Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2018/02241

 

2018 оны 10 сарын 12 өдөр

           Дугаар 183/ШШ2018/02241

             Улаанбаатар хот

    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Ц.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ЭЭЭТ ХХК

 Хариуцагч: ИСС ХХК,

Хариуцагч: А.Б,

 Хариуцагч: Э.О,

 Хариуцагч: О.Г нарт холбогдох,

 Гэм хорын хохиролд 38 026 414 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагч ЭЭЭТ ХХК-ийн төлөөлөгч Г.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч,  хариуцагч ИСС ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч А.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Э.О, О.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Б нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд баригдаж буй Содон хорооллын 110 дугаар блок барилга дээр ажиллаж байгаад 4 метрийн өндрөөс унаж, бүсэлхийн нугалмын хугарал гэмтэл авч, үйлдвэрлэлийн осолд орж, хөдөлмөрийн чадвараа 62 хувиар алдаж, бие эрхтэн болон сэтгэл санаагаар хохироод байна. Тухайн үед би уг барилгын туслан гүйцэтгэгч “ЭЭЭТ” ХХК-д өдрийн 45 000 төгрөгийн цалинтай, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Үйлдвэрийн ослын улмаас надад маш их хэмжээний хохирол учраад байна. Гэтэл надад учирсан хохирлыг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байсан “ЭЭЭТ” ХХК хариуцахгүй, Содон хорооллын барилгын ерөнхий гүйцэтгэгч ИСС ХХК ч хариуцахгүй талаар мэдэгдсэн. А.Б- дээрх хорооллын барилгын компанийн туслан гүйцэтгэгч Ивэг Түшиг ХХК-ийн ерөнхий инженер албан тушаалтай бөгөөд миний ажиллаж байсан бригадын даргаар ажиллаж байсан, Э.О, О.Гнар нь барилгын талбайн инженер байсан. Эдгээр хүмүүсээс өдөр тутмынхаа ажлын зааварчилгааг авдаг ба барилгын талбайн аюулгүй байдал, хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй хүмүүс учраас тодорхой хэмжээний хариуцлагыг хүлээх ёстой учир хариуцагчаар татсан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд А.Б-, Э.О, О.Гнарт холбогдох шаардлагаасаа татгалзаж байна. Ажил олгогч хуулийн этгээд нь хуульд заасны дагуу улсын бүртгэлийн гэрчилгээ авснаар татвар, нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ ЭЭЭТ ХХК биелүүлээгүйгээс листний мөнгөө авч чадаагүй. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйл, 97.1.1 дэх хэсэгт “үйлдвэрлэлийн осол ... улмаас хөдөлмөрийн чадвараа 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа огоно” гэж зааснаар 45 000*30 хоног=1 350 000 төгрөг*9 сар=12 150 000 төгрөг, листний 180 хоногийн мөнгө 8 100 000 төгрөг, гэмтлийн эмнэлэгт эмчлүүлсэн эмчилгээний зардал 1 786 414 төгрөг, хагалгааны зардал 2 490 000 төгрөг, өнөөдрийг хүртэлх хугацаанд ажил хийх хөдөлмөрийн чадваргүй, удаан хугацаагаар сууж босч, явж яадахгүй, хол замд явах боломжгүй, байнгын хажуудаа хүнтэй байдаг, өвчин намдаах эмийг байнга хэрэглэдэг зэрэг тоочвол асуудал их. Хэрэв би өнөөдрийг хүртэл хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байсан бол нийт тасралтгүй 480 хоног ажиллах байсан. Үүнээс 180 хоног буюу сар тасалдсан байлаа гэхэд 300 хоног зайлшгүй ажиллах байлаа. Энэ хугацаанд хэрвээ би ажиллаж байсан бол 300 хоногийг 45 000 төгрөгөөр тооцоод төгрөгийг цалин авах байсан тул авах ёстой байсан цалин, сэтгэл санааны хохиролд13 500 000 төгрөг, нийт 38 026 414 төгрөгийг хариуцагч ЭЭЭТ ХХК, ИССХХК нараас гаргуулж өгнө үү гэв.  

Хариуцагч ЭЭЭТ ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ЭЭЭТ ХХК нь 2016 оны 9 дүгээр сард албан ёсны үйл ажиллагаа явуулаагүй бригадын системээр ажиллахаар ИССХХК-тай тохиролцон ажил эхлүүлсэн. Ингээд иргэн А.Б-, Э.О нартай ярьж, тохиролцон ажил хийлгэхэд А.Б-, Э.О нарын бригадын ажилтан Г.Б гэгч нь тус бригадын инженер О.Гансүхийн даалгасан ажлаас өөр ажил дур мэдэн хийж байгаад тус барилгын талбайн хүн нэвтрэхийг хориглож, тууз татсан хэсэгт зөвшөөрөлгүй нэвтэрч ажлаа хялбарчлах зорилготой хориглосон үйлдэл хийж, барилгын эрэг рүү унаж гэмтэл авсан. Энэ үед бригадын дарга А.Б-, Э.О нар эмнэлэг рүү авч явсан байсан. Тухайн үед дээрх асуудлын талаар манай зүгээс мэдээгүй байсан болно. Дээрх асуудал гарснаас хойш 2016 оны 12 дугаар сард нэхэмжлэгч гэх Г.Б нь манай бригадын дарга нар болох А.Б-, Э.О нар нь олдохгүй байна. Би ядаж хөдөлмөрийн чадвараа тур алдсаны  тэтгэмж авах гэсэн юм. Тус тэтгэмжийг авахын тулд заавал ямар нэг байгууллагад бүртгэлтэй гэрээ байгуулсан байх шаардлагатай байдаг юм байна. Та нар надад туслаач. Миний бие ажилгүй, орлогогүй хэцүү байна. Гэрээг хуурамчаар ч хамаагүй хийгээд өгөөч, хугацааг нь тухайн бэртэл авсан үеэр бичээд гаргаад өгөөч ямар нэг асуудал гаргахгүй гэж гуйсны дагуу манай компани албан ёсоор үйл ажиллагаа явуулж, эхлээгүй ямар нэг асуудал гарвал бид хариуцахгүй, угаасаа тайлан гаргадаггүй, татвар хураамж төлдөггүй. Тиймээс чи дараа нь янз бүрийн асуудал болсон ч эргээд манай компанийн хувьд хууль бус үйлдэл гэдгийг мэдэж байгаа биз дээ гэж олон дахин анхааруулж байсан. Энэ үед ИССХХК-ийн ХАБЭА-н инженер н.Уянга болон бусад хүмүүс байсан ба би Г.Бд эргээд ямар нэг юм болбол эдгээр хүмүүс гэрч болно шүү гэж хэлж байсан. Ингээд 2016 оны 12 дугаар сарын үед манай компани Г.Бтэй дүр үзүүлж, хуурамч гэрээ байгуулсан. Гэрээнд албан ёсны хувь байхгүй. Ганцхан хувь үйлдэж өгсөн. Мөн Г.Бг ажилд авсан тушаал байхгүй. Тухайн хүнийг гуйгаад байхаар нь сэтгэл гаргаж, хууль зөрчсөн асуудал гаргасан нь эргээд манай компанид хандан нэхэмжлэл гаргасанд харамсалтай байна. Мөн 2017 оны эхээр нэхэмжлэгч Г.Б нь хуурамчаар үйлдсэн гэрээнд нийгмийн даатгал төлөөд өгөөч тэгвэл би нийгмийн даатгалын сангаас мөнгө авах эрх үүсэх гээд байна гэж надтай утсаар ярьсан. Тэгэхээр нь би тайлан өгдөггүй, ажил үйлчилгээ явуулдаггүй, компани ганцхан чамд даатгал төлөх боломжгүй гэдгийг хэлэхэд Г.Б нь нийгмийн даатгалд таньдаг хүн байгаа танайд ямар ч асуудал үүсгэхгүйгээр зохицуулчихна. Хэрэв төлж өгөхгүй бол танай компанийг нийгмийн даатгал, татвараар шалгуулна. Шүүхэд өгнө, таньдаг хүмүүс олон байгаа гэх зэргээр сүрдүүлж, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалаас ярьж байна. Г.Бгийн мөнгийг гаргаж өгөхгүй бол танай компанийг шалгаж гэж гар утсаар удаа дараа залгуулж, мөн хуулийн зөвлөх байна. Мөнгө өг гэж удаа дараа өөр өөр хүмүүсээр залгуулж, хууль зөрчсөн үйлдэл хийлгэхийг шаардаж байсан. Тиймээс би гэрээ хуурамчаар байгуулсан. Дахиж хууль зөрчсөн зүйл хийхгүй, хуулийнхаа дагуу шийдүүлнэ гэсэн хариу өгсөн. Манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани ИСС ХХК-тай аман хэлцэл хийж байсан нь үнэн. Гэхдээ “ЭЭЭТ” ХХК бол энэ барилгын зөвхөн мужааны ажлыг хийхээр тохиролцож байсан. ИСС ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр 2 бригад л байсан гэсэн үг. А.Б- гэх хүний удирдаж байсан бригадын ажилчид арматурын ажлыг хийхээр тохиролцсон. Хөдөлмөрийн гэрээ бол хүчин төгөлдөр бус гэрээ байсан. Нэхэмжлэгчтэй ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байхад.  “ЭЭЭТ” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулчихсан гэж нэхэмжлэгч шүүхэд худал тайлбар гаргаж байна.. 2016 оны 12 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахад Мягмаржаргал, н.Уянгаа гэх хүмүүсийн өгсөн мэдүүлэгт арматурын ажил хийдэг А.Б-ийн бригадад ажилд орсон, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаанд заасан ажлаас өөр ажил гүйцэтгээд өөрөө унаж үйлдвэрлэлийн осолд орсон, Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2017 он 1 дүгээр сарны 5-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон,  тухайн үед хэрэг бүртгэгч Г.Бгөөс тайлбар авахад ТесоХХК-д ажилд орсон гэж өргөдөл гаргасан ба энэ компанид орохдоо ямар нэг өргөдөл гаргаж хөдөлмөрийн гэрээ байгуулж, анкет бөглөсөн үү гэхэд тийм юм байхгүй хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Урд нь хамт ажиллаж байсан. Н.Энхтүшиг гэх хүнийг ерөнхий инженер А.Б-той хамтарч ажиллаж байгаад үйлдвэрлэлийг осолд орсон гэж тайлбар гаргаснаар Хөдөлмөрийн байгуулагдаагүй гэдэг нь нотлогдоно. Өнөөдрийн хэрэгт байгаа гэрээ нь 2017 оны 11 дүгээр сард ИСС ХХК дээр Г.Б өөрийн биеэр ирээд Хөдөлмөрийн гэрээ шаардлагатай байна,  группэд орох гэсэн юм гээд Хөдөлмөрийн аюулгүй байпдал хариуцсан мэргэжилтэн Уянгаа Сэр–Одыг дуудаж хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Энэ бол Иргэний хуулийн 56 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл. Хөдөлмөрийн хуулийн 21дүгээр зүйлд “Хөдөлмөрийн гэрээ”-г зохицуулсан байдаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл журмыг хуулиар тогтооно хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээг энэ хуульд заасан ерөнхий үндэслэлээр гэрээ хийнэ гэж заасан. Тэгэхээр Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна. Үйлдвэрлэлийн осолд орсон Хөдөлмөрийн хуульд заасан харилцаа үүссэн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх шиг байна. Гэтэл Хөдөлмөрийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа ажилтан, ажил олгогчийн эрх үүргийн талаар зохицуулна” гэж заасан. Тэгэхээр жинхэнэ ажил олгогч нь “ЭЭЭТ” ХХК биш. Энэ хөдөлмөрийн гэрээ нөхөж хийсэн, хүчинтөгөлдөр бус хууль зөрчиж хийсэн гэрээ бөгөөд энэ талаар ИСС ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер н.Уянгаа гэх мэдүүлэг өгсөн. Хэн хохирлыг барагдуулах ёстой тухайгаа Г.Б өөрөө тодорхойлж чадаагүй байна. Тиймээс хариуцах ёстой ажил олгогч нь “ЭЭЭТ” ХХК биш, өөрөө болгоомжгүй байдлаас болж осолд орсон гэдгийг нь цагдаа прокурорын байгууллагаас тогтоочихсон. Сэтгэл санааны гэм хор, хохирол гэдэг 2 зүйл тусдаа ойлголт. Хохирол гэдэгт олох ёстой байсан орлого, гарсан зардал зэргийг ойлгодог. Гэтэл эмчилгээний зардал 1 700 000 төгрөг хагалгааны зардлыг нэхэмжлэлийн шаардлагад тусгасан байна. Тэгэхээр энэ баримтууд нь хавтаст хэрэгт авагдаагүй. Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг. Эмчилгээ хийлгэсэн, хагалгааны зардал төлсөн тухай баримт хэрэгт нэг ширхэг ч байдаггүй. Мөн нэхэмжлэгч нь төсөөллөө ярьж, мөнгө нэхэмжилж байна. 300 хоног би ажил хийж байсан бол цалин 13 500 000 төгрөг авах ёстой байсан гэх зэргээр. Нэхэмжлэгч нь хөдлөшгүй баримтын дагуу л шүүхэд нэхэмжлэл гаргах үүрэгтэй. Гэтэл энэ баримт нотлогдоогүй. Тиймээс энэ хэргийн жинхэнэ хариуцагч бол ЭЭЭТ ХХК биш юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын ЭЭЭТ ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.  

  Хариуцагч ИСС ХХК шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 онд “ЭЭЭТ” ХХК-тай аман байдлаар барилгын зөвхөн карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад ажил дөнгөж эхлүүлээд явж байхад энэ осол гарсан. Тус барилгын мужааны ажлыг н.Сэр-Од гэх хүн удирдан, арматурын ажлыг А.Б- удирдан хийхээр тохиролцсон. А.Б-ийн бригадад Г.Б ажиллаж байсан. Тухайн үедээ Г.Бг ажилд орсны дараа өглөө зааварчилгаагаа өгөөд ажлын байрыг нь зааж өгсний дараа өөрөө дур мэдэн ажлын байраа орхиод бэлдцийн хом доош нь эрэг рүү шидсэн. Тухайн үед манайх эргийн хамгаалалт болгож татсан шонг давж ороод хом доош нь шидэх гэж байгаад унасан. Тухайн үед манай хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнаас нууж, О.Гансүх, Э.О, мөн нэхэмжлэгчийн ах нь гэх хүмүүс өргөөд барилга руу татаж оруулж, нууцаар талбайгаас авч гарч гэмтлийн эмнэлэг рүү явсан талаар сүүлд нь ослын акт үйлдэгдэхэд нь мэдсэн. Түүнээс тухайн үед болсон ослын талаар манайхаас нэг ч хүн мэдээгүй. Бид нар ажил олгогч биш учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед А.Б-,Э.О гэх хүмүүс энэ хүнийг талбай дээр авч ажиллуулсан гэжээ. Г.Бг яг хэдэн сарын хэдэнд ажилд орсныг сайн мэдэхгүй ба өөрийнх нь хэлж байгаагаар ИСС ХХК-иас ажлын үнэмлэх гаргаж өгсөн гэдэг нь зөвхөн барилгын талбай руу түр нэвтрэх үнэмлэх бөгөөд манай ажилтан гэдгийг нотлох баримт биш юм. Иймд ИСС ХХК-д холбогдлх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч А.Б- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Бгийн нэхэмжилсэн 38 026 141 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Г.Бгийн нэхэмжлэлийн шаардлага нь хөдөлмөрийн хуульд заасан ажил олгогч ажилтан хоёрын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаатай холбоотой ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн төлбөр гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Гэтэл А.Б- Г.Б нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй. Хөдөлмөрийн харилцаа үүсээгүй учраас А.Б- нь жинхэнэ хариуцагч биш юм. Анх Г.Б, А.Б- нар харилцан тохиролцож, ажилд орсон гэж ярьж байна. А.Б- нь анх н.Сэр-Од гэх хүнтэй буюу “ЭЭЭТ”  ХХК-тай амаар тохиролцож, тухайн барилгын угсралтын ажлыг хийж байсан. Г.Б гэх хүнтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн харилцаа үүсээгүй учраас энэ нэхэмжлэлийн шаардлагын А.Б-т холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Э.О, О.Гнар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд тайлбарлахаа: Г.Бгийн нэхэмжилсэн 38 026 141 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Г.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсанаас үүдэлтэй хохирол байгаа бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагаас үзэхэд ажил олгогч хуулийн этгээдээс татвар болон нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлээгүйгээс листний мөнгө, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт заасан үйлдвэрлэлийн осол ...улмаас хөдөлмөрийн чадвараа 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 12 150 000 төгрөг, листний 180 хоногийн мөнгө 8 100 000 төгрөг, гэмтлийн эмнэлэгт эмчлүүлсэн эмчилгээний төлбөр 1 786 414 төгрөг, хагалгааны зардал 2 490 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 300 хоног*45 000 төгрөг= 13 500 000, нийт 38 026 414 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогч, ажилтан хоёрын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаанд үндэслэн бий болсон хохирол байх тул тухайн үед тус компаниас даалгасан ажил үүргийг аман хэлбэрээр аваад гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажлын хөлсөө авч байсан Э.О, О.Гнар нь хариуцах үндэслэлгүй байна. Харин ч тухайн үед осол гарахад адилхан нэг газар ажил үүргээ гүйцэтгэж байгаагийн хувьд тухайн үед үзүүлэх эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлж байсан. Иймд Э.О, О.Гнар нь уг хэргийн хариуцагчаар татагдах бүрэн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг авч үзэхэд нэхэмжлэлийн гол үндэслэж байгаа шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар ажил олгогч болон ажилтан хоёрын хооронд үүссэн харилцаанд үндэслэсэн нэхэмжлэлийн шаардлага байна. Нөгөө талаас үзэхээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дахь хэсэгт заасан болон Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсаныг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох нөхөн төлбөр, эмчилгээний мөнгө, хагалгааны мөнгө, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилсэн. Э.О болон О.Гнарын хооронд тухайн үед А.Б-той хамтран ЭЭЭТ ХХК-тай арматурын ажлыг хийе гэдэг аман хэлцлийн хүрээнд тухайн ажлыг гүйцэтгэж байсан. Энэ этгээдүүдийн хооронд ямар нэгэн хөлсөөр ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй. Тухайн үед дээрээс даалгасан ажлуудыг аман хэлцлийн хүрээнд хийж байсан. А.Б-, Э.О, О.Гнарын хооронд бүгд адилхан ажил үүргээ гүйцэтгэе гэсэн хэлцлийн хүрээнд ажил гүйцэтгэж байсан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ажилтан, ажил олгогч хоёрын хооронд байгуулсан хөдөлмөрийн харилцаанаас үүссэн нэхэмжлэлийн шаардлага байна. Нөгөөтэйгүүр энэ этгээдүүдийн хооронд ямар нэг гэрээ байхгүй учраас үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх тухай хуульд зааснаар тухайн ажил гүйцэтгэх гэрээ байхгүй бол ажил олгогч харицна гэж заасан байдаг. Иймд О.Гболон Э.Од нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б хариуцагч А.Б-, Э.О, О.Гансүх, ЭЭЭТ ХХК, ИССХХК нарт холбогдуулан 9 сарын цалингийн дундажтай тэнцэх нөхөн олговор 12 150 000 төгрөг, листны 180 хоногийн 8 100 000 төгрөг, эмчилгээний зардал 1 786 414 төгрөг, хагалгааны зардал 2 490 000 төгрөг, сэтгэл санааны хохирол болон цаашид олох байсан орлого 13 500 000 төгрөг, нийт 38 026 414 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хариуцагч А.Б-, Э.О, О.Гнарт холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч  ЭЭЭТ ХХК, ИССХХК нарын хэн хариуцвал зохих этгээдээс дээрх мөнгөн дүнг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд хариуцагч ИССХХК ажил олгогч биш, тухайн ажилтан өөрөө ажлын байрнаас өөр үүрэг гүйцэтгэж байхдаа унаж гэмтсэн гэж, хариуцагч ЭЭЭТ ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь нөхөн байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Г.Б нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын барилга дээр ажиллаж байгаад эрэг рүү унаж, бүсэлхийн 2 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал гэх хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь 2017.01.05-ны өдрийн 44 дугаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын тогтоол, 2016.12.10-ны өдрийн 8011, 19-ний өдрийн 8157 дугаар гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах хугацааг сунгах тогтоол, Г.Б, А.Б-, Э.О, О.Гансүх, Г.Мягмаржаргал нараас авсан тайлбар, 2016.12.14-ний өдрийн 16559 дугаар шинжээчийн дүгнэлт болон бичгийн бусад баримтаар тогтоогдож байна. /хх 5, 80-106 ху/  

 

Дээрх ослын улмаас нэхэмжлэгч Г.Б Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлж, нурууны Эл 1,3 /L/ нугаламын хугарлыг засах хагалгааг хийлгэж,  2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл өвчний улмаас ажлаас чөлөөлөгдсөн болох нь эмнэлгийн магадлагаа, өвчний түүх, эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл, компьтер томографын оношлогоо зэрэг баримтаар нотлогдох ба үүний дараа 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Г.Бд учирсан гэмтлийг үйлдвэрлэлийн осол гэж үзэж, ИССХХК-ний нэр дээр үйлдвэрлэлийн ослын акт тавигдаж, Өвөрхангай аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлстийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0006584 дугаар шийдвэрээр Г.Бгийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон байна. /хх 5-9, 12, 73-78 ху/

Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр хороололд баригдаж буй Содон хорооллын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ИССХХК, туслан гүйцэтгэгчээр ЭЭЭТ ХХК нар ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр ажилладаг, нэхэмжлэгч Г.Б нэг өдөрт 45 000 төгрөгийн цалинтайгаар тухайн барилга дээр ажиллаж байсан зэрэг үйл баримтын талаар талууд маргаангүй, харин ажилтан Г.Бгийн ажил олгогч хэн байсан тухайд зохигч маргадаг.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлд ажил олгогч, ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч, иргэд хоорондын гэрээгээр ажиллагч нарт тухайн хууль үйлчлэхээр хуулийн хамрах хүрээг тодорхойлоод, 28 дугаар зүйлийн 28.1.15-д ажил олгогч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгохоор, 28.3-т захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцахаар тус тус зохицуулсан байна.  

Дээрх хуулийн заалтаас үзэхэд, хариуцагч ИСС ХХК, ЭЭЭТ ХХК нар болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гэрээнд тусгах үүрэгтэй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар хариуцагч нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг нотлох баримтаар гаргуулахаар шаардсан боловч аман хэлцлийн үндсэн дээр ажил гүйцэтгэсэн гэж тайлбарлаад хариуцагч хуулийн этгээдүүд шүүхэд нотлох баримт ирүүлээгүй.

Иймд нэгэнт ерөнхий болон туслан гүйцэтгэгч нар үйлдвэрлэлийн ослоос ажилтанд учирсан хохирлыг хэн хариуцаж барагдуулах талаар хэрхэн тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй тул үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт ерөнхий гүйцэтгэгч ИСС ХХК-ийн нэр дээр тавигдсан, ажилтан хөдөлмөрийн гэрээг туслан гүйцэтгэгч ЭЭЭТ ХХК-тай байгуулсан зэрэг үйл баримтыг харгалзан үзээд  ИСС ХХК, ЭЭЭТ ХХК нарыг хэн алийг нь ажил олгогч гэж үзэв.

 

Нөгөө талаас хариуцагч ИСС ХХК-ийн ажлын байранд шаардагдах хашилт хамгаалалтыг зохих шаардлагын дагуу хийсэн, ажилтан өөрөө ажлын байраа орхиж өөр ажил сайн дураар гүйцэтгэх явцдаа гэмтсэн гэх тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй, хариуцагч ЭЭЭТ ХХК-ийн хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгчийн хүсэлтээр нөхөж байгуулсан тул ажил олгогч биш гэх тайлбар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж зааснаар үгүйсгэгдэх буюу анх ажилтныг ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүргээ ажил олгогч зөрчсөн нь нэхэмжлэгч Г.Б г Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.2-т заасан “ажилтан” гэж үзэхгүй байх үндэслэл болохгүйг тус тус тэмдэглэж байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1, 97.1.1-д  үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч  хөдөлмөрийн чадвараа 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгохоор заасныг үндэслэн, нэг өдрийн ажлын хөлсийг нэг сарын ажлын хоног болох 21.5 хоногт үржүүлж, 9 сарын дундаж нөхөн олговорт 8 707 500 төгрөгийг /21.5*45 000=967 500/ ИСС ХХК, ЭЭЭТ ХХК нарт хувь тэнцүүлэн хариуцуулан нэхэмжлэгчид олгохоор, нөхөн олговорт холбогдох шаардлагаас үлдэх 3 442 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Ийнхүү хариуцагч нарыг хэн алиныг нь ажил олгогч мөн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу эмнэлгийн болон протезын зардал, цаашид олох байсан орлого зэргийг гаргуулахаар шаардах эрхийн үндэслэл болно.

 

Өөрөөр хэлбэл, эмнэлгийн зардал болон протезын үнэ 3 815 164 төгрөг /1 786 414+2 028 750/, олох байсан орлогыг ажлаас чөлөөлөгдсөн 6 сарын хугацаагаар дундаж цалин хөлс тооцох журмын дагуу тооцож 5 805 000 төгрөгийн хамт /967 500*6 сар/ нийт 9 620 164 төгрөгийг хариуцагч  ИСС ХХК, ЭЭЭТ ХХК нараас гаргуулах үндэслэлтэй.

 

Харин листны мөнгө 8 100 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй. Учир нь, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө З, түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй байхаар зохицуулсан ба нэхэмжлэгч Г.Б нь 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр осолд орсон, ажилтан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаагаар төлөөгүй байх тул хөдөлмөрийн чадамж түр алдсаны тэтгэмж авах эрх үүсээгүй гэж үзнэ. Энэ шимтгэлийн зохих хувийг ажил олгогч төлөх үүрэгтэй боловч ажилтан ажиллаж эхэлснээс хойш 4 хоногийн дараа осолд орсон тул хуульд заасан тэтгэмж авах эрх үүсээгүй үйл баримтад ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Эцэст нь дээрхийг нэгтгэвэл, хариуцагч  ИСС ХХК-иас 9 163 832 төгрөг, хариуцагч Эн Си Си ХХК-иас 9 163 832 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 698 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч А.Б-, Э.О, О.Гнарт холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдах нь зүйтэй.  

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдөх бол хариуцагч нараас тус бүр 124 794 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЭЭЭТ ХХК-иас 9 163 832 төгрөг, /есөн сая нэг зуун жаран гурван мянга найман зуун гучин хоёр/, ИССХХК-иас 9 163 832 төгрөг /есөн сая нэг зуун жаран гурван мянга найман зуун гучин хоёр/ тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 698 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хамтран хариуцагч А.Б-, Э.О, О.Гнарт холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч Г.Б татгалзсаныг баталж, А.Б-, Э.О, О.Гнарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай ухулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ЭЭЭТ ХХК-иас 124 794 төгрөг, ИСС ХХК-иас 124 794 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                               Д.ЭНХЦЭЦЭГ

 

         ШҮҮГЧ                                 Б.МӨНХЖАРГАЛ

 

       Ц.ОЮУНБИЛЭГ