Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2022/0105/Э |
Дугаар | 2021/ШЦТ/117 |
Огноо | 2022-10-04 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Э.Д |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/117
2022 10 04 2022/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Намуун,
Улсын яллагч Э.Дөлгөөн,
Хохирогч Ц.Ц,
Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А-т холбогдох 2229002100111 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 06 дугаар саырн 10-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах Шим худалдааны төвийн гадаах зам дээр хохирогч Ц.Ц-ийг үл ялих зүйлээр шалтаглан улмаар түүний нүүрэнд хүрзээр цохих, үснээс нь зулгааж өшиглөх зэргээр цохиж, зодон эрүүл мэндэд нь “тархины доргилт, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн хацарын зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: “...Санаатайгаар цохьё гэсэн зүйл байгаагүй. Машинаараа намайг дайрахаар хэмжээний хурдтай явж байсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ц мэдүүлэхдээ: “...Аймаг руу явсан зардал 300,000 төгрөг гарснаас баримт нь хагас дутуу гараад 200,000 гаран төгрөгийн баримт байгаа. Дараа нь хот руу явж эмнэлэгт үзүүлэхэд хувийн машинаар явсан учраас баримт байхгүй. Хувь унаагаар явахаар баримт гаргаж өгдөггүй юм байна. Ойролцоогоор 480-500 хооронд болно. Үзсэн эмнэлгүүд нь бичиг хийж өгдөггүй юм байна...” гэв.
Улсын яллагч Э.Дөлгөөн нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Дөлгөөн би Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Ц.Ат холбогдох эрүүгийн 2229002100111 дугаартай хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ц.А нь хохирол төлбөр төлж барагдуулаагүй. Гэмт хэргийн улмаас хохирогчид баримтаар гаргаж өгсөн 285,000 төгрөгийн хохирол учирсан. Хохирогчийн зүгээс цаашид гарах гоо сайхны эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэсэн боловч бодитоор гаргаж өгсөн баримт байхгүй. Шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн хохирлын баримтуудаас Crown маркийн машинд хийсэн гэх түлшний асуудал яригдахгүй гэж үзэж байна...” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Аыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хохирогч Ц.Цийн: “...Би Шим дэлгүүртэй гэрээтэй учир хогийг нь зөөж өгдөг юм. 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Шим дэлгүүрээс тамбарт буулгасан хогийг нь аччих гэхээр нь би Шим дэлгүүрийн баруун талаар нь очоод 2 удаа хог ачсан. Тэгээд дахиад очиход замын брожур тавьж байсан хүмүүс зүүн талаар нь машинтайгаа зөөлөн орж ирээд аччих гэхээр нь би зүүн талаар нь очих барьчихсан залуу зам дээр оруулахгүй гээд байсан. Тэгээд оруулахгүй “...нөгөө талаар нь ор” гэхээр нь би нөгөө талаар нь орох гээд машинаа эргүүлэх гээд зам руу ороод дартал машины тэвшин дундуур хүрзээр цохиод авсан. Тэгээд би “...яаж байнаа чи” гээд эргээд зогсоход хаалганы жижиг цонх руу хүрзээрээ тогшихоор нь би буугаад очтол гартаа барьж байсан төмөр иштэй хүрзээрээ миний нүүрэн дундуур цохиод авсан. Тэгээд хүрзний ишийг нь булаацалдаад байж байтал миний үснээс татаад доош дарсан. Тэр зуураа миний хавирга руу өшиглөсөн. Тэр үед надтай хамт явж байсан ажилтан Эрдэнэчулуун бууж ирээд бид 2-г салгасан. Тэгээд би цагдаа дуудсан. Хэл амаар доромжилж хэрүүл бол болоогүй. Эхлээд миний машиныг хүрзээрээ цохисон тэгээд цонхыг маань бас тогшоод байсан хүрзээрээ, тэгээд намайг буугаад очиход шууд хүрзээрээ нүүр орчимд минь цохисон. Дараа нь хүрзнийх нь ишнээс бариад автал үснээс татаад намайг доош дараад өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,
Гэрч Б.Мөнхтөрийн: “...Тухайн өдөр манай компанийн ажил явагдаад зам хаалттай байсан цагаан өнгийн Портер маркийн машин ажил гүйцэтгэж байсан талбайд дайрад орж ирсэн. Манай компанийн А гэдэг залуу шаардлага тавьж байх шиг харагдсан нөгөө машиныг барьж явсан жолооч машинаасаа бууж ирээд маргалдаад байсан тэгээд хоёр бие биеэ түлхээд байсан би А тэр хоёроос 100 метр шахуу зайд байсан алхаад тэр хоёр дээр очих гээд явж байхад цагдаа нар ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/,
Гэрч С.Эрдэнэчулууны: “....Би тухайн өдөр Цогтцэций суманд Дүүрэн цэций гэх компанид ажилладаг юм. Тэгээд тухайн өдөр ажлаа тараад захирал Цогнэмэхээр хүргүүлэх гээд явж байсан чинь замаараа Шим худалдааны төвийн хогийг ачна гээд явж байсан. Тэгээд шинэ тавьсан байсан замруу орох гэсэн чинь цаанаас нь тухайн замын ажилтан нь бололтой нэг хүн буц буц гээд дохиод байсан. Тухайн үед замын тэнд ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ байгаагүй байсан. Тэгээд орох гээд зогсож байхад нь Ц тухайн хүнтэй жоохон маргалдсан бөгөөд тухайн замын ажилтан нь энд цемень яачихсан ч гэлээ нэг юм хэлээд тэгээд яг буцах гээд эргэх гэж байсан чинь тухайн залуу манай машиныг хүрзээрээ цохисон ба Ц машинаас буугаад “...яагаад чи машин цохиж байгаа юм” гээд машинаасаа буухад замын ажилтан гартаа бариад явж байсан хүрзээрээ Цийн нүүрлүү нь цохиод авсан. Тэгээд л тэр 2 дээр доороо ороод байсан. Тэгээд би бууж очоод салгаад байж байтал цаанаас нь замын хүмүүс ирээд тэгээд цагдаа нар ирцгээсэн. Манай жолооч бид хоёр хог ачих гээд замруу орох гээд явж байтал цаанаас замын хүн ирээд буц буц гэсэн чинь Ц “...та нарт замаа янзлахад чинь тэр хог саад болоод байгаа юм биш үү” гэсэн чинь “...буц гээд байна” гэхээр нь Цогнэмэх “...тэгээд хүнд аятайхан тайлбарлаач. Чи согтуу юм уу” гээд машинаа эргүүлэх гэж байсан чиь машиныг нь хүрзээр цохиход Ц яаж байнаа гээд машинаас буухад тухайн замын ажилтан Цийг гартаа байсан хүрзээрээ гартаа бариад бүр бэлдэж байгаад цохичихсон. Эхлээд Цийг тухайн замын ажилтан гартаа байсан хүрзээрээ нүүрлүү нь бэлдэж байгаад бүр 2 удаа цохисон. Тэгээд машиных нь хаалганд толгойг нь хавчуулаад тэгээд доороо хийгээд өнхрүүлээд л өшиглөөд цохиж нүдээд л байсан. Цогнэмэх харин тухайн залууд ямар ч гар хүрээгүй. Боломж олдоогүй байх. Ц бол эрүүл байсан. Би харин тухайн залууг яалтчгүй согтуу юм байх гэж бодсон чинь цагдаа ирээд үлээлгэхэд архи уугаагүй гэж байсан. Тухайн залуу бол Цийг бүр бэлдэж байгаад хүрзээр цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 321 дугаартай “...1. Цогнэмэхийн биед тархины доргилт, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн хацрын зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсжээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/,
Яллагдагч Ц.Аын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчоор өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргын захиалгаар Цогтцэций суманд замын ажил гүйцэтгэж байгаа, суманд замын ажил хийж байхад үл таних Рог1ег машинтай хүн ирээд тавьж байгаа зам дээгүүр явах гээд байхаар нь энэ замаар явуулах боломжгүй гээд хэлсэн чинь заавал орох ёстой гээд байхаар нь манай замын ажил явагдаж байна энэ зам дээгүүр явах юм бол замын цемент нь хийсээд чанар өөрчлөгддөг гэж хэлсэн чинь тэгээд хэлчихгүй яасан юм согтуу байгаа юм уу пизда минь гэхээр нь би согтуу байсан ч чамд хамаагүй, тэгээд ч чи согтуу байгаа эсэхийг тогтоодог хүн биш гэж хэлсэн тэгсэн чинь машинтайгаа шууд дайраад намайг чиглээд ороод ирэхээр нь би хажуу тийшээ болоод ажил хийж байсан, хүрз бариад явж байхад нөгөө хүн хэл ам хийгээд машинтайгаа дайраад намайг чиглээд ороод ирсэн тэр хүрзээрээ машинруу нь цохисон дараа нь бууж ирээд хэл амаар доромжлоод байхаар нь нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Энэ хүнд манай ажлаас хүмүүс шаардлага тавьсан ч гэсэн өдрийн бүтэн л хийж байгаа ажил дээгүүр дайраад байдаг гээд манай ажлын хүмүүс яриад байна. Би нүүр орчим нь 2-3 удаа цохисон байх яг хэдэн удаа цохисон гэдгээ мэдэхгүй байна. Тэгээд маргалдаад барьцалдаж авсан. Маргалдсан байсан тэгээд тэр Ц гэдэг хүн дайрах гэж оролдохоор нь машиныг нь ёворсон. Тэгээд намайг ёворсны дараа нөгөө нөхөр зам дээр эргэлдээд дахин эргээд зогссон. Машинаа зогсоогоод чамайг ална гээд буугаад ирэхээр нь би хүрзээрээ машины хаалга түлхээд машинаас нь татаат гаргаад ирсэн. Өөдөөс дайраад байхаар нь нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Зүв зүгээр ажлаа хийж байхад тэр хүн өөрөө саад учруулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөө хүний биед халдсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-р хуудас/,
Яллагдагч Ц.Аын “...2022 оны 06 сарын 10-ны өдөр ажлын цаг тарах дөхчихсөн байсан. Би шинэ тавьсан замынхаа хажуугаар байсан хүрзийг хураагаад бариад явж байсан. Тэгсэн чинь шинэ тавьсан байсан замруу цагаан өнгийн Портертой хүн орох гээд байхаар нь “...би ийшээ орж болохгүй” гээд учирлаад тайлбарласан. Тухайн үед замруу оруулахгүй гээд шороо асгачихсан, орж болохгүй гэсэн тэмдэг тэмдэглэгээтэй байсан. Тэгсэн чинь орох гээд зүтгээд би оруулахгүй гээд маргалдаад байж байсан чинь “...би үнэхээр оруулах боломжгүй байна. Энэ хаалттай байгаа зам” гээд хэлэхэд “...тэгээд аятайхан хэлээч, согтуу юм уу пизда минь” гээд намайг хэлсэн. Тэгээд машинаа асаагаад намайг чиглээд дайрах гээд бүр чиглээд ирсэн. Тэгээд би хажуу тийшээгээ бултаж байж урдаас нь холдсон. Би их айсан. Тухайн үед бүр зүрх өвдөөд маш их айж сандарсан. Тухайн үед цагаан Портертой хүний хийсэн үйлдэл нь огт эргэж гарах гэж байсан үйлдэл бус харин ч намайг дайрах гээд бүр намайг чиглээд өндөр хурдтайгаар миний амь насанд заналхийлээд ирсэн. Тэгээд хажуу тийшээ бултахдаа айсандаа гартаа байсан хүрзээрээ машиныг нь цохичихсон юм. Тэгсэн чинь цааш яваад эргээд зогссон. Тухайн үед бүр зам дээр маш хурдтай явж байхад тоормозны гүн мөр хүртэл гарсан байсан. Тэгээд машинаасаа “...чамайг ална” гээд буух гэж байхаар нь би гартаа байсан хүрзээрээ хаалган дээр нь дараад машиных нь хаалгыг хаах гэж оролдсон. Тэгээд машинаасаа бууж ирээд тэр хавиар манайг ална гээд хашгирч бахираад байсан, тэгээд бид хоёр барилцаж аваад хоорондоо түлхэлцсэн. Түүнээс биш тэгж цээж хавирганд нь цохиж балбаад, үсдэж өшиглөсөн юм бол байхгүй. Тэгээд тэр хүн цагдаа дуудаад цагдаа ирээд аваад явсан. Тухайн эрэгтэй нь нэг эмэгтэйн хамтаар явж байсан. Тэр эмэгтэй нь бас намайг “...согтуу, ална тална” гэхчлэн Ц гэгчтэй нийлээд хэл амаар доромжлоод байсан. Өөр бол дэргэд хүн байгаагүй. Манай ажлынхан бүр сүүлд ирсэн. Адилхан л намайг цохисон, түлхсэн. Миний цээж, уруул ам гээд бүх бие хөндүүртэй болчихсон байсан. Мөн зүрх муутай намайг машинаараа дайрах гэж чиглэж ирэхэд зүрх өвдөж их айсан. Тухайн үед бол миний амь насанд аюул учруулж заналхийлсэн үйлдлийг 2-3 удаа хийсэн гэж би харж байгаа. Тухайн үед шүүх шинжилгээнд үзүүлэх шаардлагагүй гэж үзэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ц.А нь 2022 оны 06 дугаар саырн 10-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах Шим худалдааны төвийн гадаах зам дээр хохирогч Ц.Цийг тавьсан шаардлага биелүүлсэнгүй гэсэн үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь “тархины доргилт, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн хацарын зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй байх тул прокурорын яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв. Шүүгдэгч Ц.А нь аргагүй байдлын улмаас хохирогч Ц.Цийг цохисон, түүнээс ямар нэг гэмтэл учруулахыг бодоогүй гэж мэдүүлдэгч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хэдийгээр хохирогч Ц.Цогнэмэх нь тухай цаг хугацаанд Ц.Аын тавьсан “…зам засвартай байгаа тул явж болохгүй “ гэсэн шаардлагыг хүлээж аваагүйгээс тэдний хооронд маргаан гарч, шүүгдэгчийн зүгээс хохирогчийг цохиж хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогчийн “…Шим төвийн хогийг ачих ёстой, заавал орох ёстой гэсэн” зүй бус харьцаа ч мөн нөлөөлсөн байна. Харин хохирогчийг хүрзээр нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон гэсэн үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Ц.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 285,000 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлсэн байна. Хохирогчийн зүгээс 2022 оны 06 сард тухайн хэрэг болох үед Сум дундын эмнэлэгт үзүүлсэн гэх 25.000 төгрөгийн тамга тэмдэггүй баримт, мөн 6 сарын 20-ны өдрийн шатахуун авсан баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 50.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Ц.Ааас хохирол төлбөрт нийт 230,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
Мөн шүүх хохирол төлбөрийн талаар шүүхийн хэлэлцүүлэгийн өмнө гаргаж өгсөн шатахууны гэх 6 ширхэг баримтыг үнэлэх боломжгүй тул хүлээн авч хангахаас татгалзаж шийдвэрлэв. Хохирогч Ц.Ц нь гоо заслын мэс засалд орох шаардлагатай 4.640.000 төгрөгийг мөн нэхэмжилж байна гэсэн хэдий ч тухайн гэмт хэргийн улмаас болоод гоо сайхны мэс засалд орох болсон талаараа нотолж чадахгүй, энэ талаар хэрэгт авагдсан нэг ч баримт байхгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас хариуцлагчийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Аын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Аын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.А нь урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилтай, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. шүүгдэгч Ц.Ат 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх санал дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ц.Аын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Ат 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Ц.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэв. тухайн хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Ат торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Ат 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Ааас 230,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Цд олгосугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Аын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА