Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/349

 

 2022         10              25                                     2022/ШЦТ/349

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б,

улсын яллагч Г.А,

хохирогч П.Т,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.А-т холбогдох эрүүгийн 2225000000376 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, Б.А

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2022 оны 9 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 115-1-31 тоотод иргэн П.Т-тай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

хохирогч П.Т мэдүүлэхдээ “...Тухайн өдөр бид хоёр архи ууж байгаад хоорондоо маргалдаад намайг цохичихсон юм.” гэв.

 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;

хохирогч П.Т-н “...2022 оны 9 дүгээр сарын 22-ны орой 17 цагийн үед ажлаа тараад найз Амарбаяр руу залгаж “уулзъя” гэж хэлсэн. ...бид хоёр “Тамирын гурван чулуу” байрны ард уулзсан, Амарбаяр нэг шил архитай ирсэн. Уг архийг бид хоёр миний машинд ууж, орой 22 цаг хүртэл суусан, ингээд бид хоёр манай гэр лүү явсан. Манай гэрийн гадаа очиж дэлгүүрээс Амарбаяр архи болон бусад зүйл аваад гэрт ороод...бид хоёр дахин нэг шил архи уугаад миний бие согтоод, сууж байсан буйдан дээрээ унтчихсан байсан, нэг сэрээд харах үед Амарбаяр манай эхнэр хоёр юм яриад сууж байсан, энэ үед би хардсандаа болоод Амарбаяртай маргалдаж, хоорондоо зодолдож байгаад би гараад явчихсан, би гэрээсээ гарч яваад 1-16 дугаар байранд байх аав Пүрэвдоржийн гэрт очсон, тухайн үед аав намайг хараад “хүмүүст зодуулсан байна” гэж бодоод цагдаагийн газарт дуудлага өгсөн байсан. ...Амарбаяр миний нүүрэн тус газарт гараараа 4-5 удаа цохисон, зүүн талын нүд хөхөрсөн, эрүүний хэсэг хавдаж, хөхөрсөн, амны дотор талд нэг оёдол тавиулсан зэрэг гэмтэл учирсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

гэрч Н.П-н “...2022 оны 9 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө 2 цаг 45 минутын үед хүү П.Т“...найз Амарбаяртай архи ууж байгаад Амарбаярт зодуулчихлаа.” гэж гар утсаар ярьж удалгүй манай гэрт ирсэн. Гэрт ирэхэд П.Түвшинжаргалын толгойны ард хэсэг нь улайсан, нүүр, баруун шанаа, уруул зэрэг нь хавдаж, уруулнаас нь цус гарсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

Б.А-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 22-ны орой 17 цагийн үед найз Түвшинжаргал над руу залгаад “уулзая” гэж хэлсэн. ... “Тамирын гурван чулуу” байрны ойролцоо уулзахад Түвшинжаргал машинтайгаа ирсэн. ...Оюут багт байрлах байрны гадна талд очиж машиныг нь зогсоолд байрлуулаад, гэрт нь оруулах гэтэл “хамт орно” гэж Түвшинжаргал хэлэхээр нь би хоосон яаж орох билээ гэж бодоод дэлгүүр ороод чихэр, боорцог болон нэг шил архи аваад гэрт нь орсон. Түвшинжаргалын гэрт ороход түүний эхнэр болон хоёр хүүхэд нь байсан, Түвшинжаргал бид хоёр нэг шил архи уусан, Түвшинжаргалын эхнэр нь хоол унд хийгээд шөнийн 2 цаг хүртэл ярилцаж суусан. Түвшинжаргал буйдан дээр хэвтээд унтчихсан, хэсэг унтаж байгаад босож ирээд эхнэртэйгээ маргалдаж эхнэрээ цохисон, энэ үед би Түвшинжаргалыг “боль” гэж хэлээд салгасан чинь Түвшинжаргал намайг гараараа цохихоор нь би буцаагаад түүнийг гараараа цохиж, газарт унагааж байгаад дээр нь гарч дарж аваад хэсэг сууснаа, тайвшрах хүртэл нь босгоогүй, хэсэг хугацааны дараа “одоо больё” гэж хэлэхээр нь босгосон чинь шууд гэрээсээ гараад явчихсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

“...Түвшинжаргалтай уулзаж бие, биенээсээ уучлалт гуйсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн  2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 728 дугаартай; “...1.П.Түвшинжаргалын биед баруун, зүүн хацар, зүүн нүдний дээд, доод зовхи, эрүүний зүүн хэсэгт цус хуралт, зүүн завьжинд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 4.Баруун, зүүн хацар, зүүн нүдний дээд, доод зовхи, эрүүний зүүн хэсэгт цус хуралт, зүүн завьжинд шарх нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

иргэн Н.П-н “...миний хүү бусдад зодуулсан.” гэсэн гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

Б.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40, 43 дахь тал/,

яллагдагч Б.А-ын “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 53 дахь тал/,

хохирогч П.Т-н “...Миний бие эрүүгийн 2225000000376 дугаартай хэрэгт хохирогчоор оролцож байна. Б.А надаас уучлалт гуйсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 54 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас, мөн Б.Ааас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Нэг: Шүүгдэгч Б.А-ыг гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2022 оны 9 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 115-1-31 тоотод иргэн П.Т-тай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч П.Т-н “...Амарбаяр манай эхнэр хоёр юм яриад сууж байсан, энэ үед би хардсандаа болоод Амарбаяртай маргалдаж, хоорондоо зодолдож байгаад би гараад явчихсан, ...Амарбаяр миний нүүрэн тус газарт гараараа 4-5 удаа цохисон, зүүн талын нүд хөхөрсөн, эрүүний хэсэг хавдаж, хөхөрсөн.” гэх,

гэрч Н.П-н “...хүү П.Т“...гэртээ найз Амарбаяртай архи ууж байгаад Амарбаярт зодуулчихлаа.” гэж гар утсаар ярьж удалгүй манай гэрт ирсэн. Гэрт ирэхэд П.Түвшинжаргалын толгойны ард хэсэг нь улайсан, нүүр, баруун шанаа, уруул зэрэг нь хавдаж, уруулнаас нь цус гарсан байсан.” гэх,

Б.А-ын өөрийнх нь өгсөн “...Түвшинжаргал буйдан дээр хэвтээд унтчихсан, хэсэг унтаж байгаад босож ирээд эхнэртэйгээ маргалдаж эхнэрээ цохисон, энэ үед би Түвшинжаргалыг “боль” гэж хэлээд салгасан чинь Түвшинжаргал намайг гараараа цохихоор нь би буцаагаад түүнийг гараараа цохиж, газарт унагааж байгаад дээр нь гарч дарж аваад хэсэг сууснаа, тайвшрах хүртэл нь босгоогүй, хэсэг хугацааны дараа “одоо больё” гэж хэлэхээр нь босгосон чинь шууд гэрээсээ гараад явчихсан.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн  2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 728 дугаартай; “...1.П.Түвшинжаргалын биед баруун, зүүн хацар, зүүн нүдний дээд, доод зовхи, эрүүний зүүн хэсэгт цус хуралт, зүүн завьжинд шарх гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

яллагдагч Б.А, хохирогч П.Т нарын “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүйгээс гадна шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Б.А-ын хохирогч П.Т-н эсрэг биемахбодийн хүчирхийлэл үйлдэж, биед нь баруун, зүүн хацар, зүүн нүдний дээд, доод зовхи, эрүүний зүүн хэсэгт цус хуралт, зүүн завьжинд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.

Иймд шүүх шүүгдэгч Б.А-ын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Хоёр: Шүүгдэгч Б.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч Б.А-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялаас чөлөөлөх.” санал, дүгнэлтийг гаргасан болно.

          Шүүх шүүгдэгч Б.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, улмаар оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Бусад асуудал;

          Хохирогч П.Т-н гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

          шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг баримтлан, шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ