Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/345

 

  2022         10            20                                    2022/ШЦТ/345

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,      

улсын яллагч Л.Э,

хохирогч Б.Ө,

шүүгдэгч Э.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Э.А-д холбогдох эрүүгийн 2225000000355 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Э.А

Шүүгдэгч Э.А нь 2022 оны 8 дугаар сарын 26-ны орой Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Тэлмэн” бааранд иргэн Б.Ө-ыг түлхэж унагасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Э.А “...хохирогчид гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, эмчилгээнд нь 269.900 төгрөг өгсөн. Хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин 2.400.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.” гэв.

хохирогч Б.Ө “...тухайн үед энэ хүн миний биед хүрэх шиг болсон, би “цаашаа бүжиглээч” гэхэд миний гарыг дараад түлхсэн юм. Миний хохирлыг барагдуулах боломж байсан ч надтай холбогдоогүй тул цагдаад хандсан. Мөн намайг болон манай эгчийг их доромжилсон, бас цагдаагийн газар тааралдаад камергүй газар хугарсан гарыг минь дарсан. Надад 290.000 төгрөг өгсөн, би нэг сарын 1.200.000 төгрөгийн цалинтай, энэ хүнээс болоод ажлаа хийж чадахгүй хоёр сар болсон тул ажилгүй байсан хугацааны цалин 2.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

Мөрдөн шалгах ажиллгааны үед өгсөн;

хохирогч Б.Ө-ын “...2022 оны 8 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед таньдаг эгч Байгалмаагийн хамт “Тэлмэн” караоке баарны нийтийн зааланд орж дуулж, бүжиглэсэн. ...Сүүлийн гурван дуу явж байхад би бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад нэг залуутай маргалдсан, тэр залуу намайг түлхээд би газар унахдаа баруун гараа хугалсан, намайг түлхэж унагасан залуу шууд өөрийнхөө сууж байсан сандал дээр очоод суусан. ...Намайг түлхсэн залуугийн дүү Билгээ намайг БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасагт хүргэж, эмчид үзүүлсэн, баруун гарын зураг авхуулахад “яс цуурчихсан байна” гэсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

“...Би “Цэмис” ХХК-ийн “Эрдэнэт ембүү” дэлгүүрт өдрийн 40.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан тул ажилгүй байсан хугацааны цалин 1.200.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

гэрч О.С-н “...2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Б.Ө, Б.Байгалмаа нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Тэлмэн” караоке бааранд орж дуулж, бүжиглэж байхад Б.Ө бүжгийн талбай дээр хойшоогоо саваад газар унасан, “юу болсон бэ” гэж асуухад “нэг эрэгтэй хүн намайг түлхчихлээ” гэж хэлсэн. Өлзийбаярыг түлхэж унагаасан эрэгтэй хүнтэй хамт явж байсан залуу Өлзийбаярыг дагуулж эмнэлэг явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

Э.А-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн дүү Э.Отгонбилэгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Тэлмэн” караокед орж юм ярьж суусан. Би пиво ууж, бүжгийн талбай дээр бүжиглэж байхад танихгүй эмэгтэй хүн миний биед хүрэх шиг болохоор нь түлхсэн чинь хойшоогоо саваад уначихсан. Тэр эмэгтэй газраас босохдоо баруун талын гараа бариад байсан, ...надад түлхүүлээд унасан эмэгтэйг манай дүү Отгонбилэг эмнэлэгт үзүүлэхээр авч явсан. Би тэд нарын араас эмнэлэгт очиход надад түлхүүлж унасан эмэгтэйгийн баруун гар хугарсан гэдгийг мэдсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34, 5 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 659 дугаартай; “...1.Б.Өын биед баруун гарын шуу ясны далд хугарал, баруун гарын богтос ясны далд хугарал, баруун гарын бугуйн үенд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.4.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. 3.Баруун гарын шуу ясны далд хугарал, баруун гарын богтос ясны далд хугарал нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Баруун гарын бугуйн үенд цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5.Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

хохирогч Б.Ө-ын “...2022 оны 8 дугаар сарын 26-ны орой Уурхайчин баг “Тэлмэн” бааранд үл таних хүнд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл /хавтаст хэргийн 7, 8 дахь тал/,

хохирогч Б.Өын гаргаж өгсөн “Тэлмэн” караокены хяналтын камерын бичлэгийг хуулбарласан 1 ширхэг хуурцагийг хүлээн авч, уг бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

“Тэлмэн” караокены хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 12 дахь тал/,

“Баян-Өндөр мед” эмнэлгийн дүрс оношилгооны их эмч Ц.Мэндсайханы 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “...бугуйн үений үелэх ясны тохироо алдагдаагүй. Үений зай жигд, баруун шуу яс хугарамтгай хэсгийн зөрөөгүй хугаралтай, бар /богтос ясны шиловидны отроск /сэртэн/ хэсэг зөрөөгүй хугаралтай.” гэсэн  рентген зургийн дүгнэлт /хавтаст хэргийн 28 дахь тал/,

Э.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 38, 39 дэх тал/,

хохирогч Б.Өаас гаргаж өгсөн;

30.000, 9000, 30.000 төгрөгийн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 46-48 дахь тал/,

“Цэмис” ХХК-ийн захирал Г.Эрдэнэцэцэгийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Б.Ө нь манай байгууллагад өдрийн 40.000 төгрөг, сарын 1.200.000 төгрөгийн цалинтай.” гэсэн тодорхойлолт /хавтаст хэргийн 49 дэх тал/,

шүүгдэгч Э.А нь хохирогч Б.Өт хоёр сар ажилгүй байсан хугацааны цалин 2.400.000 төгрөг төлсөн тухай банкны баримт зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Э.Аээс сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Э.А-ийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Э.А нь 2022 оны 8 дугаар сарын 26-ны орой Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Тэлмэн” бааранд иргэн Б.Өыг түлхэж унагасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Б.Ө-ын “...“Тэлмэн” караоке баарны нийтийн зааланд... сүүлийн гурван дуу явж байхад би бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад нэг залуутай маргалдсан, тэр залуу намайг түлхээд би газар унахдаа баруун гараа хугалсан,...баруун гарын зураг авхуулахад “яс цуурчихсан байна” гэсэн.” гэх,

гэрч О.С-н “...бүжиглэж байхад Б.Ө бүжгийн талбай дээр хойшоогоо саваад газар унасан, “юу болсон бэ” гэж асуухад “нэг эрэгтэй хүн намайг түлхчихлээ” гэж хэлсэн.” гэх,

Э.А-ийн өөрийнх нь өгсөн “...бүжгийн талбай дээр бүжиглэж байхад танихгүй эмэгтэй хүн миний биед хүрэх шиг болохоор нь түлхсэн...тэр эмэгтэй газраас босохдоо баруун талын гараа бариад байсан, ...надад түлхүүлж унасан эмэгтэйгийн баруун гар хугарсан гэдгийг мэдсэн.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 659 дугаартай; “...Б.Өын биед баруун гарын шуу ясны далд хугарал, баруун гарын богтос ясны далд хугарал, баруун гарын бугуйн үенд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

“Тэлмэн” караокены хяналтын камерын бичлэг бүхий хуурцаг, уг бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл,

“Баян-Өндөр мед” эмнэлгийн дүрс оношилгооны их эмч Ц.Мэндсайханы 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн рентген зургийн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;

Шүүгдэгч Э.А-ийн хохирогч Б.Ө-ын эсрэг биемахбодийн хүчирхийлэл үйлдэж, түүний баруун гарын шуу ясны далд хугарал, баруун гарын богтос ясны далд хугарал, баруун гарын үенд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгчийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн,

хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотойгоос гадна түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүх шүүгдэгч Э.Аийн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Э.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Э.А-ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Э.А-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирол төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн санал, дүгнэлтийг гаргаж,

          шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...гэмшиж байна, дахин ийм хэрэг хийхгүй тул хөнгөн ял өгнө үү.” гэсэн болно.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

          Шүүх шүүгдэгч Э.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлтийг харгалзан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч Э.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг,

1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна. 

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч Э.А “...хохирогч Б.Ө-т эмчилгээний зардал 269.000 төгрөг төлсөн.” гэж мэдүүлсэн бөгөөд эмчилгээний энэ зардлаас гадна хохирогчийн ажилгүй байсан хугацааны хоёр сарын цалин болох 2.400.000 төгрөгийг төлж барагдуулсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт хураагдан ирсэн “Тэлмэн” караоке баарны хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.А шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн “Тэлмэн” караоке баарны доторх хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцагийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,

          битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ