Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00372

 

Ц.М нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 898 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 96 дугаар магадлалтай,

Ц.М нэхэмжлэлтэй,

Ч.О холбогдох,

Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн төлөөлөгч Н.Цэдэнбал, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Мөнхжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаартай захирамжаар манай талийгаач нөхөр Ө.Ганхуягийн нэр дээр Дархан-Уул аймаг, Дархан сум 8-р баг, Манхантолгой 2 гудамж, 3 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлүүлсэн. Ч.Отгонбат нь Дарханд шилжиж ирээд буух хашаагүй байна, танай хашаанд түр амьдаръя гэж манай талийгаач нөхрөөс гуйж манай хашаанд 2008 оны үед гэр барьж амьдарч эхэлсэн. Манай нөхөр Ө.Ганхуяг өвчний улмаас 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нас барж, эхнэр Ц.Мөнхжаргал миний бие тус газрын өв залгамжлагчаар тогтоогдож, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дээрх газрыг өвлөх эрхийн гэрчилгээг авсан. Ч.Отгонбатыг манай газрыг чөлөөлж өг, хүүхдүүд маань том болчихсон тусдаа гарах болчихлоо гэж удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг, зовлон тоочиж сүүлдээ бүр газрын гэрчилгээгээ миний нэр дээр шилжүүлээд өгчих, би банкинд барьцаанд тавиад мөнгө гаргаж аваад худалдаж авъя гэж гуйхаар нь зөвшөөрөөгүй. 2008 оноос Ч.Отгонбат нь манай хашаанд гэр бүлийнхээ хамт одоог хүртэл үнэ төлбөргүй амьдарч байна. Иймд Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, Манхантолгой 2 гудамж, 3 тоотод байрлах миний өмчлөлийн газарт хууль бусаар байгаа Ч.Отгонбатаас газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Ч.Отгонбатын шүүхэд ирүүлсэн тайлбарт: ...Миний бие иргэн О.Цэцэгмаатай анх Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах хуучнаар Манхантолгойн 2 гудамжны 13 тоот буюу одоогийнхоор 2-р гудамж, 3 тоот хоосон 2 тал хашаатай газрыг 2008 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 2.100.000 төгрөгөөр худалдан авахдаа Дархан сумын 8-р багийн засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 999 тоот албан бичиг, мөн Дархан сумын 8-р багийн засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 429 тоот албан бичгүүдийг үндэслэн худалдан авч өнөөг хүртэл хуулийн дагуу амьдарч байна. Ц.Мөнхжаргал нь 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөг хүртэл энэ газарт амьдарч байгаагүй. Мөн иргэн Ц.Мөнхжаргал нь 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1241 тоот хуулийн хүчин төгөлдөр шүүхийн захирамж гарсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх заалтын дагуу тухайн хэрэг бүхэлдээ хэрэгсэхгүй болох учиртай. Ийм учраас энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 898 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Мөнхжаргалын Дархан-Уул аймаг Дархан сум 8 дугаар баг Манхантолгойн 2 дугаар гудамж 3 тоот 1695 м.кв гэр бүлийн хэрэгцээний газартай давхацсан хэмжээ болох 60,84 м.кв-ийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давхацсан хэмжээгээр газрыг чөлөөлөхийг хариуцагч Ч.Отгонбатад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Отгонбатаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мөнхжаргалд олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 96 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 898 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Маргааны зүйл болох газрыг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаар захирамжаар Ө.Ганхуягт өмчлүүлэхээр шийдвэрлэн 20 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-2003008912 дугаарт бүртгэсэн. Тухайн газрын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэн баталгаажуулсан өмчлөгч Ө.Ганхуяг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нас барж, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэснээр хууль ёсны өвлөгч Ц.Мөнхжаргалд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон буюу нэхэмжлэгч Ц.Мөнхжаргал нь талийгаач Ө.Ганхуягаас өвлөх эрхийн дагуу хууль ёсоор газрыг нь авсан байдаг. Дээрх өвлөх эрхийн гэрчилгээнд үндэслэн газар өмчлөх эрхийг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Г-2003008912 дугаарын улсын бүртгэлд бүртгэн, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон. Өв залгамжлалаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй болсон Ц.Мөнхжаргал Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хөрөнгөө бусдын эзэмшлээс шаардах эрхтэй. Энэхүү маргаан гарах гол шалтгаан нь нэхэмжлэгч хариуцагч нар хөрш залгаа байдаг бөгөөд газрын заагаа гаргаагүйгээс улбаалан энэ маргаан үүссэн. Ч.Отгонбат нь өөрийн өмчлөлийн газар дээрээ хувийн байшин, автомашины гараж барьсан ба Ц.Мөнхжаргалын эзэмшлийн газар дээр 60,84 мкв талбайг давхцуулсантай холбогдуулан өмчлөх эрхээ хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү маргаан нь Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2019/0312 магадлалаар дүгнэн, эцэслэн шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу энэхүү маргааныг дахин шүүхээр шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж байна. Тус Захиргааны хэргийн давж заапдах шатны шүүхийн магадлалаар Ч.Отгонбатыг Ц.Мөнхжаргалын эзэмшлийн газраас эзэмших ёсгүй гэж шийдсэн. Өнөөдөр Ц.Мөнхжаргал нь 60.84 м.кв талбай дээр хууль бусаар барилга барьсан учраас чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь хуулийг буруу хэрэглэлээ гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Мөнхжаргал нь хариуцагч Ч.Отгонбатад холбогдуулан анх Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, Манхантолгой 2 гудамж, 3 тоот хаягт байрлах 1695,0 м.кв талбай бүхий газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад чөлөөлүүлэх газрын хэмжээг 60.84 м.кв гэж өөрчилжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна.

Хэргийн баримтаас үзвэл, зохигч хөрш зэргэлдээ газрын өмчлөгч бөгөөд тэд газрын заагаа гаргаагүй байснаас хариуцагч байшин, гараж барихдаа нэхэмжлэгчийн газар руу 60.84 м.кв талбай бүхий хэмжээгээр орсон нь тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч уг шийдвэрийг хэрхэн гүйцэтгэх арга, журмыг заагаагүй, энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүйтэй холбоотой гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.5-д заасантай нийцжээ.

Газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч ямар үр дагаврыг нэхэмжлэгч хүссэн нь тодорхой бус, үүнийг шүүх тодруулаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч хариуцагчийн газраас өөрийн газартай үргэлжилсэн байршилаар 60.84 м.кв талбай бүхий газрыг авч харилцан тохиролцож болох агуулгатай тайлбар гаргасныг шүүх анхаарч талууд тохиролцож маргаанаа шийдвэрлэх боломжтой эсэхийг тодруулах байжээ.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус учир хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 96 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Ц.Мөнхжаргал нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.УНДРАХ

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                              Х.СОНИНБАЯР

                                                                                                                 Д.ЦОЛМОН

                                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД