| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 138/2018/03229/И |
| Дугаар | 183/ШШ2018/02713 |
| Огноо | 2018-12-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2018/02713
| 2018 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 183/ШШ2018/02713 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч, Ч.Б,
Хариуцагч: ЭБС нарт холбогдох
18 000 000 төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.Б, Д.Ннар нь 2015 онд ЭБС- байгуулж, Багануур дүүргийн ард иргэдэд хямд үнээр амины орон сууц барьж өгөх гэж байгаа тул захиалгаа өгнө үү, гэх утга бүхий мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад шугамаар тарааж байсан. Үүний дагуу Багануур дүүргийн нэр бүхий 7 иргэн амины орон сууц бариулах зорилгоор гэрээ байгуулж, урьдчилгаанд 62 000 000 төгрөгийг тус сангийн 5750652728 тоот дансанд болон Ч.Б д бэлнээр өгсөн. Нэхэмжлэгч нь орон сууц захиалах эсэхээ шийдвэрлэх зорилгоор сангийн оффист очиж уулзахад барих гэж байгаа хотхоны план зургаа томоор гаргаад ханан дээрээ байрлуулчихсан, дээр нь шар өнгийн наадаг цаасан дээр хүний нэр бичээд дүүрэн наачихсан, Ч.Б түүнийгээ захиалсан айлуудын нэрс хэмээн танилцуулж, “манайх эхний барилгаа барьж байгаа, ерөнхийдөө айлын захиалга аваад дуусч байгаа, одоо л захиалгаа өгөхгүй бол 9 сар гэхэд манай барилгын метр квадратын үнэ 700 000 биш, 900 000 болж магадгүй шүү” гэх зэргээр төөрөгдүүлж, янз бүрээр худал мэдээлэл өгч байсан. Үүнд нь итгэж нэхэмжлэгч Б.Б-, Эвтард Багануур санд амины орон сууц захиалах мөнгөн төлбөр шилжүүлэх гэрээ-г Ч.Бтэй 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулж, 150 м.кв талбай бүхий амины орон сууцыг 105 000 000 төгрөгөөр бариулахаар тохиролцож, урьдчилгаа 18 000 000 төгрөгийг гэрээний дагуу 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ЭБС-ийн 5750652728 тоот дансанд төлсөн. Гэрээ байгуулах үед ЭБС-ийн тэргүүн болох Ч.Б 2015 оны 12 дугаар сарын сүүлээр орон сууцыг ашиглалтад оруулж, түлхүүр гардуулж өгнө гэсэн. Гэрээний дагуу мөнгөө шилжүүлсэн боловч үр дүн гараагүй. Захиалагч нарын мөнгийг аваад хэлсэндээ хүрээгүй, завшсан учир асуудлыг Цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Ч.Б, Д.Н нарын гэм бурууг тогтоож, зарим үйлдэлд онь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, зарим үйлдэлд нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэргийг прокурорын газраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь Ч.Бд итгэж, зээл авч орох оронтой болох итгэл өвөрлөн хамаг мөнгөө өгсөн. Гэтэл одоог хүртэл орон сууцтай болох байтугай өгсөн мөнгөө олж авч чадахгүй, зээлийн хүү төлөх зэргээр хохиролын хэмжээ нэмэгдэж байгаа нь хүнд хэцүү, бэрхшээлтэй нөхцөл байдал үүсч байна. Иймд хариуцагч Ч.Б, ЭБСнараас 18 000 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Ч.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ЭБСсонгуульт үүрэг хүлээж байсны хувьд гэрээ байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан нь үнэн. Тус мөнгийг нэхэмжлэгч нь ЭБС-ийн дансанд оруулсан бөгөөд сангийн үйл ажиллагаанд мөнгийг зарцуулсан. Ч.Б миний бие уг мөнгийг өөрийн дансаар авч, хувьдаа ашиглаагүй. Одоогоор ЭБС-ийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байна. Иймд Ч.Б гэдэг хувь хүн уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин ЭБС-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжтой, төлбөрийн чадваргүй байна. Шүүх хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б ЭБС болон сангийн тэргүүн Ч.Б нараас амины орон сууц захиалах мөнгөн төлбөр шилжүүлэх тухай гэрээний үүрэгт төлсөн 18 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тухай тогтоолд Ч.Б буруутай болох нь тогтоогдсон тул сан, сангийн тэргүүн хэн аль нь тухайн төлбөрийг хариуцах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Ч.Б иргэнийхээ хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, харин ЭБС-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж маргаж, ЭБС нэхэмжлэгч Б.Б-той гэрээ байгуулсан тул иргэний хувьд гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигч, Б.Б-, ЭБС нарын хооронд гэрээ байгуулагдсан, сангийн данс руу нэхэмжлэгч 18 000 000 төгрөг шилжүүлсэн, гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагч гэрээний үүрэг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан зэрэг үйл баримтын тухайд маргаангүй бол гэрээ цуцалсан үр дагаварыг сан, сангийн тэргүүн хэн нь хариуцах талаар маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Багануур дүүрэгт баригдах 105 айлын орон сууцнаас 150 м.кв талбай бүхий 2 давхар амины орон сууцыг захиалан бариулахаар Б.Б-, ЭБСнар харилцан тохиролцож талууд хүсэл зоригоо бичгээр илэрхийлж, гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан байна.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо бичгийн хэлбэрээр илэрхийлж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба зохигч гэрээ байгуулах үед байшин огт баригдаж эхлээгүй байсан гэж тайлбарлаж байгааг харгалзан үзвэл, эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Гүйцэтгэгч гэрээний урьдчилгаа төлбөрийг хүлээн авсан боловч санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас гэрээгээр тохиролцсон үр дүнг хүлээлгэн өгөөгүй талаар маргаангүй тохиолдолд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй гэж үзэх тул захиалагч гэрээнээс татгалзах эрхтэй.
Улмаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж дүгнээд хариуцагч ЭБС-аас 18 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-т олгохоор шийдвэрлэв.
Харин хариуцагч Ч.Бд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч хэдийгээр Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д зааснаар ажилтны буруутай үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлыг төрийн бус байгууллага хариуцахгүй ажилтан өөрөө хариуцана гээд Ч.Б зарим захиалагчийн мөнгөн хөрөнгийг хувьдаа захиран зарцуулсан нь эрүүгийн хэрэгт тогтоогдсон боловч тухайн үйлдэл нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэж тайлбарласан.
Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт “Төрийн бус байгууллагын гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн, ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирол, түүнээс үүсэх хариуцлагыг төрийн бус байгууллага хүлээхгүй” гэж зааснаас үзэхэд ажилтны хууль бус үйлдлийг эрх бүхий байгууллага тогтоосон байхыг ойлгохоор байна.
Гэтэл Багануур дүүргийн Прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар тогтоолоор “Ч.Б нь сангийн мөнгөнөөс 2 100 380 төгрөгийг ... үрэгдүүлсэн боловч эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн” гэж дүгнэснээр хариуцагч Ч.Бийн хууль бус үйлдлийг тогтоосон гэж үзэх нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай ньтогтоогдоогүй хэнийг ч хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэх үндсэн хуульд заасан зарчимд нийцэхгүй юм.
Иймд талуудын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний оролцогч биш гэх үндэслэлээр хариуцагч Ч.Бд хобогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭБС-аас улсын тэмдэгтийн хураамжид 247 950 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЭБС-гаас 18 000 000 /арван найман сая төгрөг/ гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-т олгож, хариуцагч Ч.Б-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭБС-аас 247 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ