Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/188

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа

         Улсын яллагч Т.Өсөхболд

          Хохирогч М.Нэргүй

         Шүүгдэгч Ч.Энхтайван түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар

          Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Олхонууд ургийн овогт Чимэддоржийн Энхтайванд холбогдох эрүүгийн 2236000760210 дугаартай,178/2022/0184/Э индекстэй хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 53 настай, эрэгтэй,бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эрчим дөл” ХХК-д механик ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн  хамт амьдардаг, Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,  Олхонууд ургийн овогт Чимэддоржийн Энхтайван, регистрийн дугаар:ПЖ69020619

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Ч.Энхтайван нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг биллъярд тоглоомын газарт иргэн М.Нэргүйтэй “...намайг хэл амаар доромжиллоо...” гэх шалтгаанаар маргалдах явцдаа түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 4-р хуудас/

Хохирогч М.Нэргүйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт байх Лхагважавын биллъярдны өрөөнд Лхагважав бид хоёр 330 граммын нэг шил архи хувааж уугаад сууж байтал гаднаас Ч.Энхтайван орж ирсэн.Би “ чи муу урьд намайг дарамталж цохиж байсан” гээд хэдэн үг хэлэхэд над руу уурлаад миний нүүр хэсэгт гараараа цохиж түлхэж унагаад миний дээрээс хөлөөрөө цээж хэсэгт өшиглөсөн.Тэгээд зугтаад явсан.Бид хоёр өмнө нь нэг байгууллагад хамт ажиллаж байгаад би ажлаасаа халагдсан. 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр намайг ажил дээрээ байж байхад Ч.Энхтайван надтай хэрүүл маргаан үүсгээд намайг цохиж байсан.Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй...гэх мэдүүлэг / хэргийн 7-8-р хуудас/

Гэрч Б.Лхагважавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт ажиллуулдаг биллъярдаа 09 цагийн үед нээгээд байж байтал М.Нэргүй согтуу орж ирсэн.Мөн гаднаас Ч.Энхтайван орж ирээд тэр хоёр хоорондоо маргалдсан. М.Нэргүй Ч.Энхтайвныг “ чи намайг ажлаас халуулсан” гэж хэлэхэд Ч.Энхтайван М.Нэргүйгийн толгой руу түлхэхэд М.Нэргүй газарт унаад босоод ирэхээр нь би “ та хоёр гар” гээд гаргаж явуулсан.Намайг харахад М.Нэргүй жижиг модон сандал түшсэн байдалтай байсан... гэх мэдүүлэг / хэргийн 16-17-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 267 дугаартай шинжээчийн... М.Нэргүйгийн биед цээжний зүүн талын IX, X дугаар хавирганы зөрсөн хугарал, тус хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.М.Нэргүйгийн биед учирсан дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 22-23-р хуудас/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 28-33-р хуудас/

Гэрч Б.Түдэвпагмын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 13 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр М.Нэргүй гэртээ согтуу ирчихсэн “хавирга хугарчихлаа” гээд сууж байсан.Би эмнэлэг рүү дагуулж очоод Сайнбаяр эмчид үзүүлэхэд “ хавирга нь гэмтсэн байна” гээд наалт наагаад эм уугаад ажиглаад болохгүй бол аймаг явж үзүүл гэсэн.Манай нөхөр надад “ Энхээ намайг зодлоо” гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 50-р хуудас/

Гэрч С.Сайнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тухайн өдөр 15 цагийн үед үзлэг хийхэд хөхөрсөн зүйл байгаагүй, бяцарсан эсэхийг мэдэхгүй байна.Тэмтэрч үзэхэд зүүн хавирганы доод хэсгээр эмзэглэл ихтэй хонхойж шаржигнаж дуугарч байсан.Би эм уухыг зөвлөөд явуулсан...гэх мэдүүлэг / хэргийн 54-55-р хуудас/

Шинжээч Б.Цэндхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...М.Нэргүйгийн гэмтэл авсан гэх 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 7 хоногийн дараа буюу 03 сарын 18-ны өдөр үзүүлсэн нь цаг хугацааны хувьд эргэлзээтэй байсан учир цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байсан.Тухайн үед эмнэлгийн байгууллагад үзүүлсэн ямар нэгэн баримт байхгүй байсан учраас цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байсан... гэх мэдүүлэг / хэргийн 73-р хуудас/

Гэрч Б.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... М.Нэргүй “цээжний хөндийн шингэн хурах” гэх оноштойгоор 2022 оны 04 дүгээр сарын 21-нээс 27-ны өдөр хүртэл 6 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд гарсан. 04 сарын 12-ны өдөр ирээд үзүүлэхэд цээжний хөндийд шингэн хуралттай байсан тул зураг авхуул гээд явуулсан. Цээжний хөндийд хатгалт хийж үзэхэд цус нь хар хүрэн өнгөтэй нэлээн удсан байдалтай байсан.Өөрөө “ би сарын өмнө гэмтэл авсан” гэж хэлсэн...гэх мэдүүлэг / хэргийн 76-77-р хуудас/

Хохирогч М.Нэргүйгийн өвчний түүхийн хуулбар / хэргийн 79-95-р хуудас/

Шүүгдэгч Ч.Энхтайваны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тухайн өдөр М.Нэргүйтэй маргалдаж байгаад дух хэсэг рүү нь нэг удаа түлхэж унагаасан. М.Нэргүй сандал дээр унасан.М.Нэргүй Эрчим-Дөл ХХК-д ажилладаг байсан. Бид хоёр уурын зуухны галлагаа хийдэг байсан ба 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр М.Нэргүй ээлжтэй байхдаа согтуу байхаар нь “ одоо нэмж архи битгий уу, ажлаа хий” гэж шаардлага тавьчихаад явсан. Орой нь 19 цагийн үед  захирал Нармандах камерийн бичлэг хараад “М.Нэргүй ажил дээрээ согтуу байна, битгий ээлжинд гарга, гэрт нь хүргэж өг” гэхээр нь би гэрт нь хүргэж өгсөн.Шөнө 23 цагийн үед дахиад ажил дээрээ ирчихсэн байсныг бас гэрт нь хүргэж өгсөн.Захирал М.Нэргүйг ажлын байран дээрээ удаа дараа архи ууж байна гээд ажлаас нь халсан.Энэ явдлаас болоод намайг “ чи миний бөгс ухаж байж ажлаас халууллаа” гээд хэл амаар доромжилж хэрүүл маргаан эхэлж түүнийг түлхэж унагаах шалтгаан болсон... гэх мэдүүлэг / хэргийн 104-105-р хуудас/

Хохирогч М.Нэргүйгийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн хохирлын тооцоо, баримтууд / хэргийн 115-119-р хуудас/  зэрэг баримтууд болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Энхтайван 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг биллъярд тоглоомын газарт өмнө нь хамт нэг байгууллагад ажилладаг байсан М.Нэргүй согтуу орж ирээд  түүнтэй маргалдах явцад түүнийг түлхэж унагааснаас биед нь хүндэвтэр гэмтэл учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.Энхтайван хохирогч М.Нэргүйгийн дух хэсэгт хүчтэй түлхэж унагаснаас биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 267 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон.

Тухайн үед хохирогч М.Нэргүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, шүүгдэгч Ч.Энхтайвантай маргалдаж зүй бус харьцсан хэдий ч Ч.Энхтайван түүнийг хүчтэй түлхэж унагаснаас түүнд гэмтэл учрах боломжтойг мэдсээр байж үйлдсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн...” гэх гэм буруугийн санаатай хэлбэрт тооцогдоно.

 

Хохирогч М.Нэргүй  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Ч.Энхтайвантай  урьд нь нэг байгууллагад хамт ажиллаж байсан үеийнхээ уур бухимдлыг гаргаж түүнийг хэл амаар доромжлон маргаан үүсгэсэн хохирогчийн буруутай үйлдэл байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Энхтайван хохирогч М.Нэргүйг хүчтэй түлхэж унагаснаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.Нэргүйгийн мэдүүлэг, гэрч Б.Лхагважав,Б.Түдэвпагма, Б.Батболд,  шинжээч эмч Б.Цэндхүүгийн мэдүүлэг, Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 267 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Энхтайван шүүхийн хэлэлцүүлэгт: тухайн өдөр М.Нэргүй согтуу орж ирээд намайг ” чи миний бөгс ухаж намайг ажлаас халуулсан, чи эхнэрийнхээ бөгсийг худалдаж ажилд ороо биз дээ” гэх зэргээр хэл амаар доромжилсон.Миний бие нь гэмт хэрэг хийсэн буруугаа хүлээж байгаа. Хохирогчтой 2 удаа уулзаж хохирол төлөх гэсэн боловч авахгүй байсан гэж мэдүүлэв.

Хохирогч М.Нэргүй шүүхийн хэлэлцүүлэгт: “би энэ хүнээр 2 дахь удаагаа зодуулж байна.Би согтуудаа ирж үг хэлсэн.Надад 225570 төгрөгний хохирол гарсан.Хохирлоо барагдуулж авна. Би гомдолтой байна. Цаашид хохирлоо нэхэмжилнэ  гэв.

Шүүгдэгч Ч.Энхтайван хохирогч М.Нэргүйг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Энхтайваныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Ч.Энхтайван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ч.Энхтайванд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Ч.Энхтайван нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 121-р тал тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Энхтайваны хувийн байдлын талаар гэрч Ч.Гантулгын өгсөн...Ч.Энхтайван нь тогтуун томоотой, тайван дөлгөөн, даруухан зантай, хүнд тусархуу хүн байгаа юм.Эцэг эхээс  тавуулаа,1987-1989 онд Ховд аймгийн ЗХ-ний 123 дугаар ангид цэргийн алба хаасан. Одоо Манхан суманд эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. ... гэх мэдүүлэг /хэргийн 107-108-р хуудас/

Гэрч Х.Гэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Ч.Энхтайван “Эрчим дөл” ХХК-д ажилладаг,сарын 600000 төгрөгний цалинтай, хувьдаа хашаа байшингийн хөрөнгөтэй ... гэх мэдүүлэг /хэргийн 110-111-р хуудас/, Ч.Энхтайваны байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн Засаг даргын тодорхойлолт, Эрчим дөл ХХК-ний тодорхойлолт, Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа зэрэг баримт хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Ч.Энхтайванд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Ч.Энхтайваныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирогчийн нэхэмжилсэн 225570 төгрөгийг төлөөгүй.Шүүгдэгч Ч.Энхтайванд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 3000000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 3000000 төгрөгийг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “ гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,тус хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалбаяраас шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Ч.Энхтайван нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байна. Шүүгдэгч Ч.Энхтайван нь ам бүл 6, цалингийн зээлтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэх санал, тайлбар,

Шүүхээс: Шүүгдэгч Ч.Энхтайванд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн сэдэлт зорилго, хохирогчид учруулсан гэмтэл, хор уршиг, хохирол төлбөр төлөөгүй байдал болон улсын яллагчийн ялын санал, хувийн байдлуудыг харгалзан үзлээ.

 Шүүгдэгч Ч.Энхтайванд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 1600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын нэг мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 1600000 төгрөгийг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.

 

Гурав.Бусад асуудлын талаар:

Хохирогч М.Нэргүй  нь 225570 төгрөгний хохирол нэхэмжилсэн бөгөөд баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 225570 төгрөгийг гаргуулж хохирогч М.Нэргүйд олгох, хохирогч нь цаашид гарах хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж  шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Энхтайван нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Олхонууд ургийн овогт Чимэддоржийн Энхтайваныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Олхонууд ургийн овогт Чимэддоржийн Энхтайваныг нэг мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 1600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын нэг мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 1600000 төгрөгийг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Энхтайванд тайлбарласугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ч.Энхтайванаас 225570 / хоёр зуун хорин таван мянга таван зуун далан/  төгрөг гаргуулж хохирогч М.Нэргүйд олгосугай.

6. Хохирогч М.Нэргүй  нь цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.Шүүгдэгч Ч.Энхтайван нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдсугай.

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.Энхтайванд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.Энхтйаванд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ГАНТӨГС