Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 126

 

                                             Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг

Улсын яллагч Б.Ичинхорол

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг

Хохирогч Т.*******

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* ******* овогт ******* *******од холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 8 сарын 03-ны өдөр Оросын Холбооны Чита мужий Крын районд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4-12 насны 2 хүүхэд, хадам ээж, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Ногооны ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хөгжлийн бэрхшээлтэй /нэг нүд сохорсон/, 50 хувийн группэд байдаг, ******* регистрийн дугаартай,******* ******* овогт ******* *******.

Шүүгдэгч Ц.******* нь согтуугаар 2016 оны 10 сарын 08-ны өдрийн 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Уурхайн байрны урд талд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Т.*******ыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ц.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 10 сарын 08-ны өдөр Баян-Уул суманд байж байгаад аймаг руу гараад өглөө 08 цагийн орчимд аймгийн төвд ирсэн. Тэгээд шууд найз *******ын гэрт  буюу Хэрлэн сумын 2 дугаар багт ирж автомашин засварлаж байгаад орой 17 цагийн орчимд манай найз ******* бид 2 том савтай пиво болон архи хувааж уусан. Тэгээд би удалгүй *******ын гэрээс гараад өөрийнхөө гэрт ирэхэд манай эхнэр гэртээ байхгүй байсан. Тэгээд нэг мэдэхэд би утсаар яриад гэрээсээ гараад явж байсан. Учир нь би архи согтууруулах ундааны зүйл нэлээн их хэмжээгээр хэрэглэсэн байсан. Түүнээс хойш яг юу болсоныг нь сайн санахгүй байна. Нэг мэдэхэд нэг хүн зодоод байх шиг байсан. Яг ямар шалтгаанаас зодсоноо мэдэхгүй байна.Хажуу талаас эмэгтэй хүн боль гээд намайг татаж байсан. Өөр яг юу болсоныг сайн санахгүй байна. Цагдаагийн газарт баригдаж ирээд Т.******* гэдэг хүнийг цохиж зодсон болохоо мэдсэн. Т.******* намайг цохиж зодсон зүйл байхгүй. Миний биед гэмтэл учраагүй. ...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул шалтгаангүйгээр цохиж зодсон. Би Т.*******той урьд өмнө нь маргалдаж зодолдож байсан зүйл байхгүй. ...Надад сонсгож байгаа ялын зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Т.*******ыг шалтгаангүйгээр цохиж зодсон нь үнэн. Эмчилгээний зардал гэж 22000 төгрөг өгсөн. Мөн дахин эмчилгээний зардалтай холбоотой баримтыг үндэслэн нөхөн төлбөрийг нь төлнө. /хх-ийн 36-37, 39-40/

Хохирогч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 сарын  08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг тоот гэртээ нөхөр, хүүхдүүдийн хамт байхад 16 цаг 30 минутын орчим эгч залгаад “хаана байна уулзъя” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “гэртээ байна” гэж хэлсэн. Удалгүй “гэрийн гадаа ирчихлээ” гэж хэлсэн. Намайг гараад очиход гадаа байхгүй байсан бөгөөд утас руу нь залгахад хажуу талын байрны гадна байна гэж хэлсэн. эгчтэй уулзахад нэлээн согтуу байхаар нь уулзаад сууж байхад нөхөр нь залгасан. эгч “Нөхөр маань хөдөө яваад ирсэн. Уулзах гэсэн чинь эгч нь согтуу байна. Хамт гэр рүү яваад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд явж байхад дэлгүүрээс нэг хүн гарч  байгаа харагдсан. Тэр хүнийг “танай нөхөр юм биш үү” гэж хэлэхэд “биш байх” гэж хэлсэн. Ингээд гар утас нь дуугарахад нь нөхөр нь залгаж байгаад бид хоёрыг хараад нөхөр нь ирээд шууд үгийн зөрүүгүй миний нүүр рүү цохьсон. Би зугтах гэсэн боловч чадаагүй. Барьж аваад хөл гараараа цохиж зодсон. Гэхдээ энэ хугацаанд Ц.*******той эвлэрсэн. Манай гэрт ирж албан ёсоор уучлалт гуйсан. Мөн хохирлыг минь барагдуулж өгсөн ба цаашид гарах зардлыг төлөхөөр тохирсон. Тиймээс миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүнд аль болох хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Өөр хэлэх зүйлгүй гэв.

 Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 10 сарын 10-ны өдрийн 771 дугаартай актын дүгнэлтэд "1. Т.*******ын биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын хянга ясны баруун зүүн хажуу хананы хугарал, хамрын таславчийн  муруйлт, зүүн нүдний доод зовхинд язарсан шарх, дух, зүүн өвдөгт зулгаралт, баруун зүүн нүд, зүүн чих, баруун сарвуу, шуу, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын хянга ясны баруун зүүн хажуу хананы хугарал, хамрын таславчийн  муруйлт, баруун зүүн нүдний цус хуралт гэмтлүүд нь бүрдэл байдлаараа болон тус бүрдээ, нүдний доод зовхинд язарсан шарх, дух, зүүн өвдөгт зулгаралт, зүүн чих, баруун сарвуу, шуу, өвдөгт цус хуралт гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 28/

- Ц.*******ын тайлбар /хх-ийн 5-6/, Эд хөнөгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 9/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12/, хохирогч Т.*******ын мэдүүлэг /хх-ийн 14-16/, гэрч Б.ын мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч Л.Саруултуяагийн мэдүүлэг /хх-ийн 21-22/, гэрч Б.*******ын мэдүүлэг /хх-ийн 23-24/, гэрч Л. мэдүүлэг /хх-ийн 25/, гэрч М. мэдүүлэг /хх-ийн 26/, анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 29/, шүүгдэгч Ц.*******ын сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37, 39-40/, эмчилгээний болон бусад зардлын баримтууд /хх-ийн 51-61, 76-78/, хохирол нөхөн төлсөн баримт /хх-ийн 63/, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн тодорхойлолт /хх-ийн 67/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/, оролцогч нараас шүүхэд шинээр гаргаж өгсөн хохирогч Т.*******ын хүсэлт, зарлагын баримт, 600000 төгрөгийн орлгоын баримт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолт зэргийг шинжлэн судлав

   Шүүгдэгч Ц.******* нь согтуурсан үедээ 2016 оны 10 сарын 08-ны өдрийн 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Уурхайн байрны урд талд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Т.*******ыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

   Хохирогч Т.*******, гэрч Б. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, анхны үзлэгийн тодорхойлолт, шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 10 сарын 10-ны өдрийн 771 дугаартай актын дүгнэлт, шүүгдэгч Ц.*******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эмчилгээний болон бусад зардлын баримтууд, хохирол нөхөн төлсөн баримт, хохирогч Т*******ын хүсэлт зэрэг болно.

Иймд шүүгдэгч Ц.*******ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж чин санаанаас гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Ц.******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа болон хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 863500 төгрөг төлсөн бөгөөд одоо бусдад төлөх төлбөргүй, /хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг/ зэргийг шийтгэх тогтоолд тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс “EXIV” маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 27-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ц.*******ын ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцааж олгохоор шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч******* ******* овогт ******* *******ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч ******* *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.*******од оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.*******од  оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ялтан Ц.******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.*******т эмчилгээний болон бусад зардалд 863500 /найман зуун жаран гурван мянга таван зуун/ төгрөг төлсөн бөгөөд одоо төлөх төлбөргүй, /хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг/ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуули”йн 134 дүгээр зүйлийн 134,10-д зааснаар ялтан Ц.*******ын эзэмшлээс “EXIV” маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 27-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Ц.*******ын ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцааж олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл ялтан Ц.*******од авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан 2 жилийн хугацааг 2016 оны 11 сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Ц.*******од авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ                          Б.ЭНХБААТАР