Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1476

 

 

 

 

 

 

   2022       10          13                                   2022/ШЦТ/1476

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч Х.Г,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан эрүүгийн 2206 01398 2162 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Х.Г, 1974 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, / ***/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Г нь хамт амьдардаг төрсөн ах Х.Гхыг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цайны аягаар нүүр хэсэгт нь нэг удаа цохиж, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гараараа уруул руу нь 1 удаа цохиж, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хацар руу нь гараараа цохиж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Дээрх шүүгдэгч Х.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн ах Х.Гхыг байнга зодсон үйл баримт нь:

- Шүүгдэгч Х.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай ахын эхнэр жил орчмын өмнө нас барсан. Ах гэрт цэвэрхэн байхгүй угаадсаа гэрийн үүдэнд асгаад аяга, тавгаа угаахгүй байсан. Би согтуу байсан болохоор өөрийгөө тэвчиж чадаагүй. Хацар луу нь бол алгадаж байсан. Сэрээ барьсан асуудлын хувьд би хоол идэж байсан сэрээгээ хохь чинь шүү гээд ах руу далайсан.” гэх мэдүүлэг,

 

- Хохирогч Х.Гхын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын сүүлээр надад Х.Г агсам тавьж, нүүр рүү цайны аяга шидэж ална гэж дарамталсан тэгээд шүүхээр орж 10 хоногийн баривчилгаанд явсан. Дараа нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ согтуу ирээд миний уруул руу гараараа нэг удаа цохиж агсан тавьсан тэгээд шүүхээр орж 10 хоногийн баривчилгаа авсан. Тэрний дараа 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Х.Г архи уусан байхаар нь би яагаад архи уусан юм бэ гэсэн чинь миний хацар руу 1-2 удаа цохисон тэгээд шүүхээр орж 30 хоногийн баривчлах шийтгэл авсан. Манай дүү Х.Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрийнхнийгээ тайван байлгадаггүй. Надад байнга агсан тавьдаг. 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр архины эмчилгээнд явуулаад 5 сард гарч ирсэн. Тэгээд ч архинаасаа гараагүй байсан. ...2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дүү Х.Г 23 цагийн үед гэртээ согтуу орж ирсэн. Тэгсэн би унтах гээд орондоо орсон хэвтэж байхад гэнэт Х.Г над руу цайны аяга барьж дайрсан. Тэгэхээр нь би аягыг нь бариад авсан чинь Х.Г гал тогоо руу ороод сэрээ авч ирээд над руу дахиад дайрсан. Тэгэхээр нь би бас сэрээг нь булааж аваад хувцсаа өмсөөд гараад цагдаад дуудлага өгсөн. Гантулгын энэ үйлдэл 7 хоногийн 1-2 өдөр байнга давтагддаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31, 33 дахь тал/,

- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /10 дахь тал/,

- Хамтарсан багийн хурлын тэмдэглэл /43-44 дэх тал/,

-  Мэдээлэл шуурхай удирдлагын төвд *** тоотоос ирүүлсэн дуудлагын лавлагаа /хх-ийн 59-60 дахь тал/,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2424 дугаартай шийтгэвэр, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2562 дугаартай шийтгэвэр, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2836 дугаартай шийтгэврүүдийн хуулбарууд /хх-ийн 21-25 дахь тал/ зэргээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Иймд шүүгдэгч Х.Гыг хамт амьдардаг төрсөн ах Х.Гхыг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цайны аягаар нүүр хэсэгт нь нэг удаа цохиж, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гараараа уруул руу нь 1 удаа цохиж, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хацар руу нь гараараа цохиж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг гарсан, үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Х.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Х.Гх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрт учирсан хохирлоо баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Х.Гыг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Х.Гыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Х.Гд 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Гыг зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Г нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР