Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/266

                            2022/ШЦТ/266

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

            Улсын яллагч: А.Амарсанаа

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Гэрэлт-Од

            Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч: Г.А

Шүүгдэгч: Б.Б

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

            Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Бгийн Бт холбогдох 1712002680348 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, Архангай аймгийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт ажилтай, А аймгийн Э сумын .. багийн 03 .. айлын байрны .. тоотод оршин суух, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/239 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан дээрх торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10.500.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн, Д овогт Бгийн Б /РД:../

                                    Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан Архангай аймгийн “Ар-Ус-Ундарга” орон нутгийн өмчит компанийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, 6.4.4-т заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 дугаар тогтоол”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан “Үнэн зөв байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчин өөрийн танил Б.Гээр дамжуулан “Ай Си Би Си” компаниас 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 429.900 төгрөгийн үнэтэй Epson L360 /Ипсон Эл 360/ маркийн өнгөт принтерийг 979.000 төгрөгөөр, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1.200.000 төгрөгийн үнэтэй Делл маркийн суурин компьютерыг 1.848.000 төгрөгөөр буюу тус тус зах зээлийн дунджаас дээгүүр үнээр худалдан авч, орон нутгийн өмчит компанийн төсөвт 1.197.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Бийн мэдүүлсэн: Надад холбогдуулж үйлдээд байгаад яллах дүгнэлт нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл би ямар ч гэм буруугүй буюу надад холбогдох хэргийг шүүхээс цагаатгаж өгнө үү гэж хүсч байна. Миний бие “Ар Ус Ундарга” ХХК-ний захирлаар 2012 оноос эхэлж ажиллаж байгаад хууль бус шийдвэрээр ажлаас халагдаж 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлж томилогдсон. Би яллах дүгнэлтэд дурдаад байгаа үйл баримттай холбоогүй. Тухайн үед 2019 оны төсөв батлагдсан байсан. Төсөвт Dell маркийн принтерийг зараад өнгөт принтерийг худалдаж авахаар тусгасан байсан. Мөн суурийн компьютерыг 2.000.000 төгрөгөөр худалдаж авах шийдвэр гарсан байсан буюу намайг ажилд орохоос өмнө төсөв батлагдсан байсан. Манай ерөнхий инженер Ж гэх хүн манай өрөөнд орж ирээд өнгөт принтер хэрэгтэй байна гэж хэлсэн. Та өөрийнхөө компьютерыг авангаа бид нарын принтерийг яаралтай  авч өгөөч гэсэн. Тэгээд би үнийг нь судлаад ир гэж хэлсэн. Ж өөрөө судалгаагаа хийгээд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хэд хэдэн зургууд оруулж ирсэн. Тэгээд би компьютерын үзүүлэлт нь 10-н хардтай багтаамжтай байвал болно, компьютерын загвар дизайн хамаагүй шүү гэж хэлсэн. Харин өнгөт принтерийн үнэ төсөвт баталснаас давсан байна гээд ерөнхий инженер Ж, ерөнхий нягтлан бодогч А, бид гурав уулзсан. Жын оруулж ирсэн өнгөт принтерийн үнэ нь 3.000.000 төгрөгийн үнэтэй байсан. Өнгөт принтерийн үнэ төсөвт 2.000.000 төгрөгөөр баталсан байгаа учраас ийм үнээр авч болохгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд Аэнэ үнээр нь авчихвал яадаг юм бэ, хотын үнээс нэг их зөрүүгүй байна лээ гээд Г эгч “999” худалдааны төвд компьютер зарж байсан, та Г эгч рүү яриач гэж хэлсэн. Би өмнө нь Гтэй “Хас” банканд хамт ажилладаг байсан. Аын тухайд Гтэй төрсөн ах дүү хоёрын хүүхдүүд.  Ань оюутан байхдаа Гийнд суудаг байсан буюу хуримаа хийх хүртлээ Гийнд амьдардаг байсан, төрөл садны холбоотой хүмүүс. Аөөрөө Гийн утсыг хэлж өгөөд би Аын хажууд Гтэй утсаар ярьсан. Би Г рүү яриад компьютер, өнгөт принтер авах гэсэн юм гэж хэлэхэд боломжтой гэх хариу өгсөн. Тэгээд би А, Ж нарт Гээс авчих, дараа нь эвдрэл гарвал засуулах зэргийг асуугаарай гэж хэлээд цохолт хийж өгсөн. Удахгүй гэрээ нь ирсэн. Ж өөрөө компьютер, принтерийг хүлээж авна гэсэн гэрээ байсан. Ж гэрээг нь устгачихаад гаргаж өгөхгүй байгаа. Гэрээнд заасны дагуу Ж өөрөө компьютер, принтерийг хүлээж аваад миний өрөөнд компьютерыг угсарч өгсөн. Би компьютерын хард руу орж багтаамжийг шалгаад Жас принтерээ авсан уу, ямар нэгэн асуудалгүй юу гэж асуухад Ж принтерээ авсан, ямар нэгэн асуудалгүй, нэхэмжлэхийг нь Ат өгсөн гэж хэлсэн. А нэхэмжлэхээ надад оруулж ирж өгөөд би цохолт хийж өгсөн. Ж өөрөө компьютер, принтерээ хүлээж авчихаад намайг ийм асуудалд холбож байгаа шалтгаан нь Ж энэ үед өөрөө “Ар Ус Ундарга” ХХК-ний захирал болох гээд явж байсан. 2019 оны 04 дүгээр сард хууль бусаар ажлаас халагдахад миний ажлыг Ж авч байсан. Намайг ажилдаа эргэж ороход Ж гэх хүн ерөнхий инженерээр ажиллаж байсан. Жтай хамт ажиллаж байх хугацаандаа ганцхан удаа худалдан авалт хийсэн. Өөр ямар ч худалдан авалт хийгээгүй. Ж өөрөө “Ар Ус Ундарга” ХХК-ний захирал болохын тулд энэ ажлыг зохион байгуулсан. Манай компани нь төсвөөс мөнгө авдаггүй, хязгаарлагдмал хариуцлагатай компани учраас компаниа ашигтай ажиллуулахын тулд аль болох төсөв өртөг нь хямдхан, чанар хангасан зүйл худалдан авахыг зорьдог байсан. Мөн худалдан авалт хийхдээ ерөнхий нягтлан бодогчгүйгээр нэг ч худалдан авалт хийж байгаагүй. Ерөнхий инженер болон ерөнхий нягтлан бодогч нар нь худалдан авах ажиллагааны байнгын комисст байдаг буюу шууд худалдан авалтыг хариуцдаг хүмүүс байсан. Компьютер, принтер худалдаж авсан гүйлгээг Аөөрөө хийсэн. Ажлаас халах мэдэгдэл ирсний орой Санхүүгийн хяналт, аудитын албаны С эгч манай өрөөнд орж ирсэн. Би С эгчээс та ямар ажлаар явж байгаа юм бэ гэж асуухад эгч нь чиний компьютерын үзүүлэлтийг харъя гэж хэлээд компьютерыг үзчихээд уг нь дажгүй компьютер байна гэж хэлсэн. Ямар шалтгаанаар шалгаж байгаа юм бэ гэхэд гомдол ирсэн гэж хэлсэн боловч хэнээс гомдол ирсэн талаар хэлээгүй. Үнэтэй компьютер, принтер авсан гэж гомдол ирсэн гэхээр нь принтер нь манай ерөнхий инженерийн өрөөнд байгаа, ороод үзчих гэсэн чинь тухайн үед Ж олдоогүй. Дараа нь харахад анх худалдаж авч миний өрөөнд оруулж ирж байсан принтер биш байсан бөгөөд жижиг принтерээр сольсон байсан. Энэ ажлыг Жыг зохион байгуулсан гэж үзэж байна. Надад ямар ч холбогдолгүй асуудлаар гэм хэрэгтэн мэтээр яллаж байгаад гомдолтой байна. Намайг “Ар Ус Ундарга” ХХК-ний захирлаар ажиллаж байхад компани ашигтай ажиллаж, үйл ажиллагаа нь жигдэрсэн байсан. Хэзээ ч алдагдалд орж байгаагүй. Намайг ажлаас халагдах үед алдагдалд орсон байсан. 2021 онд ажилдаа орж компаниа ашигтай ажиллагаанд шилжүүлж чадсан. Ашгаасаа урамшуулал авч, цалингаа авдаг учраас би компанид хохирол учруулахаар зүйл хийгээгүй. Иймд надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү  гэв.

Шүүх хуралдаанд хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Г.Аийн мэдүүлсэн: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Б.Б нь “Ар Ус Ундарга” орон нутгийн өмчит компанийн захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар буюу зах зээлийн дундаж үнээс дээд үнээр өнгөт принтер болон Dell маркийн суурин компьютерыг худалдаж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Б.Б нь захирал гэх албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр шууд худалдан авалт хийж,  бусдад давуу байдал бий болгож, Авлигын эсрэг хууль болон худалдан авах ажиллагааны бусад хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл харагдаж байна. Үүний улмаас орон нутгийн төсөвт 1.197.100 төгрөгийн хохирол учирсан гэж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Иймд төсөвт учирсан хохирлыг нөхөн төлүүлж, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 1712002680348 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2016 онд төгссөн. 2016-2020 оны хооронд Улаанбаатар хотод “Шихихутуг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2020 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод Архивын ерөнхий газарт архив албан хэрэг хөтлөлтийн мэргэжил олгох сургалтад суралцаж төгссөн. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Би Архангай аймгийн “Ар Ус Ундарга” орон нутгийн өмчит компанийн захирал Б.Бийг танихгүй. Найз нөхөд, хамаатан садны холбоо байхгүй. Би тогтоолтой танилцсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон бөгөөд эрх, үүргийг ойлгож мэдсэн. Надад болсон хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Орон нутгийн өмчит компанийн захирал аймгийн төсөвт хохирол учруулсан нөхцөл байдал харагдаж байгаа учраас уг хохирлыг төлүүлж хохиролгүй болгох хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /6хх-ийн 19 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Аын мэдүүлсэн: ...Миний одоогийн эрхэлж байгаа ажлын байрны тодорхойлолтод зааснаар байгууллагын эдийн засгийн үйл ажиллагаа, компанийн бизнес төлөвлөгөө батлуулах, орлого, зарлагын гүйлгээг хийх, тооцооны нягтлангийн үйл ажиллагааг хянах, байгууллагын эд хөрөнгийг хариуцах, байгууллагын төсөв санхүүтэй холбоотой гүйлгээ шийдвэр дээр захирлын дараа 2 дугаар гарын үсэг зурж баталгаажуулах эрх, үүрэгтэй албан тушаал юм. Намайг тухайн компанид Н гэдэг захирал ажиллаж байгаад 2013 оны 10 дугаар сар хүртэл тогтвортой ажиллаж байгаад энэ хүний ажлыг 2013 оны 10 дугаар Сс Д.Б авч 2017 оны 05 дугаар сарыг хүртэл ажиллаж байгаад Бээс 2017 оны 05 дугаар сард М.Б гэдэг хүн ажлыг нь авч ажиллаж байгаад 2019 оны 01 дүгээр сар хүртэл ажиллаад 01 дүгээр Сс Б эргэж томилогдож 2019 оны 04 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад 2019 оны 05 дугаар Сс 2019 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд ерөнхий инженер Н.Ж даргын үүрэг гүйцэтгээд, 2019 оны 10 дугаар Сс 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Д.О гэх хүн ажилласан. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс Т.Г гэх хүн захирлын үүргийг гүйцэтгэж байна. Манай инженерүүдийн албан хэрэгцээнд 1 ширхэг суурин компьютер 1 ширхэг, өнгөт принтер худалдаж авахаар төсөвт тусгуулж байсан юм. Өнгөт принтер нь 1.2 сая төгрөг, компьютер 1.8-2.0 сая төгрөг орчим болохоор төсөвт тусгуулсан юм. Тэгээд 2019 он гараад ерөнхий инженер ажлын шаардлага гараад байна, принтерээ авмаар байна гээд Б даргад хүсэлт гаргасан байсан. Дарга намайг дуудаад компанитай бөгөөд компанид нь захиалгаа өгчихлөө, нэхэмжлэх баримт нь одоо ирж байгаа, тэрнийх нь дагуу мөнгийг шилжүүл гэсэн бөгөөд 890.000 орчим төгрөг нэхэмжлэхийн дагуу шилжүүлсэн ба принтер нь ирсэн. Ирсний дараа инженерүүд бид нар ийм принтер захиалаагүй, энэ чинь үзүүлэлт муу, хоцрогдсон, принтер нь байдаг зүйл надаас шаардсан бөгөөд би даргад хэлсэн. Эргээд тэгвэл даргад энэ байдлаа танилцуул гэж хэлж байсан. Тухайн принтерийг нь судалж үзэхэд хуучны загварын жаахан хоцрогдсон, тухайн үеийн ханшаар 400.000 орчим төгрөгийн үнэтэй принтерийг 800.000-900.000 төгрөгийн санхүүжилтээр худалдаж авсан байгаа юм. Тухайн асуудал дээр аймгийн санхүүгийн хяналт аудитын албанаас шалгалт хийж зөрчил болж акт тавигдсан. Инженерүүд мөн тухайн принтер худалдаж авсан газрын утсыг олж өөрсдөө ярихад тухайн газар нь компьютер, техник хэрэгсэл засдаг засварын газар байсан гэж хэлж байсан. Шинэ бараа нийлүүлдэггүй юм шиг байна лээ. Төсвийн төлөвлөгөөний дагуу 1.848.000 төгрөгийн өртгөөр компьютер 13 үзүүлэлттэй Дэлл маркийн суурин компьютерыг авсан бөгөөд тухайн компьютер дээр аудитын шалгалтаар бол ямар нэг зөрчил заагдаагүй ч гэсэн бид нарын тооцоогоор арай жаахан үнэтэй авсан байж магадгүй гэж бодож байна. Учир нь i5 үзүүлэлттэй компьютерыг 1.8 сая орчим өртгөөр авдаг юм...гэх мэдүүлэг /3хх-ийн 21-23 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Аын дахин мэдүүлсэн: ...Дээрх принтер болон компьютер нь 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан байсан бөгөөд инженер техникийн ажилчдад 2019 оны эхээр өнгөт принтер шаардлагатай болсон. Үүний дагуу инженер Ж, Б нар захирал Бт хүсэлт гаргасан санагдаж байна. Уг хүсэлтийн дагуу принтер болон компьютерыг худалдан авах ажиллагааг захирал Б.Б өөрөө зохион байгуулсан. Энэ ажилд би огт оролцоогүй. Миний хувьд дээрх эд зүйлийг авах хэрэгтэй гэдгийг бол мэдэж байсан. Гэхдээ хаанаас авсан эсэхийг нь мэдээгүй. Тухайн үед Б захирал намайг өрөөндөө дуудаад энэ принтер ирчихсэн, нэхэмжлэх нь энэ байна, мөнгийг нь шилжүүл гээд нэхэмжлэх дээр цохолт хийгээд өгсөн. Тэгэхээр нь би гэрээ нь хаана байгаа юм, харьцуулалт хийсэн юм уу гэхэд бичиг баримт нь одоо миний мэйл хаягаар ирж байгаа, мөнгийг нь хийчих гэсэн. Үүний дагуу би принтер нь ирчихсэн байсан учраас мөнгийг нь шилжүүлсэн. Тухайн үед принтер, компьютер хоёулаа ирчихсэн байсан байж магадгүй бөгөөд компьютерынх нь төлбөрийг 2-3 хоногийн дараа шилжүүлсэн санагдаж байна. Компьютерын нэхэмжлэх дээр Б захирал мөнгийг шилжүүлье гэж цохолт хийсэн. Тухайн үед би гэрээ нь яасан юм гэж шаардахад Б захирал би цохолт хийчихсэн байхад чи яагаад шилжүүлэхгүй гээд байгаа юм, захирлаасаа илүү эрх мэдэлтэй юм бэ гэж хэлж байсан. Энэ асуудлаар бид хоёр тодорхой хэмжээгээр маргаж байсан. Тухайн принтер, компьютерын худалдан авалтанд харьцуулалт явуулаагүй байсан. Энэ талаар ямар ч баримт байхгүй байсан. Компьютерын хувьд ойролцоо, харин принтерийн хувьд нэг нугаларсан үнээр авсан байсан. 2019 оны 03 дугаар сард манай “Ар Ус Ундарга” компанид аудитын шалгалт орсон бөгөөд тус шалгалтаар Еpson L360 маркийн принтерийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр авсан гэж акт тогтоогдсон. Үүний дараа би 2019 оны 04 дүгээр сард шиг санагдаж байна, тухайн компьютер, принтер нийлүүлсэн “Ай Си Би Си” компанийн утсаар холбогдож гэрээгээ шаардахад тухайн газар нь шинэ компьютер зардаггүй, тийм юм мэдэхгүй байна гээд салгаж байсан юм...гэх мэдүүлэг /5хх-ийн 236-237 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Жын мэдүүлсэн: ...Миний тухайд инженерүүддээ хэлж ярьж байгаад ажлын хэрэгцээнд өнгөт принтер, суурин компьютерын асуудал хэлж ярьж шийдүүлсэн бөгөөд тухайн принтерийг Б нь шийдвэрлэж нэг газартай гэрээ байгуулж хуучирсан загварын принтерийг зах зээлийн үнээс өндөр үнээр байгууллагад нийлүүлсэн байсан юм. Бийн тухайд ер нь хэлэхэд байгууллагад авах эд, хэрэгсэл дээр ер нь байнга өөрөө дур мэдэж энд тэндхийн газартай гэрээ байгуулж, тухайн ажилд авч байгаа техник хэрэгсэл нь тухайн үнийн дүндээ нийцэхгүй, чанаргүй, загвар хуучирсан, байгууллагад алдагдалтай байдлаар үйл ажиллагаа явуулж, худалдан авалт хийдэг байсан. Тэр хүний гол зарчим нь дээрх байдлаар байгууллагыг хохироодог байсан тул энэ талаар нь миний тухайд байгууллагын дотоод хурал, цуглаан дээр хэд хэдэн удаа шударгаар хэлж ярьж байсан. Хувийн сонирхлоор хандаж, орон нутгийн өмчит компанийн орон нутгийн төсвийн хөрөнгийг хувьдаа ч юм уу, өөр зориулалтаар ингэж үргүй зарцуулж, ашиглаад байгаад нь харамсдаг байсан. Байгууллагын ажилтнууд ажил үүргээ сайн гүйцэтгэж, төвлөрүүлсэн орон нутгийн төсвийн хөрөнгөөс дээрх байдлаар зарцуулдаг байсан нь үнэн юм. Принтерийн асуудал дээр Санхүүгийн хяналт аудитын албанаас шалгаад тухайн үнийн дүнд нийцэхгүй принтер байна гээд акт хүртэл тавьсан...гэх мэдүүлэг /3хх-ийн 25-26 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Жын дахин мэдүүлсэн: ...2019 онд суурин компьютер болон өнгөт принтер авахаар “Ар Ус Ундарга” ХХК-ний төлөвлөгөөнд тусгагдсан байсан. Тухайн үед буюу 2019 оны 01 дүгээр сард байх, ажил явуулахад өнгөт принтер хэрэгтэй байгаа талаар би захирал Бт хэлж байсан юм. Тэгээд удалгүй яг хэр хугацаа өнгөрснийг нь санахгүй байна, компьютер болон өнгөт принтер ирсэн байсан. Компьютер нь захирлын өрөөнд байдаг, харин өнгөт принтерийг нь ашиглалтын инженер Б ашигладаг юм. Энэ принтер, компьютер худалдаалсан газрыг би огт мэдэхгүй бөгөөд энэ талаар Б захирал өөрөө сайн мэднэ. Дээрх Epson L360 маркийн принтер болон Dell маркийн суурин компьютерыг хаанаас, хэн авчирсан эсэхийг бол би мэдээгүй. Санхүүгийн шалгалт ороод принтерийг үнэтэй авсан асуудал дээр акт тогтоож байсан...гэх мэдүүлэг /5хх-ийн 234 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Жын дахин мэдүүлсэн: ...Би дээрх Epson L360 маркийн принтер болон Dell маркийн суурин компьютерыг худалдан авах судалгааг хийгээгүй. Харин би албан ажилд шаардлагатай байсан өнгөт принтерийг авъя гэсэн санал гаргасан нь үнэн. Дээрх Epson L360 маркийн принтер болон Dell маркийн суурин компьютерыг Б.Б нь өөрөө дур мэдээд авчихсан байсан. Миний хувьд хэнээс, хаанаас, яаж авсныг нь мэдэхгүй байсан. Ямар ч байсан ажил дээр ирчихсэн байсан. Би “Ар Ус Ундарга” компанийн нягтлан бодогчоор ажиллаж байгаа Б.Гийг танихгүй, энэ хүнтэй уулзаж байгаагүй. Би Гийг танихгүй. Тэр хүнийг дагуулаад Б.Бтэй уулзаж энэ хүнээс компьютер, принтер авъя гэж хэлж байгаагүй. Би ажлаасаа гараад дараа нь сонсоход Б.Б нь найз Б.Гийгээ ажилд авсан гэж дуулсан. Энэ Epson L360 маркийн принтер болон Dell маркийн суурин компьютерыг худалдан авах компанийг Ч.Ань сонгоогүй. Учир нь тухайн үед компьютер, принтер ирэхэд нягтлан бодогч Ч.Ань ийм муу, хуучин загвартай юм авлаа гэж ярьж байсан. Би болон Ч.Ань Гээс компьютер, принтерийг худалдаж авъя гэж Б.Бтэй уулзаж байсан удаа байхгүй. Ийм асуудал огт болоогүй. Б.Г гэдэг хүнийг танихгүй. Би энэ талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /6хх-ийн 25 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Агийн мэдүүлсэн: ...Манай компани нь нийт 10 гаруй дэлгүүртэй. “Теди” төвийн 3 давхарт 3 дэлгүүр ажилладаг юм. Орон нутагт бүх л төрлийн хүмүүс бараа авдаг. Тэндээс дээрх барааг авсан байсан. Тэрийг нь манай менежер залуу Мбарааг нь олж өгсөн байсан. Суурин компьютер 1.848.000 төгрөгөөр, өнгөт принтерийг 979.000 төгрөгөөр зарсан байна. Компанийн дансны хуулгыг харахад тэгж харагдаж байна. Манай зардаг бараа бол биш байна. Мээс асуухад “Компьютер Ланд”-ын нэг дэлгүүрээс авч өгсөн гэж хэлсэн. Манай 3110 буюу зардаг принтер бол арай жижиг, хямд байдаг. Энэ барааг бол би бол мэдэхгүй байгаа. Гэрээгээ үзэхэд байхгүй байна лээ. Бага дүнтэй болохоор гэрээ хийгээгүй байх. Нэхэмжлэх зарлагын баримт байхгүй байна лээ. Яах аргагүй манай компанийн дансаар орсон байна. Манай компанийн дансны захиран зарцуулах эрх нь надад байдаг. Манай компани нь авлага, өглөгтэй компаниас авсан байх. Тэр тооцоо баримт манай компани дээр байхгүй байна. Бид нар бие биеийнхээ юмаа зараад өглөг, авлагаа тэнцүүлээд явдаг юм. Бүртгэлтэй юу гэхэд шинэ программтай болоод жил болж байна. Өмнөхийг бол устгасан. Мнь байхгүй гэсэн. Орж ирсэн мөнгөний зарцуулалтыг харахад бензиний төлбөр, засварын зардал, рекламын зардал, тээврийн хөлсөнд шилжүүлсэн байна. “И” баримтаар харагдах байх, өгье. Үнэ бол зөв тогтоосон байх. Тэрийг Мээс асуусан нь зөв байх. Энэ бол манай менежер залуу М/96535566/-ийн данс байна. Ямар зорилготой шилжүүлсэн талаар бол санахгүй байна. Уг нь утгатай шилжүүлдэг. Энэ удаа утгагүй шилжүүлсэн байна. Энэ бас Мийн дугаар байна. Энэ барааны тээврийн мөнгө гэж ойлгож байна. Нэхэмжлэхийн дагуу бичиж өгсөн. Ямар нэгэн ашиг олоогүй. Компьютероос 188.000 төгрөг, принтерээс 51.000 төгрөг үлдсэн. ААН-ийн орлогын 10 хувийг авч үлдсэн...гэх мэдүүлэг /5хх-ийн 171-173 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мийн мэдүүлсэн: ...Миний бие 2018 онд байгууллагынхаа “Теди” төв дэх салбарт борлуулагчаар ажилладаг байсан. Энэ үед Архангай аймагт жижиг лангуу ажиллуулдаг гэх нэг эмэгтэй манайхаас гар утасны цэнэглэгч, гэр, наалт гэх зэрэг зүйлсийг бөөний үнээр авч зарахаар тохирч 2-3 удаа ирж авч байсан. Ойролцоогоор 200.000-300.000 төгрөгийн бараа авч байсан санагдаж байна. Барааны төлбөрөө заримдаа бэлнээр, заримдаа дэлгүүрийн “Пос” машинд уншуулчихдаг байсан. Тэгээд бараа захиалахаар бол утсаар бас захиалаарай гээд утасны дугаараа өгсөн байсан. Тэр эмэгтэйг Г гэж байсан. Тэгэхэд л анх танилцсан. Ер нь худалдан авагч, харилцагч нарт тийм байдлаар захиалга хийж болно гэж утасны дугаар, нэрийн хуудсаа өгдөг. Тэгээд тэр өдөр компьютер, принтер болон бичиг хэргийн зүйлс авах хэрэгтэй байна, танайх нийлүүлэх боломжтой юу гэсэн. Компьютер, принтер хоёрыг бол олж өгч болно, бичиг хэргийн зүйлийг чаддаггүй гэсэн. Тэгвэл бичиг хэргийн зүйл бол эндээсээ авчихъя, мөнгийг нийтэд нь шилжүүлчихье, НӨАТ бичүүлээд авъя гэсэн. Тэгэхгүй бол НӨАТ-гүй болчихоод байна гэсэн. “Теди” төвийн 3 давхарт байдаг “Би-Си-Ти” ХХК-наас Epson L360 calor inkjet multifunction printer маркийн принтерийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үзээд энэ өдрөө Гт хэлсэн. Тэгээд энэ өдрөө 5154003339 дугаар “ХААН” банкны данснаас манай “Ай Си Би Си” ХХК-ны “ХААН” банкны 5429245701 дугаар дансанд өнгөт принтер “Ундарга” утгаар төгрөг 979.000 төгрөг шилжиж орж ирсэн. Энэ мөнгөнөөс миний “ХААН” банкны 5556239201 дугаар дансанд 510.000 төгрөгийг захирал шилжүүлсэн. Би уг мөнгөнөөс Гийн “ХААН” банкны 5135229191 дугаар дансанд түүний хүссэний дагуу 480.000 төгрөгийг шилжүүлэн өгч, үлдэгдэл 30.000 төгрөгийг ажлын хөлс болгож хувьдаа авсан. Харин “Би Си Ти” ХХК-ны нэхэмжлэхийн дагуу “Пирстпиксэл” ХХК-ны “Голомт” банкны дансанд 418.000 төгрөгийг “Ай Си Би Си” ХХК-ны “Голомт” банкны данснаас шилжүүлж өгсөн. Уг худалдан авалтад нийт 979.000 төгрөгийн нэхэмжлэх үйлдэж, зарлагын баримт үйлдэж өгч НӨАТ баримтыг шивсэн. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр компьютер ландын “Нано компьютерс” дэлгүүрээс үнийг судлаад 1.100.000 төгрөг байхад нь 30.000 орчим төгрөг нэмж хэлсэн. Дээрх 5154003339 дугаарын “ХААН” банкны данснаас манай компанийн “ХААН” банкны 5429245701 дугаарын дансанд суурин компьютер утгаар 1.848.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн мөнгөнөөс миний 5556239201 дугаар дансанд 1.660.000 төгрөгийг захирал над руу шилжүүлсэн. Тэгээд 1.100.000 төгрөгөөр компьютерын үнийг пос машин дээр уншуулсан. 413.200 төгрөгийг Гийн 5135229191 дугаар данс руу шилжүүлсэн. Үлдсэн 146.800 төгрөгийг би авсан. Тэгээд тэр оройдоо компьютер принтерийг автобусанд өгч явуулсан...гэх мэдүүлэг /5хх-ийн 196-197 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Гийн мэдүүлсэн: ...Би Б.Бийг “Хас” банканд хамт ажиллаад таньдаг болсон. Б.Б нь одоо “Ар Ус Ундарга” компанийн захирлаар ажиллаж байгаа юм. Би хувиараа аймгийн “999” төвд гар утасны сэлбэг хэрэгслийн лангуутай байсан юм. Энэ хугацаандаа буюу 2018 оны үеэс Д.Мгэх Улаанбаатар хотод байдаг хүнээс гар утасны сэлбэг хэрэгсэл авдаг байсан юм. Тийм болохоор зүс танина. Эдгээр хүмүүстэй хамаатан садны холбоо байхгүй. 5135229191 тоот “Хаан” банкны данс нь миний данс мөн. Би уг дансыг сүүлийн 10 жил ашиглаж байгаа. Анх яг хэзээ нээлгэсэн эсэхээ санахгүй байна. Би Д.Мээс заримдаа зээлээр бараа материал авдаг, заримдаа мөнгийг нь төлөөд авдаг. Тухайн үед “Ар Ус Ундарга” компанийн захирал Б.Б нь манай компанид яаралтай компьютер, принтер хэрэгтэй байна гэхээр нь би танилаасаа асуугаад өгье гэсэн чинь болно ш дээ гэж хэлсэн. Тэгээд би Мрүү залгаад яаралтай компьютер, принтер авах хэрэгтэй байна гэтэл Мтэр болох байхаа гэж хэлсэн. Тэгэхээр нь компьютер, принтер хоёр захисан бөгөөд удалгүй над руу унаагаар хотоос явуулсан. Би энд хүлээж аваад “Ар Ус Ундарга” компанид аваачиж өгсөн юм. Энэ компьютер, принтерийн зөрүү мөнгийг над руу Мшилжүүлсэн юм. Уг худалдан авалтаас би тодорхой хэмжээний мөнгийг өөрт ашиг болгож авсан. Би яг хэдэн төгрөг гэдгийг нь санахгүй байна. Хуулганаас харахад 480.000 төгрөг болон 413.200 төгрөг байна. Би Улаанбаатар хотоос захиж авчруулсан юм. Гайгүй сайн компьютер, принтер гэж захисан. Өнгөт принтер гэж захисан бөгөөд яг тэдэн төгрөгөнд тааруулаад аваарай гэж хэлээгүй. Би дээрх компьютер, принтерийг хэдэн төгрөгөөр худалдан авсан эсэхийг одоо санахгүй байна. Нэхэмжлэх нь компьютертэйгээ ирсэн байх гэж бодож байна. Би нэхэмжлэх бичүүлж авсан эсэхээ санахгүй байна. Би дээрх авсан мөнгийг Б.Бт өгөөгүй. Энэ талаар Б.Б мэдэхгүй. Би уг мөнгөөр өөрийн зээлийг төлсөн байж магадгүй. Би дээрх компьютер, принтерийн асуудалд оролцсон. Би өөр ямар нэгэн эд зүйл “Ар Ус Ундарга” компанид нийлүүлж байгаагүй. Би Мийг гуйж компьютер, принтер авахуулсан учраас таксины мөнгө, гарсан зардал зэргийг нь өгсөн санагдаж байна. Хэдэн төгрөг өгсөн эсэхээ үнэхээр санахгүй байна. Тухайн 2019 оны 02 сарын эхээр би автобуснаас аваад “Ар Ус Ундарга” компанид Б захирлын өрөөнд оруулж өгч байсан. 2 хайрцагтай юм байсан. Хүлээлгэж өгөхдөө асааж үзээгүй. Тухайн үед яалт ч үгүй шинэ хайрцаг савтайгаа ирсэн байсан. Харин яг ямар маркийнх гэдгийг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /5хх-ийн 199-200 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Бийн дахин мэдүүлсэн: ...Би яллагдагчаар татах тогтоолд дурдсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 01 дүгээр сард намайг шүүхийн шийдвэрээр ажлаа авах үед миний компьютерыг хуучин захирлаар ажиллаж байсан М.Б гэх хүн аваад явсан байсан. Энэ нь тайлан мэдээний үе байсан учраас манай компанийнхан тайлангаа гаргаж чадахгүй байсан. Ингээд би нягтлан бодогч Ат компьютер олж ир гэсэн үүргийг өгсөн. Тэгэхэд 2019 оны төсөвт компьютер авахаар туссан байгаа, та компьютероо ав гэсэн. Тэгээд компьютер авахыг Анадад санал болгосон. Ань надад Б.Г эгч “999” төвд компьютер зарж байгаа, та тийшээ яриад компьютероо авчих гэж яриулсан. Би Аын хажууд Гтэй ярьсан. Г бол тэр үед байгаа шүү дээ, би “Ай Си Би Си” компанийн юмыг “999” төвд зардаг юм, принтерийн хор ч гэсэн байгаа гэсэн. Тэгээд Апринтерийн хор авахаар болоод манай өрөөнд бол компьютер авахаар болсон. Тэгээд би багцаа үнийг Гээс асуухад 2 сая төгрөг дотор чиний яриад байгаа компьютерыг авч болно гэж хэлсэн. Би утсаа чанга яригч дээр тавьсан байсан бөгөөд үүнийг А сонсож байсан. Тэгээд тэр үед А принтерийг ч гэсэн инженерүүд нэхээд байгаа, тэрийг нь хамт аваад өгчихөөч гэж байсан. Тэгээд би эргэж Г рүү залгаж бас өнгөт принтер хэрэгтэй байгаа юм байна гэж хэлэхэд болно гэж хэлсэн. Тэгээд Г өнгөт принтерийн хор аймагт ховор олддог, яг манайх өөрөө хорыг нь авчраад солиод байхаар принтер байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Жыг дуудаад энэ өнгөт принтерээ өөрөө судал, энэ Г аваад ирж болно гэж байна, “Ай Си Би Си” компанийн юмыг зардаг ажилтан гэж байна гэж хэлсэн. Тэгтэл Ж өөрөө нэг принтерийн зураг хэвлэчихсэн өөрөө барьж над руу орж ирсэн. Тэгээд 1.300.000 гаруй төгрөгийн үнэтэй байна, жижгэвтэр хорыг нь байнга солиод байх боломжтой, олдоцтой юм байна гэж хэлсэн. Яг би тэр зурагтай цаасных нь доор цохож өгсөн. Яг ийм хорыг нь аймагт солих боломжтой принтер Аын санал болгоод байгаа газар байгаа юм байна, хямд юм байна, энийг нь ав гэж цохож өгсөн. “Ай Си Би Си” нийлүүлэх боломжтой байна, энийг ав гэж цохож өгсөн. Тэр цаас нь баримтан дотор байх ёстой. Миний компьютерыг бол А хүлээж авсан. Принтерийг бол Ж өөрөө хүлээж авсан. Би өөрсдийнх нь оруулж ирсэн үнийн санал дээр цохож өгөөд ав гэж хэлсэн. Хүлээн авах ажлуудыг инженер Ж, нягтлан бодогч Анар хүлээж авсан. Энэ үед миний ажлыг Ж авах гэж байсан бөгөөд тэр үед Жыг захирлаар томилсон захирамжийг аймгийн Засаг дарга Ц.М гаргасан байсан. Тэгээд яг одоо миний санаж байгаагаар тэр принтерийг Ж авч байхыг харсан. Принтер нь хажуу талдаа хор хийдэг нэмэлт төхөөрөмжтэй, том принтер байсан. Одоо манайд байгаагаас өөр байсан. Ж тэр принтерийг сольсон байх гэж бодож байна. Компьютерын хувьд бол санхүүгийн хяналт аудитын 6 хүн орж ирсэн бөгөөд тэр үед миний ажлыг авна гээд би ажлаа өгөхгүй, тамгаа өгөхгүй гээд байж байсан юм. Тэр үед тэд нар таны компьютерын үзүүлэлтийг үзье гэж хэлсэн. Тэр үед компьютерын хурд, үзүүлэлт бол маш сайтай, дэлгэц том, аятайхан 12-ын хардтай компьютер байсан. Санхүүгийн хэлтсийнхэн бол тэр үедээ энэ компьютерыг 1.800.000 төгрөг байтугай үнээр л авах юм байна ш дээ, улс төржсөн юм бэ, танай ерөнхий инженер Ж чинь бид нар руу ийм юм яриад утасдаад яриад байгаа ш дээ гэж хэлсэн. Энд бол ямар ч үнийн зөрүү ярих юм байхгүй юм байна гэж хэлээд гарсан. Тэр үед өнгөт принтерийг Санхүүгийн хяналтынхан үзээгүй бөгөөд Ж 2-3 хоног өрөөгөө цоожлоод алга болчихсон юм. Дараа нь үзсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Тэр үед өмчийн газрынхан ирээд миний тамгыг авсан. Тэгээд энэ асуудлыг би орхисон. Саяхан 2021 оны 10 дугаар сард Авлигатай тэмцэх газраас эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн байх. Үнэлгээчин гэх хүн ирж компьютерыг үзсэн. Принтерийг бол өөр принтер үзчихээд явсан байсан. Ерөнхий инженерийн хэрэглэж байгаа өнгөт принтерийг үзээгүй. Цонхон дээр тавьчихсан байсан хаях гэж байсан принтерийн зургийг авчихаад явсан гэсэн. Үүнийг үнэлсэн байх гэж бодож байна. Манай компанийн ерөнхий нягтлан бодогч байсан Ч.Ань “Ай Си Би Си” компанийн юмыг зарж байгаа Гийг өөрөө надад санал болгосон. А, Г нар нь төрсөн ах дүү хоёрын хүүхдүүд байгаа юм. Би Гтэй хамт ажиллаж байснаас өөр харилцаагүй байсан. Ань тэр үед Гийн утсыг олж өгсөн бөгөөд  холбож өгсөн. Та яриадах гээд намайг Г рүү залгуулсан. Миний хувьд Гтэй 2005 онд “Хас” банканд хамт ажиллаж байсан бөгөөд үүнээс хойш харилцаа холбоогүй байсан. Атэр үед холбож өгсөн. Одоо эндээс харахад А, Ж нар намайг хэрэгт хийх гэж хуйвалдсан байх гэж харж байна. Жын хувьд миний ажлыг авах гэж байсан учраас ямар нэгэн өө нээнтэг гаргах гэж байсан байх. Би Жтай 1-2 сард хамт ажилласан бөгөөд энэ хугацаанд би өөр ямар ч худалдан авалт хийгээгүй. Эдгээр хүмүүсийн санал болгосноор энэ худалдан авалтыг хийсэн. Ж нь өөрөө 1.350.000 орчим төгрөгийн үнэтэй принтерийг авах гээд байсан бөгөөд зургийг нь хэвлэж орж ирэхээр нь би энэ арай үнэтэй байна, Аын санал болгоод байгааг авчих, хямдхан байна гэж хэлээд цохож өгсөн. Би тухайн үед инженер, ерөнхий нягтлан бодогчийн санал болгосон зах зээлийн үнийг харьцуулалт хийгээд хуулийн дагуу хамгийн хямдханыг нь авах шийдвэр гаргасан...гэх мэдүүлэг /6хх-ийн 10-11 хуу/

Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17/02/03 дугаартай улсын ахлах байцаагчийн акт, хавсралт /3хх-ийн 153-155 хуу/

“Вендо” ХХК-ны 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн АЦ21-08 тоот шинжээчийн дүгнэлт /5хх-ийн 222-226 хуу/

“Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5хх-ийн 84, 145, 146 хуу/

Бичиг, баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /5хх-ийн 174-177, 178-182, 184-185, 187, 189 хуу/

“Би Си Ти” ХХК-ны нэхэмжлэх /5хх-ийн 192 хуу/

“Nano computers” ХХК-ны зарлагын баримт /5хх-ийн 193 хуу/

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /5хх-ийн 208 хуу/ зэрэг болно.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан Архангай аймгийн “Ар-Ус-Ундарга” орон нутгийн өмчит компанийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, 6.4.4-т заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 дугаар тогтоол”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан “Үнэн зөв байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчин өөрийн танил Б.Гээр дамжуулан “Ай Си Би Си” компаниас 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 429.900 төгрөгийн үнэтэй Epson L360 /Ипсон Эл 360/ маркийн өнгөт принтерийг 979.000 төгрөгөөр, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1.200.000 төгрөгийн үнэтэй Делл маркийн суурин компьютерыг 1.848.000 төгрөгөөр буюу тус тус зах зээлийн дунджаас дээгүүр үнээр худалдан авч, орон нутгийн өмчит компанийн төсөвт 1.197.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.  

Шүүхээс хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Архангай аймгийн “Ар-Ус-Ундарга” орон нутгийн өмчит компанийн захирлаар ажиллаж байхдаа “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” буюу зах зээлийн дундажаас дээгүүр үнээр бараа худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дараах байдлаар эргэлзээ гарч байна гэж дүгнэв. Үүнд: 

             Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Б.Бийг “Төсвийн тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.4.4-т заасан “хуульд өөрөө заагаагүй бол бараа нийлүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Төсвийг хэмнэлттэй горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоол, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан “Үнэн зөв байх” заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон гэж дүгнэсэн боловч тухайн “Ар-Ус-Ундарга” компанийн 2019 оны төсөв Б.Бийг ажил хүлээн авахаас өмнө батлагдсан, 2019 оны төсөвт өнгөт принтерийг 2 сая төгрөгөөр, суурин компьютерыг 1.200.000 төгрөгөөр худалдан авахаар төлөвлөж, дээрх худалдаж авснаас өндөр үнээр авахаар төсөв гарсан байсан талаар Б.Б нь удаа дараа мэдүүлж байсныг нарийвчлан шалгаж тухайн оны төсвийг хэрэгт хавсаргаагүй ба үүнийг ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан гэрч Ч.А, гэрч Н.Ж нар үгүйсгээгүй бөгөөд компьютерын хувьд ойролцоо үнээр худалдаж авсан гэж гэрч Ч.А мэдүүлсэн байдаг. Иймд Б.Бийг төсвийг үр ашигтай хэмнэлттэй байдлаар төлөвлөх заалтыг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй байх бөгөөд гэрч Н.Ж нь өнгөт принтерийн зах зээлийн судалгаа явуулж ВСВ өнгөт принтер 1.357.900 төгрөгийн ханштай талаар баримтад түүнээс хямд үнэтэйг худалдан авах цохолтыг Б.Б нь хийж байсан баримт 4 дүгээр хавтаст хэргийн 93 дугаар хуудсанд авагдсан байна.

            Мөн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаар “Босго үнэ шинэчлэн батлах тухай” тогтоолд 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 129 дүгээр Засгийн газрын тогтоолоор өөрчлөлт оруулж, шууд худалдаж авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг бараанд 10 сая төгрөг байхаар тогтоосон ба 2019 оны 01 дүгээр сард дээрх тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тул 10 сая төгрөгөөс бага үнийн дүнтэй бараа материал худалдан авахад бараа нийлүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй юм. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-т заасан “Үнэн зөв байх” заалтыг зөрчсөн гэх боловч уг заалтыг зөрчөөгүй байна гэх дүгнэлтэд хүрэв.

            Яллах дүгнэлтэд Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоол, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн ямар, ямар заалтыг зөрчсөн нь тодорхойгүй байна.

Мөн шүүгдэгч Б.Б нь өөрийн танил Б.Гээр дамжуулан “Ай Си Би Си” компаниас Ипсон Эл 360 маркийн өнгөт принтер, Делл маркийн суурин компьютерыг зах зээлийн дундажаас дээгүүр үнээр худалдаж авсан гэх боловч худалдагч Б.Г нь зуучилж борлуулсны ашиг таксины мөнгө, бусад гарсан зардалд 893.200 төгрөгийг өөрийн дансаар авч өөртөө зарцуулсан болох нь түүний мэдүүлэг, депозит дансны хуулга зэргээр нотлогддог ба Б.Б нь ямар нэгэн ашиг хонжоо болгож мөнгө аваагүй, өөртөө ямар ч давуу байдал олгоогүй байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэгддэг субъектив талын шинжийг үгүйсгэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Бийг цагаатгах үндэслэлтэй байна.

Прокурорын яллах дүгнэлтэд яллах талын нотлох баримтаар авагдсан гэрч Б.Г нь “Ар-Ус-Ундарга” ХХК-нд зуучилж өгсөн принтер, компьютерын үнээс тодорхой хэмжээний буюу 893.200 төгрөгийг ашиг болгож авсан Б.Б нь ямар нэгэн мөнгө, төгрөг өгөөгүй талаар, гэрч Д.М, П.А нар нь принтер, компьютерын зөрүү мөнгийг Б.Гт шилжүүлсэн талаар, гэрч Ч.А, Н.Ж нар нь 2019 оны 01 дүгээр сард “Ай Си Би Си” компаниас Ипсон Эл 360 маркийн өнгөт принтерыг 979.000 төгрөгөөр, Делл маркийн суурин компьютерыг 1.848.000 төгрөгөөр худалдаж авсан талаар тус тус мэдүүлсэн бөгөөд Б.Б нь санаатай шунахай сэдлээр өөрт ашиг хонжоо олсон болохыг нотлоогүй, мөн хэрэг авагдсан 5 дугаар хавтаст хэргийн 222-225 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэн өнгөт принтер нь “Ай Си Би Си” компаниас авсан принтер биш, солигдсон гэх гомдлыг Б.Б нь удаа дараа гаргаж байсан боловч үүнийг бүрэн тогтоогоогүй, 2019 оны “Ар Ус Ундарга” ХХК-ны төсөв хэрэгт тусгагдаагүй байгаа болно.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана гэж заасан боловч Б.Бт холбогдох хэргийн тухайд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн нэхэмжилсэн 1.197.100 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овогт Бгийн Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Бийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн нэхэмжилсэн 1.197.100 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

4. Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Р.АЛТАНЦЭЦЭГ