| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 138/2018/03243/И |
| Дугаар | 183/ШШ2018/02644 |
| Огноо | 2018-11-28 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 183/ШШ2018/02644
| 2018 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2018/02644 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХААИСхолбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 6 077 776 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ХААИС-ИТС-д 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/194 дугаар тушаалаар ажилд орж ажиллаж байгаад 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/133 дугаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Уг тушаалыг хүчингүй болгуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/01071 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7 153 532 /2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны/ төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраар албадан гүйцэтгүүлсэн. Улмаар нэхэмжлэгч нь тухайн ажлын байранд ажиллах боломжгүй гэдгээ 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ХААИС-д албан бичгээр мэдэгдсэн болно. Иймд ажилгүй байсан хугацаа буюу 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлс 6 077 776 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр холбогдох бичилтийг хийлгүүлэхийг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүхэд нэхэмжлэл гаргагч Д.С-ыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/01071 тоот шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгох тухай тогтоол бүхий албан бичгийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан болно. Тус албан тоотыг хүлээн авсан өдрөөр тооцож, тайлбар хүргүүлэхэд дараах зүйлүүдийг дурдах байна. Үүнд:
1.ХААИС-ийн 2017/2018 оны хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанлид тусгаснаар 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөр тус хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа дууссан болно.
2.ХААИС-ийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Б/116 тоот тушаалаар тус их сургуулийн багшлах бүрэлдэхүүн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 27-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай байв.
3.Шүүхийн шийдвэр хүлээн авахад тухайн хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа дууссан, ХААИС-ийн захирал дотоод томилолтоор хөдөө орон нутагт ажиллаж байсан зэрэг шалтгаанаас үүдэн шүүхэд нэхэмжлэл гаргагч Д.С ыг ажилд нь эгүүлэн томилох асуудал хойшилсон болно.
4.ХААИС-ийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/175 тушаалаар шүүхэд нэхэмжлэл гаргагч Д.С ыг Инженер Технологийн Сургуулийн Хүнсний инженерчлэл, гидромеханикийн тэнхимд 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажилд нь эгүүлэн томилсон байна.
5.Шүүхэд нэхэмжлэл гаргагч Д.С нь ажилд эгүүлэн томилогдсон дээрх хугацаанаас хойш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаа буюу 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ажилдаа ирээгүй тул энэ хугацаанд цалин олгогдоогүй болно.
6.Шүүхийн шийдвэр хүлээн авахад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацаа дууссан байсан. Нэхэмжлэгчийн ажилласан цагийн бүртгэл нь бидэнд байгаа тул нэхэмжлэлийн шаардлагад бичигдсэн хугацааны цалинг бүхэлд нь олгох боломжгүй. Тэгэхээр 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг өгөх боломжтой байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С ХААИС-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 6 077 776 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийлгэхийг даалгахаар шаарджээ.
Хариуцагч ХААИС- нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд тухайн хугацаанд нэхэмжлэгч ажиллаагүй тул цалин өгөх боломжгүй гэж маргаж байна.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/01071 дугаар шийдвэрээр Д.С ыг Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Инженер технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл, гидромеханикийн тэнхимд багшаар эгүүлэн тогтоосон ба шүүхийн энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Шүүхийн дээрх шийдвэрийг ажил олгогч биелүүлж, тус сургуулийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/175 тоот тушаалаар нэхэмжлэгч Д.С ыг 2018.8.27-ны өдрөөс эхлэн ажиллуулжээ.
Дээрх үйл баримтаас дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэрээр 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс нэхэмжлэгч Д.С ыг ажилд нь эгүүлэн томилсон боловч хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно” гэж заасан тул дээрх ажилгүй байсан хугацааны цалинг, нэхэмжлэгч шаардах эрхтэй боловч нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/01071 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэг өдрийн цалинг 36 404 төгрөг, нэг сарын цалинг 782 702 төгрөг гэж тооцсон байх бөгөөд нэхэмжлэгчийн цалин олговорыг уг мөнгөн дүнгээр тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасанд нийцнэ.
Иймд хуанлийн дагуу амралтын өдрүүд болон бүх нийтээр амрах баяр ёслолын өдрүүдийг хасан тооцоход 3 сар 15 хоног байх тул энэ хэмжээнд буюу 2 894 166 төгрөг /782 702х3 сар 15 хоног х36 404/ гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 183 610 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих шимтгэлийг тооцож нөхөн бичилт хийхийг даалган, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангахаар шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн үр дагаварыг шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, харин хариуцагчаас 61 256 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дугаар зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан хариуцагч ХААИС-иас 2 894 164 /хоёр сая найман зуун ерэн дөрвөн мянга нэг зуун жаран дөрвөн/ арван найман сая зургаан зуун далан гурван мянга дөрвөн зуун гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 183 610 /гурван сая нэг зуун наян гурван мянга зургаан зуун арван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч ХААИС-д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ХААИС улсын тэмдэгтийн хураамжид 61 256 төгрөг гаргуулан улсын орлогод олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ