Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 862

 

                                                                  

 

2019            8             27                                             2019/ДШМ/862

 

Т.Пид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Ариунсанаа,

шүүгдэгч Т.П,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Баасанбат, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/625 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Пийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1806018000409 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Т.П, 1989 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт ........................ тоотод оршин суух бүртгэлтэй,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг хорих 421 дүгээр ангид эдлэж байгаад 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж өршөөгдсөн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 181 дүгээр зүйлийн 181.3, 152 дугаар зүйлийн 152.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэлх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг хорих 439 дүгээр ангид эдэлж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, /РД:...................../,

1. Т. Т.П нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.Гас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 60.000.000 төгрөгийг залилан авсан,

2. 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.Нээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж 19.500.000 төгрөгийг залилж авсан,  

3. 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Өгээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж, 9.500.000 төгрөгийг залилж авсан,

4. 2017 оны 5 дугаар сарын 29, 31-ний өдрүүдэд Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багт оршин суудаг Г.Нийг хуурч 41.437.600 төгрөгийг залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан,

5. 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Дг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2.400.000 төгрөгийг залилан авсан,

6. 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Ныг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3.800.000 төгрөгийг залилан авсан,

7. 2017 оны 1 дүгээр сарын 24, 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Быг цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.000.000 төгрөгийг залилан авсан,

8. 2018 оны 1 дүгээр сарын 24, 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Нг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 6.740.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

9. 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Э.Ог цахим хэрэгсэл ашиглан хуурч 4.596.000 төгрөгийг залилан авсан,

10. 2017 оны 5 дугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Ж.Эг хуурч 13.000.000 төгрөгийг залилан авсан,

11. 2017 оны 5 дугаар сарын 25-наас 30-ны өдрүүдэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт П.Тыг цахим хэрэгсэл ашиглан төөрөгдөлд оруулж 20.000.000 төгрөгийн залилан авсан,

12. 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Э.Эийг цахим хэрэгсэл ашиглан төөрөгдөлд оруулж 1.000.000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 184.973.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол бусдад учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, цахим хэрэгсэл ашигласан, зохиомол байдлыг зориудаар бий болгож байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Т.Пийг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Пид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Пийн цагдан хоригдсон 423 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Пид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг Сидиг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Поос 184.973.600 төгрөгийг гаргуулж, үүнээс 60.000.000 төгрөгийг А.Гд, 19.500.000 төгрөгийг Л.Нд, 9.500.000 төгрөгийг Б.Өд, 41.437.600 төгрөгийг Г.Нт, 2.400.000 төгрөгийг Н.Дд, 3.800.000 төгрөгийг Б.Над, 3.000.000 төгрөгийг Г.Бд, 6.740.000 төгрөгийг Б.Нд, 4.596.000 төгрөгийг Э.Од, 13.000.000 төгрөгийг Х.Ж.Эд, 20.000.000 төгрөгийг П.Тад, 1.000.000 төгрөгийг Э.Эд тус тус олгож, Т.Пид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Т.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс намайг урьд ял шийтгэгдэж байсан гэх шалтгаанаар хэргийн бодит байдлыг тогтоолгүй, хэт яллах талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Мөн яллах талын нотлох баримтыг цуглуулсан ба хохирогч гэх хүмүүс нөлөөлсөн. Энэ хэргийг урьдаас зохион байгуулсан, бүх мөнгийг нь авсан захирал Г.Гг холбогдолтой гэх бүхий л нотлох баримт, дансны хуулга, холбогдох гэрч нар байсаар байтал түүнийг шалгалгүй гэрч гэж үзэж байгаа нь хэргийн бодит байдалд нөлөөлсөн. Мөн анхан шатны шүүх зөвхөн хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт үндэслэн яллаж байгаад гомдолтой байна.

Намайг “АПУ” ХХК-ийн гэрээт борлуулагчаас архи, пиво худалдан аваад түүнийгээ өөр “АПУ” ХХК-ийн гэрээт борлуулагчид 7-10 хувь хямдруулан удаа дараа зарсны эцэст итгэлийг нь олж аваад барааг нь удаа дараа “удахгүй өгнө” гэх зэргээр мөнгө урьдчилан авч залилан, хуурч мэхэлсэн мэт харагдуулж яллаж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Би 2016 оны 11 дүгээр сараас “АПУ” ХХК-ийн архи, пивийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл борлуулж, зарсан барааныхаа 2 хувиар цалин, урамшуулал авсаар ирсэн. Уг бараа олгогч Г.Г нь “АПУ” ХХК-ийн Улаанбаатар хот дахь борлуулалт хариуцсан менежер Батбилэгттэй нийлэн гэрээт борлуулагч нарын худалдсан барааны тоо ширхэг тутамд бодон урамшууллын бараа болох архи пивийг данс, тооцооны аргаар нийлэн завшиж өөрийн гэрээт борлуулагчийн нэрээр хуурамч урамшуулал гарган авдаг байсан. “АПУ” ХХК-иас татварт бүртгэгдээгүй бараа бүтээгдэхүүн болон архийг авч, Монгол улсын үнэт цаас буюу онцгой албан татварын акцыг хууль бусаар олж авч, түүнийгээ нааж заруулан их хэмжээний ашиг олж улсад маш их хэмжээний хохирол учруулсан үйлдлүүд байгаа ба үйлдсэн хэргүүдээ нуун далдлах зорилгоор хууль ноцтой зөрчсөн.

Мөн энэ хэргийн хохирогч П.Т, Б.Ө, Г.Н, Л.Н нарын бараа захиалсан төлбөр 84.437.600 төгрөг, миний хувиасаа бараа захиалсан 55.129.400 төгрөг, нийт 139.567.000 төгрөгийг захирал Г.Ггийн 5015005213 тоот данс руу шилжүүлсэн. Г.Г нь миний шилжүүлсэн 139.567.000 төгрөгийг завших зорилгоор зориуд зохиомол байдал бий болгон 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр намайг “АПУ” ХХК-иас хууль бусаар гарган авсан хуурамч акцтай бараа бүтээгдэхүүн зараад, аваад байгааг “АПУ” ХХК-ийн удирдлагууд болон хууль хяналтын байгууллагууд мэдсэн байна. Батбилэг надад “... чи түр хэл ам намжтал гадагшаа гарах шаардлагатай байна. Урагшаа гараад 7-14 хоног байж байгаад ир, эгч нь тэр хооронд бүгдийг нь зохицуулна. Бараа захиалсан хүмүүст нь чамайг өгсөн гэж хэлээд өгнө. Чи санаа зоволтгүй” гэж хэлээд хуурч мэхэлж 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр намайг гадагшаа явуулсан. Гэтэл захирал Г.Г нь уг захиалгын төлбөр болох их хэмжээний мөнгийг хувьдаа завшиж, хууль бус аргаар олж авдаг байсан. “АПУ” ХХК-ийн бүтээгдэхүүн дээр акц нааж худалдаанд гаргадаг байсан, хуурамч акц буюу онцгой албан татварын тэмдэг болон улсын үнэт цаас худалдаанд гаргадаг байсан хэргүүдээ нуун далдлах зорилгоор дээрх байдлыг зориудаар бий болгож, уг хэргийн гол буруутан нь намайг болгох зорилготой, зориудаар зохион байгуулсан нь харагдаж байна.

Тодруулбал, 2018 оны 3 дугаар сард мөрдөгч, дэслэгч А.Г нь хэргийн мөрдөн байцаалтын шатанд данс хоорондын гүйлгээг шалгахдаа миний 5720517081 тоот данснаас захирал Г.Ггийн 5015005213 тоот дансанд орсон мөнгөн дүн он, сар, өдрийн хувьд таарч байсан учир хэргийн холбогдогч, хам хэрэгтэн байж болзошгүй гэж гэрчийн мэдүүлэг авахад Т.П гэх хүнийг танихгүй, надаас хэдэн удаа бараа авсан, авахдаа 20.000.000 гаруй төгрөгийн бараа авдаг байсан гэсэн. Гэтэл захирал Г.Г нь 139.567.000 төгрөг авсан нь ХААН банкны дансны хуулга дээр ил тод байдаг ба хэргийн хохирогч нарын захиалгын төлбөр болгон өгсөн мөнгийг авсан захирал Г.Гг холбогдуулан шалгаж хохирогч нарын хохирлын төлбөрийг гаргуулан авна уу гэсэн хүсэлт байсаар байтал ганцхан удаагийн гэрчийн мэдүүлгээр холбогдолгүй, гэрч болгон үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд Г.Гг хамаатуулан шалгаж, хохирогч нарын хохирлыг барагдуулах боломж байсан. Гэтэл Г.Гг хамааралгүй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хэт яллах талыг баримтлан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Г нь анхан шатны шүүх хуралдаанд хэнд, хэзээ, ямар машинд, хэн гэдэг хүнд өгөх барааг надад хүлээлгэж өгснөө хэлж, зааж чадаагүй. Шүүгчийн асуусан асуултанд Т.Пид 68.000.000 төгрөг, 99.000.000 төгрөг, 115.000.000 төгрөг, 139.000.000 төгрөг өгсөн гэж 4 өөр мэдүүлэг өгсөн байхад алийг нь баримтлан ямар баримтаар баталгаажуулж Г.Гг хамааралгүй гэж үзэж, намайг залилах гэмт хэрэг үйлдсэн гэсэн шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.

Би дээрх байдлыг шалгаж өгөхийг шаардаж 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 47 хоног өлсөглөн зарласан боловч прокурор Ариунсанаа, мөрдөгч А.Г нар хүлээж аваагүй. Иймд хэргийн бодит байдлыг тогтоон, нотлох баримтуудыг шалган харьцуулах, нотлох баримтад тулгуурлан шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү. Энэ хэргийн хохирлын мөнгийг Г.Г авсан атлаа ял завшиж, үүрэх ялыг нь надад оногдуулсанд гомдолтой байна.

Энэ хэргийн хохирогч гэх А.Г, Б.Ө, П.Т, Г.Н, Л.Н нар нь өөрсдөө “АПУ” ХХК-ийн гэрээт албан ёсны борлуулагчид гэтэл миний хувьд тус компанитай ямар ч хамааралгүй хүн, зөвхөн гэрээт борлуулагч Г.Ггийн барааг зарж өгдөг хөлсний ажилтан юм. Мөн дээрх хохирогч нар өмнө нь архи, пивийг хууль бусаар “АПУ” ХХК-иас авдаг байсныг мэддэг байсан. Онцгой албан татварын шошго буюу акцтай гэдгийг мэдсээр байж худалдан авдаг байсан. Тиймээс хямд зарж байсныг мэдсээр байж их хэмжээгээр захиалан авч санхүүждэг байсан. Хохирогч нар авсан бараануудаа хөдөө орон нутагт их хэмжээгээр ачуулан зардаг байсан хууль бус үйлдлийг орхигдуулан зөвтгөж үзсэн. Иймд энэ хэргийн зохион байгуулагч Г.Ггаас хохирлыг гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү.

Хохирогч гэх Гантулгын 60.000.000 төгрөгийн хохирлыг ямар тооцоолол, баримтад тулгуурлан тогтоосон нь ойлгомжгүй байна. Учир нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр А.Г нь “... Т.П нь миний эхнэр Эгаас 60.000.000 төгрөг зээлсэн. Түүнийгээ нэхэмжилж байна ...” гэж хэлснийг удирлага болгосон байгаа юм.

Гэвч А.Г нь 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр миний хамтран амьдрагч Эрдэнэцэцэгийг дарамталж байгаад 43 м.кв, шинэ, 2 өрөө ороны сууцыг 1 м.кв-ийг нь 1.800.000 төгрөгөөр бодож 77.400.000 төгрөгөөр авлаа гэсэн баримт нь хавтас хэрэгт байгаа. Т.Поос 133.000.000 төгрөг авахаас 77.400.000 төгрөгөнд 2 өрөө байр бодож авлаа, одоо 55.600.000 төгрөг үлдсэн гэсэн бичиг хийж өгсөн байдаг. Гэтэл А.Г нь хэргийн нөхцөл байдлыг мэдэхгүй, түүний эхнэр Этай бүхий л худалдаа наймаа хийсэн байтал А.Г нь түүний өмнөөс мэдүүлэг өгсөн байдаг. Мөн Э, А.Г нарын өгсөн тус тусын мэдүүлэг болон надад өгсөн гээд байгаа мөнгөний баримт болох дансны хуулга зэрэг нь хоорондоо илт зөрүүтэй байдаг. Мөн Э нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр авсан 44.238.240 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр авсан 20.000.000 төгрөгийг огт мэдүүлээгүй нуусан байдаг. Тэр тухай мэдүүлэгтээ дурдсан дансны хуулга зэрэгт зааж баталгаажуулсан байхад түүнийг огт шалгаагүй орхигдуулсан нь хохирлын тооцоолол буруу гарахад нөлөөлж байгаагаар барахгүй А.Г нь нэг баримтаар буюу 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өгсөн 60.000.000 төгрөгийн баримтаар 2 дахь удаагаа мөнгө нэхээд байгаа зэрэг нь ил тод шууд харагдаж байна. А.Г нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Т.Пид 123.000.000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл түүний эхнэр Э нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Т.Пид 114.000.000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл Э нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 95.000.000 төгрөгийн баримт буюу банкны хуулга нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл прокурор, мөрдөгч болон анхан шатны шүүх нь нотлох баримт зөрүүтэй байхад мэдүүлэгт тулгуурлан хохирлын тооцоо гаргасан нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Мөн Э нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Т.Пид 95.000.000 төгрөг дансаар, 19.000.000 төгрөг бэлнээр өгсөн гэж мэдүүлдэг. Гэтэл би 19.000.000 төгрөг бэлнээр аваагүй ба Э бэлнээр огт урьдчилгаа мөнгө өгдөггүй байсан. Э нь урьд харилцааныхаа тухай мэдүүлэхдээ Т.Птой 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр тооцоогүй болсон, харин 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 88.000.000 төгрөгийг Т.Пид дансаар шилжүүлж, түүндээ бараагаа авсан. 88.000.000 төгрөгийн бараанаас 5.333.710 төгрөг надад өгөх дутуу үлдсэн. Үүн дээр 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дансаар 95.000.000 төгрөг өгсөн гэсэн баримт өгдөг атлаа дараагийн мэдүүлэгтээ 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Т.Пид дансаар 95.000.000 төгрөг дээр нэмж бэлнээр 19.000.000 төгрөг өгсөн гэж мэдүүлдэг. Э 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 30-ны өдрүүдэд Т.Поос нийт 62.013.060 төгрөгийн бараа авсан гэдгээ хүлээдэг бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг байдаг боловч уг баримттай танилцуулаагүй. Нотлох баримтаас үзвэл Э нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 95.000.000 төгрөг, 26-ны өдөр 20.000.000 төгрөг, 30-ны өдөр 60.000.000 төгрөг өгөхөөс өмнө нийт 115.000.000 төгрөг өгсөн. Үүнээс 62.013.060 төгрөгийн бараа авсан. Уг авсан барааны үнийн дүнг нийт дүнгээс хасвал 53.000.000 төгрөгийн үлдэгдэл байна. 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Э “АПУ” ХХК-иас бараа авахгүй бол болохгүй байна, сарын эцэс дөхөөд бараа ав гээд шахаад байна, чи “АПУ” ХХК руу түр мөнгө шилжүүлчих, би чамд маргааш өгье гээд би 44.238.240 төгрөг “АПУ” ХХК руу шилжүүлсэн. Үүний дараа Э 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл 5.333.710 төгрөг дээр нэмээд 95.000.000 төгрөг өгсөн. Ингээд нийт 100.533.710 төгрөг болсноос 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр авсан 44.238.240 төгрөгийг хасахаар болсон ба зөрүү 56.295.470 төгрөнд би бараа өгөхөөр болсон ба барааг өгсөн. Мөн 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 30-ны өдрүүдэд нийт 62.013.060 төгрөгийн бараа өгсөн. Уг барааг Э авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн Э надаас 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “АПУ” ХХК-иас сарын төгсгөл болоод түр 20.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Энэ нь дансны хуулгаар нотлогддог ба гүйлгээний утга дээр Гантулгын бөөний төвийн нэр болох “Заан” гэж нэрээр шилжүүлсэн. “АПУ” ХХК-ийн захиалагч, хүлээн авагч нь захиалгын мөнгөн дүн болон захиалга өгсөн бөөний төвийн нэр нь таарсан тохиолдолд үйлдвэрээс түгээлтийн машин захиалагч төвд хүргэж өгдөг ба түгээлтийн машин ч “АПУ” ХХК-ийн операторын GPS-ийн хяналтанд хүргэж өгдөг. Иймд Э болон А.Г нар нь надаас уг мөнгийг авснаа нуун дарагдуулж, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэхэд Э, А.Г нар нь 5.517.590 төгрөгийг надад өгөх тооцоотой байсан. Үүн дээр 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр надаас 20.000.000 төгрөг авснаар 25.717.590 төгрөг надад өгөх тооцоотой байснаас 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр надад 60.000.000 төгрөг өгөөд би Э, А.Г нарт 35.282.410 төгрөг өгөх үлдэгдэл гарсан. Гэтэл А.Г авах ёстой байсан 35.282.410 төгрөндөө миний 2 өрөө, 43 м.кв орон сууцыг 77.400.000 төгрөгөөр бодож хамтран амьдрагч Эрдэнэцэцэгийн дарамтлан хүчээр авчихаад 60.000.000 төгрөгөө нэхэмжлээд байна. Э, А.Г нарын 2017 оны 5 дугаар сарын 22, 29-ний өдөр авсан нийт 64.000.000 төгрөг болох барааг “АПУ” ХХК-иас авсан. Уг барааг хүлээлгэн өгсөн эсэхийг тодруулахад хэргийн хохирлын зөрүү болох А.Г, Э нар нь худал мэдүүлэг болон хууль бус бараа авдаг, хуурамч акцтай бараа зардаг байсан атлаа хохирогч нар болон гэрч Г.Г нар нь харилцан тохиролцон нуун далдлах зорилгоор тогтоогдох учир уг хэргийн нотлох баримтуудыг шалган хэргийн бодит байдлыг олж тогтоож өгнө үү. Мөн өөрт холбогдох хэргийн хохирлын хэмжээг нотлох баримтад тулгуурлан хохирлыг бодитой үнэн зөвөөр тогтоолгох нэн тэргүүний шаардлага байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасанчлан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нөхцөл байдал цөөнгүй байгаа тул уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтэй байна.

Намайг хамтран амьдрагч Эрдэнэцэцэгийн өмнөөс тухайн үед “Алтантариа” ХК-ийн гэрээт борлуулагч байсныг ашиглан өмнөөс нь барааг авч Нарантуул, Өгөөмөр зах орчимоор худалдан борлуулж байсан гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн. Гэвч надад холбогдох уг хэрэгт Эрдэнэцэцэг гэдэг хохирогч байхгүй. Хавтас хэргийн материалд намайг хэзээ “Алтантариа” ХК-иас Эрдэнэцэцэгийн өмнөөс бараа авсан, түүнийгээ хэнд зарсан зэрэг ямар ч баримт байхгүй. Ш.Эрдэнэцэцэг бид хоёр хамтран амьдарч, хамтын бизнес эрхэлдэг байсан. Миний нэхэмжлэхээр захиран зарцуулах эрхийг нь олгосон “Алтантариа” ХК-д өрөндөө өгөөрэй гэж үлдээсэн 2 өрөө орон сууцыг хохирогч нэрээр мөнгө завшиж байгаа А.Гд хууран мэхлүүлж, дарамтлуулан алдсан Эрдэнэцэцэгийн гэрчийн мэдүүлэг байгаа. Гэтэл анхан шатны шүүх уг байдлыг миний хохирогч мэтээр үзэж яллах үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцэхгүйгээр барахгүй хэт яллах талыг баримталсан нь илт байгаа тул уг байдлыг шалган тодруулах шаардлагатай гэдэг нь харагдаж байна.

Мөн анхан шатны шүүхийн тогтоолд 2015 онд ял шийтгэл эдэлж, суллагдсанаасаа хойш огт ажил хөдөлмөр хийдэггүй, зөвхөн гэмт хэрэг хийдэг байсан мэтээр үзэж, дүгнэсэн нь мөрдөгч, прокурор хэргийн бүрдүүлэлтийг яллах талаас бүрдүүлсэн нь илт байна. Бодит байдал буюу хэргийг яллах болон цагаатгах талыг тэгш баримталсан бол миний бие хийж бүтээж буй дараах ажлыг багтаан шийдвэрлэх байсан.

Би “Ариун Түшиг” ХХК-г үүсгэн байгуулаад үйл ажиллагааны чиглэл болох гадаад худалдааны зөвшөөрлийг Монгол улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эрүүл аюулгүйн чанарын баталгаатай, импортын зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байсан. Мөн БНХАУ-ын хөрөнгө оруулалтын гэрээтэй, орон сууцны төсөл хөтөлбөрийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байсан. Хамтран амьдрагч Эрдэнэцэцэгийн “Мөнх хязгааргүй” ХХК-тай гэрээтэй хүнсний бараа бүтээгдэхүүн зээлээр авдаг, түүнийгээ “Нандин хул” ХХК-д Налайхын уурхайд зарж борлуулдаг. Мөн давхар бартерын гэрээтэй зэргийг авч үзэлгүй яагаад ажил хөдөлмөр хийдэггүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд энэ шийдвэрийг дахин шинэчлэн шалгуулах хүсэлтэй байна. Учир нь миний өөрийн “Эх Ариун түшиг” ХХК нь одоог хүртэл “Нандин хул” ХХК-иас 94.000.000 төгрөг авах авлага, Налайх дүүргийн Шинэ налайх хороололд 2 өрөө орон сууц авах гэрээтэй байгаа. Үйл ажиллагааны чиглэл, ашиг орлогыг тодорхойлолгүй  огт ажил хөдөлмөр хийдэггүй гэсэн шийдвэрийг гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийн бодит байдлыг тогтоох үүднээс миний цагаатгах талын нотлох баримтуудыг хэргийн материалд оруулах, цагаатгах талын мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү.

Би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж тооцогдох байтал урьд ял шийтгүүлсэн байдлыг авч үзэн хүндрүүлэлгүй, зөвхөн нэг удаа үйлдсэн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн хуулийн заалтад нийцэхгүй байна. Мөн дээрх байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн бодит байдлыг тогтоох үүднээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хэргийг дахин шалгаж өгнө үү. ХХХХ ...” гэв.

Прокурор И.Ариунсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч нь өөрийнхөө ярьж байгаа мэдүүлгийнхээ эх сурвалжаа зааж чадаагүй, ба хохирогч нарыг хохироосон зүйл байхгүй, барааг буцааж өгсөн гэж ярьдаг боловч үүнийг нотолсон зүйл байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр Г.Г оролцсон. Г.Г.Г нь “АПУ” ХХК-д гэрээт борлуулагч хийдэг. Анхан шатны шүүх хуралдаанд Т.Пид хэдэн төгрөгийн бараа өгсөн талаараа үнэн зөв мэдүүлсэн. Хохирогч А.Г, Э нарт 150.000.000 төгрөгийн өртэй байсан. Өрөндөө байраа өгсөн. Мөн Т.Птой хамтран амьдарч байсан Эрдэнэцэцэг нь анхан шатны шүүх хуралдаанд хохирсон талаараа мэдүүлдэг боловч хэргийн явцад хэдэн төгрөгөөр хохирсон талаар гомдол гаргаагүй учир хохирогчоор тогтоож шалгаагүй. Т.П нь урьд 2 удаагийн залилангийн гэмт хэрэгт шийтгүүлж байсан, 12 залилангийн гэмт хэрэг үйлдсэн учир амьдралын үүсвэр болгосон гэж зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/625 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Т.Пид холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Т.П нь 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд, 12 удаагийн үйлдлээр, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, мөн цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож нэр бүхий хохирогч нарт нийт 184.973.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.П нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч А.Г-ын “... Т.П нь 123.000.000 төгрөг эхнэрээс шилжүүлүүлж аваад түүнээс 50.000.000 гаран төгрөгийн бараа бууж, үлдсэн 73.000.000 төгрөгийг бараа буугаагүй байтал дахин 150.000.000 төгрөг өгчих гэхээр нь би дансандаа байсан 60.000.000 төгрөгийг Т.Пийн данс руу шилжүүлсэн. Ингээд Т.П алга болсон. Т.Пийн найз бүсгүй Эрдэнэцэцэгээс 73.000.000 төгрөгийн барааны тооцоонд байр шилжүүлж авсан, 60.000.000 төгрөгийг үлдэгдэлтэй байгаа. ...” гэх /1хх-11-12, 3хх-169/,

Гэрч Н.Эгийн “... нийт баримтаар 139.333.710 төгрөг авах ёстойгоос 74.700.000 төгрөгөнд 2 өрөө байр бодож авсан. Ингээд үлдэгдэл 60.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. ...” гэх /1хх-18-19/ мэдүүлгүүд болон гэрч Ш.Эрдэнэцэцэг /1хх-16-17, 79, 3хх-131/, Б.Санчир /1хх-20/, Г.Гэсэржав /3хх-132/ нарын мэдүүлгүүд,

Хохирогч Л.Нийн “... Т.Поос өмнө нь Алтан тариан гурил, будаа авдаг байсан бөгөөд урьдчилаад мөнгөө шилжүүлчих, маргааш барааг нь аваачиж өгье гэхээр нь Т.Пийн ХААН банкны данс руу 19.500.000 төгрөг шилжүүлсэн. ...” гэх /1хх-67, 3хх-168/,

Хохирогч Б.Өгийн “... би урд нь 2-3 удаа Т.Поос бараа авч байсан. Сүүлд 2017 оны 5 дугаар сард бараа авахаар тохиролцож, цувуулаад 10.600.000 төгрөг Т.Пийн данс руу шилжүүлсэн. ...” гэх /1хх-136-138, 3хх-129/,  

Хохирогч Г.Нийн “... урьд нь 3 удаа 20.000.000 орчим төгрөгийн барааг Т.Поос авсан. ... 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Т.П залгаад сарын сүүл болоод байна, “АПУ” ХХК-ийн жаахан бараа үлдчихлээ, мөнгөний хэрэг гараад байна, та бараа авах уу, ганц хоёр хоногоос унаа олоод танай дэлгүүрийн барааг ачуулъя гэхээр нь хэдэн төгрөгийн бараа байгаа юм бэ гэж асуухад бүх бараагаа бодоод үзье гэснээ урамшууллын 10 хувиа хасаад 21.237.600 төгрөг болж байна гэхээр нь би уг мөнгийг шилжүүлсэн. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Т.П над руу дахин залгаад “Насаа ахаа би таны нөгөө барааг ачуулж байна, чиргүүлэнд нь жаахан ачаа багадаад байна, надад алтан тариан 20 тонн гурил байна, танд авах боломж байна уу гэхээр нь ямар үнээр өгөх вэ гэхэд “та 12.000.000 төгрөг өгчих” гэхээр нь би зөвшөөрөөд анх мөнгө шилжүүлсэн 5720517081 тоот данс руу 12.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь элсэн чихэр ачуулах гэж дээрх данс руу 3.000.000, 3.000.000, 2.200.000 төгрөгөөр, нийт 8.200.000 төгрөг шилжүүлсэн. ...” гэх /1хх-159-161/,

Гэрч Д.Уийн “... Т.П гэх залуу 2017 оны 5 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрийн хооронд манай нөхрөөс нийт 41.437.600 төгрөгийг хууран мэхэлж, залилан аваад одоог болтол өгөөгүй. ...” гэх /1хх-167-168/,  

Хохирогч Н.Дгийн “...Т.П гэх залуу урьдчилгаагүй орон сууцжуулах хөтөлбөр төсөлд нийгмийн даатгал төлдөг 50 орчим хүн хамруулж байгаа, материалаа бүрдүүлээд өг гэсэн. Маргааш нь би материалаа бүрдүүлээд өгөхөд энэ материалыг шалгаад хурлаар оруулна, би зүгээр юм хийж өгч чадахгүй шүү, та нараас урамшуулал 5.000.000 төгрөг авна гэхээр нь зөвшөөрөөд салсан. 2017 оны 12 дугаар сарын 13-ний өдөр Т.П залгаад эдийн засагчид мөнгө өгөх гэсэн юм, дансанд мөнгө хийчих гэхээр нь надад 2.000.000 төгрөг байна гээд шилжүүлсэн. 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Т.П яриад чиний материал хурлаар ороод, батлагдаад гараад ирлээ, хуралд орсон хүмүүсийг хоолонд оруулах гэж байна, 500.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь 400.000 төгрөг шилжүүлсэн. Орой нь Т.П руу залгахад утас нь холбогдохоо больсон. ...” гэх /1хх-225/,

Хохирогч Б.Нын “... Дүү Г.Б урьдчилгаа төлбөргүй байранд оруулж өгч байна, төслийн хүнтэй уулзана гэсний дагуу Т.П гэх хүнтэй “Блю мон”-д очиж уулзсан. Т.П нь “урьдчилгаа төлбөргүй байранд оруулж өгөх 300 хүний нэр авсан байгаа, түүнээс эхний 12 хүнийг цагаан сарын өмнө оруулна гэсэн. Тэгээд надад урьдчилгаа мөнгө болох 3.800.000 төгрөг өгчих гэж хэлсэн. 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр өөрийн данснаас Т.Пийн данс руу 3.800.000 төгрөг шилжүүлсэн. ...” гэх /1хх-241/,

Хохирогч Г.Бын “... 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр фэйсбүүкээр урьдчилгаа төлбөргүй 8 хувийн байранд оруулна гэсэн зарын дагуу холбогдоход Т.П гэх хүн Сүхбаатар дүүргийн “GB” таурын доод талын подволд ирээд материалаа өгчих гэсэн. Тухайн өдөр материалаа өгөөд, 24-ний өдөр очиж 2.200.000 төгрөг бэлнээр Т.Пид өгсөн. ...” гэх /2хх-2/,

Хохирогч Б.Нгийн “... Г.Б 8 хувийн урьдчилгаа төлбөргүй байр байна гэсний дагуу Т.П гэх хүнтэй уулзсан ба тэрээр цагаан сараас өмнө 12 хүнийг урьдчилгаагүй байранд оруулж өгнө, байраа өөрсдөө хайж ол, 45 м.кв-аас доош, 2010 оноос хойш ашиглалтанд орсон, 1.800.000 төгрөгөөс доош дүнтэй байх хурдан ол гэж хэлсэн. Тухайн өдөр урьдчилгаа мөнгөө өг гэсний дагуу Т.Пийн данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр м.кв-ийн зөрүү мөнгө 4.140.000 төгрөгийг “Энх-Ариун түшиг” ХХК гэсэн данс руу шилжүүлсэн. Тэр өдөр тухайн данс руу 1 сарын урьдчилгаа төлбөр 600.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 6.740.000 төгрөг шилжүүлсэн. ...” гэх /2хх-13, 3хх-128/,

Хохирогч Э.Огийн “... 2018 оны 12 дугаар сард фэйсбүүкээр байр авна, зарна гэсэн зарын дагуу Т.П гэх залуутай уулзсан чинь цагаан сарын өмнө байранд оруулж өгнө, өөрсдөө байраа сонгоорой гэж хэлсэн. Тэгээд надад 3.000.000 төгрөг өгчих юм бол цагаан сарын өмнө байранд чинь оруулж өгье гэхээр нь өөрийн данснаас Энхбаярын данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 1 дүгээр сард яриад үлдэгдэл мөнгөө нэхээд байхаар нь Энхбаярын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр яриад Төв шуудангийн ар талын “Бодь” компаний байранд ирж гэрээ байгуул, гэрээ хийхээс өмнө 3 сарын түрээс 1.593.000 төгрөгийг “Энх ариун түшиг” ХХК-ийн данс руу хийгээд хуулга авч ир гэж хэлсэн. Уг мөнгийг шилжүүлээд тус оффист очиход Т.П гэх хүн болон уг компани байдаггүй болж таарсан. ...” гэх /2хх-27/,

Хохирогч Ж.Эгийн “... Т.П нь 2016 оны хавраас манай лангуун дээр ирээд гар утас худалдаж авдаг байж байгаад сүүлдээ зээлээр аваад мөнгийг нь хэлсэн хугацаандаа өгдөг байсан. 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 2.250.000 төгрөгийн, “Samsung S8” загварын гар утас 1 ширхэгийг зээлээр авъя, мөнгийг удаахгүй өгнө гээд авсан. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ирээд ажилчдын утас нэмж авах гэсэн  юм гээд 5 ширхэг “Iphone S6” загварын гар утас, “Iphone 6 Gold” 1 ширхэгийг авч яваад удаагүй “Samsung S8 plus” загварын гар утас 2 ширхэгийг авч явсан. Мөн 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдөр залгаад 1.000.000 төгрөг хэрэгтэй болчихлоо, амралтанд байна, маргааш очоод өгье гээд 5720517081 тоот дансаар авсан. ...” гэх /2хх-78, 3хх-127/,

  Хохирогч П.Тын “... Урнаа нь Т.Пийг “АПУ” ХХК-ийн барааг өндөр хувьтай ашиг өгч зарна гэж байна гэсний дагуу эхнэрээ Т.П руу явуулж уулзуулсан. Т.Пийн оффис нь их сүрхий чамин газар байсан гэж ярьж байсан бөгөөд өөрийгөө УИХ-ын гишүүний дүү, ахынхаа барааг зарж байгаа гэж тайлбарласан байсан. Ингээд тэр хүнээс 8 хувийн ашиг авахаар тохиролцож 2017 оны 4 дүгээр сараас 5 дугаар сарыг хүртэл бараа буулгасан. Нэг буулгахдаа 20.000.000 төгрөгийн бараа авдаг байсан. Дараа нь бэлнээр 6.000.000 төгрөг, дансаар 4.000.000, 10.000.000 төгрөгөөр шилжүүлсэн ба 2017 ооны 5 дугаар сарын 30-ны өдөр барааг буулгахаар тохирсон боловч утсаа салгаад ор сураггүй алга болсон. ...” гэх /2хх-154-155, 3хх-130/,

Гэрч Д.Т-ын “... Т.П манай ажил дээр ирээд 20.000.000 төгрөгийн бараа авчих, бэлэн болчихоод байна гэхээр нь итгээд лангуун дээрээсээ 6.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь Т.Пийн данс руу 4.000.000, 10.000.000 төгрөгийг цувуулж шилжүүлсэн. Мөнгө авснаасаа хойш бараагаа нийлүүлэхгүй утсаа салгаад алга болсон. ...” гэх /2хх-156/,   

Хохирогч Э.Эийн “... Түрээсийн гэрээгээр байртай болно гэх “Эх ариун түшиг” ХХК-ийн зар фэйсбүүкээр явж байхаар нь холбогдоод очиж уулзсан. Байрны даатгалд хамрагдах ёстой, маргааш миний данс руу 1.000.000 төгрөг хийчих гэсэн. Маргааш нь Т.П гэх хүний 5063416410 дугаартай дансанд манай нөхөр Баярхүү нь 1.000.000 төгрөг хийсэн. ...” гэсэн мэдүүлгүүд болон /3хх-13/, гэрч М.Х /1хх-78/, Б.Б /1хх-139/, Д.О /1хх-162/, Ж.Н /1хх-226/, Ц.М /2хх-79-80/, Н.И /2хх-81/, Б.Б  /2хх-82/, Г.Г.Г /2хх-223/ нарын мэдүүлгүүд,

А.Г, Н.Э нарын хамтран эзэмшдэг ХААН банкны хуулга /1хх-5/, Л.Нийн ХААН банкны дансны хуулга /1хх-41/, Т.Пийн ХААН банкны дансны хуулга /1хх-82-102, 178-198/, Б.Өгийн ХААН банкны дансны хуулга /1хх-120-131/, Г.Нийн ХААН банкны дансны хуулга /1хх-150/, эд зүйлийн үнэлгээ /2хх-72-74/, Д.Туулын ХААН банкны данснаас П.Т нь Т.П руу мөнгө шилжүүлсэн хуулга /2хх-146-147/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-151/, Г.Б-ийн данснаас Э.Э нь 1.000.000 төгрөгийг Т.Пийн данс руу шилжүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /3хх-9/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Т.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Т.Пийг залилах гэмт хэргийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс Т.Пийг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Т.П нь “... Уг хэргийн зохион байгуулагч, хэргийн хохирлын мөнгийг завшсан, Г.Гг шалгаагүй орхисон,

Хохирогч А.Г, түүний эхнэр Э нар нь яагаад 2017 оны 5 дугаар сарын 22, 29-ний өдөр авсан мөнгөө худал мэдүүлээд байгаа вэ,

Хэргийн нотлох баримт, миний мэдүүлэг зэргийг шалгахгүй аман мэдүүлгээр хохирлыг тооцоолон гаргасан,

Ж.Э, Г.Б нарыг ямар ч нотлох баримтгүй мөнгө нэхэмжилсэн аман мэдүүлгээр хохирогчоор тогтоосон,

Улсын үнэт цаас болох онцгой албан татварын тэмдэг буюу акцыг хуурамчаар хийлгэн, зарж борлуулдаг, татвараас зайлсхийн улсад их хэмжээний хохирол учруулсан, үүнийг мэдсээр байж худалдан авдаг байсан хохирогч гэх хүмүүсийг яагаад хуулиас гадуур орхигдуулж байгаа юм бэ,

Мөн хэргийн бодит байдал нотлох баримтад тулгуурлан хохирлын үнийн дүнгийн зөрүүг арилгаж, бодит хохирлыг тогтоолгох хүсэлтэй байна.

Цагаатгах талын нотлох баримтуудыг шалгахгүй, хавтас хэрэгт оруулаагүй,

Хэргийн хохирлыг өөртөө авч ашиглаагүй байхад амьдарлын эх үүсвэр болгосон гэж үзээд байгаа зэргийг авч үзэн шалгах, тодруулах,

Би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж тооцогдох байтал урьд ял шийтгүүлсэн байдлыг авч үзэн хүндрүүлэлгүй, зөвхөн нэг удаа үйлдсэн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн хуулийн заалтад нийцэхгүй байна. Мөн дээрх байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн бодит байдлыг тогтоох үүднээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хэргийг дахин шалгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Т.П нь 12 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авч бусдад нийт 184.973.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, дээр дурдсан бүхий л нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон дансны хуулга зэрэг баримтууд нь өөр хоорондоо тохирч байна.

Залилах гэмт хэрэг нь хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжээр илэрдэг.

Хэдийгээр Т.П нь залилангийн гэмт үйлдлүүдээ хүлээн зөвшөөрдөггүй боловч тэрээр хохирогч нарын урьд нь “АПУ” ХХК, “Алтан тариа” ХХК-ийн бараа, бүтээгдэхүүнийг өөрөөс нь худалдах, худалдан авах харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, итгэл төрүүлдэг, цахим хэрэгсэл ашиглаж иргэдийг урьдчилгаа төлбөргүйгээр шинэ байранд оруулж өгнө гэж худал амлаж, оффис, агуулах түрээслэж, дээд зэрэглэлээр тохижуулж, өөрийгөө УИХ-ын гишүүний дүү, ахынхаа “АПУ” ХХК-иас хувь болгон авдаг бараа, бүтээгдэхүүнийг борлуулж байгаа зэрэг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч залилсан болох нь хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар тогтоогдсон ба түүний үйлдлүүд нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Тодруулбал, гэрч Г.Г.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би энэ хүнийг танихгүй бөгөөд нэрийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ хүн 2017 оны 5 дугаар сарын 20-ноос хойш манай лангуун дээр орж ирээд их хэмжээгээр “АПУ” ХХК-ийн бараа авах хүсэлт тавиад 4, 5 удаа бараа авч байсан. Тэгэхдээ тооцоогоо бэлнээр хийж байсан бөгөөд танайхаас бараа аваад байх юм бол зээлээр бараа өгөх боломж байгаа юу гэж асуухаар нь тийм боломж байхгүй гэж хэлсэн. Тэр хүн өөрийгөө арьс ширний ченж гэж танилцуулсан. Авч байгаа бараагаа хөдөө орон нутагт явуулаад тэндээ түүхий эдээр бараагаа сольдог гэж хэлж байсан. 1 сард 10.000.000-20.000.000 төгрөгийн бараа авдаг байсан. Анх бараа авахдаа надтай ирж уулзсан бөгөөд түүнээс хойш утсаар холбогдоод миний данс руу мөнгөө хийгээд би барааг нь ачуулдаг байсан. ...” /2хх-223/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Т.П нь надаас 4 удаагийн бэлэн худалдан авалт хийсэн, одоо авлага, өглөг байхгүй. Бараа авч байгаа гэж хүнд хэлж болохгүй гэж хэлж байсан. Надаас бараа зээлээр авъя гэсэн санал тавьсан боловч би зөвшөөрөөгүй. ...” /4хх-110/ гэх мэдүүлгүүдээр болон хэргийн нөхцөл байдлаас Г.Г.Г нь энэ хэрэгт хамааралгүй болох нь тогтоогдож байх ба Т.П нь Г.Г.Ггийн барааг авч, зарж өгдөг ажилтан нь биш, харин “АПУ” ХХК-ийн барааг Г.Г.Ггаас авч хохирогч нарт өгдөг байсан нь тогтоогдож байна.

Харин үнэт цаас, онцгой албан татварын шошго акцыг хуурамчаар үйлдсэн тухай асуудал хэрэгт авагдаагүй тул энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Т.П нь А.Г, Н.Э нараас авсан барааны үнэ бүрэн төлөгдсөн, 60.000.000 төгрөгийн өглөг байхгүй гэж гомдол гаргасан боловч энэ нь:

хохирогч А.Г-ын “... Т.П нь 123.000.000 төгрөг эхнэрээс шилжүүлүүлж аваад түүнээс 50.000.000 гаран төгрөгийн бараа бууж, үлдсэн 73.000.000 төгрөгийг бараа буугаагүй байтал дахин 150.000.000 төгрөг өгчих гэхээр нь би дансандаа байсан 60.000.000 төгрөгийг Т.Пийн данс руу шилжүүлсэн. Ингээд Т.П алга болсон. Т.Пийн найз бүсгүй Эрдэнэцэцэгээс 73.000.000 төгрөгийн барааны тооцоонд байр шилжүүлж авсан, 60.000.000 төгрөгийг үлдэгдэлтэй байгаа. ...” гэх /1хх-11-12, 3хх-169/,

Гэрч Н.Эгийн “... 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Т.Пид 88.000.000 төгрөг урьдчилж хийгээд, үүнээс бараа нь цуварч ирээд 5.333710 төгрөгийн барааг би авах ёстой байсан. Тэгтэл Т.П нь 150.000.000 төгрөг хэрэгтэй байна гээд байхаар нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 19.000.000 төгрөг бэлнээр өгөөд, нөхөр бид хоёрын хамтран эзэмшдэг 5013075578 тоот данснаас 19.000.000 төгрөгөөр 4 удаа, 10.000.000 төгрөгөөр 1 удаа, 9.000.000 төгрөгөөр 1 удаа нийт 95.000.000 төгрөг шилжүүлсэн. Дээрх мөнгөн дүнг нэмэхээр 114.000.000 төгрөг болж байгаа. Ингээд би авах ёстой байсан 5.333.710 төгрөгий барааны мөнгөн дээр 114.000.000 төгрөгийг нэмэхээр 119.333.710 төгрөг болж байна. Үүн дээр 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөгийн бараа авна гэж шилжүүлсэн. Мөн Т.П 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 60.000.000 төгрөг зээлчих, маргааш өгье гээд байхаар нь тус тус шилжүүлсэн бөгөөд нийт 80.000.000 төгрөгийг Т.Поос авах ёстой барааны мөнгө болох 119.333.710 төгрөг дээр нэмэхээр 199.333.710 төгрөг авах ёстой гэсэн тооцоо гарсан. Үүнээс Т.П нь 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 40.245.120 төгрөгийн бараа, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 10.319.940 төгрөгийн бараа, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 11.448.000 төгрөгийн бараа тус тус ирсэн. Дээрх бараануудын үнийн дүнг нэмэхэд 62.013.060 төгрөг болж байгаа. Тэгээд Т.Поос авах 199.333.710 төгрөгийн барааны мөнгөнөөс авсан бараа болох 62.013.060 төгрөгийг хасахад 137.320.650 төгрөгийн авлага үлдсэн. Үүнээс Т.Пийн байрыг 77.400.000 төгрөгөнд тооцож авлагаасаа хасахад 60.000.000 төгрөг үлдсэн ...” гэх /3хх-131/,

гэрч Ш.Э-ийн “... Т.Пийн над руу явуулсан байрыг Гантулгын нэр дээр 77.400.000 төгрөгөнд бодож өгсөн. ...” /1хх-16-17/ гэх мэдүүлгүүд болон А.Г, Н.Э нарын хамтран эзэмшдэг ХААН банкны 5013075578 тоот данснаас Т.Пийн 5720517081 тоот данс руу 4 удаагийн гүйлгээгээр 60.000.000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулга /1хх-5/ зэрэг нотлох баримтуудаар Т.П нь А.Г-ын урьдын бараа авч, өгөх харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан залилсан болох нь нотлогджээ.

Мөн Т.Пийн хувийн байдалтай холбоотой баримтууд хэрэгт авагдсан байх ба шүүх уг баримтуудад дүгнэлт хийж түүнийг олон хүнийг, олон удаагийн үйлдлээр залилан мэхэлсэн, бусдад учруулсан хохирлын хэмжээ их, хохирол нөхөн төлөгдөөгүй, урьд залилангийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан боловч засрал хүмүүжил олоогүй, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг нь харгалзан ял шийтгэл оногдуулсан үндэслэлтэй байна.

Харин түүний урьд ял шийтгэгдэж байсныг нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулахдаа харгалзан үзээгүй болно.

Шүүгдэгч Т.Пийн үйлдсэн гэмт хэргийн арга, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, гэмт хэргийн улмаас олсон орлогыг зарцуулсан байдал зэргийг үндэслэн шүүгдэгчийн үйлдлийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжид хамруулж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх шинж нь тухайн гэмт хэргийг байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгож, гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажил болгосон шинжтэй, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаагийн үйлдэл хийсэн байдгаараа онцлогтой бөгөөд шүүгдэгч Т.Пийн үйлдэл нь энэ шинжийг бүрэн хангажээ.

Тэрээр 12 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн, урьд 2 удаа энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаг хугацаа зэргээс үзэхэд эхлээд бусдад итгэл төрүүлэн бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаад дараа нь их хэмжээний мөнгө авч залилдаг, залилсан мөнгөө өөрийн амьдралын хэрэгцээ шаардлагаа хангах эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Т.Пийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/625 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/625 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Пийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН   

ШҮҮГЧ                                                             Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                             Д.ОЮУНЧУЛУУН