Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
Хэргийн индекс | 183/2017/01714/и |
Дугаар | 187 |
Огноо | 2018-01-12 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 187
“Р т с” УТҮГ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/02433 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Р т с” УТҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Г д” ХХК-д холбогдох
Телевизийн нэвтрүүлэг дамжуулсан төлбөрт 102 645 338 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р т с” УТҮГ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт Радио, телевизийн газрын дахин дамжуулах сүлжээ, дэд бүтэц байгуулах, эзэмших, ашиглах тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос албан ёсоор авсан хуулийн этгээд юм. Манай газар энэхүү тусгай зөвшөөрлийнхөө дагуу Монголын үндэсний олон нийтийн радио телевиз болон арилжааны телевизүүдийн хөтөлбөрүүдийг Харилцаа холбооны тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу гэрээ байгуулан Монгол Улсын нийт нутаг дэвсгэр, 350 сум сууринд тоон станцуудаар телевизийн нэвтрүүлгийг дамжуулдаг. “Г д" ХХК нь түүний ТВ-5 телевизийн хөтөлбөрийг ч байгуулсан гэрээ /2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн АГ16/37 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 11 дүгэзр сарын 10-ны өдрийн ТТГ15/201 тоот хотын орчмын тоон телевизийн сүлжээ түрээсийн гэрээ/-ний үндсэн дээр манай газар дамжуулсан. Харилцаа холбооны тухай хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар үйлчилгээний төлбөрийг хариуцагч болох “Г д” ХХК буюу ТВ-5 телевиз нь саадгүй төлөх үүрэгтэй. Гэвч 2016 оны 7 дугаар сараас хойш төлбөрөө огт төлөөгүй. Манай газраас удаа дараа албан бичиг өгсөн, утсаар холбогдсон боловч үр дүнд хүрээгүй. Иймд хариуцагчаас АГ16/37 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу орон даяар телевизийн хөтөлбөр дамжуулсаны төлбөр 75 701 700 төгрөг, алданги 12 904 460 төгрөг, Улаанбаатар хот орчимд ТТГ15/201 тоот хотын орчмын тоон телевизийн сүлжээ түрээсийн гэрээний дагуу телевизийн хөтөлбөр дамжуулсаны төлбөр 11 988 409 төгрөг, алданги 2 050 769 төгрөг нийт 102 645 338 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Г д” ХХК ТВ-5 телевиз нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2016 оны эхэнд МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудтай уулзах үеэр телевизийн мэдээллийн байгууллагууд буюу Монголын телевизүүдийн холбоо улс орны эдийн засаг хүнд хаа хаанаа бүсээ чангалж байгаа энэ үед өргөн нэвтрүүлгийн орон даяар нэвтрүүлгээ цацдаг телевизүүд хямарч дахин дамжуулалтын төлбөрөө төлөх боломжгүй болж буй тул чөлөөлөх хүсэлт тавьсан юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2016 оны 6 дугаар сард дахин уулзахдаа нааштайгаар шийдвэрлэснээ дуулгасан юм. Тэр нь “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-ын төсөвт нэмэлт 700 сая төгрөг тодотголоор суулгаж өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн төлбөрийг чөлөөлсөн гэдгээ мэдэгдсэн юм. Иймд 2016 оны 7 дугаар сараас хойш төлбөр төлөөгүй болно гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, Харилцаа холбооны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Г д” ХХК-иас 87 690 109 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Р т с” Улсын төсөвт үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 955 229 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Тэгээн далай" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 596 400 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/02433 дугаар шийдвэрт энэхүү давж заалдах гомдол гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаантайгаа нотолсон баримтыг явуулсаар байхад биечлэн оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангахгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн хуулийн 168.1.3-т зааснаар маргааныг мэтгэлцээний зарчмаар үнэн зөвөөр шийдвэрлүүлэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь нотлох баримт болдог тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч миний хүсэлтийг хүлээж аваагүй хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж гомдолтой байна.
Дээрх 2 хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гаргах нөхцөлийг бүрдүүлээгүй, өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон, үүний дараа нотлох баримт гаргуулахаар эвлэрүүлэн зуучлах хэсэг рүү шилжүүлж, нэг асуудлаар 2 өөр шийдвэр гаргаж байсан зэргээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасны дагуу хэргийг шударгаар шийдвэрлэж чадахгүй гэх үндэслэл бүхий эргэлзээ төрж, нэн даруй шүүгчээс татгалзах хүсэлтийг гаргасан боловч мөн л шүүгч өөрөө хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэнд гомдолтой байна.
Шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д заасны дагуу “хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана” гэж заасан байхад шүүгч өөрөө хүлээн авахаас татгалзсан бөгөөд хариуцагчийн тайлбарыг өмгөөлөгч гарга гэх мэтээр тулган шаардаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсанд гомдолтой байна.
Иймд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчжээ.
Нэхэмжлэгч “Р т с” Улсын төсөвт үйлдвэрийн газар хариуцагч “Г д” ХХК-д холбогдуулан телевизийн нэвтрүүлэг дамжуулсан төлбөрт 102 645 338 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч гаргаж болно. Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй.” гэж зааснаас үзэхэд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн аль ч шатанд хэргийн оролцогчид шүүгчийг татгалзан гаргах эрхтэй байна.
Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяагаас 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргасан байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт зааснаар тухайн хүсэлтийг ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэлгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн алдааг гаргажээ.
Энэ зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн үндэслэлд хамаарч байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/02433 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагч “Г д” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 596 400 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
С.ЭНХТӨР