нэхэмжлэлийн шаардлагын хувьд Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчийн хүсэлт болгонд хариу өгсөөр ирсэн.

Өнөр бүл хүүхдийн төв -өөс нийгэмд тулгараад байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамжийн төв байгуулах хүсэлт ирүүлсний дагуу 3 байршлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас санал болгосон. Түүний үндсэн дээр гуравдагч этгээдийн хүсэлтийг үндэслэн маргаан бүхий газрыг сонгож олгосон. Сургуулийн гаражийн араар тавигдсан зам Өнөр бүл хүүхдийн төв-д эзэмшүүлсэн газарт багтаж байгаа.

Хууль эрх зүйн хүрээнд зайлшгүй Нийслэлийн Засаг даргад өөрт нь хандаж урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг хийсэн байх ёстой. Хэрвээ хандсан бол Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба талуудыг байлцуулаад газрын асуудлыг урьдчилаад шийдвэрлэх боломжтой байсан. Шүүхэд хандсаны дараа ингэж болохгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна гэж үзэж байна. Мөн 2 дахь шаардлагын хувьд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 453 дугаартай албан бичгээр газрын бичиг баримтаа буцааж авахыг хүссэн. Нэхэмжлэгчээс бичиг баримтаа буцааж авсан, буцааж өгөх эсэх нь тодорхойгүй байх тул манай зүгээс хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан зүйл байхгүй. Учир нь бичиг баримт байхгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй. Тиймээс нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өнөр бүл хүүхдийн төв ТӨҮГ нь 21 аймаг, 9 дүүргийн төрөөс зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ үүссэн 2-18 насны бүтэн өнчин, хагас өнчин хүүхдүүдийг хүлээн авч, гэр бүлд дүйцэхүйц асрамж, халамж, хамгааллын үйлчилгээг төрийн нэрийн өмнөөс үзүүлэх чиг үүрэг бүхий үйлчилгээний онцгой байгууллага юм.

Монгол Улсын хэмжээнд нийт 11535 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьдарч байгаагаас 3188 хүүхэд байнгын асаргаа, сувилгаа шаардагддаг. Манай улсад төрийн болон төрийн бус байгууллагын санхүүжилтээр 30 гаруй хүүхдийн асрамж, халамжийн төв байдаг. Гэвч оюуны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан үйлчилгээ үзүүлдэг төрөлжсөн асрамж, халамжийн төв одоогоор байхгүй. Тус төв нь одоогийн байдлаар 181 хүүхдэд асрамж, халамж, хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлж байгаагаас 38 хүүхэд байнгын асаргаанд байдаг. Оюуны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээ, тусгай стандарт бүхий насан туршийн асрамж, халамжийн төвийн барилга шинээр барих зайлшгүй шаардлагын үндсэн дээр Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/902 дугаар захирамжтай 1847 м.кв бүхий газар эзэмших эрх олгосон.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/902 дугаар бүхий захирамжтай 1847 м.кв эзэмшил бүхий газар нь 1/ Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн авто гражын орц, гарц болон инженерийн барилга байгууламжинд төвөгшил учируулаагүй, 2/ Өнөр бүл хүүхдийн төв-ийн А/902 дугаар бүхий захирамжтай газар нь Газрын тухай хуулийн 27.1 дэх хэсгийн Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ', 27.4 дэх хэсгийн Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно тус тус заасны дагуу Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хууль ёсны эзэмших өмчлөх эрхтэй нь давхцаагүй болно.

Иймд манай байгууллагын Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/902 дугаар бүхий захирамжтай 1847 м.кв эзэмшил бүхий газрыг хэвээр үлдээнэ үү. гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Манай байгууллагын Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 сарын 26-ны өдрийн А/902 дугаар бүхий захирамжтай 1847 м.кв эзэмшил бүхий газрыг хэвээр үлдээж өгнө үү. Дахин манайд газар олгох боломжгүй гэж үзэж байгаа бол энэ газарт халамжийн төвийн барилгаа барихаас өөр аргагүй байдалд хүрсэн. Бид 150 хүүхдийн ортой халамжийн төвийн газар хүсэхэд Нийслэлийн Газрын алба энэ газрыг санал болгоод, оффисын зориулалтаар өгсөн. Манайх газар эзэмших хүсэлт гаргахдаа байршил заагаагүй. Баянзүрх дүүрэгт байсан манай эзэмшлийн газрыг цэцэрлэгийн зориулалтаар буцааж авсан тул халамжийн төвийн газар хүсэхэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 3 байршил санал болгосноос шугам сүлжээнд холбогдсон газар нь энэ байсан. Манайх тухайн байршилд газар хүссэн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төвийн барилга барих. Гэхдээ оффисын зориулалтаар энэ газрыг олгосон. Манай Өнөр бүл хүүхдийн төв-ийн газрын асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Одоогоор бидэнд өөр газар шийдэж өгөөгүй учир ядаж энэ газраа авч үлдэх хүсэлттэй байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургууль нь газрын хэмжээг нэмэгдүүлж баталгаажуулах хүсэлтийг нь шийдвэрлээгүй байхдаа хүсэлт гаргасан газарт нь орц, гарц хааж газар эзэмшүүлсэн үндэслэлээр эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэхээр гаргасан хүсэлтийг нь шийдвэрлээгүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг хүсэлтийг шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/902 дугаар захирамжийн Өнөр бүл хүүхдийн төв ТӨҮГ-т газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэл гаргаж маргажээ.

Нэг. Эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэхээр гаргасан хүсэлтийг нь шийдвэрлээгүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг хүсэлтийг шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад даалгуулах шаардлагын тухайд.

Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь Нийслэлийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 243 дугаар захирамжаар баталгаажсан нэгж талбарын 18645312207226 дугаартай 33200 м.кв газраас 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжаар багш ажилчдын 180 айлын орон сууц баригдсан 5000 м.кв газрыг тус сургуулийн Хөгжлийн санд шилжүүлж, нэгж талбарын 18645312208226 дугаартай 28200 м.кв газар эзэмших эрхтэй үлдсэн байна.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эзэмшлийн газрыг баталгаажуулахдаа тус сургуулийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, 1984 онд ашиглалтад орсон гаражийн барилгын[1] доорх газрын талыг оруулаагүй, өөрөөр хэлбэл уг гаражийн доорх газрыг баталгаажуулаагүй байдаг.

Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь 2018 оноос хашаалсан хэмжээгээр газрын хэмжээг нэмэгдүүлэхээр буюу үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, ашиглалтад байгаа 15 автомашины гараж, түүний араар тавигдсан орц гарц бүхий автозамыг оруулан баталгаажуулахаар хүсэлт гаргаж байсан, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зарим хариуг өгч байжээ.

Тухайлбал нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 18-нд хүсэлт гаргахад[2] Нийслэлийн Газрын алба 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 02-06/5456 тоотоор Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хүсэлтийг хэлэлцэж, эзэмшил газрын хойд хэсгээр явган зам гаргах, зөрчлийг арилгах хүртэл хойшлуулах дүгнэлт[3] гарсан, зохих зөвшөөрөлгүй газрын хэмжээг нэмэгдүүлсэн зөрчлийг арилгаж кадастрын зургийн дагуу хашаагаа татахыг мэдэгдсэн[4],

2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 60 тоотоор газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авах хүсэлт дахин гаргаж, Нийслэлийн Газрын алба 2019 оны 11 дүгээр сарын 29-ний 03-06/5939 тоотоор хашаагаа татаж газар чөлөөлөх дээрх мэдэгдлийг дахин хүргүүлсэн[5],

2019 оны 12 дугаар сарын 11-ний 5/1076 тоотоор 28200 м.кв газраа 33559 м.кв болгон нэмэгдүүлэх зөвшөөрөл хүсэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандаж,

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 5/1090, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5/1128, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 5/196 тоот албан бичгүүдээр Нийслэлийн Газрын албанд Газрын албаны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 02-06/5456, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний 03-06/5939 тоот мэдэгдэлд зааснаар газрын кадастрын хил заагийг шинэчлэн хийлгэсэн талаар дурдаад, 33559 м.кв газар болгож газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт дахин гаргасан[6] байдаг.

Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өрийн хурлаар тус сургуулийн газрын хэмжээг нэмэгдүүлэх дээрх хүсэлтийг дахин хэлэлцээд зөвшөөрөлгүй нэмж хашаалсан зөрчлийг арилгуулах, явган хүний зорчих хэсгийг чөлөөлүүлэх хүртэл хүсэлтийг хэлэлцэхийг түр хойшлуулсан, энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2020 оны 5 дугаар сарын 1-ны өдрийн 02-06/2318 тоотоор хариу өгсөн[7], Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 28200 м.кв газар дээр үйл ажиллагаа явуулдаг салбар Бизнес удирдлага, хүмүүнлэгийн сургууль 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 358 тоотоор уг мэдэгдлийн дагуу хашааны зүүн болон зүүн хойд хэсгээр явган хүний зорчих хэсгийг чөлөөлж, хашааг дотогш татсан талаар хариу хүргүүлсэн[8] байдаг.

ШУТИС-ийн 1984 онд баригдсан, үндсэн хөрөнгөд бүртгэлтэй гаражийн барилгын доорх газрын зарим хэсэг баталгаажаагүй[9] бөгөөд нэмж газар эзэмших эрхийг баталгаажуулах хүсэлт гаргасан талбайд тусгагдсан байдаг.

Ийнхүү газар нэмж эзэмших хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар шаардлага хангаагүй гэж үзсэн бол энэ талаар хариу өгч бүртгэлээс хасах байсан ч газар нэмж эзэмшүүлэх боломжгүй гэж хариу өгөөгүй, Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар 2 удаа хэлэлцээд хүсэлтийг шийдвэрлэхийг хойшлуулж байсан тул хариуцагчийг талбайн хэмжээг нэмэгдүүлэх буюу нэмж газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэж хариу өгсөн гэж үзэхгүй тул талбайн хэмжээг нэмэгдүүлж эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Түүнчлэн Бизнес удирдлага, хүмүүнлэгийн сургууль 2018 оны 11 дүгээр сарын 19-нд 622 тоотоор газрын гэрчилгээ, кадастрын зураг зэрэг баримт бичгүүдийг эх хувиар нь хүсэлтдээ хавсарган Газрын албанд өгсөн байсныгаа Төрийн өмчийн хорооноос барилгын үнэлгээ хийгдэхтэй холбогдуулж буцаан авч, үнэлгээ хийгдэж балансад тусгагдсаны дараа кадастрын зурагт өөрчлөлт оруулах хүсэлтээ шийдвэрлүүлэх хүсэлтэйг илэрхийлсэн[10], мөн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 453 тоотоор газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийг эх хувиар, бусад баримт бичгүүдийн хуулбарыг буцаан гаргуулах хүсэлт гаргасан[11] байх бөгөөд төрийн өмчийн үнэлгээ бүртгэл хийлгэхтэй холбогдуулан баримт бичгийг эх хувиар буцаан авсныг талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтээсээ татгалзсан, хүсэлтээ буцаан авсан гэж үзэхгүй.

Хоёр. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/902 дугаар захирамжийн Өнөр бүл хүүхдийн төв ТӨҮГ-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд.

Төрөөс зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ үүссэн 0-18 насны бүтэн өнчин, хагас өнчин хүүхдүүдийг хүлээн авч, гэр бүлд дүйцэхүйц асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Өнөр бүл хүүхдийн төв ТӨҮГ нь хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаанд байдаг хүүхдийн насан туршийн асрамж халамжийн 150 ортой төв байгуулах газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр 2020 оны 6 дугаар сарын 11-нд 196 тоотоор Нийслэлийн Засаг даргад хандсан, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн нэмж эзэмшихээр хүсэлт гаргасан газраас зүүн хойд хэсгийн газрыг санал болгож, Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаар хуралдаанаар хэлэлцэн конторын зориулалтаар тус төвд 1847 м.кв хэмжээгээр эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2020 оны 6 дугаар сарын 15-нд кадастрын зураг хийлгэн, мөн өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургуульд тухайн байршилд газар эзэмших хүсэлтээ илэрхийлсэн, улмаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/902 дугаар захирамжаар Өнөр бүл хүүхдийн төв-д 1847 м.кв газрыг конторын зориулалтаар эзэмшүүлжээ.

Өнөр бүл хүүхдийн төв ТӨҮГ-ын хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг хүүхдийн насан туршийн асрамж, халамжийн 150 ортой төв байгуулах зориулалтаар газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхдээ тухайн газрыг оффисын зориулалтаар эзэмшүүлсэн, 1847 м.кв газар нь байршил, төлвийн хувьд тус төвийн хүсэлтэд заасан хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг хүүхдийн насан туршийн асрамж, халамжийн 150 ортой төв байгуулах зориулалтад нийцэх эсэхийг хариуцагч захиргааны байгууллага газар дээр нь судлаагүй гэж үзэхээр байна. Учир нь тухайн газар нь баруун хойноос зүүн урагш булан бүхий сунасан хэлбэртэй, газрын зарим хэсэг өндөрлөг, зарим хэсэг налуу, зарим хэсэг доор байрласан нь газрын төлвийн хувьд асрамж, халамжийн 150 ортой төвийн барилга барихад боломжтой эсэхийг судалж тогтоосон баримтгүй, төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлсэн гэж буй ч энэхүү зайлшгүй хэрэгцээний шаардлагад нийцсэн эсэхийг судлаагүй байна.

Түүнчлэн ШУТИС-ийн 1984 онд баригдсан, үндсэн хөрөнгөд бүртгэлтэй гаражийн барилгын доорх газрыг хэсэгчлэн тус сургуулийн эзэмшилд баталгаажуулсан, зарим хэсэг нь баталгаажаагүй бөгөөд гаражийн барилгын араар тавигдсан авто замыг оруулан Өнөр бүл хүүхдийн төв-д эзэмшүүлсэн нь сургуулийн болон сургуулийн баруун хойд талд баригдсан багш, ажилчдын 180 айлын орон сууцны хотхоны оршин суугчдын авто замаар зорчих орц, гарцыг хаасан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй. Гаражийн барилгын хойгуур тавигдсан авто зам нь сургуулийн барилгын болон багш, ажилчдын 180 айлын орон сууцны хотхоны оршин суугчдын автомашинаар зорчих орц, гарцаар төлөвлөгдөж хийгдсэн байна. Тодруулбал 2014 онд ашиглалтад орсон 180 айлын орон сууцны хотхоны орц, гарц урд болон зүүн талдаа төлөвлөгдсөн, урд талдаа зөвхөн явган орц, гарцтай, зүүн тийшээгээ сургуулийн гаражийн хойгуур тавигдсан автозам бүхий орц, гарцтай болох нь маргаан бүхий газарт шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн фото зургаар тогтоогдож байна. Сургуулийн хашаанд баригдсан багш, ажилчдын орон сууцны хотхоны хойд болон баруун тал бетонон хашаатай, хотхон урд, зүүн гэсэн 2 чиглэлд орц, гарцтай төлөвлөгдсөн ч урд хэсгийн тухайд хотхон болон сургуулийн хооронд явган хаалга бүхий хашаалсан, сургуулийн төв хаалга баруун урагш байрласан, тэр хэсэгт явган зам талбай хийгдсэн, түүний гадуур хашаалсан, хашааны гадна авто зогсоол хийгдсэн байх тул хотхоны урд автозам бүхий орц гарц байх нь суралцагчдын аюулгүй байдалд нийцэхээргүй, өөрөөр хэлбэл сургуулийн төв хаалга бүхий хашаан доторх явган зам талбайд авто зам хийх боломжгүй юм.

Ийнхүү Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн талбайн хэмжээг нэмэгдүүлж эзэмших түрүүлж гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй байхдаа хүсэлт гаргасан газарт нь, эзэмших эрхтэй газрынх нь орц, гарцыг хааж, Өнөр бүл хүүхдийн төв ТӨҮГ-ын хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг хүүхдийн насан туршийн асрамж, халамжийн 150 ортой төв байгуулах зориулалтад нийцсэн эсэхийг судлалгүй, оффисын зориулалтаар уг газрыг эзэмшүүлсэн байх тул хариуцагч захиргааны байгууллагыг дээрх нөхцөл байдлыг судалж, дахин шинэ акт гаргахыг даалгаж, тэр хүртэл маргаан бүхий бүхий актыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг захиргааны байгууллагад өөрт нь хандаж урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй үндэслэл зааж, үүнийгээ шүүхийн шатнаас өмнө захиргааны байгууллага нэхэмжлэгч, гуравдагч этгээд талуудыг байлцуулан шийдвэрлэх боломжтой байсан хэмээн тайлбарлаж байх тул энэ тайлбарыг дахин шинэ акт гаргах хүртэл актыг түдгэлзүүлэх үндэслэл болгосон болно.

Харин захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй гэх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзлээ. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалт нь урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжтой эсэхийг шүүх дүгнэж хэрэглэхээр агуулгатай, энэ маргааны тухайд гуравдагч этгээдэд эзэмшихийг хүссэн газрынх нь зориулалтад нийцсэн газар эзэмшүүлсэн эсэхийг, мөн нэхэмжлэгчийн зарим үл хөдлөх эд хөрөнгө, орц гарц бүхий газраа нэмж баталгаажуулах хүсэлтийг судалж шийдвэрлэх үүргийг хариуцагчид хүлээлгэх шаардлагатай гэж шүүх үзсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаас илүүтэйгээр дээрх нөхцөл байдлыг судалж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж, тэр хүртэл маргаан бүхий бүхий актыг түдгэлзүүлэх шийдвэр гаргах нь сургалтын үйл ажиллагаа явуулдаг нэхэмжлэгч, хүүхдийн асрамж, халамжийн үйл ажиллагаа явуулдаг гуравдагч этгээд хэн алины эрх, ашиг сонирхолд нийцэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэхээр гаргасан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хүсэлтийг шийдвэрлээгүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад даалгаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/902 дугаар захирамжийн Өнөр бүл хүүхдийн төв ТӨҮГ-т холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь Өнөр бүл хүүхдийн төв- ТӨҮГ-ын хүсэлт гаргасан зориулалтад эзэмшүүлсэн газар нь байршил, төлвийн хувьд нийцэж буй эсэхийг, мөн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн орц гарцыг хаах эсэхийг судалж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр дахин шинэ акт гаргах үүрэгтэй бөгөөд ийнхүү шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй нөхцөлд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/902 дугаар захирамжийн Өнөр бүл хүүхдийн төв ТӨҮГ-т холбогдох хэсэг хүчингүй болохыг тайлбарласугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтын дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургуульд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА

 

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 22 дугаар хуудас

[2] Хэргийн 2 дугаар хавтсын 3, 9 дүгээр хуудас

[3] Хэргийн 2 дугаар хавтсын 9 дүгээр хуудас

[4] Хэргийн 2 дугаар хавтсын 10 дугаар хуудас

[5] Хэргийн 2 дугаар хавтсын 11 дүгээр хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 16, 17, 18 дугаар хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 19 дүгээр хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтсын 21 дүгээр хуудас

[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 40, 45, 58, 221,

[10] Хэргийн 2 дугаар хавтсын 8 дугаар хуудас

[11] Хэргийн 2 дугаар хавтсын 6 дугаар хуудас