| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 138/2018/03419/И |
| Дугаар | 183/ШШ2019/00008 |
| Огноо | 2018-12-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2019/00008
| 2018 оны 12 сарын 21 өдөр | Дугаар 183/ШШ2019/00008 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХБМТГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ПИ ХХК-д холбогдох
5 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, хариуцагчийн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Тус газрын харьяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь Харилцаа холбооны тухай хууль Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Засгын газрын 2009 онд “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах тухай” 151 дүгээр тогтоол, Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй байгуулсан гэрээ болон дээрх хууль тогтоомжуудтай холбогдон гарсан бусад дүрэм, журам, тогтоол, шийдвэрийг удирдлага болгон харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх эрхтэй тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдээс тус санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах, ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж ажилладаг. Харилцаа холбоооны тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд нь албан татварт ногдуулах орлогын 2 хувьтай тэнцэх хөрөнгийг үүнээс шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүсэд үйл ажиллагаа явуулсан бол Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоосон хувь хэмжээгээр Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээдэг. Шуудангийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүс, бүх нийтийн үйлчилгээний төрлийг шуудангийн асуудал эрхэлсэн Засгын газрын гишүүн тогтоохоор хуульчилсан байдаг бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дүгээр захирамжаар Шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүсийг тогтоосон байдаг. Мөн хуулийн 9.1.2-д заасан эрх хэмжээний хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороо хуралдаанаараа давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч этгээдээс бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг жил бүр тогтоодог болно. ПИ ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2010 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 29 тоот тогтоолоор авсан. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 29 тоот тогтоолоор шуудангийн үйлчилгээ эрхлэх Б ангиллын тусгай зөвшөөрлийг 2012 оны 4 дүгээр сараас 2013 оны 4 дүгээр сарыг хүртэл 1 жилийн хугацаатайгаар олгосон байдаг. Мөн хорооны 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 32 тоот тогтоолын хоёрдугаар хавсралтаар тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон байдаг. Шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүсэд үйлчилгээ үзүүлэгч этгээдээс Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 48 тоот тогтоолоор 2011 онд Улаанбаатар хотод 1 500 000 төгрөг байхаар тогтоосон. Харин 2012, 2013 онуудад дээрх санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт ороогүй, тус хорооны 2010 оны 48 дугаар тогтоол хэвээр мөрдөгдөж байсан талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн зохицуулах газрын дарга Г.Цэрэнням 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 02/36 тоот албан бичгээрээ тодруулга өгсөн. ПИ ХХК-ийн 2012-2013 онд Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх авлага 5 250 000 төгрөг болсон байна. Дээрх хууль тогтоомжоор хүлээсэн төлбөрийг барагдуулах талаар 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 7/289 тоот, 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 7/225 тоот албан бичгээр тус тус ПИ ХХК-д мэдэгдэж байсан боловч өнөөг хүртэл тус компани нь хууль, гэрээгээр хүлээсэн Засгын газрын тусгай санд төвлөрүүлэх үүргээ биелүүлээгүй болно. Тус газраас 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны үүхэд хандсан боловч ПИ ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас авсан хаяг болон тусгай зөвшөөрөл эзэмшихээр хүсэлт гаргасан үеийн бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй шалтгаанаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШЗ2017/12405 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Захирамжийн дагуу тус газраас ахин ПИ ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/01199 дугаартай шийдвэрээр “ПИ ХХК-ийг /улсын бүртгэлийн дугаар 9011323043, РД:5541913 захирал М.Энхбадрахыг/ эрэн сурвалжлуулахыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасан болно. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс “ПИ” ХХК, түүний эрх бүхий албан тушаалтны хаягийг Хан-Уул дүүрэг, 15 дугара хороо, Цоглог хотхон, 15 дугаар байр, 9 тоот, тус компанийн захирал албан тушаалтай Мархаахүү овогтой Энхбадрах /РД:ЦЗ86090611/ болохыг тогтоосон. Иймд ПИ ХХК-иас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан 5 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлд 2010 онд П.И ХХК-ийг байгуулагдсан гээд 2009 оноос эхлэн тооцож үүргийн сангийн авлага нэхэмжилсэн. Бодит байдал дээр П.И ХХК нь 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүртгэгдсэн. 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр тусгай зөвшөөрөл авсан. 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 32 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрөл цуцлагдсан. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 2009 оноос хойш нэхэмжилж байгаа 5 250 000 төгрөгөөс манай компанид хамааралтай он сарын дараалал нь 2012 оны 5 дугаар сараас 2012 оны 12 дугаар сар хүртэлх 7 сарын мөнгө хамаарна. Манай компани тусгай зөвшөөрлөө 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр авсан. 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж чадаагүйн улмаас 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар тогтоолоор цуцлагдсан. Гэтэл 2010 оноос хойш үүргийн сангийн хэмжээгээр тооцож, нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хавтаст хэргээс үзэхэд 2011, 2012 оны үүргийн сангийн хэмжээ тогтоох тухай тушаал шийдвэр байхгүй байгаа тул манай эзэмшиж байсан тусгай зөвшөөрөлд хамааралтай хугацааны 650 000 төгрөгийг ч хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХМТГхариуцагч П.И ХХК –нийг 2009 оноос 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд шуудангийн үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан тул шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд 2009 онд 800 000, 2010 онд 1 000 000, 2011 онд 1 500 000, 2012 онд 1 300 000, 2013 онд 650 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж тайлбарлаад нийт 5 250 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч П.И ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх бөгөөд тус хуулийн этгээд 2011 онд үүсгэн байгуулагдсан, 2012 оны 04 дүгээр сараас 2013 оны 04 дүгээр сар хүртэл 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан боловч тухайн хугацаанд хамаарах 650 000 төгрөгийг Харилцаа холбооны зохицуулах хороо хэрхэн тогтоосон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул төлөх үндэслэлгүй татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
Харилцаа холбооны зохицуулах газар нь Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож, мөрдүүлэх, Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар харилцаа холбооны талаар баримталж буй бодлогын хүрээнд хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих, гэрээ байгуулах, бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэн зориулалтын дагуу зарцуулах зэрэг эрх үүрэгтэй байхаар, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгийн эх үүсвэрт харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлсэн хөрөнгө хамаарахаар, Монгол улсын Засгийн газрын 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журмыг баталж, журмын 2.1-д сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар хариуцахаар тус тус зохицуулжээ.
Дээрхээс үзэхэд, хариуцагч П.И ХХК бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүргийг хуулиар хүлээсэн, энэ үүргээ гүйцэтгэхийг ХХМТГшаардах эрхтэй байх боловч шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Тодруулбал,
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Харилцаа холбооны зохицуулах хороо 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 29 дүгээр тогтоолоор, П.И ХХК-д Улаанбаатар-Токио хотуудын хооронд улс хоорондын шуудангийн үйлчилгээг чиглэсэн маршрутаар эрхлэх “Б” ангиллын тусгай зөвшөөрлийг 2013 оны 04 дүгээр сар хүртэл хугацаагаар олгосон, 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 32 дугаар тогтоолоор Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасан тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй үндэслэлээр 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөр хүчингүй болгосон ба хариуцагч ямар нэг төлбөр төлөөгүй талаар маргаангүй. /хх 9-10 ху/
Түүнчлэн, Харилцаа холбооны зохицуулах хороо 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаар тогтоолоор нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 1 500 000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд 2012, 2013 онуудад 48 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан болох нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017.01.11-ний өдрийн 02/36 дугаар албан бичгээр нотлогдож байна. /хх 12 ху/
Дээрхээс үзэхэд, Харилцаа холбооны зохицуулах хороо 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр П.И ХХК-д тусгай зөвшөөрөл олгосноор хариуцагчийн төлбөр төлөх үүрэг бий болох бол нэхэмжлэгчийн хариуцагчаас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх мөн үеэс эхлэн үүснэ гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар, 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор тус тус зохицуулсан ба нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлж байсан талаараа нотлохоор 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 7/225, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6/802 дугаар албан бичгүүдийг хэрэгт ирүүлсэн боловч эдгээр баримтыг хариуцагч хүлээн авсан нь нотлогдохгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн П.И ХХК 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа зэрэг баримтаар нотлогдож байна. /хх 25-26 ху/
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж заасан байх тул хариуцагчийг 2009 оноос хойш шуудангийн үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзээд 2009 оноос 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд бүх нийтийн үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэггүй гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХМТГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ПИ ХХК-д холбогдох 5 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ХХМТГ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ