Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 861

 

2019            8             27                                             2019/ДШМ/861

А.Сад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Б.Э,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/956 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 101 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр А.Сад холбогдох эрүүгийн 1906002381189 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн А.С, 1989 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ....................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................../,

А.С нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Эгийн халаасанд байсан “Iphone X” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.672.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Сыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Сад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, А.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.   

Прокурор Т.Мөнх-Амгалан бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 956 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй байна.

Мөн Эрүүгийн хуулиар ялтан нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд үүсэх үр дагаврыг тусгайлан зохицуулж хуульчилсан. Тэнссэн хугацаанд ялтан нь санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тусгайлан заасан. Тэнссэн хугацаанд ялтан нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдвэл тухайн гэмт хэргийн болон хүний хувийн байдал зэргийг харгалзан албадлагын арга хэмжээг нь хүчингүй болгож болох талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан.

Мөн ялтанд тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлж хязгаарлалтыг зөрчөөгүй бол үүрэг хүлээлгэсэн хугацааг дуусахаас өмнө ялаас чөлөөлөгдөх боломж хуулиар олгогдсон. Энэ талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Тэнссэн хугацаанд гэмт хэргийн хохирлыг бүрэн төлж шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлж эрхийн хязгаарлалтыг зөрчөөгүй ба цаашид үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзвэл прокурорын дүгнэлтийг үндэслэж шүүх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацааг дуусахаас өмнө ялаас чөлөөлж болно” гэж тусгайлан зохицуулжээ. Иймд шийтгэх тогтоолд хуулийн дээрх агуулгыг дурдах нь зүйтэй.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 956 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. ХХХХ ...” гэв.

Шүүгдэгч А.Сын өмгөөлөгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/956 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

А.Сад холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

А.С нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Эгийн халаасанд байсан “Iphone X” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.672.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч А.С нь “... би утсыг нь хулгайлж авах санаатай араас нь дагаж алхахад утсандаа чихэвч хийчихсэн, утас нь халаасандаа ил гарчихсан харагдаж байсан. ... чихэвчийг нь салгаж үлдээгээд гар утсыг нь аваад явчихсан. ...” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлдэг /хх-34/ ба түүний мэдүүлэг нь насанд хүрээгүй хохирогч Б.Эгийн “... миний зүүн талын халаасанд байсан өөрийн эзэмшлийн гар утас болох “Iphone X” загварын гар утсыг чихэвчнээс нь салгаад хар куртка, цэнхэр өмд, хар гуталтай залуу аваад зугтаачихсан. ...” гэх /хх-10/ мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-13-14/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-38/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-39/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос А.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, А.Сыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс А.Сад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Прокурор Т.Мөнх-Амгалан нь “... анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг шийтгэх тогтоолдоо тусгаагүй байх тул тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн эсэргүүцэл бичсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалт нь шүүгдэгчид тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл хэрхэн шийдвэрлэх, цаашид гарах үр дагаврыг нь тайлбарлан анхааруулж байгаа заалт тул энэ талаар шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж шийдвэрлэлээ.

Иймд прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 101 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/956 дугаартай шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/956 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН   

ШҮҮГЧ                                                             Л.ДАРЬСҮРЭН

 ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН