Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/189

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа

         Улсын яллагч Б.Батцоож

         Шүүгдэгч З.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар,

          Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч *******  ургийн овогт *******ын *******эд холбогдох эрүүгийн 2236001790218 дугаартай, 178/2021/0190/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эхнэр  хүүхдийн хамт Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багийн Хайрханы 200 тоотод оршин суух, Таргад ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар:ОГ*******

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч З.******* нь Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн нутаг дэвсгэр Төгий гэх газарт 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэн Ц.*******г өөрийн аав Д.*******тай хэрүүл маргаан хийлээ гэх шалтгаанаар Ц.*******гийн цээжин хэсэгт гараараа цохиж, хүний мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 удгаар сарын 27-ны өдрийн 544 дугаартай шинжээчийн ...Ц.*******гийн биед баруун мөрний хэсгийн зулгаралтын сорви, цээжний баруун дээд хэсгийн зулгаралтын сорвинууд, аюулхай орчмын зулгаралтын сорви, зүүн бугалганы гадна дээд хэсгийн зулгаралтын сорви, зүүн тохой хэсгийн зулгаралт, зүүн дал мөр, бугалга хэсгийн зулгаралтуудын сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 15-р хуудас/

Гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бид Увс аймгийн Завхан сумаас ирж гэрийн бүрлэгэнд оролцчихоод буцах гэж байтал  Ц.******* бид нар дээр ирээд нэг шил архи задлаад “ та нарт архи задалж өгөх гэсэн юм ” гэхээр нь би “ наад архиа задлаад хурдан амсуулчих, бид нар явлаа “ гэхэд Ц.******* “намайг чи муу гуйлгачин гэж хэллээ” гээд намайг хэл амаар доромжлоод зодох гээд дайрсан. Тэгтэл манай хүү З.******* бид хоёрыг салгах гээд дийлэхгүй болохоор баруун гараар нэг удаа цохисон...гэх мэдүүлэг / хэргийн 35-36-р хуудас/

Гэрч Я.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ц.******* ирээд бид нарт нэг шил архи задалж амсуулна гээд архи задлаад бид нар голын эрэг дээр сууж байтал Ц.******* Д.******* ахыг хэл амаар доромжлоод зодох гээд дайраад байсан. Тэгтэл З.******* Ц.*******г нэг удаа цээж рүү нь цохисон.Тэгээд тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгаад манай хамаатны хүмүүс явцгаасан.Баттогтох ******* бид гурав үлдээд жижиг гэрт ороод мах идээд сууж байтал гаднаас Ц.******* орж ирээд З.*******ийг “ гуйлгачин” гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь бид гурав гэрээс гараад явж байтал Ц.******* араас бор өнгийн бариултай хутга бариад “та гурвыг ална” гээд дайрахаар нь бид гурав хутгыг нь булааж аваад Ц.*******г гэрийн гадна байсан эсгийд боочихсон.Тэгээд З.******* бид хоёр гэр лүүгээ явсан...гэх мэдүүлэг / хэргийн 38-39-р хуудас/

Хохирогч Ц.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би өмнө нь З.*******, Д.*******, Я.Энхбаяр нар цохисон гэж уурандаа хэлсэн.Буруу зөрүү мэдүүлэг өгсөндөө харамсаж байна.Харин намайг З.******* цохисон.Надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 49-р хуудас/

Шүүгдэгч З.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ц.*******г надаас өөр цохисон хүн байхгүй.Би Ц.*******тай маргалдаж хэрүүл хийж байхдаа гараараа нүүрэн хэсэгт нь нэг удаа цохиход газарт унасан. Газарт унасан байхад нь нүцгэн хөлөөрөө толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон.Надтай маргалдаж байхдаа бие нь зулгарсан.Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна... гэх мэдүүлэг / хэргийн 65-66-р хуудас/зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрийн бүрлэгний найрны үеэр хохирогч Ц.******* архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж найранд ирсэн хүмүүс рүү дайрч хэл амаар доромжилж, агсам согтуу тавиад байхаар нь шүүгдэгч З.******* түүний цээж хэсэг рүү цохисноос  биед нь хөнгөн гэмтэл учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Тухайн үед хохирогч Ц.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж агсам согтуу тавьж бусдад төвөг учруулж байсан болох нь гэрч Я.Энхбаярын ...“та гурвыг ална” гээд дайрахаар нь бид гурав хутгыг нь булааж аваад Ц.*******г гэрийн гадна байсан эсгийд боочихсон... гэх мэдүүлгээр нотлогдож байгаа хэдий ч шүүгдэгч З.******* түүний биед халдан цохисон үйлдэл нь гэм буруугийн шалтгаант нөхцөл юм.

Шүүгдэгч З.*******ийн гэмт  үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 544 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүгдэгч З.******* нь хохирогчийн эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Шүүгдэгч З.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно.

Иймд шүүгдэгч З.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

                           Хоёр.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч З.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч нь прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч З.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч З.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудас”-аар /хэргийн 73-р хуудас/ тогтоогдож байна.

Шүүгдэгч З.*******ийн хувийн байдлын талаар гэрч З.Мөнхбатын өгсөн...З.******* нь зөв боловсон зан харьцаатай даруухан хүн байгаа юм. Эхнэр нь Говь-Алтай аймагт Анагаахын сургуульд 2 дугаар курсэд сурдаг, 1 сартай хүүхдийн хамт амьдардаг...гэх мэдүүлэг / хэргийн 68-р хуудас/, Увс аймгийн Завхан сумын Хармагт багийн Засаг даргын тодорхойлолт, З.*******ийн мал тооллогын баримт зэрэг баримтууд  хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч З.*******ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж,түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 төгрөгний торгох ял  оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 480000 төгрөгийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, хохирогчид нийт 1460000 төгрөгний хохирол төлснийг дурдах, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг  тус тус дурдах гэх санал, дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.******* өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч  байна гэх  тайлбар,

Шүүгдэгч З.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч З.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******эд дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 төгрөгийг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.*******эд тайлбарлаж шийдвэрлэв.

                                  Гурав. Бусад асуудлын талаар:

Хохирогч Ц.******* шүүгдэгчээс 1360000 төгрөгний хохирол нэхэмжилсэн байх ба шүүгдэгч З.******* хохирогчид 1361000 төгрөг төлсөн болох нь түүний шүүх хуралдаанд гаргаж өгсөн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.  

 

Эрүүгийн 2236001790218 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ийг дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 / дөрвөн зуун наян мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******эд оногдуулсан дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 /дөрвөн зуун наян мянган/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.*******эд мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн 2236001790218 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид 1361000 төгрөгний хохирол төлснийг, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч З.*******эд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч З.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС