Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2024/0309/З |
Дугаар | 221/МА2024/0521 |
Огноо | 2024-08-02 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2024/0521
2024 оны 08 сарын 02 өдөр | Дугаар 221/МА2024/0521 | Улаанбаатар хот |
Х ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0440 дүгээр шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пүрэвдулам давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Х ХХК
Хариуцагч БОАЖС
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0309/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0440 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БОАЖСын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/** дүгээр тушаалын Х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Хариуцагч БОАЖСын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
2.1. ...БОАЖСын 2011 оны А/491 дүгээр тушаалаар "Х" ХХК-д Богдхан уулын Нүхтийн аманд 15 га газар ашиглах эрх олгосон бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-236 дугаар тушаалаар 5 га газрын ашиглах эрхийг цуцалсан. Үүний дараа 2015 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Х" ХХК-д үлдсэн газар ашиглах эрх 110 га/-ийг цуцлах үндэслэл бүрдсэн болох талаар мэдэгдэл хүргүүлж байсан бөгөөд тухайн компаниас зөрчлөө арилгах боломж олгохыг хүссэн хариу ирүүлсэн байдаг. Гэвч "Х" ХХК нь газар ашиглах эрх олгосноос хойш 90 хоногийн хугацаанд газар ашиглах гэрээ байгуулах, газраа зориулалтын дагуу ашиглах, газрын төлбөрөө төлөх үүргээ биелүүлэхгүй байсан тул 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн. "Х" ХХК-иас тогтоосон хугацааны дотор хариу ирүүлээгүй бөгөөд 2018 оноос хойш газрын төлбөрийг төлөөгүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй зөрчил гаргасан болох нь хөдөлбөргүй нотлогдсон тул БОАЖСын 2021 оны А/** дүгээр тушаалаар тус компанийн ашиглаж байсан, Богдхан уулын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд олгогдсон 10 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон болно. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-т "Нэхэмжлэгч "Х" ХХК-иас 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд, 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргад гурвалсан гэрээ байгуулахаар хүсэлт гаргаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан сан байх ба захиргааны байгууллага дээрх хүсэлтүүдэд цохолт хийсэн боловч хариу өгөөгүй, бүртгэл хяналтын дэвтэрт тэмдэглэж бүртгэлд аваагүй нөхцөлд байдал тогтоогдож байна." гэж дүгнэсэн нь илт хууль бус, хэрэгт авагдсан нотлох баримттай нийцэхгүй дүгнэлт болжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхээс нотлох баримт Буглуулах ажиллагаа явуулж, "Х" ХХК-иас дээрх хүсэлтүүдийг гаргаж байсан эсэх талаарх лавлагааг холбогдох төрийн захиргааны байгууллагуудаас гаргуулж авсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Архивын ерөнхий газраас шүүхэд хүргүүлсэн албан бичгүүдээр "Х ХХК-иас гуравласан гэрээ байгуулах талаар хүсэлт хүргүүлж байгаагүй болох нь эргэлзээгүй нотлогддог. Төрийн захиргааны байгууллагууд "..." байгуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй байна." гэсэн хариу өгсөөр байтал ...гаргасан "Х" ХХК" нь гуравласан гэрээ хүсэлтийг нь бүртгэл, хяналтын дэвтэрт тэмдэглэж аваагүй байна. гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг ойлгох боломжгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-т ..... сум, дүүргийн Засаг дарга, хамгаалалтын захиргаатай хамтран газар эзэмшигч этгээдтэй гуравласан гэрээг газар ашиглуулах шийдвэрийн дагуу байгуулах үүрэгтэй бөгөөд захиргааны байгууллагуудын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлж чадаагүй байх тул түүний хууль ёсны итгэл хамгаалах зарчмын үүднээс хөндөгдөж буй эрх ашгийг сэргээх боломжтой гэж дүгнэлээ. гэсэн байна. Анхан шатны шүүх өөрийн санаачилгаар хэрэгт энэ талаарх нотлох баримтыг хангалттай цуглуулсан мөртөө хараагүй, үзээгүй, тийм баримт байхгүй мэт дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх зарчмыг зөрчсөн явдал болжээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-т хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2018 оноос хойш нэхэмжлэгч компаниас гаргасан гуравласан гэрээ байгуулах хүсэлтийг захиргааны байгууллага шийдвэрлээгүй буруутай болох нь тогтоогдож байх тул" гэж дүгнэсэн нь мөн л хууль бус бөгөөд хэрэгт энэ талаар баримт байхгүй. Нэхэмжлэгч Х ХХК нь 2016 онд гуравласан гэрээ байгуулах талаар хүсэлтүүд гаргаж байсан талаар тайлбар гаргадаг ба шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-т энэ талаар дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т Мөрдөгчийн мэдэгдэл болон холбогдох байгууллагын саналыг шууд газар ашиглах эрхийг цуцлах шийдвэрийн үндэслэл болгосон нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулахтай холбоотой харилцааг зохицуулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуульд нийцээгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар шийдвэр нь хуульд үндэслэх зарчимд нийцээгүй гэжээ. Дээрх дүгнэлт нь мөн л хэрэгт авагдсан нотлох баримтын эсрэг дүгнэлт болсон байна. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтын хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглалтын байдалд хяналт тавих, тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын эрх үүрэг бүхий захиргааны байгууллага болно. Энэ хүрээнд Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас "Х" ХХК-ийн газар ашиглалтын байдалд хяналт, шалгалтын үйл ажиллагаа явуулж, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр "Х" ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох саналыг ирүүлсний дагуу газар ашиглах эрхийг хүчингүй болгох шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шиг Мөрдөгчийн мэдэгдлээр газар ашиглах эрхийг цуцалсан үйл баримт болоогүй бөгөөд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд мэдэгдэл ирүүлж, үүнээс хойш 2 сарын дараа сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн, 6 сарын дараа газар ашиглах эрхийг хүчингүй болгох санал гаргасны дагуу БОАЖСын тушаал гарсан байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т ..... газрын хэмжээнд өөрчлөлт орсон тул хасагдсан газраа дахин авах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан зэргээс газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээр байна, мөн үндэслэх хэсгийн 14-т газар эрх олгосон сайдын тушаал болон газар ашиглах эрхийн гэрчилгээнд газрын хэмжээ, зориулалт, байршлыг тодорхой заасан бөгөөд нэгж талбарт ногдох газрын төлбөрийг хууль, журам байдаг тул нэхэмжлэгчийн хувьд ямар хэмжээний төлбөрийг ямар журмаар төлөх нь угтаа ойлгомжгүй байжээ. гэж дүгнэсэн. "Х ХХК нь 2011 оны 15 га газар ашиглах эрх авч, 2015 онд 5 га газрын ашиглах эрхийг цуцалж, үлдэх 10 га газрын ашиглах эрхийн гэрчилгээг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хүлээн авсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани 10 га газрын ашиглах эрхтэй болохоо хүлээн зөвшөөрч, улсын тэмдэгтийн хураамжаа төлсний үндсэн дээр газар ашиглах эрхийн гэрчилгээгээ төрийн захиргааны төв байгууллагаас гаргуулан авсан байхад газрын хэмжээ тодорхой бус байснаас газрын төлбөрөө төлөөгүй нь зөв гэж дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Х" ХХК-д 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 0171072 дугаартай, Богдхан уулын Нүхтийн аманд 10 га талбай бүхий газар ашиглах эрхийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн бөгөөд уг гэрчилгээг хүлээн авсан хугацаанаас хойш газрын төлбөрөө огт төлөөгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 16-д "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс явуулсан маргаан бүхий газрын үзлэгээр нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашиглалтын газарт үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй хэдий ч 2018 онд аялал жуулчлалын загвар зургийг боловсруулан, Мишээл беннети ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Газар шорооны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь нотлогдож байна. гэсэн байна. Дээрх дүгнэлт нь Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 13 дугаартай тогтоолоор Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарласан бөгөөд уг тогтоолын 1.10-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно " гэж тайлбарласантай нийцэхгүй. Үүний дээр 2018 онд аялал жуулчлалын загвар зургийг боловсруулсан гэх боловч энэхүү зураг нь холбогдох эрх бүхий төрийн захиргааны байгууллагуудаар баталгаажаагүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлэхэд эргэлзээтэй. Аливаа загвар зураг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн хот төлөвлөлтийн газраар баталгаажих ёстой. Мөн Мишээл беннети ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр "Газар шорооны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь нотлогдож байна" гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд газар шорооны ажил байгууллагуудаар загвар зураг батлагдсаны дараа, техникийн нөхцөл олгогдож, холбогдох төрийн захиргааны барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авсны үндсэн дээр хийгддэг үйл ажиллагаа болно. Загвар зураг батлагдаагүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй байхад газар шорооны ажил гүйцэтгэх боломжгүй тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцэхгүй юм. Мөн үндэслэх хэсгийн 17-д Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 02/113 дугаар Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг Мишээл беннети ХХК-д олгосон байх ба нэхэмжлэгч компанийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй гэсэн нь анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй явдал гэж үзэж байна. Учир нь Мишээл беннети" ХХК-д олгосон Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ нь тухайн компанийг гэрээний хариуцлагаас чөлөөлөхөөс бус "Х" ХХК-д хамааралгүй болно. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, илт нэг талыг барьсан, хууль бус дүгнэлтүүд хийн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Х ХХК-аас БОАЖСад холбогдуулан БОАЖСын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/** дүгээр тушаалын Х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Анхан шатны шүүх ...2018 оноос хойш нэхэмжлэгч компаниас гаргасан гурвалсан гэрээ байгуулах хүсэлтийг захиргааны байгууллага шийдвэрлээгүй буруутай болох нь тогтоогдож байх тул 10 га газарт төлбөр төлөх асуудал тодорхой бус байсан байх ба нөгөөтэйгүүр тус компани хасагдсан 5 га газрыг дахин олгохыг хүсэж, захиргааны байгууллагад хүсэлт гаргаж байснаас үзэхэд төлбөр төлөх хэмжээ тодорхойгүй байсан болох нь тогтоогдож байна. ...газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээр байна. ...2018 онд аялал жуулчлалын цогцолбор барих загвар зургийг боловсруулан, Мишээл беннети ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Газар шорооны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь нотлогдож байна. ...Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 02/113 дугаар Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг Мишээл беннети ХХК-д олгосон байх ба нэхэмжлэгч компанийг газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй гэж тус тус дүгнэн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бодитойгоор үнэлэлгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Төрийн захиргааны байгууллагууд ...Х ХХК нь гуравласан гэрээ байгуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй байна гэсэн хариу өгсөөр байтал ...гаргасан хүсэлтийг нь бүртгэл, хяналтын дэвтэрт тэмдэглэж аваагүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр ойлгомжгүй. ...нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх зарчмыг зөрчсөн. ...газрын хэмжээ тодорхой бус байснаас газрын төлбөрөө төлөөгүй нь зөв гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй гэх гомдол үндэслэлтэй.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд БОАЖСын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газар, Нүхтийн аманд 15 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар Х ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэж, улмаар 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр газрын хэмжээг 10 га болгон 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, 0171072 дугаар гэрчилгээ олгосон байх бөгөөд БОАЖСын маргаан бүхий 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/** тоот тушаалаар газар ашиглах эрхийг цуцлах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Х ХХК-иас ашиглах эрх бүхий дээрх газрын төлбөрийг 2017 оноос хойш төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгчээс Газар ашиглах гэрээ байгуулаагүй тул газрын төлбөрт хэдэн төгрөг төлөх нь тодорхойгүй байсан. Мөн манай компанийн зүгээс газар ашиглах гэрээ байгуулах хүсэлт болон цуцалсан 5 га газрыг буцаан авах хүсэлтийг захиргааны байгууллагад гаргасан байсан... гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргажээ.
6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х ХХК-иас гурвалсан гэрээ байгуулахаар хандаж байсан эсэх, хэрэв энэ талаар хүсэлт гаргаж байсан бол хэрхэн шийдвэрлэсэн талаарх тайлбар, холбогдох нотлох баримтыг гаргуулахаар 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/1490 дүгээр албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/1491 дүгээр албан бичгээр Хан-Уул дүүргийн Засаг даргаас тус тус шаардсан боловч дээрх захиргааны байгууллагуудаас Х ХХК-иас гурвалсан гэрээ байгуулахаар хүсэлт ирүүлж байгаагүй гэх хариуг тус тус шүүхэд ирүүлсэн байна.
7. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуй нэгж байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж заасан бөгөөд хариуцагч захиргааны байгууллага нь газар ашиглах зөвшөөрөл нэгэнт олгосон атлаа түүнийг дагаж гарах газар ашиглах гэрээг байгуулаагүй, хууль бус эс үйлдэхүй гаргасан буруутай боловч энэ нь газар ашиглах эрх нь хүчин төгөлдөр, эрхээ хэрэгжүүлж байгаа этгээдэд хуулиар хүлээлгэсэн газрын төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.
8. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-д тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 35 дугаар зүйлийн 35.3.3-д газар эзэмшигч газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч Х ХХК нь 2018 онд 10 га болгож багасгасан хэмжээгээр газрын төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн байна. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар авагдсан баримтыг буруу үнэлж, гэрээ байгуулахаар хандаж байсан, гэрээ байгуулаагүй нь газрын төлбөр төлөхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй болжээ.
9. Хариуцагчийн төлөөлөгчийн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасныг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбарыг анхан шатны шүүх буруу хэрэглэсэн, мөн хэрэгт авагдсан энэ талаарх баримтыг буруу үнэлсэн гэх гомдол үндэслэлтэй байна.
10. БОАЖСын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр тушаалаар Х ХХК-д 15 га газар ашиглах эрх олгосноос хойш, мөн 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалаар 5 га газрын ашиглах эрхийг цуцалж, 10 га газар ашиглах эрх олгосноос хойш ч уг газрыг зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл бусад баримтаар тогтоогдож байна.
13. Гэтэл анхан шатны шүүхээс ... 2018 онд аялал жуулчлалын цогцолбор барих загвар зургийг боловсруулан М ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Газар шорооны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь тогтоогдож байна. Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 2024 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн 02/113 дугаар Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг М ХХК-д олгосныг 10 га газрыг 10 жилийн туршид ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзсэн үндэслэлгүй бөгөөд хуулийн дээрх заалтыг буруу хэрэглэсэн байна.
14. Шийдвэрийн үндэслэл болсон 2018 онд үйлдсэн Аялал жуулчлалын цогцолбор барих загвар зураг-ийг эрх бүхий захиргааны байгууллагаар батлуулаагүй, нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу ашиглах үйл ажиллагаа явуулаагүй, барилга байгууламж барихаар газар шорооны ажлын гэрээнээс өөр эрх бүхий этгээдээс зохих зөвшөөрөл, нөхцөл хүссэн, зураг төслийг батлуулахаар хандсан зэргээр тасралтгүй газраа ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явуулсаар байсан талаар баримт байхгүй, мөн гэрээ байгуулсан этгээд нь тухайн ажлыг гүйцэтгэх боломжгүй тохиолдолд өөр этгээдтэй гэрээ байгуулах боломжтой атал бусдад тохиолдсон шалтгааныг өөрийн хүндэтгэн үзэх шалтгаан гэж тайлбарласныг шүүх үнэлсэн нь нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхээр заасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т нийцээгүй байна.
15. Иймд хариуцагч нь Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасныг зөв хэрэгжүүлж, маргаан бүхий захиргааны акт гаргасан нь хууль зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
16. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ар гэрийн гачигдал гарсан тул хурлыг хойшлуулах, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчөө солих, өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах шаардлагатай гэж үзэж, удаа дараа давж заалдах шатны шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтүүд гаргасныг удаа дараа хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, уг эрхүүдээ хэрэгжүүлэх боломжийг олгож байсан боловч 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 30 минутад товлогдсон энэхүү шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч болоод өмгөөлөгч нараасаа татгалзаж, хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх хугацаа олгож шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг дахин гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэхээргүй байх тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсныг, мөн нэхэмжлэгчээс шүүх бүрэлдэхүүнийг хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзан гаргах хүсэлт гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т зааснаар хүсэлт гаргаагүйд тооцсоныг тус тус тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0440 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан БОАЖСын 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/** дүгээр тушаалын Х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай шаардлага бүхий Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ