Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/353

 

2022         10            28                                   2022/ШЦТ/353

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,

улсын яллагч Н.Д,

өсвөр насны шүүгдэгч О.Г, хууль ёсны төлөөлөгч Д.М, өмгөөлөгч Р.Б  нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Д-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, О.Гантулгад холбогдох эрүүгийн 2225000000329 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, О.Г

Өсвөр насны шүүгдэгч О.Г нь,

2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Эко” хорооллын 166-04 тоот иргэн Б.Өлзиймөнхийн байшинд хууль бусаар нэвтэрч, 6 ширхэг мөнгөн аяга, нэг шил “Jack Daniel's” виски хулгайлан авч 1.035.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр, Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 3-7 тоот, иргэн Б.Сы өмчлөлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, “Samsung А-50”, “LGQ9” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

өсвөр насны шүүгдэгч О.Г“...мэдүүлэг өгөхгүй.” гэв.

хууль ёсны төлөөлөгч Д.М “...О.Гантулгын асран хамгаалагчаар тогтоогдсоны дараа нагац ах, эгчтэй нь уулзаж хүүхдийн амьдралын байдлыг ерөнхийд нь харсан, “...ахуйн архидалттай, гурван хүүхэдтэй гэр бүлийн дундах хүүхэд, ээж нь эхээс хоёулаа учраас ээжийнх нь ганц ах нь том болон бага хүүхдийг нь авч өсгөсөн, аавынх нь талыг мэдэхгүй, ахуйн архидалтаас болж нөхөр нь нас бараад болохоо байхаар нь авч ирээд 1-р микрт подволд амьдруулж байсан ч архины хамааралтай байсаар ээж нь нас барсан, энэ хүүхдийг гэр бүлдээ авч өсгөхөд нэгэнт зөнгөөрөө явсан хүүхэд учраас хэцүү байсан ч бид хараа хяналтаа алдаагүй, байнга араас нь хөөцөлдөж, түрээсийн байрны төлбөрийг нь төлдөг, хотод сурч байхад нь Эрдэнэтэд авч ирээд сургуулийг нь төгсгөсөн.” гэж хэлж байсан. Цаашид энэ хүүхэдтэй удаан хугацаанд ажиллах шаардлагатай, одоо манайд зан үйлд нөлөөлөх сургалтад хамрагдаж байгаа, цаашид хөдөлмөрлөх дадал хэвшил олгох сургалтад хамруулахаар төлөвлөж ажиллаж байна. Багийн хамтарсан багтай холбогдож нийтийн байранд амьдарч байгаа энэ хүүхдийг анхаарч эргэлт хийхийг хүссэн, хоёр удаагийн эргэлт хийхэд хэвийн байсан. Цаашид нийгмээс тусгаарлахгүйгээр хариуцлага хүлээлгэж өгнө үү.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.Ө-н “...2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед ач хүүгээ авахаар Орхон аймгаас Улаанбаатар хот руу яваад 28-ны орой ирсэн. ...гэрийнхээ бүх цонхыг онгойлгоод агаар оруулаад...унтсан. ...Шөнө унтаж байхад чимээ гарахаар нь цочиж сэрээд босоод том өрөөний гэрлийг асааж үзэхэд зүгээр байхаар нь унтаж байсан өрөөнийхөө хаалгыг түгжээд буцаад унтчихсан. Өглөө 8 өнгөрч байхад манай нөхөр “гэрт хулгай орчихсон, виски бас мөнгөн аяга алга болчихсон байна.” гэхээр нь гайхаад босож ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

Б.Ө-н гаргасан “...Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Эко” хороолол 166-4 тоот манай гэрт хулгай орсон байна.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 3 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Эко” хороолол 166-4 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-5, 6-7 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг өсвөр насны О.Гантулгын амьдарч байгаа нийтийн байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8, 9-10 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Эко” хороолол 166-4 тоотоос алдагдсан эд зүйлийг Булаг багийн нийтийн байрны 8 тоот өрөөнөөс хураан авсан 6 ширхэг том, жижиг нийлсэн мөнгөн аяга, хэрэглэж үлдээсэн “Jack Daniel's” архийг хохирогч Б.Өлзиймөнхөд 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,

өсвөр насны шүүгдэгч нь “гэмт хэрэгт холбогдох үедээ 17 нас 1 сар 12 хоногтой байсан” гэсэн нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дэх тал/,

“Ашидбилгүүн” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ТХҮ-622/4161 дугаартай, “...шинэ цагийн мөнгөн аяга 5ш x 180.000 = 900.000 төгрөг, жижиг гарын мөнгөн аяга 1ш x 60.000 = 60.000 төгрөг, “Jack Daniel's” /виски/ 1ш x 75.000 = 75.000 төгрөг, нийт 1.035.000 төгрөг.” гэсэн үнэлгээ /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,

хохирогч Б.Сы “...2022 оны 6 дугаар сарын 16-ны өглөөний 06.00 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 7-3 тоот манай байшингийн цонхоор хулгай орж хоёр гар утас авсан байсан. ...хулгайлсан хүн миний гар утсаар миний фэйсбүүк рүү нэвтэрч, фэйсбүүк найзуудаас мөнгө гуйж, залилан хийсэн байсан. Энэ үйлдэл нь гар утас алга болоод хоёр цагийн дараа...манай ажлын нярав эгчээс “5к шилжүүлчих очоод өгье” гэж миний чатаар бичиж, 5127109497 Одмаа гэх хүний данс руу авсан байсан. Лхагвабаяр Шийтэр гэх фэйсбүүк найз руу “өдөр болтол 10к зээлкүү биз” гэж бичиж, мөн 5127109497 Одмаа гэх хүний данс руу 10.000 төгрөг авсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дахь тал/,

“...Би Г гэх хүнийг танихгүй, гар утсыг гэрээс хулгайлсан хүүхэд өөрөө сайн дураараа гар утсыг өгсөн, миний фэйсбүүкийг ашиглан бусдаас мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дэх тал/,

хохирогч Б.Сы гаргасан “...2022 оны 6 дугаар сарын 16-ны өглөө 06.00 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 7-3 тоот байшингийн цонхоор хулгай орж хоёр гар утас хулгайд алдсан.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл /хавтас хэргийн 66, 67 дахь тал/,

О.Г-с “Samsung А-50”, “LG Q9” загварын гар утаснууд хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 69, 70 дахь тал/,

хохирогч Б.С-д “Samsung А-50”, “LG Q9” загварын гар утаснуудыг хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 73 дахь тал/,

“...“Samsung А-50” загварын гар утас 250.000 төгрөг, “LG Q9” загварын гар утас 200.000 төгрөг.” гэсэн мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн магадлагаа /хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

О.Г-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 28-ны орой 23 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад...Эрдэнэт-Хөвсгөл чиглэлийн төв замаар “Эко” хороолол чиглэлтэй явж 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 01.00 цаг болж байхад “Эко” хорооллын гудамжаар өгсөж явтал миний хулгай хийсэн айлын цонх онгорхой байхаар нь хүн байгаа эсэхийг харж зогсож байгаад хашааг нь давж ороод...гал тогооны өрөөний хэсэгт ороход үүдний өрөөний хэсэгт хүн дуугараад байхаар нь гаражийн өрөө рүү ордог хэсэг байсан өрөөнд орж...зочны өрөө рүү ороход шилэн хаалгатай шкаф байсан. Тэр дотор мөнгөн аяга болон “Jack Daniel's” виски байхыг хараад шилэн хаалгыг онгойлгож аваад...нуугдаж байсан талынхаа цонхоор гараад явсан. ...“Хүч” авто засварын доор байдаг айл руу хулгай хийхээр ороод айлынх нь хүмүүст баригдаад цагдаа дээр ирсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

          “...Би тухайн үед орсон фэйсбүүк чатны нэрийг, мөн харилцсан фэйсбүүк чатны хүмүүсийн нэрийг санахгүй байна, гэрийнхээ ойролцоо байдаг “Жүрж” дэлгүүрийн дансыг чатаар харилцсан хүмүүст өгч мөнгө гаргуулж авсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 151 дэх тал/,

О.Г-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дэх тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 48-51 дэх тал/,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 94 дугаартай, өсвөр насны шүүгдэгч О.Гантулгад холбогдох 2225004280465 дугаартай хэргийг өсвөр насны шүүгдэгч О.Гантулгад холбогдох 2225000000329 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэх тухай тогтоол /хавтаст хэргийн 64 дэх тал/,

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Н.Амаржаргалын 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 04/1435 дугаартай; “...2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хяналтын хугацаа дуусгавар болно. Хяналтын хугацаанд О.Гнь зан үйл засах сургалтыг таван удаа тасалсан, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд суугаагүй, хоёр сарын хугацаанд ирж бүртгүүлээгүй, гэрийн хаяг болон утасны дугаар нь өөрчлөгдсөн тохиолдолд мэдэгдээгүй тул хоёр удаагийн сануулах арга хэмжээ авагдсан байна.” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 182 дахь тал/,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Д-н 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 14 дугаартай, эрүүгийн 2225000000329 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан өсвөр насны яллагдагч О.Гантулгад холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол /хавтаст хэргийн 190 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч нараас, мөн О.Г-с сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Өсвөр насны шүүгдэгч О.Г-г гэм буруутайд тооцох;

Өсвөр насны шүүгдэгч О.Г нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Эко” хорооллын 166-04 тоот, иргэн Б.Өлзиймөнхийн байшинд хууль бусаар нэвтэрч, 6 ширхэг мөнгөн аяга, нэг шил “Jack Daniel's” виски хулгайлан авч 1.035.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр, Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 3-7 тоот, иргэн Б.Сы өмчлөлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, “Samsung А-50”, “LG Q9” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хохирогч Б.Өлзиймөнхийн “...Шөнө унтаж байхад чимээ гарахаар нь цочиж сэрээд босоод том өрөөний гэрлийг асааж үзэхэд зүгээр байхаар нь унтаж байсан өрөөнийхөө хаалгыг түгжээд буцаад унтчихсан. Өглөө 8 өнгөрч байхад манай нөхөр “гэрт хулгай орчихсон, виски бас мөнгөн аяга алга болчихсон байна.” гэхээр нь гайхаад босож ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх,

хохирогч Б.Сы “...2022 оны 6 дугаар сарын 16-ны өглөөний 06.00 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 7-3 тоот манай байшингийн цонхоор хулгай орж хоёр гар утас авсан байсан.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Эко” хороолол 166-4 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 

Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг өсвөр насны О.Гантулгын амьдарч байгаа нийтийн байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Эко” хороолол 166-4 тоотоос алдагдсан эд зүйлийг Булаг багийн нийтийн байрны 8 тоот өрөөнөөс хураан авсан 6 ширхэг том, жижиг нийлсэн мөнгөн аяга, хэрэглэж үлдээсэн  “Jack Daniel's” архийг хохирогч Б.Өлзиймөнхөд 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

“Ашидбилгүүн” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ТХҮ-622/4161 дугаартай, “...шинэ цагийн мөнгөн аяга 5ш x 180.000 = 900.000 төгрөг, жижиг гарын мөнгөн аяга 1ш x 60.000 = 60.000 төгрөг, “Jack Daniel's” /виски/ 1ш x 75.000 = 75.000 төгрөг, нийт 1.035.000 төгрөг.” гэсэн үнэлгээ,

О.Гантулгаас “Samsung А-50”, “LG Q9” загварын гар утаснууд хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

хохирогч Б.С-д “Samsung А-50”, “LG Q9” загварын гар утаснуудыг хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй, өсвөр насны шүүгдэгч О.Гнь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог. 

Энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрч орсон байхыг ойлгоно.

Өсвөр насны шүүгдэгч О.Г-н үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангаснаас гадна “хулгайлах” гэсэн нэг төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн тул түүнийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.      

Хууль зүйн хувьд, өсвөр насны шүүгдэгч О.Гнь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон тул шүүх өсвөр насны шүүгдэгч О.Г-н “үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Өсвөр насны шүүгдэгч О.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч О.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял оногдуулж,  оногдуулсан ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх.” гэсэн,

өмгөөлөгч Р.Бямбажаваас “...Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн болохоос шүүгдэгч нь ял аваагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж,

мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж тус тус заажээ.  

Өсвөр насны шүүгдэгч О.Г нь Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоолоор,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан 2 дахь хэсгийн 2.2-д заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тул шүүх дээрх шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй юм.

Иймд шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний нас, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлог, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах зорилгоор,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж,

8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг 2 хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх нийт ялыг 6 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан тул хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжгүй байна.

Өсвөр насны шүүгдэгч О.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч Б.Ө-д том, жижиг нийлсэн 6 ширхэг мөнгөн аяга, хэрэглэж үлдээсэн “Jack Daniel's” вискийг хүлээлгэн өгсөн баримт хавтаст хэргийн 13 дахь талд, 

          хохирогч Б.Сд “Samsung А-50”, “LG Q9” загварын гар утаснуудыг хүлээлгэн өгсөн баримт хавтаст хэргийн 73 дахь талд тус тус авагдсанаас гадна шүүхээс шүүх хуралдааны товыг хохирогч нарт мэдэгдэхэд “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Өсвөр насны шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч О.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч О.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Г-г 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, өсвөр насны шүүгдэгч О.Г-д оногдуулсан 1 жил хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 6 сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/262 дугаартай, өсвөр насны шүүгдэгч О.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, “оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  өсвөр насны шүүгдэгч О.Г-д энэ тогтоолоор оногдуулсан 6 сар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Г-д оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч О.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

7.Энэ хэрэгт хураагдан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХТУНГАЛАГ