| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2018/03332/И |
| Дугаар | 2866 |
| Огноо | 2018-11-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2866
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.Бын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Б-д холбогдох,
Албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Л.Норовжаргалаас Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Монлаа 17-р гудамжны 1 тоот хашааг худалдан авсан билээ. Гэвч уг хашаанд оршин суугч С.Б нь Л.Норовжаргалтай мөнгөний асуудалтай байгаа гэх шалтгаанаар хашааг маань чөлөөлж өгөхгүй байна. Миний бие тэр хүмүүсийг асуудлаа шийдэхийг шаардан өөрийн биеэр олон удаа очсон боловч янз бүрийн шалтаг тоочин миний хашааг чөлөөлч өгөхгүй байна. Иймд намайг газрын өмчлөгчөөр тогтоож, хашааг маань албадан чөлөөлүүлж өгнө үү.
Би гадаадад байсан учир Норовжаргал найзаараа дамжуулан уг хашааг худалдаж авсан. Мөнгийг өмнө нь мөнгөө шилжүүлээд өгөөд дуусгасан, энэ талаар аман тохиролцоо хийсэн байсан юм. Энэ хүн хашаагаа зараагүй гээд байгаа боловч урьдчилгаа мөнгө өгөөд, дараа нь микроавтобусаа зараад мөнгийг нь өгсөн гэж хэлж байсан. Мөнгийг яг энэ хүнд өгсөн эсэхийг би мэдэхгүй байна. Би өөрөө хүний нутагт зовж байж олсон мөнгөөрөө маргаантай газар хашаа авахыг хүсэхгүй. Норовжаргал надад хэлэхдээ хашаагаа зарсан ах хашааг чинь харж байгаа гэж хэлж байсан. Найз маань надад гэрчилгээ үзүүлсэн тул би итгээд уг хашааг авсан. Сүүлд нь энэ хүн өгөхөө болилоо энэ тэр гэхээр нь би өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан. Нийтдээ Батсүх ахаас 5,500,000 төгрөгөөр авсан. Одоо үнэ нь өссөн, энэ хавийн газрыг дахин төлөвлөлтөд оруулсан учраас энэ ах өгөхгүй гээд байгаа байх. Өмнө нь үерийн аман дээр мөн Батсүх ах 0,7 га газар авах эрхгүй байсан учир гэрчилгээг нь гаргаж өгөхгүй байсан байх гэж би бодож байна гэв.
Хариуцагч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн С.Б миний бие өргөдөл гаргасан Ч.Б гэж хүнийг танихгүй. Норовжаргал гэдэг хүн 2012 оны 10-аас 11 дүгээр сарын үед Даваадорж гэдэг хүнээр дамжуулж уулзсан. Уулзаад надад хашааны хэрэг байна, хашаа худалдаж авах санаатай байна гэдгээ ярьж байсан юм. Тэгээд таныг хашаагаа зарж магадгүй гэж бодоод уулзаж байна. Даваадоржийн гэрт Норовжаргал найзтайгаа ирчихсэн байсан. Би Норовжаргалд ахынх нь хашаа одоохондоо зөвшөөрөл гараагүй байгаа. Бичиг баримт нь гарсан хойно болох байлгүй гэж хэлсэн. Түүнээс хойш 2013 оны хавар 5 дугаар сарын үед Даваадорж надтай уулзаад ахаа би таны хашааг Норовжаргалд зараад өгөх үү гэхээр нь бичиг баримт нь гараагүй газрыг зарж болохгүй байлгүй дээ гэхэд Даваадорж болноо болно, би зохицуулна гэж хэлсэн. Та Норовжаргалтай миний утсаар одоо яриад би Даваадоржоос 5,500,000 төгрөг авчихлаа. Чи Даваадоржид 5,500,000 төгрөг өгөөд миний газрыг ав гэж хэлээтэх гэхээр нь би юу ярьж байгаа юм бэ? Юу ч аваагүй байж би юу гэж тэгж хэлэх юм бэ. Норовжаргалд 5,500,000 төгрөгөөр зарна гэж яриагүй шүү дээ. Гэтэл Даваадорж би Норовжаргалаас мөнгө авах боломж бий. Учир нь ээж нь миний ээжийн дор Архангайн артелд ажиллаж байсан юм. Тийм учир би ээжээр ээжийг нь дарамтлуулж байгаад авчихна гэсэн. Тэгэхээр нь би Даваадоржийг энэ нөхөр ер нь юу яриад байна аа гэж бодоод, нэгдүгээрт би хашаагаараа наймаа хийгээгүй, хоёрдугаарт би чамаас мөнгө төгрөг аваагүй байж авсан гэж хэлнэ гэж байхгүй шүү дээ гээд зөвшөөрөөгүй. Тэрнээс хойш Даваадоржтой хашаа хорооны талаар яриагүй мартсан байсан. Гэтэл жил гаруй хугацааны дараа Даваадорж хар өнгийн старикс маркийн машинтай манай гадаа ирээд уулзъя гэхээр нь би машинд нь суугаад ярилцахад Даваадорж, за Сүхээ ахаа, нөгөө Норовжаргалд чинь танай хашааны бичиг баримтыг хүнээр газрын албатай яриулаад гаргуулаад нэр дээр нь болгоод өгчихлөө. Тэгэхээр нь би миний оролцоогүйгээр яахаараа дур мэдэн миний хашааг хүний нэр дээр болгож өгдөг юм бэ? гэхэд Даваадорж нэгэнт би Норовжаргалд бичиг баримтыг нь гаргаад өгчихсөн юм чинь та өгнө гэснээрээ өгчих гэв. Би Норовжаргалд хашаагаа яг өгнө, авна гэж яриагүй байхад бичиг баримтыг гаргаж өгдөг чинь буруу шүү дээ, ер нь би хашаагаа зарах бодолгүй байна гэхэд Даваадорж, би зохих ёсны мөнгө төгрөг зарлагадаад бичиг баримтыг нь гаргаад өгчихсөн байхад чи хашаагаа өгчих гэх мэтээр дарамтлах маягтай байсан. Мөн Норовжаргал энэ 1 сая төгрөгийг түр авч бай, үлдэгдэл мөнгийг нь удахгүй өгнө гэж хэлүүлсэн гээд надад өгөхөд би хөгшин хүн, намайг залуу улсууд яачих ч юм билээ гэж бодоод арга буюу зөвшөөрсөн. Түүнээс хойш Даваадорж, Норовжаргалын аль алинтай нь ч уулзаагүй байж байгаад жил гаруй хугацааны дараа Даваадорж надтай уулзаад нөгөө Норовжаргал новш чинь мөнгөө өгдөггүй, та энэ 700,000 төгрөгийг авч бай. Би нэхэж байгаад удахгүй авч өгнө гэж хэлээд явсан. Түүнээс хойш Даваадорж хэдэн жил уулзалдахгүй байж байгаад нэг уулзахдаа би танд одоо 200,000 төгрөг л өгөөд хашааны чинь мөнгө болсон шүү гэж хэлэхээр нь чи юу яриад байгаа юм бэ, чиний надад өгсөн мөнгө чинь 1,690,000 төгрөг өгсөн шүү дээ гэхэд Даваадорж, битгий солиор, одоо чамд өгөх өглөг байхгүй, өгвөл 200,000 төгрөг л өгнө гээд явснаас хойш уулзаагүй. Ер нь миний бодоход энэ хүмүүс миний хашааг хямд үнээр луйвардаж авах гээд байгаа нь ойлгомжтой байна. Учир нь Норовжаргал үнэхээр миний хашааг худалдаж авах гэсэн бол надтай уулзаад, хууль ёсны дагуу бичиг баримтыг нь бүрдүүлээд зохих ёсны мөнгө төгрөг өгөх байтал мөнгө төгрөг өгөх нь битгий хэл нэг ч удаа уулзаагүй өдий хүрч байна. Чухам Даваадоржид мөнгө өгсөн эсэхийг би мэдэхгүй юм. Эцэст нь Норовжаргал, Даваажаргал гэж энэ хүнд миний хашааг зарсан гэж байгаа юм. Миний бодлоор Батжаргал гэж хүн Норовжаргалтай наймаа үнэхээр хийсэн бол надтай уулзаж, худалдаж авсан хашаагаа үзэж, харж авч өгөх ёстой баймаар санагдах юм. Би энэ хашаандаа 13 жил амьдарч байгаа хүн. Энэ хавийн хүмүүс сайн мэднэ. Би үнэхээр энэ хүмүүсээс 5,500,000 төгрөг авсан бол миний амьдрах орчин, амьдрал минь одоогоо бодвол өөр болох байсан байх даа. Эцэст нь хэлэхэд Батжаргал гэдэг хүн намайг биш, Норовжаргал гэдэг хүнийг ч шүүхэд өгч шалгуулах ёстой юм шиг санагдаж байгаа юм. Учир нь Норовжаргал, Батжаргал, Даваадорж гэх хүмүүс миний хашааг луйвардах аргаар хямд төсөр үнээр авах гээд байгаа юм шиг санагдаад байгаа юм. Миний энэ үнэн байдлыг нягтлан шалгаж үзээд хашаан бичиг баримтыг миний нэр дээр болгуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч С.Бэд холбогдуулан Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Монлаагийн 17-1 тоот хаягт байрлах газрыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ч.Б нь Л.Норовжаргалтай 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Газар худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Мон лаа 17-р гудамж, 1 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбай бүхий газрыг 1,500,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг байгуулж, Ч.Бын нэр дээр шилжүүлсэн болох нь “Газар худалдах, худалдан авах гэрээ” /хэргийн 7-р хуудас/, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000534138 дугаартай, Г-2201055045 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 5-р хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч уг газрыг зараагүй, би эзэмшиж байсан, гэрчилгээгээ авахаар газрын албанд хандахаар тэр хавийн газар үеийн аман дээр байгаа гээд гэрчилгээ гаргаж өгөхгүй байсан, энэ хүмүүс яаж гэрчилгээг гаргуулж авсныг мэдэхгүй, Норовжаргал гэдэг хүнийг Даваадорж гэж хүнд анх надтай танилцуулж, надад 990,000 төгрөг, 200,000 төгрөгийг өгсөн. Би хашаагаа зарахгүй авахгүй гэсэн боловч мөнгийг үлдээсэн одоо ч байгаа, энэ миний эзэмшлийн газар гэсэн тайлбарыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн албан бичигт хавсаргасан баримтаар Л.Норовжаргалд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн засаг даргын А/866 дугаартай захирамжаар уг газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэж 0005368 дугаартай Газар өмчлүүлэх тухай шийдвэрийг олгожээ. Уг шийдвэрийг үндэслэн Л.Норовжаргал 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр газрын өмчлөлийн эрхийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж улмаар 000536303 дугаартай, улсын бүртгэлийн Г-2201055045 дугаарт бүртгүүлэн, Газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байна. /хэргийн _.......-р талууд/
Хариуцагч С.Б нь уг газарт 2007 оноос хойш эзэмшиж, амьдарч байгаа гэсэн тайлбарыг гаргадаг боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн н.Даваадоржоор дамжуулан Л.Норовжаргал миний газрыг өөрийн нэр дээр эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар гаргуулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар газрын албанд болон холбогдох эрх бүхий байгууллагад хандах эрхээ хэрэгжүүлсэн эсэх нь нотлогдохгүй байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглосон байх ба хариуцагч зохих зөвшөөрлийн дагуу уг газрыг эзэмшиж байсан нь баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч Ч.Б нь Л.Норовжаргалаас гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй байх тул түүнийг хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан ба нэхэмжлэгч Ч.Б нь эрхийн улсын бүртгэлийн Г-2201055045 дугаарт бүртгэлтэй 000534138 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 700 м.кв газрын хууль ёсны өмчлөгч мөн болох нь тогтоогдож байх тул хариуцагч С.Бийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.
Хэрэв хариуцагч С.Б нь уг газрыг эзэмшиж, ашиглах эрхэй бөгөөд иргэн Л.Норовжаргал нь хууль бусаар маргаан бүхий газрыг эзэмшил өмчлөлдөө авсан гэж үзвэл холбогдох баримтаа цуглуулан буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Мон лаа 17 гудамж, 1 тоот хаягт байршилтай газрыг чөлөөлөхийг хариуцагч С.Бэд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Мон лаа 17 гудамж, 1 тоот хаягт байршилтай, Г-2201055045 дугаарт бүртгэлтэй, 000534138 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 700 м.кв газрыг хариуцагч С.Бийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгосугай.
3.Хариуцагч С.Б нь хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН