| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 138/2018/03255/И |
| Дугаар | 183/ШШ2018/02594 |
| Огноо | 2018-11-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2018/02594
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Ц.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Э-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О, хариуцагч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие 2006 онд С.Э тай танилцаж, улмаар 2008 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтийн 0097483 тоот баталгаагаар бүртгүүлж, гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин Э.Атөрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2010 оноос салж тусдаа амьдрах болсон. Одоо охин маань эхийн асрамжид өсч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие 2006 онд Ц.Отэй танилцаж, 2006 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтийн 0097483 тоот баталгаагаар бүртгүүлж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин Э.А төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас цаашдаа хамтран амьдрах боломжгүй болж 2010 оноос салж, тус тусдаа амьдрах болсон. Охин маань одоо эхийн асрамжид өсч байна. Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид хамт амьдраагүй 8 жил болж байгаа ба цаашид хамт амьдрахгүй гэж байгаа тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Миний бие охинтойгоо хамт амьдрах хүсэлтэй боловч би гараа хугалж, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан группд байдаг. Одоогоор эрхэлсэн ажилгүй тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй байна” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч С.Эт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тотоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч С.Э гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч, эрхэлсэн ажилгүй, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, алдаж, группд байдаг тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Ц.Оюунбаатар, С.Э нар нь 2006 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсныг 2008 оны 6 дугаар сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0097483 дугаарт бүртгэж, хууль ёсны гэр бүл болж, тэдний дундаас 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин Э.Атөрсөн болох нь 0205891 дугаартай бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбар болон бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байна.
2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 239 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээс үзэхэд гэрлэгчид тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй шүүхээр шийдүүлнэ гэсэн үндэслэлээр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д зааснаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болжээ.
Нэгэнт гэрлэгчдийн хооронд таарамжгүй харьцаа үүсч, 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрэн амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байх тул шүүх Ц.Оийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж, охин Э.А-г эхийн асрамжид үлдээж, хуульд заасны дагуу охин Э.А-г эцэг Г.Энхбаатараар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан ба эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд энэ үүргийг гэрлэгчид хамтран хүлээхийг дурдах нь зүйтэй.
Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх... гэж заасан байдаг тул эцэг С.Эын хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй.
Хариуцагч С.Э хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан гэж тайлбарлаж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон актыг ирүүлсэн боловч тухайн баримт нь хуульд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй, энэ үндэслэл нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ц.О, С.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин Э.А-г эх Ц.О ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин Э.А-г 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг С.Э аас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хариуцагч С.Эаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар Ц.О, С.Э нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.О ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Эаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Анхцэцэгт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ