Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2022/0243/З |
Дугаар | 221/МА2024/0503 |
Огноо | 2024-07-30 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2024/0503
2024 оны 07 сарын 30 өдөр | Дугаар 221/МА2024/0503 | Улаанбаатар хот |
Э ТӨҮГ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0460 дугаар шийдвэрийг хариуцагч С.Т, Ц.О, М.А нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Э ТӨҮГ
Хариуцагч ТЕТ УТОХГТУБ нар
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, Ж.О
Хариуцагч С.Т
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, Я.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 128/2022/0243/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/0426 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 12 дугаар зүйлийн 12.1, 17 дугаар зүйлийн 17.2.9-т заасныг тус тус баримтлан Э ТӨҮГ-ын гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч С.Т, татварын байцаагч Ц.О, М.А, Д.Ц нарын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0302852 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийн хэмжээг 6,308,555,687.83 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Хариуцагч С.Т, М.А, Ц.О, Д.Ц нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ..."Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: Э ТӨҮГ-ын зэсийн баяжмал дахь төмрийн элементийн төлбөрийг баяжмалд агуулагдах хувь хэмжээгээр тооцоогүй үндэслэлээр тухайн зөрчилд холбогдуулан оногдуулсан 8,466,721,138.91 төгрөгөөс 6,308,555,687.83 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэлээ." гэжээ. Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр Э ТӨҮГ-ын экспортолж байгаа зэсийн баяжмалын "Агууламж: Си:23.27%, /зэс/ Ag:65-85гр/тн /мөнгө/, Fe:25-30% /төмөр/, S:34-37% /хүхэр/, Чийглэг:9-10%" гэх мэтээр тодорхойлогдсон байдаг. Хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг Засгийн газар батлах хуулийн зохицуулалтын дагуу Засгийн газраас 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолоор "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал-ыг баталсан нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэхүү аргачлалын дагуу аливаа хүдэр, баяжмал, эцсийн бүтээгдэхүүнийг түүний агуулга дах үндсэн элемент" буюу "үндсэн ашигт малтмал-ын сорьц, агуулгын хувь хэмжээнд үндэслэн ангилах суурь зарчмыг баримталж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр / цаашид АМНАТ гэх/-ийг ногдуулдаг. Э ТӨҮГ нь экспортолж байгаа зэсийн баяжмалд АМНАТ ногдуулахдаа Засгийн газрын 81 дүгээр тогтоолд заасан экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, гаалийн лабораторийн дүгнэлтээр гарсан агуулгын хувь хэмжээнд үндэслэж ногдуулсан. Гэхдээ зэсийн баяжмалд агуулагдах төмөрт АМНАТ огт ногдуулж байгаагүйг дурдъя. АМНАТ тооцох аргачлалын тухайд 2010-2019 онд Татварын ерөнхий газрын даргын 322 тоот тушаалаар батлагдсан "Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал"-ын хүрээнд зохицуулж байсан. Уг аргачлалыг Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн "Хүчингүй болсонд тооцсон тухай" А/184 тоот тушаалын 2 дах заалтаар хүчингүй болсон. 2019 оноос дагалдах элементэд АМНАТ ногдуулах, төлөх, тайлагнах харилцааг Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолоор баталсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-аар зохицуулж байна. Энэ эрх зүйн актуудыг дурдаж буй гол агуулга нь, дээрх эрх зүйн актуудаар зохицуулсан харилцаанд тооцооллын болон агуулгын хувьд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Өөрөөр хэлбэл татварын алба өмнө нь ч одоо ч яг иж арга аргачлал, математик тооцооллоор АМНАТ ногдуулж ирсэн. Хариуцагч нэхэмжлэгч 2 талын хувьд зэсийн баяжмалд ногдуулах АМНАТ-ын тооцоолол дээр маргадаггүй. Харин зэсийн баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүн болох төмөрт АМНАТ барааны нэр ногдуулах тооцоолол дээр маргаж байгаа. Нэхэмжлэгч тал дагалдах бүтээгдэхүүн болох төмөрт АМНАТ ногдуулахдаа, зэсийн баяжмалд АМНАТ ногдуулж буй аргачлалаар ногдуулж байгаа нь тооцооллын зөрүүтэй байдал бий болгож байгаа юм. Иймд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн 2024 оны 05 сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0460 тоот шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 3.5-д "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалттай холбоотой зэсийн баяжмалд агуулагдах дагалдах бутээгдэхүүн болох төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулаагүй, төсөвт төлөөгүй зөрчилд оногдуулсан 8,466,721,138.91 төгрөгийг нөхөн татвар, торгууль, алдангийг 6,308,555,687.83 төгрөгөөр бууруулан багасгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн холбогодох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндэслэлээ өөрчилсөн байхад нэхэмжлэлийн хүрээнээс хэтрүүлэн, маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, маргасан асуудалд нь дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч анх шийтгэлийн хуудасны хэд хэдэн хэсгийг хүчингүй болгуулахаар маргасны дотор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухайд ... зэсийн баяжмалд агуулагдах төмрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны татварыг төлөх үндэслэлгүй, учир нь төмрийн баяжмал биш, төмрийн баяжмалын шаардлага хангахгүй, зэсийн баяжмалд агуулагдах төмрийг болон бусад элементийг ялган авах технологи, туршлага дэлхийд байдаггүй тул хаягдал болдог, татвар төлөх үндэслэлгүй гэж маргасан.
2. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн дээрх үндэслэлд хамаарах асуудлыг тодруулахаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасны дараа Э ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ё нь 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, шийтгэлийн хуудас, тэмдэглэлийн 13л гэсэн хэсгийн ... АМНАТ-ийн нөхөн татвар, торгууль алдангийг буруу тооцсон тул холбогдох төлбөрөөс 6,308,555,687.83 төгрөгийг хүчингүй болгуулах гэж өөрчилж, тооцооллоо /хэргийн 6-р хавтас 107, 182-р хуудас/ хийж ирүүлжээ.
3. Гэтэл анхан шатны шүүх анх гаргасан нэхэмжлэлийн хүрээнд томилсон шинжээчийн дүгнэлт, бусад этгээдийн ирүүлсэн албан бичгийг үнэлж, ... зэсийн баяжмал дахь төмрийн элемент нь баяжмалын шаардлага хангахгүй болох нь тогтоогдож байна. Ашигт малтмалын тухай хуульд тухайлан хүдэр, баяжмал, эцсийн бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа үндсэн болон дагалдах элемент тус бүрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах тухай нарийвчилсан хуулийн зохицуулалт байхгүй гэж дүгнэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн хүрээнээс хэтэрсэн байх ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасныг зөрчсөн байна.
4. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэлээ бичгээр ирүүлсэн хүсэлтдээ тайлбарлаагүй, тооцооллыг аль аргачлалын дагуу хэрхэн хийж, төлөх ёстой төлбөрийг гаргасан нь ойлгомжгүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татварын улсын байцаагч нар хэрэглэх ёсгүй Засгийн газрын 2014 оны 81 дүгээр тогтоолоор баталсан төмрийн баяжмалд агуулагдах төмрийг тооцоолдог аргачлал, үнээр бодсон нь буруу, манайх зэсийн баяжмалд агуулагдах төмрийн хэмжээгээр маргаж байгаа .. гэж хариуцагчийн тооцооллын үндэслэлээ болгосон аргачлал, журам, тооцооллоор маргаж байх тул энэ талаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж бичгээр гаргуулах, холбогдох Засгийн газрын болон Татварын ерөнхий газрын даргын баталсан журам, аргачлалыг цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн маргасан тооцооллын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.
5. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт хийгээгүй байхад тус шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй эсэхэд мөн дүгнэлт хийх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0460 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч татварын улсын байцаагч С.Т, Ц.О, М.А нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ