Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1299

 

 

 

 

 

 

 

 

     2022          10          18                                      2022/ШЦТ/1299

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа,

улсын яллагч: Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох 2208018001334 тоот хэргийг 2022.09.13-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд 1989.09.14-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон, армотурчин мэргэжилтэй, “Б” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл-4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Тахилт 0-00а тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 3-5 тоотод оршин суух, урьд 7 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**00000000/ Ихтугт овогт Батхүүгийн М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 5 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Вест" баарны гадна иргэн*******г бейсболын цохиураар цохиж зодсоны улмаас түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Гэмт хэрэг, зөрчлийн талаархи дуудлагыг цагдаагийн байгууллага 2022 оны 5 дугаар сарын 15-ны 05 цаг 14 минутад хүлээн авсан лавлагаа /хх-3/,

- Хохирогч*******н “..Би найзтайгаа 2022 оны 5 дугаар сарын 15-ны шөнийн 04 цагийн үед Вест гээд баар руу ороод нэг пиво уугаад сууж байгаад гараад тамхилах гээд гарсан. Гадаа найзтайгаа юм яриад инээлдээд зогсож байсан. Нэг цээж нүцгэн бейсболын цохиур барьсан залуу ирээд “чи нөгөө залуу юу гэхээр нь би гайхаад та хүн андуураад байгаа юм биш үү” гэсэн чинь “чи намайг нэгдүгээр хороололд мэдэх үү” гэхээр нь “та юу яриад байгаа юм бэ” гэсэн чинь шууд миний дух руу цохисон. Яг юугаар цохисныг санахгүй байна. Би шууд доошоо суусан манай найз зугтаасан. Би арай гэж босоод хойшоо гараад байран дундуур зугтаагаад 16 дугаар хорооны хөл бөмбөгийн талбайн тэнд яг мухардаад зогссон нөгөө залуу миний араас 2 хүнтэй хамт ирсэн. Тэгээд бейсболын цохиураараа миний зуун ташаан дээр цохиод би газар унасан. Тэгсэн хамт ирсэн нэг залуу нь миний гэдэс рүү өшиглөөд толгой хэсэг рүү цохиод би ямар ч хөдөлгөөнгүй болсон. Тэгээд цээж нүцгэн залуу, хамт явсан нэг залуу хоёр нь намайг бие рүү нэлээн олон удаа цохисон” гэх мэдүүлэг /х.х-16-17/,

- Хохирогч*******н дахин өгсөн “..Тухайн үед намайг зодсон нэг л хүн байсан ба бусад 2 залуу нь намайг зодож гэмтээгээгүй” гэх мэдүүлэг /х.х-20-21/,

- Таньж олуулах ажиллагааны “хохирогчид 1-4 хүртэл дугаарлаж байрлуулсан гэрэл зургийг харуулахад холбогдогч этгээдийг эхлээд №2 дугаартай зураг дээр, дараа нь зургуудын байрлалыг солвж байрлуулан дахин таниулахад №4 дугаарын зураг нь дээрх хүн мөн байна гэж Батхүүгийн Мыг дахин зааж байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-11/

- Гэрч Н.Бний /зөөгч/:  би 2022 оны 5-р сарын 15-нд Вест бааранд зөөгчөөр ажиллаж байсан ба ажил дээр Мөөгий буюу М ах ирсэн тэгээд ажлынхаа хажуу талын Хаан банкны АТМ дээр хоёр залуугаас тооцооныхоо мөнгийг авах гээд байсан боловч тэр хоёр залуу удаагаад байхаар нь Мөөгий ахад “тооцоо авах гэсэн тэр хоёр залуу өгөхгүй удаагаад байна” гэж хэлсэн. Тэгсэн Мөөгий ах ажил орж цохиур аваад тэр хоёр залуу руу явсан ба би тухайн үед ажил руугаа орчихоод эргээд гараад иртэл нэг залууг цохиураараа 2-3 удаа цохиж харагдаж байсан ба нөгөө залуу нь зугтаагаад явсан байсах. Тухайн үед М ах тус залуугийн гуя хэсэг рүү нь цохиж байгаа харагдсан, өөр хаашаа цохисныг хараагүй” гэх мэдүүлэг /хх-31/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 7130 дугаартай “Н.Ан биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дух, эрүү, бүсэлхий, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тохой, ууцанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-33-34/ зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах байр суурьтайгаар, шүүгдэгч ******* нь прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтайгаар оролцлоо.

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* “Манай зөөгч хохирогч дээр очиж тооцоогоо хийх талаар хэлсэн. Би очоод тухайн газарт хамгаалагч ажилтайгаа хэлээд хохирогчийг “тооцоогоо хий” гэж хэлсэн. Хохирогчийн надтай маргалдсан газар камергүй, манай зөөгч надад гольфийн цохиур өгсөн. Ингэхдээ би хохирогчийг цохиогүй, хохирогч над руу чулуу авч шидсэн. Тухайн маргаан баарны гадаа болоогүй 26 дугаар байрын баруун талд би хохирогчийг гүйцэж очиж барьж авсан. намайг чулуу шидэж гэмтэл учруулсан, гэхдээ шүүх эмнэлэгт үзүүлээгүй, хохирогчийг цагдаад хандсан талаар мэдээгүй, би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ хөл хэсэгт нь нэг удаа өшиглөсөн талаараа мэдүүлсэн, намайг баарны үүдэнд байхад хохирогчийг цохьсон гэж мэдүүлсэн байсан, баарны үүдэнд байхад нь би хохирогчийг цохиогүй. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан” гэж мэдүүлэв. Шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “зөөгч Билгүүн надад хүмүүс маргалдаад тооцоогоо хийхгүй байна гэхээр нь би гартал манай баарны гадна байрлах АТМ дээр 4 залуу байхаар нь яагаад тооцоогоо хийхгүй байгаа юм бэ гэхэд нэг нь чи хэн юм бэ? хойшоо камергүй газар гарчихъя гэхээр нь би тухайн хүмүүст тооцоогоо өг гэж сануулахад урдаас хэрүүл хийгээд сүүлдээ над руу болон Билгүүн рүү чулуу шидсэн. Тэгтэл нэг чулуу миний гар руу онохоор нь би хөөгөөд тэгтэл тухайн хүмүүс тараад зугтахаар нь нэгийг нь хөөж байгаад 26 дугаар байрны орчмоос барьсан. Би тухайн үед гүйгээд нилээд амьсгаа өндөртэй байсан ба Тухайн үед Билгүүнээ тухайн залуутай маргаад байсан. Би зодоон цохион хийж болохгүй шүү гэж хэлээд Хатанбаатар эмнэлгийн ойролцоо урд нь сууж байгаад яваад өгсөн. Би тухайн хүнийг зодож цохьсон асуудал байхгүй. Билгүүн тухайн залууг цохиж зодсоныг хараагүй. Ямар ч байсан хөөж байгаад барьсан” гэж мэдүүлжээ /хх-45-47/

Шүүгдэгч *******ын дээрх мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад баримтаар батлагдахгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэнгүй.

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 5 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Вест" баарны гадна иргэн*******г бейсболын цохиураар цохиж зодсоны улмаас түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч*******гийн мэдүүлэг /х.х-16-17, 21/, хохирогч******* нь өөрийг нь цохиж зодсон хүнийг ******* мөн гэж таньж олсон ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-11/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.05.19-ний өдрийн 7130 дугаартай дүгнэлт /х.х-33-34/, гэрч Н.Бний мэдүүлэг /х.х-31/ зэрэг хууль заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч ******* нь үл ялиг зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр, шууд санаатайгаар бейсболын цохиурыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдсан үйлдлийн улмаас хохирогч*******лташагайгийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч *******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас*******н биед “тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дух, эрүү, бүсэлхий, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тохой, ууцанд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2022.05.19-ний өдрийн 7130 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч******* нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга хэлбэрээр арилгахыг шүүгдэгч *******аас шаардах эрхтэй байна.

            Хохирогч******* нь эмчилгээнд 200000 төгрөг зарцуулсан хэмээн тухайн мөнгийг шүүгдэгч *******аас нэхэмжилсэн байх боловч энэ талаарх  баримт гаргаж өгөөгүй тул шүүхээс тодорхой тооцоог гаргах боломжгүй байна. Иймд хохирогч*******гийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоох хэсэгт дурдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч ******* нь урьд 7 удаа шүүхээр шийтгүүлж байсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

            1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007.07.06-ны өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

            2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008.04.17-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар *******ад оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим 5 сарыг нэмж нэгтгэн 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх комиссын 2009.07.22-ны өдрийн 3838 дугаартай 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай 4 дүгээр зүйлийн 4.4-д заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 12 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 2009.08.14-ний өдөр суллагдсан,

            3. Баянгол дүүргийн шүүхийн 2011.08.12-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.11.05-ны өдрийн 89-Ө дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан үндсэн ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж суллагдсан.

            4. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.26-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсэн ба тухайн ялыг 2019.11.28-ны өдөр эдэлж дуусгасан,

            5. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.30-ны өдрийн 831 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, уг торгох ялыг 2022.03.30-ны өдөр эдэлж дуусгасан, 

            6. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.14-ний өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг 2022.06.20-ны өдөр эдэлж дуусгасан, 

            7. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.07.05-ны өдрийн 879 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ялын 20 цагийг эдэлсэн байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-48/, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын хуулбар /х.х-42, 50-70/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

            Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Харин ******* нь гэмт хэрэг үйлдэхэд бейсболын цохиурыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж олон удаагийн үйлчлэлээр олон тооны шарх зулгаралт үүсгэн бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсныг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

            Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял дээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 879 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгээд ялыг тус тусад нь эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг, шүүгдэгчээс “хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хуулийн дагуу ажлаа хийнэ. Хохирогчтой холбоо барьж чадаагүй” гэх тайлбарыг тус тус гаргаж оролцсон болно.

            Шүүх дээрх нөхцөл байдал болон *******ын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэж, тухайн ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 1420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ихтугт овогт Бгийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ихтугт овогт Бгийн Мад 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар *******ад энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.07.05-ны өдрийн 879 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 1420 /нэг мянга дөрвөн зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч*******н 200000 төгрөгийг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******ад мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 С.СЭРЖМЯДАГ