| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/04332/И |
| Дугаар | 102/ШШ2019/00013 |
| Огноо | 2018-12-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2019/00013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 4-р хороо, 4-р байрны 144 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧИ67051213, Маньдгай овогт Цэвээндэндэвийн Цэрэнжавын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 3-р хороо, Сөүлийн гудамж-42 тоотод байрлах, РД-2076675, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох,
олговорт 2 630 082 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Цэрэнжав, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас 2018 оны 06 сарын 29 өдрөөс 09 сарын 05 өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 2 630 082 төгрөгийг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт холбогдох бичилтийг хийлгүүлэхээр шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2018/02132 шийдвэрээр намайг механикчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 58 хоногийн цалин олговорт 3 632 018 төгрөгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргуулан шийдвэрлэсэн.Шүүхийн шийдвэр гарснаас хойш 2018-09-05 өдөр ажилд авсан учир 2018-06-28 өдрөөс 2018-09-05 өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны олговорт 2 630 082 төгрөгийг аваагүй.
Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас олговорт 2 630 082 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг энэ хугацаанд нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү? гэв.
Хариуцагч тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Ц.Цэрэнжавыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилтийг хийсэн. Дохиолол холбооны 1-р ангийн даргын өрөөнд 2018-09-05 өдөр хийсэн хуралдаанаар Ц.Цэрэнжав нь ангийн удирдлагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр АТС-ын механикчийн ажлын байранд ажиллахаар өөрөө зөвшөөрч, шүүхийн шийдвэрт зааснаас өөр цалин хөлс нэхэмжлэхгүйгээр ажил олгогчтой тохирсон. Гэтэл энэ тохиролцоогоо зөрчиж, дахин цалин хөлс гаргуулах нэхэмжлэл гаргаж байгаа нь ёс зүйгүй, ажил олгогчийн итгэлийг эвдсэн, тохиролцоогоо зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажил олгогч тал нөхөн төлөх зохицуулалттай ч нэхэмжлэгч Ц.Цэрэнжав өөрөө ямар нэгэн цалин хөлс дахин нэхэмжлэхгүй гэж хэлсэн үйл баримтыг ажил олгогч тал хүлээн зөвшөөрснөөр харилцан тохирсон тул Ц.Цэрэнжавын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан ажил олгогчийн тушаал, шүүхийн шийдвэр, магадлал, гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн тухай албан бичиг, баримтууд, хуралдааны тэмдэглэл, нийгмийн даатгалын дэвтэр, тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Цэрэнжав нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-06-28 өдрийн 102/ШШ2018/02132 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018-08-22 өдрийн 1881 магадлалаар хариуцагч байгууллагын Дархан-2 дахь шугамын 3 дугаар хэсгийн механикчийн ажилд эгүүлэн тогтоогдож, ажилгүй байсан 2018-06-28 өдрийг хүртэл хугацааны олговорт 3 632 013 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлэх, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.
Шүүхийн дээрх шийдвэрийг хариуцагч биелүүлсэн, нэхэмжлэгчийг 2018-09-05 өдөр ажилд эгүүлэн авсан нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлэх хүртэл хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилтийг хийлгүүлэхээр шаардаж байгааг хариуцагч татгалзсан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд аваагүй байсан 2018-06-28 өдрөөс 2018-09-05 өдрийг хүртэл хугацааны олговрыг нэхэмжлэгч нэхэмжлэхгүйгээр түүнтэй тохирсон шалтгаанаар нэхэмжлэлээс татгалзаж, татгалзлаа нотлохоор УБТЗ-ын Дохиолол холбооны 1-р ангийн хариуцлагатны 2018-09-05 өдрийн зөвлөгөөний тэмдэглэлийг ирүүлжээ.
Дээрх зөвлөгөөний тэмдэглэлд нэхэмжлэгч Ц.Цэрэнжав АТС-ийн механикчаар ажиллая. Шүүхийн шийдвэрт тусгаснаас өөр цалин дахин нэхэмжлэхгүй гэж хэлсэн ньтэмдэглэгдсэн байх ба нэхэмжлэгч нь уг зөвлөгөөнд өөрийн хэлсэн үгээ үгүйсгээгүй боловч байгууллагын удирдлага болох Жигжид нь ...7, 8 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллага, хувь хүнээр тооцож төлөх-өөр үүрэг хүлээсэн нь мөн тэмдэглэлд тусгагдсан байна.
Нэхэмжлэгчээс ирүүлсэн түүний нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн бичилтээр 2018 оны 06, 07, 08 сард нийгмийн даатгалын шимтгэл төлөлт бичигдээгүй, хариуцагч нь дээрх зөвлөгөөнд тохирсны дагуу нэхэмжлэгчийн 2018 оны 07, 08 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн нь нотлогдоогүй, 2018 оны 06 сарын шимтгэлийг хариуцагч төлсөн байх боловч энэ хугацааны төлөлтийг хийсэн бичилтийг хийгээгүй байгаагаас нэхэмжлэгчийн ажилласан хугацаа тасрахад хүрч , эрх ашиг нь зөрчигдөж байгаа нь тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч 2018-06-29 өдрөөс 2018-09-04 өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан 42 хоногийн олговрыг урьд авч байсан дундаж цалин хөлсний нэг өдөрт ногдох хөлс болох 62 672,7 төгрөгөөр тооцож, нэхэмжилсэн 2 630 682 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас гаргуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх, 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн дэвтрүүдэд нөхөн бичилтийг хариуцагчаар хийлгүүлэхээр нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 57 031 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 57 031 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.