Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2018/02534

 

2018 оны 11 сарын 14 өдөр

         Дугаар 183/ШШ2017/02534

                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: КБ ХХК-ны нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Г.Т,

 Хариуцагч: З.Э нарт холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 71 882 750 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Н.Г, хариуцагч Г.Т, З.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Г.Т, З.Э нар нь 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр КБ-тай 168 тоот зээлийн гэрээ байгуулж, 75 000 000 төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатай жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо Рапид харш 23 дугаар байр, 118 тоот хаягт байршилтай 50,67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Хариуцагч нараас үндсэн зээл 69 418 852,35 төгрөг, зээлийн үндсэн хүү 2 458 127,82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 770,76 төгрөг нийт 71 882 750,93 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 517 363.75 төгрөг, 70 200 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа болох улсын бүртгэлийн Ү-2206021282 тоот дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд тус мөнгөн хөрөнгө болон барьцаа хөрөнгийг хариуцагч З.Э, Г.Т нараас гаргуулж, банкийг хохиролгүй болгож өгнө үү гэв. 

 Хариуцагч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: КБ- ХХК-ийн нэхэмжилж байгаа үнийн дүнгээс зээлийн хүүг хасч, тооцуулах хүсэлтэй байна. Бид 5 000 000 төгрөг бэлнээр төлж, хугацаа хэтрэлтээс хасуулж байсан бөгөөд зээл авсан 5 жилийн хугацаанд 26 000 000 төгрөг төлсөн. Энэ байдлыг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүг хасч тооцож өгнө үү.  гэв.

 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч КБ- ХХК  зээлийн гэрээний үүрэгт 71 882 750 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар хариуцагч Г.Т, З.Э нараас шаардаж байна.

 Хариуцагч Г.Т, З.Э нар нэхэмжлэлийн шаардлагын заримыг зөвшөөрөх буюу 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 168 тоот зээлийн гэрээний тухайд маргахгүй, харин зээлийн үндсэн хүүнд нэхэмжилсэн мөнгөн дүнг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэлээ. Тодруулбал,

 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, зохигч 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 75 000 000 төгрөгийг 240 сарын хугацаатай 1 жилд 8 хувь, нэг сард 0.67 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар зээлдүүлэхээр харилцан тохиролцож  168 тоот зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Ү-2206021282 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо Рапид харш 23 дугаар байр, 118 тоот хаягт байршилтай 50,67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг  бариулсан байна. /хх 8-14, 15-17 ху/

 Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд мөн хуулийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлд хамаарахаар байна.

  Мөн зээлийн гэрээний 2.3, 3.14-д нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг гүйцэтгээгүй зээлийн үлдэгдлийн үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасанд нийцэж байгаа бол барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх ба барьцааны бүртгэлийг зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байна.

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж,  205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар тус тус зохицуулсан.

 Талууд 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа 240 сар буюу урт хугацаатай байхаар тохиролцсон боловч зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй нь гэрээний 8.3-д зааснаар банк өөрийн санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болох бөгөөд энэ нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг ч шаардах эрхийн үндэслэл болох боловч шаардлагын заримыг хангах үндэслэлтэй.

 Өөрөөр хэлбэл, банк 2017.03.29-ний өдөр хариуцагч З.Эд “186 хоног зээл төлөх хугацаа хэтэрсэн, 2017.03.30-ны өдрийн 17 цаг хүртэл хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг цуцлах талаар мэдэгдэе” гэх агуулга бүхий зээл хүү төлөх мэдэгдлийг хүргүүлсэн, зээлдэгч З.Э 2017.03.31-ний өдөр хуваарьт хугацааны зөрчигдсэн зээл, зээлийн хүүг 2017.04.15-ны өдрийн дотор төлнө, төлөөгүй тохиолдолд шүүхэд өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн агуулга бүхий хүсэлтийг гаргасан байна.  /хх37-38 ху/

 Дээрхээс үзэхэд зээлдүүлэгч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээнээс татгалзах саналыг хүргүүлж, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэхээр ба  мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар зээлдэгч 2017.04.15-ны өдрөөр зээлийн гэрээг цуцлахаар шаардах эрх үүссэн байна.

 Гэтэл зээлдүүлэгч уг эрхээ хэрэгжүүлээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2018.08.19-ний өдрөөр зээлийн гэрээг цуцалж, мөн хугацааны зээлийн хүү төлүүлэхээр шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй буюу бусдын өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжүүлсний хариу төлбөр болох зээлийн хүүгийн зорилгод нийцэхгүй байна. Иймд зээлийн хүү нь эрхээ хэрэгжүүлээгүй этгээдийг хөрөнгөжүүлэх хэрэгсэл биш тул шүүх зээлдэгч нарын  төлбөр төлөх хуваарьт өдөр буюу 2017.04.25-ны өдөрт харгалзуулан үндсэн зээл 69 418 852 төгрөг, зээлийн гэрээний хуваарь зөрчигдсөн 2016.09.24-ний өдрөөс 2017.04.25-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 3 723 325 төгрөгийг зээлдэгч нар төлөх үүрэгтэй гэж дүгнээд,  2017.02.08-ны өдрөөс 2018.07.18-ны өдөр хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд зээлдэгчээс төлсөн  8 626 952 төгрөгийг гүйцэтгэвл зохих үүргээс хасч тооцов.

 Тодруулбал, үндсэн зээл 69 418 852 төгрөг, зээлийн хүү 3 723 395 төгрөг, талууд зээлийн гэрээний 3.14-т гүйцэтгээгүй үүргийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон боловч нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 5 770 төгрөгөөр тооцсон тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэмэгдүүлсэн хүүг 5 770 төгрөгөөр тооцож, нийт 73 148 017  төгрөг төлвөл зохихоос төлчихсөн 8 626 952 төгрөгийг хасаад үлдэх 64 515 295 төгрөгийг  хариуцагч З.Э, Г.Т нараас гаргуулан нэхэмжлэгч КБ- ХХК-д олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 367 455 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор, хариуцагч нар сайн дураар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл Ү-2206021282 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо Рапид харш 23 дугаар байр, 118 тоот хаягт байршилтай 50,67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэлээ.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 587 563 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 480 526 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,            115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1. 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Т, З.Э нараас  64 515 295 /жаран дөрвөн сая таван зуун арван таван мянга хоёр зуун ерэн таван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч КБ- ХХК /РД:2556375/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 367 455,93 /долоон сая гурван зуун жаран долоон мянга дөрвөн зуун тавин таван төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Ү-2206021282 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо Рапид харш 23 дугаар байр, 118 тоот хаягт байршилтай 50.67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч КБ- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 587 563 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Т, З.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 480 526 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 4. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

            ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ