Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 124

 

                                          Mонгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мэндсайхан

Хохирогчийн төлөөлөгч Ө.*******

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******ид холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны ******* сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 10 сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэрлэн сумын 4 дүгээр цэцэрлэгт манаач ажилтай байсан, ам бүл 6, эхнэр, 8 сараас 17 насны 4 хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 35 дугаар байрны ******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******.

Шүүгдэгч Д.*******  нь 2016 оны 7 сарын 20-ны өдрөөс 8 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Булган сумын нутгаас ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр Жиргэрүүгийн 120 кг үндсийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг “Дэхт” гэх газарт хадгалж байгаль экологид 6000000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 7 сарын 20-ны өдрөөс 8 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Булган сумын 3 дугаар багийн нутаг “Загач” гэдэг газраас дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг ганцаараа явж түүсэн. Өдөрт 7-10 кг ургамлын үндэс түүдэг байсан. Түүсэн дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хүргэн ах хашаанд хураагаад хатааж байгаад байгаль орчны байцаагч нарт баригдсан юм. Гадуур дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс түүж зарахад мөнгө их олдог гэж ярьж байхаар нь явсан юм. Тэр үед хүмүүс маш их  явж түүж байсан. Байгаль орчны газрын гадна ирээд миний түүсэн үндсийг жинлэж үзэхэд 120 кг болж байсан. Би ямар нэгэн унаагаар явж түүгээгүй, Дэхтэд байсан болохоор алхаж яваад түүсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна гэв.

Хохирогчийн төлөөлөгч Ө.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 8 сарын 01-ний өдөр ...байгалийн ургамлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийгээд явж байтал блокон хашаатай айл байгалийн ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг дэлгэж тавьсан байсан. Тэгээд ...хашаанд ороход Д.******* гэх залуу сууж байсан бөгөөд хүмүүс ургамлын үндсийг түүж ирээд энд хатаадаг юм гэж хэлсэн, дэлгэж тавьсан байсан болон үүдний амбаарт хураасан 14 шуудай /том жижиг нийлсэн/ дэрэвгэр жиргэрүүг хурааж жигнэж үзэхэд 120 кг болж байсан. Хурааж авсан дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг ...манай сум хүлээн аваад Эм-Ди-Глобал-Триединг ХХК-д 1 кг нь 4000 төгрөгөөр зарж борлуулсан юм. ...Манай сумын зүгээс Д.*******аас нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй гэв.

-Эд мөрийн баримтаар: 95 см урттай дугираг хэлбэртэй, 24 см урттай бариултай, 13 см урттай гишгүүр төмөртэй, 32 см урт хавтгай хэлбэртэй дээд хэсгээрээ улаан өнгөтэй, дунд хэсгээрээ цагаан өнгөтэй төмөр лоом 1 ширхэгийг  шинжлэн судлав.

-Мөн бичгийн баримтаар: Эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн *******-12/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 13-15/, хохирогчийн төлөөлөгч Ө.*******ын мэдүүлэг /хх-ийн 17-18/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 19/ гэрч Х. мэдүүлэг /хх-ийн 20-21/, Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2016 оны 8 сарын *******-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/, шүүгдэгч Д.*******ийн сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-39/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 40-41/, дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс хүлээлцсэн тухай тэмдэглэл /хх-ийн 46/, Монгол Улсын байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А/377, А-282  дугаар тушаал /хх-ийн 51-53/, Монгол Улсын Засгийн газрын 153 дугаар тогтоол /хх-ийн 54-56/, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 57/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.******* нь 2016 оны 7 сарын 20-ны өдрөөс 2016 оны 8 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг “Загач” гэдэг газраас ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр Жиргэрүүгийн 120 кг үндсийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг “Дэхт” гэх газарт хадгалж байгаль экологид 6000000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.*******ийн болон хохирогчийн төлөөлөгч Ө.*******, гэрч Х.Энхсайхан нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2016 оны 8 сарын *******-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Д.*******ийн сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс хүлээлцсэн тухай тэмдэглэл, Монгол Улсын байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А/377, А-282  дугаар тушаал, Монгол Улсын Засгийн газрын 153 дугаар тогтоол, эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.*******ид холбогдох хэргийг Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт  зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.*******ийг ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүүг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, хадгалсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн төлөөлөгч нь "нэхэмжлэх зүйлгүй" гэх нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бага бус хэмжээний буюу 6000000 /зургаан сая/ төгрөгийн хохирол учруулсан байх боловч хохирогчийн төлөөлөгч Ө.******* нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй байна.

Шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс Jinson маркийн хөргөгч, TCL маркийн 32 инчийн зурагт зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 30-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр лоом 1 ширхэгийг  устгах нь зүйтэй гэж үзлээ. Харин хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.*******ийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олговол зохино.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, хадгалсаны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1-д зааснаар шүүгдэгч ******* *******ийг 2 /хоёр/ жил 1/нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.*******ид оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Ялтан Д.******* нь бусдад төлөх төлбөргүй /хохирогчийн төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн/, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр лоом 1 ширхэгийг устгаж, баримт бичгээр ирсэн ялтан Д.*******ийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг түүнд буцаан олгосугай.   

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар ялтан Д.*******ид оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, ялтаны засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Д.*******ийн эзэмшлээс Jinson маркийн хөргөгч, TCL маркийн 32 инчийн зурагт зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 30-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ялтанд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацааг 2016 оны ******* сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогчийн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Д.*******ид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

                         

 

 

 

                         ДАРГАЛАГЧ                              Б.ЭНХБААТАР