Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0498

 

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0498

Улаанбаатар хот

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2024/0493 дугаар шийдвэрийг хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбаатарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Х ХХК

Хариуцагч ХБХГ

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

 

Хэргийн индекс: 128/2024/0215/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2024/0493 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг тус тус баримтлан Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 10 дугаар сарын 004-ний өдрийн 2016/390 дүгээр актын 2 дугаар хэлхээний 446 метр цэвэр усан хангамжийн шугам гэсэн хэлсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

2. Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбаатар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ..."Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-ын 2016/390 тоот Улсын комиссын актын тухайд Барилгын хөгжлийн төвийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 731/2014 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтэд дугаар сарын хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын захиалгаар "Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн гадна инженерийн хангамжийн шугам"-ын угсралтын ажлыг "ТэшӨргөө ХХК-ийн боловсруулсан ТШ-05/16 дугаартай зураг төслийн дагуу дулаан хангамжийг Ус дулаан дамжуулах төвд бэлтгэн хангах ба ф133х4.5 мм-ээс $325х8.0 мм-ийн голчтой ган хоолойгоор дулааны сувагт явахаар төлөвлөсөн ба хэрэгцээний халуун, хүйтэн усны шугамтай хамт явна гэж тусгасан байна. Захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын Х ХХК-д хүргүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 20-ны 2/5007 дугаартай албан бичигт төсөл, арга хэмжээний угсралтын ажлыг "Тэш-Өргөө ХХК-ийн боловсруулсан зураг төслийн дагуу хоёрдугаар хэлхээний цэвэр ус хангамж болон хэрэгцээний халуун хүйтэн ус хангамжийн шугам сүлжээ буюу ф100мм-ийн голчтой 83м, ф150мм-ийн голчтой 514м, ф200мм-ийн голчтой 695м, ф250мм-ийн голчтой 46 метр шугам буюу нийт 3 хос буюу тус бүрийн нийлбэр 1338м шугам сүлжээний угсралтын ажил хийгдсэн талаар тодорхой хариуг хүргүүлсэн байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар (хуучин нэрээр)-ын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2016/390 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актад хавсралтаар орсон инженерийн шугам сүлжээний ажлын гүйцэтгэлийн зураг, далд ажлын актаас харахад дулааны сувагт 5 хос шугамын угсралтын ажил хийгдсэн байна. Иймд дээрх шугамуудын нийт уртын хэмжээс нь 446 метр урт байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2024/0493 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбаатарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч Х ХХК-аас ХБХГт холбогдуулан, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2016/390 дүгээр актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүх ... Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн цэвэр усан хангамж, гадна дулааны шугамын гүйцэтгэлийн зураг, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2023 оны 2/5007 дугаар албан бичиг, фото зураг баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компани нь цэвэр ус хангамжийн 3 хос шугам хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна. ... Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-д зааснаар утга, агуулгын илэрхий алдаатай ... гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

4. Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, инженерийн шугам сүлжээний талаар тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл буюу нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, хэрхэн сэргэх талаар тодруулаагүй, уг актын маргасан хэсгийг утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэхээргүй байхад энэ үндэслэлээр илт хууль бус гэж үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасанд нийцэхгүй байна.

4.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, Хэра холдинг ХХК болон Х ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 06/2014 дугаар Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороо, ханын материал орчмын гэр хорооллын цэвэр усны ф100-300 мм-ийн 3216 м шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу инженерийн шугам сүлжээ барих ажлыг гүйцэтгэсэн, уг гэрээний гүйцэтгэл, төлбөрийн талаар маргасныг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/02082 дугаар шийдвэрээр шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээнүүд, шүүхийн шийдвэр, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, дулаан, цэвэр усан хангамжийн системийн угсарсан сорилгоор шалгарсан акт зэрэг баримтуудыг маргаан бүхий актын хамт тус тус үнэлжээ.

4.2. Гэтэл нэхэмжлэгч нь 1338 м шугамын ажил хийсэн байхад 446 м гэж маргаан бүхий актад тусгасны улмаас иргэний шүүхээр төлбөр төлөхөөр болсон гэх боловч уг маргаан бүхий актад 446м гэж тусгасныг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгч нь 1338 м шугам сүлжээ барьсныг илэрхийлэх эсэх, ямар агуулгаар ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрхэн сэргэнэ гэж үзсэн нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах шаардлагатай байна.

5. Мөн үүнтэй холбоотой тухайн захиргааны хэргийн улмаас бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэх, гуравдагч этгээдээр оролцуулах эсэхийг шийдвэрлэх шаардлагатай.

6. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2/5007 дугаар албан бичгээр ... Тухайн төсөл арга хэмжээний угсралтын ажлыг Тэш-Өргөө ХХК-ийн боловсруулсан ТШ-05/16 дугаартай зураг төслийн дагуу хоёрдугаар хэлхээний цэвэр ус хангамж болон хэрэгцээний халуун, хүйтэн ус хангамжийн шугам сүлжээ буюу ф100мм-ийн голчтой 83 метр, ф150мм голчтой 514 метр, ф200мм-ийн голчтой 695 метр, ф250мм-ийн голчтой 46 метр шугам буюу нийт 3 хос 1338 метр шугам сүлжээний угсралтын ажил хийгдсэн ... гэж, нэхэмжлэгч нь 446м цэвэр усан хангамжийн системийн шугамууд нь хэрэглээний халуун, хүйтэн усны шугам, халуун эргэлтийн шугам байдаг бөгөөд энэ нь 446*3м урттай шугамын ажил хийгдсэн гэж, мөн хэрэгт ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой баримтууд, шүүхийн шийдвэр, магадлалын ерөнхий дүгнэлт, актуудад заасан инженерийн шугам сүлжээний зориулалт, хэмжээ, байршил зэргийг үнэлэхэд тусгай мэдлэг шаардагдахаар байхад мэргэжлийн этгээдээр дүгнэлт гаргуулах, эсхүл холбогдох байгууллагаас тодруулаагүй, энэ талаар тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байна.

7. Иймд дээрх нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэлийг хүлээж авах эсэх, нэхэмжлэл үндэслэлтэй эсэх, илт хууль хууль бус гэж үзэх үндэслэлд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2024/0493 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбаатарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Д.ОЮУМАА

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ