Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1416

 

 

 

 

 

 

   2022        10         03                                   2022/ШЦТ/1416

 

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч Г.Б,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Наранбаатар,

хохирогч Т.Б, хохирогчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох нарыг оролцуулан эрүүгийн 2203 00307 0367 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г.Б, 1991 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /Регистрийн дугаар: ***/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн дотор байрлах “Цагдаагийн цогцолбор” хөшөөний урд замд тус хүрээлэнгийн эзэмшлийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.11-т заасан “Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мөн механикжсан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Т.Бгийн унаж явсан “Cannondale” загварын унадаг дугуйтай мөргөлдөж, 58 настай, эмэгтэй Т.Бгийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хохирогч Т.Бгийн унаж явсан “Cannondale” загварын унадаг дугуйтай мөргөлдөж улмаар түүний биед хүнд хохирол учруулсан үйл баримт нь:

- Шүүгдэгч Г.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хог ачихаар дугуйн замаар явж байгаад зүүн гар тийшээ эргэтэл дугуйтай хүн орж ирээд ард талын дугуй руу мөргөсөн. Би хохирогчийн эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг төлсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

- Хохирогч Т.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр би дугуй унаад дугуйн замаар явж байх үед том оврын машин гараад ирсэн. Би тэр машиныг чигээрээ явах байх гэж бодоод наад талд нь хүлээгээд зогсож байтал миний зогсож байгаа газар луу дараад ороод ирсэн. Тэгээд нөгөө талд байсан овоолсон шороотой газар луу өгсөөд гарах гэтэл халтирч унаад би дугуйтайгаа ард талын дугуйн доор нь орчихсон. Миний хоёр гар, баруун мөр, эгэм, найман хавирга хугарсан. Би тэтгэвэрт байдаг учраас миний эмчилгээнд мөнгө хүрэлцэхгүй эдийн засгийн асуудал гарч байна. Би эрүүл байсан одоо олон гэмтэл авсан болохоор гомдолтой байна. Эмчилгээний зардлын үлдэгдэл болох 2.400.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэх мэдүүлэг,

- Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5 дахь тал/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12 дахь тал/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13-14 дэх тал/,

- Шүүгдэгч Г.Бын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 68 дахь тал/,

- Техникийн тодорхойлолт /хх-ийн 54 дэх тал/,

 - Хохирогч Т.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...алхаад дараа нь дугуй унасан. Тэгээд 11 цагийн үед ангийн хүүхэд Нямгэрэлийн унадаг дугуйг унаад хойноос урагшаа чиглэлтэй явж байсан юм. Гэтэл өөдөөс буюу урдаас хойд зүгт хар өнгийн ачааны автомашин ирж байгаа харагдсан. Тэр машиныг над руу эргэнэ гэж бодоогүй чигээрээ хойд зүгт явна гэж бодож байсан. Гэтэл тэр машин гэнэт зүүн гар тийш миний явж байсан унадаг дугуйн зам руу өөдөөс гэнэт ороод ирсэн. Тэгэхээр нь би сандраад унаж явсан дугуйгаа зогсоохоор тоормос дарахад тэнцвэр алдаад зүүн гар тийш унасан. Тэгээд намайг газарт унахад тэр автомашин зогсолгүй ...миний зүүн гар хавирга орчмоор зүүн хойд автомашины дугуйгаар дайрч гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дахь тал/,

- Иргэний хариуцагч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Осол гарах өдөр уг тээврийн хэрэгслийг манай жолооч нар ээлжилж албан хэрэгцээнд хэрэглэдэг юм. Осол гарах өдөр уг тээврийн хэрэгслийг манай байгууллагын цэцэрлэгчин албан тушаалтай Г.Б жолоодож осол гаргасан гэдгийг нь сүүлд мэдсэн. Уг Г.Б нь манай цэцэрлэгчин болохоос жолооч биш юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дэх тал/,

- 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “Иргэний хариуцагчаар татах тухай” мөрдөгчийн тогтоол /хх-ийн 27 дахь тал/,

- Гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай байгууллагын автомашинууд хог ачдаг, мод усалдаг тийм болохоор унадаг дугуйн зам руу орж ажлаа гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай байдаг, ...тухайн осол гаргасан машин манай байгууллагын хог ачдаг зориулалтын машин биш, шороо ачиж буулгадаг машин байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дэх тал/,

- Гэрч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...унадаг дугуйн зам руу ачааны машин эргээд орж ирж байгаа харагдсан тэгтэл Т.Б дугуйнаасаа уначихсан унах үедээ машины зүүн хойд дугуйны харалдаа газар уначихаар нь би хамгийн түрүүнд гүйгээд очтол Т.Б над руу энэ машин миний дээгүүр гарчихлаа би үхлээ ш дээ гээд байсан. Тухайн үед Т.Бгийн зүүн эгэм дээгүүр машины дугуйны хээ гарсан байсан. Тухайн унадаг дугуй нь миний эзэмшлийнх байгаа юм. Эвдрэл гэмтэл, учраагүй, үнэлгээ хийлгэх шаардлагагүй ..." гэх мэдүүлэг /хх-ийн 50 дахь тал/,

- *** тодорхойлолт /хх-ийн 56 дахь тал/,

- Гэрч Н.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний 2 дахь хүү маань байгаа юм. Г.Б нь 1991 онд төрсөн. Ховд аймагт төрж өссөн. Бүрэн дунд боловсролтой, багаасаа анги хамт олондоо нэр хүндтэй, шатар нэлээд сонирхдог, ажилласан газартаа нэр хүнд сайтай, шагнал их авдаг, ажилд орсноос хойш шагнал авсан, ажилд махруу хичээнгүй, ажлыг дуусгаж байж салдаг, архи дарс хэрэглэдэггүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, эцэг эхдээ халамжтай, цагаахан цайлган, манай гэрийн гол түшиг тулгуур, орлогын эх үүсвэр, эцэг эхийгээ гомдоохгүй гээд одоо болтол хань ижилгүй, дүү нартаа тусалдаг хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 81 дэх тал/,

- Гэрч Г.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний том ах маань байгаа юм. Манай ах 1991 онд төрсөн. Ховд аймагт төрж өссөн. Ах маань найрсаг, хүнд нийтэч, хамт олондоо нэр хүнд сайн, хүнд тусархуу, манай гэр бүлийг авч яваа, ямар нэгэн зүйл хийхдээ сэтгэлээсээ сайн хийдэг болохоор хүмүүс манай ахаар ажил хийлгэх сонирхолтой байдаг. Амьдралын төлөө зүтгэдэг, манай гэр бүлийг авч явдаг. Миний сургалтын төлбөрийг манай ах маань хийдэг. Ээжийн эмчилгээний эм тарианы төлбөрийг бас манай ах олдог. Ажил голдоггүй, ар гэрийнхээ төлөө зүтгээд хань ижилтэй болж амжаагүй байгаа. Архи дарс хэрэглэдэггүй. Ажлаасаа шагнал авсан. Ер нь хамгийн сайн ажилладаг хүмүүсийн хайр хүндэтгэлийг даадаг сайн хүн байгаа юм. Манай ах спортлог тууштай зантай спортын уралдаан тэмцээнд байнга ордог...” гэх мэдүүлэг /хх-ийн 83 дахь тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 8196 дугаартай: “...Дүгнэлт:

1. Т.Бгийн биед баруун эгэм ясны далд хугарал, зүүн гарын атгаал ясны далд хугарал, баруун шуу богтос ясны далд хугарал, баруун талын 2-р хавирга, зүүн талын 2,7-р хавирганы хугарал, зүүн талд 3.4.5.6-р хавирганы хоёрлосон хугарал, зүүн уушгины голомтлог няцрал, цээжний зүүн хөндийд хий хуралт, баруун гарын сарвуу, цээжний хажууд зулгаралт, баруун гарын шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 89-91 дэх тал/,

- Шинжээч эмч Т.Чимэд-Очирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд автомашинд мөргөгдөх үед үүсэх боломжтой. Тухайн хүний биеийн булчингийн хөгжил тээврийн хэрэгслийн жин зэргээс хамаарч гэмтлүүд харилцан адилгүй үүсдэг. Иймээс тээврийн хэрэгсэлд дайруулах үед үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Хэрэв дайруулсан гэж үзвэл цээжний дээд хэсгээр мөн баруун гарын хэсгээр дайрагдах үед тухайн гэмтлүүд нь үүсгэгдэх боломжтой. Зүүн талдаа 2-7-р хавирга хугарсан байдал нь цээжний зүүн хэсгээр хүч үйлчилсэн байх боломжтойг харуулж байна. Нарийвчлан тогтоох боломжгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 86 дахь тал/,

- “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 999315 дугаартай: “...зүүн хойд дохио асахгүй, хойд оврын гэрэл, тоормосны гэрэл асахгүй, баруун хойд дохио хагарсан нь ашиглалтын явцад үүссэн байх боломжтой байна. 2-р тэнхлэгийн зүүн талын тоормосны хүч зөрөөтэй нь хоцорч барьсан нь тоормосны зам уртасгах байдлаар нөлөөлж болох ч уг осолд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 99-102 дахь тал/,

- “Виннер Вэй” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ЦТ-8/13 дугаартай: “...үнэлгээний зүйл Samsung A52 маркийн 128GB багтаамжтай гар утас, үнэлгээгээр тогтоогдсон дүн 484.000 төгрөг...” гэх хөрөнгө даатгалын болон хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 109-112 дахь тал/,

- “Виннер Вэй” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ЦТ-8/14 дугаартай: “...үнэлгээний зүйл Samsung S6 edge маркийн IMEI *** дугаартай гар утас, үнэлгээгээр тогтоогдсон дүн 92.000 төгрөг...” гэх хөрөнгө даатгалын болон хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 115-118 дахь тал/,

- 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 751 дугаартай: “...1. Nissan Condor маркийн 22-68 УБТ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 11.11 "Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мөн механикжсан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Унадаг дугуйтай зорчигч Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” гэх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 121 дэх тал/,

- Шүүгдэгч Г.Бын хувийн байдлыг харуулсан нотлох баримтууд /хх-ийн 68-77 дахь тал/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 158-160 дахь тал/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 169-179 дэх тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 180 дэх тал/ зэргээр тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нар нь шүүгдэгчийн гэм бурууд маргаагүй бөгөөд харин замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх тодорхой хэсэгт маргасан болно.

Энэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.11 “Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мөн механикжсан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хориглоно” гэсэн заалтыг шүүгдэгч зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж маргасан нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн доторх явган хүн болон дугуйтай хүний зорчих хэсгээс өөрөөр тээврийн хэрэгслэл явах зориулалтын замгүй тул тухайн байгууллагын нийтийн үйлчилгээний зориулалт бүхий авто машин уг замаар зорчдог байх тул дээрх Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.11 дэх заалтыг зөрчсөн гэж шүүх үзэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн болно.  

Иймд шүүгдэгч Г.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн дотор байрлах “Цагдаагийн цогцолбор” хөшөөний урд замд тус хүрээлэнгийн эзэмшлийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Т.Бгийн унаж явсан “Cannondale” загварын унадаг дугуйтай мөргөлдөж, 58 настай, эмэгтэй Т.Бгийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Г.Б нь өөрийн сайн дураар хохирогчийн эмчилгээний зардлын зохих хувь буюу нийт 2 сая төгрөгийг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийн анх удаа болгоомжгүйгээр үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Т.Б нь нийт 4.492.600 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Г.Б нь хохирогч Т.Бд мөрдөн шалгах ажиллагааны үед 2.000.000 төгрөгийн хохирол төлбөр барагдуулсан байна.

Шүүгдэгч нь хэрэгт холбогдох үедээ өөрийн ажлаа хийж явсан нь баримтаар тогтоогдсон тул иргэний хариуцагч “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт бүхий эмчилгээний зардал болох 2.091.871 төгрөгийг нэн тэргүүн ээлжинд гаргуулж хохирогч Т.Бд олгох нь зүйтэй байна. Харин хохирогч Т.Б нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар иргэний хариуцагч болон гэм буруутай этгээд нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар Г.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Бд 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч ***-аас нийт 2.091.871 /хоёр сая ерэн нэгэн мянга найман зуун далан нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Бд олгосугай.

8. Г.Бын №*** дугаартай жолоочийн  үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Тээврийн цагдаагийн албанд хүргүүлсүгэй.

9. Хохирогч Т.Б нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар иргэний хариуцагч болон гэм буруутай этгээд нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР