| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2022/0299/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/337 |
| Огноо | 2022-10-12 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/337
2022 10 12 2022/ШЦТ/337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл,
улсын яллагч Г.Э,
шүүгдэгч С.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, С.Б-т холбогдох эрүүгийн 2225000000467 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Б.Б
Шүүгдэгч С.Б нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Даниста” худалдааны төвийн 2 дугаартай лангууны худалдагчаар ажиллахдаа Г.Болормаагийн итгэмжлэн хариуцуулсан барааг худалдсан орлогоос 1.628.900 төгрөг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч С.Б “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Г.Б-н “...Болорцэцэг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн миний түрээсэлдэг лангууны худалдагчаар ажиллаж эхэлсэн, орой ажлаасаа буухдаа өдрийн орлого, зарсан бараагаа дэвтэрт бичиж тэмдэглээд надад өгдөг байсан. Бараа зарж данс руу мөнгө шилжүүлсэн тохиолдолд миний данс руу ордог, харин бэлэн мөнгө байвал тэрийгээ орой авч ирж өгдөг байсан. Болорцэцэгийг нэг сарын хугацаанд 600.000 төгрөгийн цалинтай ажиллуулсан, ажиллаж байх үедээ 400.000 төгрөг авсан, 8 дугаар сарын 01-ний өдөр Болорцэцэг над руу залгаад “...нэг сар болчихсон байна, тооллого хийх болж байна уу” гэж асуухаар нь “...маргааш тооллого хийнэ” гээд 8 дугаар сарын 02-ны өдөр дүү Норжмааг “...бараа тоолоод ир” гэж явуулсан, дүү Норжмаа “...таны барааг тоолоод ирлээ” гээд дэвтэр өгөхөөр нь нийт бараагаа мөнгөн дүнтэй нь тулгаж үзтэл 1.401.900 төгрөг дутахаар нь 8 дугаар сарын 03-ны өдөр өөрөө очиж Болорцэцэгийн хамт бараагаа нэг бүрчлэн тоолж үзтэл 1.496.900 төгрөгийн зөрүү гарсан. Энэ тухай Болорцэцэгт “...орлогын мөнгөний зөрүү гараад байна, чи надад хэлэхгүй мөнгө авсан зүйл байгаа юу, надад мэдэгдэхгүй хүнд мөнгө зээлсэн юм уу” гэж асуутал “...би танд хэлэхгүй орлогын 100.000 төгрөг авсан, өөр мөнгө аваагүй” гэж хэлсэн учраас би цагдаагийн байгууллагад хандсан, 8 дугаар сарын 02-ны өдөр дүү Норжмааг бараа тоолох үед нь Болорцэцэг “...гурван ширхэг халуун тогоо зарагдаагүй.” гэж хэлээд хайрцгийг нь тоолуулчихаад хоёр ширхэг халуун тогоо зарсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 13 дахь тал/,
С.Б-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...бараа болон орлого, зарлагаа тулгаж үзтэл Болормаа эгчид орлогын мөнгө гэж өгсөн мөнгө дээр нэмж 1.600.000 орчим төгрөг дутаж байсан, би нэг сарын хугацаанд худалдагчаар ажиллахдаа 600.000 төгрөгийн цалинтай ажилласан, цалингаасаа урьдчилж 400.000 төгрөг авсан, 200.000 төгрөг аваагүй үлдсэн байсан учраас орлогоос дутсан 1.600.000 төгрөгөөс цалингийн 200.000 төгрөгийг хасуулж бодоод 1.400.000 төгрөг үлдсэн. ...Орлогын 1.600.000 орчим төгрөгийг хувьдаа авсан, би Болормаа эгчид хэлэхгүй авсан орлогын мөнгийг ахуйн хэрэгцээндээ зарцуулчихсан юм. Нэг сарын хугацаанд худалдагчаар ажиллахдаа Болормаа эгчид хэлэхгүй орлогынх 1.600.000 төгрөгийг хувьдаа завшсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,
“...Болормаа эгчийн хохирлыг бүрэн барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41, 43 дахь тал/,
хохирогч Г.Б-н “...Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Даниста” худалдааны төвийн гэр ахуйн лангуун дээр С.Б гэх эмэгтэйг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд худалдагчаар ажиллуулсан, уг эмэгтэй орлогын 1.041.900 төгрөгийг дутааж завшсан.” гэсэн гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл /хавтаст хэргийн 5, 6-7 дахь тал/,
“Бэйкер тилли Далайван аудит” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 02/04-01 дугаартай; “...нийт борлуулсан барааны мөнгө 7.757.500 төгрөг дэлгүүрийн эзэнд хүлээлгэн өгөх ёстойгоос 6.128.600 төгрөг хүлээлгэн өгч 1.628.900 төгрөг дутуу өгч, дутагдал үүсгэсэн.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 22-34 дэх тал/,
С.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48, 54 дэх тал/,
хохирогч Г.Б-ас ирүүлсэн баримтуудад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 63-65, 66-94 дэх тал/,
хохирогч Г.Б-н “...1.400.000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр, үлдэгдэл мөнгө 28.900 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлсэн, тооцоо дууссан болно.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 104 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос болон С.Бээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч С.Б-ийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч С.Б нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Даниста” худалдааны төвийн 2 дугаартай лангууны худалдагчаар ажиллахдаа Г.Болормаагийн итгэмжлэн хариуцуулсан барааг худалдсан орлогоос 1.628.900 төгрөг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Г.Б “...2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өөрөө очиж Болорцэцэгийн хамт бараагаа нэг бүрчлэн тоолж үзтэл 1.496.900 төгрөгийн зөрүү гарсан.” гэх,
С.Б-ийн “...орлогын 1.600.000 орчим төгрөгийг хувьдаа авсан, би Болормаа эгчид хэлэхгүй авсан орлогын мөнгийг ахуйн хэрэгцээндээ зарцуулчихсан юм. Нэг сарын хугацаанд худалдагчаар ажиллахдаа Болормаа эгчид хэлэхгүй орлогынх 1.600.000 төгрөгийг хувьдаа завшсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүд,
“Бэйкер тилли Далайван аудит” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 02/04-01 дугаартай дүгнэлт,
хохирогч Г.Б-с ирүүлсэн баримтуудад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл,
хохирогч Г.Б-н хохирол барагдсан тухай хүсэлт, дансны хуулга зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч С.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйд заасан “завших” гэмт хэргийг хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж, ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгоно.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд,
шүүгдэгч С.Б-ийн үйлдэл энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд хэргийн үйл баримт болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар,
шүүгдэгч С.Б нь “Даниста” худалдааны төвд 2 дугаартай лангууны худалдагчаар ажиллаж байхдаа Г.Болормаагийн итгэмжлэн хариуцуулсан барааг худалдсан орлогоос 1.628.900 төгрөг завшиж байгаа үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй байгаагаас гадна гэмт хэргийн улмаас хохирогч Г.Болормаад учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2225000000467 дугаартай хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.
Иймд шүүх шүүгдэгч С.Б-ийг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч С.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч С.Бийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг 1 жилийн хугацаагаар хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн дүгнэлтийг гаргаж,
шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...би хүүхдүүдээ аваад Улаанбаатар хотод ажиллаж, амьдрахаар явах гэж байгаа.” гэсэн болно.
Шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, ар гэрийн ахуй амьдрал зэргийг харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,
шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”,
1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.
Хавтаст хэргийн 104 дэх талд авагдсан хохирогч Г.Болормаагийн “...хохирол 1.400.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хүсэлт, банкны дансны хуулгыг нь үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч С.Б-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ