Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/01365

 

                                    

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2019/00763 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 212/МА2020/00019 дүгээр магадлалтай,

 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох

8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд:  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2013.04.19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс танил байдлаа ашиглан ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулахгүйгээр өөртөө 8,000,000 төгрөг шилжүүлэн авч ашигласан байна. Үүнээс хойш 6 жил өнгөрсөн боловч авсан мөнгөө Сум хөгжүүлэх санд буцаан төлөөгүй байжээ.

Иймд ,,,,,,,,,,,,,,,,,,,ээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 8,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2019/00763 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.4, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Санырау овогт ,,,,,,,,,,,,,,,,ийн ,,,,,,,,,,,,,,,,ээс зээл 8,000,000 /найман сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх санд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь төсвийн байгууллага учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 142,950 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 212/МА2020/00019 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2019/00763 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Санырау овогт ,,,,,,,,,,,,,,,,ийн ,,,,,,,,,,,,,,,ээс 8,000,000.00 (найман сая) төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950,00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн 212/МА2020/00019 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг эс зөвшөөрч “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр гомдол гаргаж байна.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ...” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсгийн зохицуулалт нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр буцааж төлөх хугацаа тогтоогоогүй тохиолдолд түүнийг буцааж төлөхтэй холбоотой зохицуулалт юм. Хэрэгт ямар ч зээлийн гэрээ авагдаагүй байхад талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр буцааж төлөх хугацаа тогтоогоогүй байна гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсгийн зохицуулалт нь зээлийн гэрээнд зээлийн хугацааг тохиролцоогүй бол зээлдэгчийн зээлээ буцаан төлөх үүрэг нь зээлдүүлэгч түүнээс зээлээ төлөхийг шаардахаас шууд  хамааралтай байдаг.

Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч зээлийг буцаан төлөхийг шаардсан мэдэгдэл, шаардлагыг зээлдэгчид хүргүүлснээр зээлээ төлөхийг шаардах эрх нь үүсдэг. Хэрэгт цугларсан нотлох баримтуудад зээлдүүлэгчийн зүгээс зээлийг буцааж төлөх талаар зээлдэгчээс шаардсан нотлох баримт байхгүй бөгөөд зээл авсан гэх 2013.04.19-ний өдрөөс хойших хугацаанд зээлийг буцаан төлөх талаар ямар ч шаардлага, мэдэгдэл ирүүлж байгаагүй. Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчид зээлээ буцаан төлөхийг шаардах нь битгий хэл анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлээ “...2013.04.19-ний өдөр Сум хөгжүүлэх сангаас ямар ч үндэслэлгүйгээр 8,000,000 төгрөг шилжүүлж авсан байна, өөрөөр хэлбэл, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс танил байдлаа ашиглан ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулахгүйгээр өөртөө 8,000,000 төгрөг шилжүүлэн авч ашигласан байна.

Үүнээс хойш 6 жил өнгөрсөн боловч Сум хөгжүүлэх санд авсан мөнгөө буцаан төлөөгүй байжээ. Иймд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид зээлээ төлөхийг шаардсан асуудал биш. Хэрэв зээлийн гэрээнд хугацааг тохиролцоогүй гэж үзэх юм бол зээлдүүлэгч эхлээд зээлдэгчид зээлээ төлөхийг шаардсан мэдэгдэл, шаардлага хүргүүлэх, зээлдэгч мэдэгдэл, шаардлагыг хүлээн авснаас хойш 1 сарын дотор зээлээ төлөх үүргээ биелүүлэх, хэрэв 1 сарын дотор зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой.

Дээр дурдсан зээлдүүлэгч эхлээд зээлдэгчид зээлээ төлөхийг шаардсан мэдэгдэл, шаардлага хүргүүлэх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад давж заалдах шатны шүүх зээлийн гэрээгээр хугацаа тохиролцоогүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон нь үндэслэлгүй. Нөгөө талаар Сум хөгжүүлэх сангийн зээл нь тусгай журмаар зохицуулагддаг зээл юм. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2011.04.27-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын 1.6.2-т “зээлийн хугацаа нь 36 хүртэл сар байна“ гэж тодорхой зааж өгсөн.

Миний авсан зээл Сум хөгжүүлэх сангийн зээл учир тухайн үед зээлдүүлэгч 36 сар буюу 3 жилээс хэтрүүлэхгүйгээр гэрээ байгуулсан байх ёстой. Би зээлийг 2013.04.19-ний өдөр авсан. Дээрх журамд зааснаар зээлийн дээд талын хугацаа 36 сар буюу 3 жил гэж тооцвол миний авсан зээлийн хугацаа 2016.04.10-ны өдөр дуусах ёстой. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” гэж заасан. Энэ хугацаагаар тооцвол нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019.04.19-ний өдөр дууссан. Гэтэл нэхэмжлэгч энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж 2019.10.16-ны өдөр нэхэмжлэл гаргасан байхад шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль бус байна. Иймд гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан 8,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 гэж үзэж, шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулжээ.

Хэдийгээр хэрэгт зээлийн гэрээ, зээл олгох шийдвэр гэсэн бичгийн баримт байхгүй боловч, 2013.04.19-ний өдрийн 11 дугаартай төлбөрийн баримтаар 8,000,000 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,ийн дансанд Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас олгосон болох нь нотлогдож байгаа. Иймээс зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасантай нийцсэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Дээр дурдсанаар зээлдүүлэгч Сум хөгжүүлэх сан гэрээний үүргээ биелүүлж мөнгөн хөрөнгийг зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,д шилжүүлэн өгсөн, харин хариуцагч мөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ зээлийн гэрээний тусгайлсан зохицуулалтыг бус үүргийн гүйцэтгэлтэй холбоотой ерөнхий зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон. Үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1. дэх хэсгийг баримталсан нь үндэслэлтэй.

Учир нь, бичгээр байгуулагдсан зээлийн гэрээ байхгүй энэ тохиолдолд зээлийг буцаан төлөх хугацааг талууд гэрээгээр тохиролцсон гэж үзэх боломжгүй тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар “зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх ба ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэх” ба үүний дагуу нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлснийг буруутгах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэсэн зохицуулалт нь тухайн тохиолдолд нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлснээс хойш тоологдоно. Энэ утгаараа “хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй” гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд, “...шүүх Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, уг зохицуулалт нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр буцааж төлөх хугацаа тогтоогоогүй тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт юм.  Хэрэгт зээлийн гэрээ авагдаагүй байхад талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр буцааж төлөх хугацаа тогтоогоогүй байна гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай...” гэх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй. Тодруулбал, хуулийн уг заалтыг “бичгээр байгуулагдсан гэрээнд хугацаа заагаагүй бол” гэж тайлбарлах боломжгүй, учир нь зээлийн гэрээг амаар, бодит үйлдлээр хийх боломжтой.

Мөн, “...Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсгийн зохицуулалт нь зээлийн гэрээнд зээлийн хугацааг тохиролцоогүй бол зээлдэгчийн зээлээ буцаан төлөх үүрэг нь зээлдүүлэгч түүнээс зээлээ төлөхийг шаардахаас шууд  хамааралтай... Шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид зээлээ төлөхийг шаардсан асуудал биш. Хэрэв зээлийн гэрээнд хугацааг тохиролцоогүй гэж үзэх юм бол зээлдүүлэгч эхлээд зээлдэгчид зээлээ төлөхийг шаардсан мэдэгдэл, шаардлага хүргүүлэх, зээлдэгч мэдэгдэл, шаардлагыг хүлээн авснаас хойш 1 сарын дотор зээлээ төлөх үүргээ биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой... эдгээр урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээж авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...” гэх гомдлын тухайд, хуулийн уг заалт нь зээлдүүлэгч шууд шүүхэд хандахыг хориглосон агуулгагүй, нөгөө талаар нэгэнт нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа энэ тохиолдолд хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч (нэхэмжлэл гаргаснаас хойш 1 сарын дотор) зээлийг буцаан төлөх боломжтой байсан, гэвч өнөөдрийг хүртэл төлөөгүй, төлөхгүй гэж маргаж байгаа тохиолдолд “зээлдүүлэгч эхэлж зээлдэгчид мэдэгдэл, шаардлага хүргүүлэх ёстой байсан” гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгохгүй.    

Харин давж заалдах шатны шүүхээс “...журмын 3.2.4-т эргэн төлөгдсөн зээлийн орлогыг тус сангийн дансанд төвлөрүүлэх нь сумын Засаг даргын үүрэг байхаар журамласан тул...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг “нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ,,,,,,,,,,,,,,,,, олгох”-оор өөрчилсөн нь оновчгүй болжээ. Учир нь, нэгэнт шүүхийн журмаар хариуцагчаас зээлийн мөнгийг гаргуулж байгаа тохиолдолд Засаг дарга “төвлөрүүлэх” шаардлагагүй, харин “Cум хөгжүүлэх сан”-д шууд олгох нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд найруулгын өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 212/МА2020/00019 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...,,,,,,,,,,,,,,,,,,,...” гэснийг “...Сум хөгжүүлэх санд...” гэж өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.ЗОЛЗАЯА

                                    ШҮҮГЧИД                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                                            Б.МӨНХТУЯА

                                                                                                            Х.СОНИНБАЯР

                                                                                                             Х.ЭРДЭНЭСУВД