Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2021/0337

 

 

 

 

 

 

 

 

 

2021 05 19 128/ШШ2021/0337

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Ч банк ХХК /РД: 2698***/,

Хариуцагч: Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ц.Н,

Гомдлын шаардлага: улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0050246 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Ч банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Золбоо, хариуцагч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан удирдамжийн дагуу Ч банк ХХК-д 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл газар дээр иж бүрэн шалгалтыг хийсэн. Тус шалгалтаас Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0050246 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн Ч банк ХХК-ийг 100,000 нэгж буюу 100,000,000 төгрөгөөр торгосон.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлцэл, эс үйлдэхүйг илрүүлсэн бол эрх бүхий албан тушаалтан проркурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулна, мөн зүйлийн 2-т эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн эсвэл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор зөрчлийн хэрэг үүсгэх, татгалзах асуудлыг шийдвэрлэхээр заасан байна. Иймд Монгол банкны хянан шалгагч нь Ч банк ХХК-д 2020 оны 04 сараас мөн оны 10 сар хүртэл хяналт шалгалт хийж, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нийт 21 ширхэг улсын байцаагчийн акт ирүүлж, зөрчлийн хэрэг нээж байгаа талаар мэдэгдсэн учир энэ үеэс зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд зөрчлийн хэрэг бүртгэлтийг эрх бүхий албан тушаалган 14 хоног, шаардлагатай тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хоног хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж зааснаар зөрчлийн хэргийн хэрэг бүртгэлтийн боломжит хугацаа нь нийт 58 хоногт явагдаж дуусахаар байна. Гэтэл Монгол банкны хянан шалгагч нь 2020 оны 10 дугаар сард зөрчлийг илрүүлсэн. Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх 58 хоногийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан үед буюу 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 0050246 тоот шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан байх тул уг шийтгэлийн хуудас нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн Монгол банкны хянан шалгагч нар нийт 7 сарын хугацаанд Ч банк ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд ямар зөрчил илрүүлсэн талаараа холбогдогчид мэдэгдээгүй, түүнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан буюу ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх эрхийг зөрчсөн үйлдэл болсон.

Мөн эрх бүхий албан тушаалтан буюу Монгол банкны хянан шалгагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр томилж, холбогдогчийн эрх үүргийг эдлүүлэх замаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах учиртай байхад тэдгээрийг оролцуулалгүйгээр зөрчлийг шалган шийдвэрлэж, шийтгэлийн хуудсыг хууль ёсны төлөөлөгчөөр томилогдоогүй этгээдэд танилцуулсан байгаа нь холбогдогч Ч банк ХХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна.

Иймд Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч Ц.Нийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0050246 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн зөрчлийн хэрэг нээсэн гэсэн албан бичгийг тэр өдөр нь хүлээн авсан, энэ талаар маргахгүй. Улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний актыг мөн хүлээн авсан, актыг эс зөвшөөрч гомдол гаргаагүй, зөрчилтэй маргаагүй, манайх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчийг 2020 оны 11 дүгээр сарын 03-нд томилж хүргүүлсэн тул итгэмжлэгдсэн төлөөлөгчийг дуудаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, эрхээр хангаагүй гэж маргаж байгаа. Холбогдогчийг төлөөлөх эрх олгогдоогүй ажилтанд шийтгэлийн хуудсыг гардуулсан байдаг. Монголбанкны 2020 оны 11 дүгээр сарын 04, 11 дүгээр сарын 20, 12 дугаар сарын 21-ний албан бичгүүдийг хүлээж авсан, хүлээж авсан эсэхэд маргаагүй. Энэ үед зөрчилд хамаарах гүйлгээ хийгдээгүй. Үүнээс хойш шийтгэлийн хуудас гарахаас өмнө Вестерн холдинг ХХК-ийн 11 тэрбум орчим төгрөгийн гүйлгээ хийгдсэн гэдэг, бусад гүйлгээ хийгдээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг мэдэж байсан ч төлөөлөгчөөр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирж тайлбар мэдүүлэг авах тухай мэдэгдээгүй. 173 гүйлгээ, 12 харилцагч гэдэг агуулгад маргаж байгаа. 12 харилцагчийн гүйлгээг хийгээгүй учраас 03 тоот улсын байцаагчийн акт гарсан. Нөгөө талаас 173 удаагийн гүйлгээ хийгээгүй, мөн 0050246 дугаартай шийтгэлийн хуудсын үндэслэл болж байна. Гүйлгээний тоо, үнийн дүн хэд байхаас Зөрчлийн тухай хуулийн 11.3-ын 9 дэх хэсэг болон торгуулийн хэмжээнд өөрчлөлт орохгүй. Гэхдээ зөрчилд тооцож байгаа үйлдэл нь тогтоогдсон байж зөрчилд шийтгэл оногдуулах ёстой гэж үзэж байна. Зөрчилд торгууль оногдуулсан заалтынхаа үндэслэлийг бүрэн тогтоох ажиллагаа хийгээгүй байна гэж үзэж байна.

Ч банк ХХК-ийн зүгээс зөрчил үйлдсэн гэдэгтэй маргаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэж маргаж байгаа.

Ч банк ХХК зүгээс тухайн зөрчилтэй холбоотой хийгдсэн хяналт шалгалтын ажиллагаанд бүх бичиг баримтаа гаргаж өгч хамтран ажилласан. Бусад актын хувьд зөрчлийн хэрэг нээсэн талаар мэдсэн учир хууль ёсны төлөөлөгчөө томилж шаардлагатай тохиолдолд ажиллагаанд оролцохоо мэдэгдсэн. Гэтэл Монголбанкны зүгээс дуудаж ямар нэгэн тайлбар мэдүүлэг аваагүй учраас зөрчлийн хэрэг хаагдсан гэж ойлгож байсан. Гэтэл зөрчлийн хэрэг нээгээд хаагдах хүртэл хугацаанд мэдэгдээгүй байж 1 дүгээр сард мэдэгдэх хуудас ирүүлсэн. Хянан шалгагч Ц.Нийн хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Ч банк ХХК-д очиж уулзах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд гаргасан Ч банк ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн гомдлын шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

Монголбанкны ерөнхийлөгчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн баталсан Ч банк ХХК-д газар дээрх иж бүрэн шалгалт хийх удирдамжийн дагуу 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааг хамруулж, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд хийж гүйцэтгэсэн.

Шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хянан шалгагч, улсын байцаагч Ц.Н миний бие ажиллаж, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлтийг шалган дараах зөрчлийг илрүүлсэн.

- 12 харилцагчийн 151,575,420,184.04 төгрөгийн гүйлгээг харилцагчийн анхны шаардлагаар төлбөрийн даалгаварын баримтыг үндэслэн гүйлгээ хийгээгүй,

- 173 удаагийн 202.4 тэрбум төгрөгийн дүнтэй гүйлгээг харилцагчийн анхны шаардлагын дагуу тухайн өдөр нь гүйцэтгээгүй, банк хоорондын төлбөр тооцооны дансанд саатуулсан.

Энэ нь Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалт, Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А-294/340 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Нягтлан бодох багц журам-ын 5.4.Д.4 дэх заалтыг зөрчсөн болно.

Иймд дээрх зөрчлүүдтэй холбоотой нотлох баримт цуглуулах, холбогдогчоос мэдүүлэг авах зэрэг нэмэлт ажиллагаануудыг явуулсан боловч мэдүүлэг өгөөгүй, зөрчлийн үр дагаварыг арилгаагүй тул 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2101000010 дугаартай зөрчлийн хэрэг нээн, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Монголбанкны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А-6/120 тоот албан бичгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон зөрчлийн хэрэг нээж байгааг Ч банк ХХК-д танилцуулж, банкийг төлөөлж мэдүүлэг өгөх, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх холбогдох ажилтныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор томилж Монголбанкны Хяналт шалгалтын газарт ирүүлэхийг мэдэгдсэн. Үргэлжлүүлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтнаар 14 хоног, прокурорын зөвшөөрлөөр 30 хоног хүртэл сунгасан боловч банкнаас тус албан бичигтэй холбоотой хариу ирүүлээгүй тул 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0050246 дүгаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн Ч банк ХХК-д 100,000 нэгж буюу 100,000,000.00 төгрөгийн торгох шийтгэл оногдуулаад байна. Мөн холбогдогч нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаанд эс үйлдэхүйгээрээ саад болсон. Энэ талаар ямар нэгэн тайлбар ирүүлэлгүй байдаг.

Төв банкны тухай хуулийн 19.1 дүгээр зүйл, Банкны тухай хуулийн 16.1.1, 16.1.2 дугаар заалтыг үндэслэн Банкны нягтлан бодох бүртгэлийн багц материал-ыг Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А-294/340 дүгээр хамтарсан тушаалаар баталсан. (Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 3848 дугаартай бүртгүүлсэн)

Монголбанкны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А-6/120 тоот албан бичгээр холбогдох зөрчлүүдэд зөрчлийн хэрэг нээсэн талаар хүргүүлсэн байхад Ч банк ХХК нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаа эрхийг зөрчсөн үйлдэл болсон гэж нэхэмжлэлд дурьдсан нь үндэслэлгүй байна.

Мөн холбогдогч Ч банк ХХК-ийн гаргасан гомдолд Монголбанкны хянан шалгагч нь 2020 оны 10 дугаар сард зөрчлийг илрүүлэн акт тогтоосон боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчил шалгах шийдвэрлэх 58 хоногийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан үед буюу 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 0050246 тоот шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсныг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан удирдамжийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд шалгалтыг хийж гүйцэтгэсэн, Ковид-19 цар тахлын эсрэг Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор зайнаас ажиллаж эхэлсэн хэдий ч илэрсэн зөрчилтэй холбоотой холбогдогчоос мэдүүлэг авахаар удаа дараа хандсан боловч хариу үйлдэл гаргаагүй, мөн зөрчлийн хэрэг нээсэн талаар албан бичгээр мэдэгдсэн хэдий ч тогтоолыг эс зөвшөөрсөн талаар зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорт гомдол гаргаагүй.

Улсын байцаагчийн актад тайлбар гаргах итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон 2020 оны 11 дүгээр сарын 03-ны албан бичгийг 2021 оны 3 дугаар сарын 25-нд надад танилцуулсан. Харилцагчийн анхны шаардлагаар гүйлгээ хийгээгүй саатуулсан 2 төрлийн зөрчил нийт 12 харилцагчийн 173 удаагийн 204 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдээгүй, үйлдлээрээ 2 зөрчилд ялгасан. Эхнийх нь банк гүйлгээн дээр шивж оруулаад дараа нь харилцагч нартаа олгох ёстой.

Банкны тухай хуулийн 48.1.2 дахь заалтад сануулах, хугацаатай үүрэг даалгавар өгөх гэж заасан. Энэ дагуу акт бичиж Монголбанк хугацаатай үүрэг өгсөн. Монголбанкны улсын байцаагчийн дүрмээр акт бичихээр заасан. Актаар заасан зөрчлийг арилгаагүй учраас шийтгэлийг Зөрчлийн тухай хуулиар ногдуулдаг. Ч банк ХХК-ийн захирлын туслах Болор, Цолмон гээд хүмүүст албан бичгийг тус банкинд хүлээлгэж өгсөн гэдгээ баталгаажуулсан. 2021 оны 1 дүгээр сарын 29-нд зөрчлийн хэрэг нээсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж ирүүл гэсэн албан бичиг өгсөн, дахиж шаардаагүй. Ковидын хязгаарлалтаар ажиллаж байсан. Харилцагчийн гүйлгээ хийгээгүй, зөрчлийг арилгаагүй гэдэг агуулгаар зөрчлийн хэрэг нээсэн. Улсын байцаагчийн акт гарснаас хойш Ч банк ХХК-иас хүн ирж уулзаагүй. Монголбанкны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичгээр улсын байцаагчийн актаар гүйлгээний тохируулга хийхийг мэдэгдсэн, дараагийн 2 албан бичгээр тухайн банктай холбоотой бүх асуудлыг нийтэд нь дурдсан. Зөрчлийн дүнтэй зүйлчлэл, торгуулийн хэмжээ хамааралгүй.

Иймд Ч банк ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зөрчлийн хэрэг, бусад нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр Ч банк ХХК-ийн гаргасан Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0050246 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн удирдамжаар хянан шалгагч, улсын байцаагч Э.Нямдэлэг Ч банк ХХК-д газар дээрх иж бүрэн хяналт шалгалтыг 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааг хамруулж, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд хийж, банкны санхүү, төлбөрийн чадварын байдал, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлтийг шалгахад 12 харилцагчийн 173 удаагийн 202.4 тэрбум төгрөгийн дүнтэй гүйлгээг харилцагчийн анхны шаардлагаар төлбөрийн даалгаварын баримтыг үндэслэн гүйлгээ хийгээгүй, банк хоорондын төлбөр тооцооны дансанд саатуулсан зөрчил илэрчээ.

Манголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг болон Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А-294/340 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Нягтлан бодох багц журам-ын 5.4.Д.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзээд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр улсын байцаагчийн 2020/051/001 дүгээр актаар 12 харилцагчийн 151,575,420,184.04 төгрөгийн гүйлгээг харилцагчийн анхны шаардлагаар төлбөрийн даалгаварын баримтыг үндэслэн гүйлгээ хийгээгүй, 2020/051/003 дугаар актаар 173 удаагийн 202.4 тэрбум төгрөгийн дүнтэй гүйлгээг харилцагчийн анхны шаардлагын дагуу тухайн өдөр нь гүйцэтгээгүй, банк хоорондын төлбөр тооцооны дансанд саатуулсан зөрчлийг арилгуулахаар үйлдэж Ч банк ХХК-д хүргүүлсэн, актыг тус банкны гүйцэтгэх захирал, санхүү хариуцсан дэд захирал тус тус гарын үсэг зурж хүлээж авчээ.

Улмаар акт тавигдсан зөрчлүүдийг арилгаагүй, харилцагчдын гүйлгээг хийгээгүй саатуулсан хэвээр байсан тул 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2101000010 дугаартай зөрчлийн хэрэг нээж, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А-6/120 тоот албан бичгээр зөрчлийн хэрэг нээсэн, банкийг төлөөлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох, мэдүүлэг өгөх, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх холбогдох ажилтныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор томилж ирүүлэх-ийг мэдэгдэж, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0050246 дүгаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт банкны тухай хууль зөрчиж гүйлгээг саатуулсан бол хуулийн этгээдийг 100,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар 100,000,000.00 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

Гомдол гаргагч нь шалгалтаар 12 харилцагчийн 151,575,420,184.04 төгрөгийн гүйлгээг харилцагчийн анхны шаардлагаар төлбөрийн даалгаварын баримтыг үндэслэн гүйлгээ хийгээгүй, 173 удаагийн 202.4 тэрбум төгрөгийн дүнтэй гүйлгээг харилцагчийн анхны шаардлагын дагуу тухайн өдөр нь гүйцэтгээгүй, банк хоорондын төлбөр тооцооны дансанд саатуулсан гэх зөрчил тогтоогдсон талаар маргаагүй, харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулаагүй, тодруулбал зөрчил шалган шийдвэрлэх хуулиар тогтоосон 58 хоногийн хугацааг хэтрүүлсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийн төлөөлөгчийг оролцуулаагүй, эрхийг эдлүүлээгүй, шийтгэлийн хуудсыг холбогдогчийг төлөөлөх эрхгүй этгээдэд гардуулсан гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргажээ.

Өөрөөр хэлбэл 12 харилцагчийн 173 удаагийн нийт 202.4 тэрбум төгрөгийн дүнтэй гүйлгээг харилцагчийн анхны шаардлагын дагуу гүйцэтгээгүй, банк хоорондын төлбөр тооцооны дансанд 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 8 сарыг дуусталх хугацаанд саатуулсан, гүйлгээ хийгдээгүй гэх зөрчил тогтоогдсон, зөрчил гарсан эсэх, зөрчлийн дүн, хэмжээтэй маргаагүй байна. Үүнийгээ санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалсан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тайлбарлах боломжтой байсан гэж тайлбарладаг.

Гомдол гаргагч нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн улсын байцаагчийн актуудыг болон 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А-6/120 тоот зөрчлийн хэрэг нээсэн, банкийг төлөөлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох, мэдүүлэг өгөх, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх холбогдох ажилтныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор томилж ирүүлэх-ийг мэдэгдсэн албан бичгийг тухайн өдөр нь хүлээн авсан[1] бөгөөд ийнхүү зөрчлийн хэрэг үүссэнийг мэдсэнээс хойш шийтгэлийн хуудсыг хүлээн авах хүртэл буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаанд 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл зөрчил бүрэн арилсан, саатсан гүйлгээ бүрэн хийгдэж дууссан гэж гомдол гаргагч маргаагүй, 1 харилцагчийн тухайд тодорхой үнийн дүнгээр гүйлгээ хийгдсэн гэж тайлбарлаж буй ч, харилцагчийн анхны шаардлагаар гүйлгээ хийгээгүй, саатуулсан зөрчлийн үйлдлийн тоо, үнийн дүн өөрчлөгдөх нь шийтгэл оногдуулсан Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг буюу зүйлчлэл, мөн торгуулийн хэмжээнд нөлөөлөхгүй болно.

Монголбанкны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А-6/120 тоот албан бичгээр зөрчлийн хэрэг нээсэн, банкийг төлөөлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох, мэдүүлэг өгөх, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх холбогдох ажилтныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор томилж ирүүлэхийг мэдэгдсэн байхад уг албан бичгийг тухайн өдөр нь хүлээн авсан ч тогтоосон хугацаанд болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон хугацаанд холбогдогчийг төлөөлөх этгээдийг томилоогүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна. Өөрөөр хэлбэл ийнхүү зөрчлийг хэрэг нээсэн, холбогдогчийн төлөөлөгчийг томилж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцохыг хугацаа тогтоон мэдэгдсэн байх тул холбогдогчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, эрхийг эдлүүлээгүй гэх Ч банк ХХК-ийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Түүнчлэн удирдамжаар хийгдсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар бичсэн улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн актуудтай танилцан актад холбогдох тайлбар, нотлох баримт гаргаж өгөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилон 2020 оны 11 дүгээр сарын 03-нд хх/1103/01 тоот албан бичгээр Монгол банкинд итгэмжлэл, хууль зүйн туслалцааны гэрээг хүргүүлсэн байдаг, үүнийг тухайн үед нээгээгүй байсан зөрчлийн хэрэгт холбогдогчийн төлөөлөгчийг томилсон гэж үзэхгүй.

Улсын байцаагчийн акт нь зөрчлийг тогтоож, зөрчлийг арилгуулах үр дагавар үүсгэх бөгөөд харин хариуцлага, шийтгэл хүлээлгэж буй хэрэг биш.

Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.8, 43.2.10-т зааснаар Монголбанк нь төлбөр түргэн гүйцэтгэх чадварт тусгай шаардлага тавих, хуулиар банкинд тавигдсан нөхцөл, шаардлага, шалгуурыг хангаж ажиллахыг банкнаас шаардах бүрэн эрхтэй бөгөөд, 48 дугаар зүйлийн 48.1.2-т зааснаар банк нь Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн, банкны тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан бол Монголбанк урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгөх зохицуулалттай, энэ хүрээнд шалгалтаар тогтоогдсон зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 2020/051/001, 2020/051/003 дугаартай актаар зөрчил гэж үзсэн саатуулсан гүйлгээнүүдийн жагсаалтыг хүргүүлж, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр А-6/1320 тоот албан бичгээр улсын байцаагчийн актад заасан тохируулгын гүйлгээг 11 дүгээр сарын 06-ны дотор хийх хугацаатай үүрэг даалгавар өгсөн, улмаар 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А-6/1357 тоот, 2020 оны 12 дугаар сарын 21-ны өдөр А-6/1447 тоот албан бичгүүдээр улсын байцаагчийн актад заасан тохируулгын гүйлгээ хийх хугацаатай үүрэг биелэгдээгүй, Монголбанкинд ирүүлсэн санхүүгийн тайлан бодит байдлаас их хэмжээний зөрүүтэй, банкны тайлан тэнцлийг үнэн зөв болгох арга хэмжээг албадан гүйцэтгүүлж тохируулга хийснийг болон банкинд албадлагын арга хэмжээ авах нөхцөл үүссэнийг мэдэгдсэн байна.

Ийнхүү Ч банк ХХК нь Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 банк заавал байлгах нөөц,  төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх шаардлагыг хангаж ажиллана, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 Банк нь төлбөр хариуцагчаас ирүүлсэн төлбөрийн гүйлгээг тэр өдөрт нь багтаан гүйцэтгэнэ. гэсэн заалтыг зөрчиж, 12 харилцагчийн 173 удаагийн нийт 204 тэрбум төгрөгийн гүйлгээг харилцагчийн анхны шаардлагаар хийгээгүй, гүйлгээг саатуулсан болох нь тогтоогдсон, зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн акт, гүйлгээнд тохируулга хийх мэдэгдлийг Монголбанкны албан бичгээр өгсөн ч харилцагчдын гүйлгээг хийгээгүй, саатуулсаар байсан тул Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 9-д заасан банкны тухай хууль зөрчиж гүйлгээг саатуулсан зөрчилд нэг зуун хянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Зөрчилд холбогдогч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх этгээдээ томилж ирүүлээгүйгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй байх бөгөөд зөрчилд холбогдогчийн төлөөлөгчийг томилж, тайлбар мэдүүлэг аваагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулаагүй буюу уг ажиллагаанд оролцох эрхээр хангаагүй улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг зөвтгөхгүй ч энэ нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 9, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.19, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0050246 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Ч банк ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА

 

 


[1] Хэргийн 32, 34, 75 дугаар хуудас