Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/339

 

2022         10          13                                 2022/ШЦТ/339

         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг,

улсын яллагч Г.А,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Б.Г-д холбогдох эрүүгийн 2225000000445 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Б.Г

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн “Hyundai Porter” загварын 16-98ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно;

а/.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

13.1.Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.

13.2.Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно;

а/.өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Ц.Алтанцоожийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд;

шүүгдэгч Б.Г“...тухайн өдөр Отгоод 16.000 төгрөг өгөх гээд очтол тэд нар архи ууж байсан юм, би архинаас хоёр амссан.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Ц.А-н “...2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр...Гандорж нь Батнаагийн гэрт ирсэн...0.75л “Хараа” архийг Отгонжаргал, Гандорж, Чинсанаа бид дөрөв хувааж уусан, архи дууссаны дараа...Гандорж “гэртээ харьж тугалаа тавьж хөхүүлээд сүү аваад буцаад ирнэ” гэхээр нь би “хамт явъя” гэж хэлээд дагаад явсан. Бид хоёр Гандоржийн машинтай явсаар Говилын төмөр замын гарам гараад явж байсан, миний санаж байгаагаар урдаас цагаан өнгийн жижиг машин ирж байгаа харагдсан, энэ үед...Гандорж машиныхаа хүрдийг баруун тал руу дарах шиг болсон, машин хажуу талаараа унаад өнхөрсөн, хэд өнхөрснийг санахгүй байна, ухаан ороод харахад эмнэлэгт байсан. ...ослын улмаас миний эрүү хугарч, зүүн талын хацар, нүдний ухархайн яс цөмөрсөн, зүүн талын гараа өргөж чадахгүй, зүүн талын хавирга хэсгээр өвдөнө, зүүн хөлийн өвдөг хэсгээр зовуурьтай байгаа, аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт эмчлүүлсэн, мөн хагалгаанд орсон. Миний хагалгааны зардал 465.000 төгрөг болсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч Х.А-н “...Говил багийн самбараас зүүн зүгт байрлах асфальтан зам болон замын тэмдэг, тэмдэглэгээг манай байгууллага хариуцна.

Учир нь; Орхон аймгийн нийтийн эзэмшлийн эд хөрөнгө байгаа юм. ...засмал зам дагуух тэмдэг, тэмдэглэгээний зориулалттай бетонон шон суурилуулсан газраасаа сугарсан, эвдрэл үүсээгүй тул эргүүлээд суурилуулчих юм бол манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

          иргэний нэхэмжлэгч Ц.Л-н “...Б.Г2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэрт “Hyundai Porter” загварын 16-98ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж, Ц.Алтанцоожийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогч нь 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 642.600 төгрөгийн зардал гарсан тул тусламж үйлчилгээний зардлыг Б.Гандоржоос гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Б.Г-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэрт Батнаа гэдэг айлынд очиход Ц.Абайсан бөгөөд “үхэр, мал сааж өгнө” гээд бид хоёр явахаар болж би өөрийн эзэмшлийн “Hyundai Porter” загварын 16-98ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон манай гэр болох Говил баг Булагтын А1-13 тоот руу явсан. Тэгээд “Говил баг” гэсэн самбар өнгөрөөд төмөр замын гарам гараад баруунаас зүүн чиглэлд асфальтан зам дээр явж байхад миний урд талд тээврийн хэрэгсэл явж байхаар нь зөв талаар нь гүйцэж түрүүлэхэд урдаас нэг тээврийн хэрэгсэл гараад ирэхээр нь өөрийн урсгал руу орох гээд баруун дарахад машин жолоодлогогүй болж тоормоз гишгэхэд замын хажуу руу хоёр бүтэн эргэлдэж осол гаргасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80, 88 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн  2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 577 дугаартай; “...1.2.Ц.Алтанцоожийн биед гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, дээд, доод эрүүний ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, урууланд шарх, нүүр, цээжинд зулгаралт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгджээ. 5.Гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал, тархины эдийн няцрал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Дээд, доод эрүүний ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, урууланд шарх, нүүр, цээжинд зулгаралт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 6.Хүнд зэргийн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 25-27 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн  2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 248 дугаартай;

“...Б.Г-н биеэс авсан гэх цусанд 1.35 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

          Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч а/х Э.Өлзийсүрэнгийн “...Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн төмөр замын призер өнгөрөөд зам тээврийн осол гарсан байна.” гэсэн мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

          Б.Г 2.09% согтолттой, мэдүүлэг өгөх боломжгүй байсныг тэмдэглэсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

          Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн авто зам дээр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-8, 7-11 дэх тал/,

          “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймгийн авто тээврийн төвийн шинжээч нарын 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 51-54, 55-56 дахь тал/,

          мөрдөгч Б.Төрмандахын 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн “...Жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

          3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно;

          а/.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

          13.1.Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.

          13.2.Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно;

          а/.өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн байна.

          Зорчигч Ц.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

          6.1.Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ;

          а/.хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байна.” гэсэн магадлагаа /хавтаст хэргийн 60-62 дахь тал/,

          “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-622/4422 дугаартай; “...замын хашлага бетон шон нэг ширхэг 65.000 төгрөг, суулгах зардал нэг ширхэг 38.000 төгрөг, нийт 103.000 төгрөг.” гэсэн хохирлын үнэлгээ /хавтаст 72-74 дахь тал/,

Б.Гэрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 91, 95 дахь тал/,

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 40/05-496 дугаартай; “...Б.Г2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл эрх хасагдсан байна.” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 102 дахь тал/,

хохирогч Ц.А Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтууд /хавтаст хэргийн 118-150 дахь тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, иргэний нэхэмжлэгч нараас мөн Б.Гандоржоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Б.Г-г гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Б.Г нь 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн “Hyundai Porter” загварын 16-98ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 13.1, 13.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ц.А-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Ц.А-н “...2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр...Гандорж машиныхаа хүрдийг баруун тал руу дарах шиг болсон, машин хажуу талаараа унаад өнхөрсөн, ...ухаан ороод харахад эмнэлэгт байсан. ...ослын улмаас миний эрүү хугарч, зүүн талын хацар, нүдний ухархайн яс цөмөрсөн, ...аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн, мөн хагалгаанд орсон.” гэх,

иргэний нэхэмжлэгч Х.А-н “...зам дагуух тэмдэг, тэмдэглэгээний зориулалттай бетонон шон суурилуулсан газраасаа сугарсан.” гэх,

иргэний нэхэмжлэгч Ц.Л-н “...Б.Г2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэрт “Hyundai Porter” загварын 16-98ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж, Ц.Алтанцоожийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан...Эрүүл мэндийн даатгалын сангаас 642.600 төгрөгийн зардал гарсан.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн  2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 577 дугаартай; “...Ц.Алтанцоожийн биед гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, дээд, доод эрүүний ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, урууланд шарх, нүүр, цээжинд зулгаралт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэсэн,

2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 248 дугаартай; “...Б.Гандоржийн биеэс авсан гэх цусанд 1.35 промилл процент этилийн спирт илэрсэн.” гэсэн дүгнэлтүүд,

мөрдөгч Б.Төрмандахын 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн магадлагаа,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-622/4422 дугаартай хохирлын үнэлгээ,

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч а/х Э.Өлзийсүрэнгийн “...Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн төмөр замын призер өнгөрөөд зам тээврийн осол гарсан байна.” гэсэн мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл,

Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн авто зам дээр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

хохирогч Ц.АБүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтууд зэрэг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар нотлогдсон бөгөөд дээрх баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Б.Ггэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;

шүүгдэгч Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргаж зорчигч Ц.А-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Б.Гнь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчиж, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,  хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан,  

гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэйгээс гадна гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна гэж дүгнэлээ.

          Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул,

          шүүх шүүгдэгч Б.Г-н “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Гандоржийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Г-н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн дүгнэлтийг гаргаж,   

шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн “...хэлэх зүйлгүй, зөвшөөрч байна.” гэсэн болно.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзлээ.   

Шүүх шүүгдэгч Б.Г-н гэмт хэргийг согтуурсан, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.   

Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг,

1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Алтанцоожийн эрүүл мэндэд гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, дээд, доод эрүүний ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, урууланд шарх, нүүр, цээжинд зулгаралт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол учирсан бөгөөд Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарсан талаар баримтууд хэрэгт авагдаж, шүүгдэгч Б.Гнь 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 642.600 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлж барагдуулжээ.

Иргэний нэхэмжлэгч Х.А, хохирогч Ц.А нар нь шүүгдэгчээс хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримт гаргаагүй, энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй тул шүүгдэгчийг өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин иргэний нэхэмжлэгч Х.А-н “...бетонон шон суурилуулсан газраасаа сугарсан, эвдрэл үүсээгүй тул эргүүлээд суурилуулчих юм бол манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 19 дэх талд авагдсан бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдааны үед “...шонг эргүүлээд суурилуулчихсан байгаа” гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй,  

мөн Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 577 дугаартай дүгнэлтээр хохирогч Ц.Алтанцоожийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, энэ гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарахаар байна.

Иймд иргэний нэхэмжлэгч Х.Ахмарал нь шон суурилуулахад гарсан зардлаа, хохирогч Ц.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь тус тус нээлттэй үлдээв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь шүүх хуралдаанд согтуу ирж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нэг хоног цагдан хоригдсон,

          иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

 

          шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Г-н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Г-н 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж тооцсугай.

          4.Шүүгдэгч Б.Г-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм, хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Шүүгдэгч Б.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоолын хувийг Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Одонцэцэгт даалгасугай.

8.Иргэний нэхэмжлэгч Х.А нь шон суурилуулахад гарсан зардлаа, хохирогч Ц.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг тэдэнд нээлттэй үлдээсүгэй.

9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

 

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ