Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2018/03826

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 3-р хороо, 42-р байрны 127 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ХД83071434, Гучир овогт Нэргүйн Наранхишигийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, Болор хотхон, 7/3 байрны 71 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЖМ86040667, Бодь овогт Ганхуягийн Сэлэнгэд холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Наранхишиг, хариуцагч Г.Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Г.Сэлэнгэтэй 2005 онд танилцаж, 4 жил үерхэж, Г.Сэлэнгийг сургуулиа төгсөхөөр хуримаа хийж, 2009-03-09 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009-05-08 өдөр охин Н.Эгшиглэн төрсөн. 2013 онд Г.Сэлэнгэ нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээс болж, хайр халамжаар дутаасан байхыг үгүйсгэхгүй. Би архи уусан, гутарсан. Гадагш явж 2 жил амьдарсан. 2013 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Би учраа олохыг хүлээсэн. Гэтэл эхнэр маань хүүхэдтэй болсон тул боломжгүй болсон гэж ойлгосон. Иймээс би өөр хүнтэй хамтран амьдраад жил гаруй болж байна.

Биднийг тусдаа амьдарсан цагаас хойш охин маань голдуу ээжтэйгээ байгаа бөгөөд намайг амрах 7 хоногт надтай байгаа.

Нэгэнт сэтгэлгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна. Охиныг ээжийнх нь асрамжинд байлгая. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Миний бие гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Би багадаа авсан гэмтлээс миний хөл асуудалтай болсон бөгөөд жилд 1-2 удаа хагалгаанд ордог. Үүнээс шалтгаалж, намайг 30 наснаас цааш төрөх боломжгүй гэсэн тул би охиндоо хань болгох гэж дахин нэг хүүхэд төрүүлсэн. Одоо 2 настай. Түүнээс биш ямар нэг алдаанаас болж хүүхэд гаргаагүй. Охин Н.Эгшиглэнг өөрийн асрамжинд авах хүсэлттэй бөгөөд эцгээс нь хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү?

Гэр бүлээр хамт амьдарч байх хугацаанд нөхөр их хардддаг тул би 2 удаа ажлаасаа гарч байсан. 2011 оны 09 сард орон сууц авсан. Орон сууц авлаа гээд хагас жил архи уусан. Охиныг 2,5 настай үеэс бид гэр бүл гэхэд хэцүү болсон гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч хариуцагч нар Чингэлтэй дүүрэгт 2009-03-09 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд зохигчийн дундаас 2009-05-08 өдөр охин Наранхишигийн Эгшиглэн төрсөн талаар зохигч маргаангүй, энэ үйл явдал бичмэл баримтаар тогтоогдож байна.

Гэрлэгчид хоорондын харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2013 оноос тусдаа амьдарсан хугацаанаас хойш охин Н.Эгшиглэн эхийнхээ асрамжинд голчлон амьдарч иржээ.

Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч хэн аль нь гэр бүлээр амьдрах хүсэлгүй байснаас зохигч эвлэрэх боломжгүй болж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Нэхэмжлэгч өөр бусадтай хамтран амьдарч байгаа, зохигч цаашид гэр бүлээр амьдрах, эвлэрэх боломжгүй болсон гэж үзэж байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Н.Эгшиглэнг 18 насанд хүртэл эхийнх нь асрамжинд байлгахаар зохигч санал нэгтэй байгаа байх тул гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл нэхэмжлэгчийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхдээ эцэг эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдээ асрамжлаагүй байгаа эцгээс хүүхдээ асарч байгаа хариуцагч уг үүргийг шаардах эрхтэй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр нэхэмжлэгчээс хүүхдэд тэтгэлэг гаргуулахаар тогтоов.

Зохигч гэр бүлээр амьдрах хугацаанд бий болсон дундаа хамтран өмчлөх хөрөнгийн талаар маргаангүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 31223 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус олгох нь хуульд нийцнэ.