| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1914000590090 |
| Дугаар | 2019/ДШМ/031 |
| Огноо | 2019-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2019/ДШМ/031
Б.У, Э.Л нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор С.Болорзул
Яллагдагч Б.У, Э.Л
Нарийн бичгийн дарга Д.Чимидцэрэн нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн шүүгчийн 2019/ШЗ/325 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлээр Б.У, Э.Л нарт холбогдох эрүүгийн 1914000590090 дугаар хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б.У, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Монгол Улсын иргэн, Э.Л, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нарийн мужаанчин мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Э.Л нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут ......... тоотод Д.Өийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Б.У нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут ............ тоотод Д.Өийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.У, Э.Л нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: ....аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.У, Э.Л нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр үндэслэлгүй байна гэж үзлээ.
Учир нь хохирогч нь удаа дараагийн мэдүүлэгтээ Мийн ээж үснээс нь зулгааж, Э.Л. Б.У нарт зодуулсан талаар мэдүүлсэн байхад үүнийг анхааралгүй зүйлчилсэн нь буруу бөгөөд яллагдагч нарын үйлдэл нь бүлэглэн гүйцэтгэсэн шинжийг агуулсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл яллагдагч болон Мийн ээж гэх хүмүүсийн үйлдэл нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн эсэхийг сайтар шалгасаны дараа зүйлчлэлийг зөвтгөх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Мөн яллагдагч нарын үйлдэл нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нарийн шалгах нь зүйтэй байна.
Харин хохирогч Д.Өээс 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлэг авсан байх бөгөөд / хх-ийн 94-95 / хохирогч нь зөвхөн нэг сая гурван зуун мянган төгрөг нэхэмжилнэ гэснээс өөр мэдүүлэг өгөөгүй байгааг анхаарах нь зүйтэй байна.
Мөн Прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад “яллагдагч Б.У, Э.Л нарын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэж бичсэн нь яллагдагч Б.У, Э.Л нар бүлэглэн үйлдсэн мэтээр ойлгогдохоор бичигдсэн байна гэж үзлээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4.1-т заасан “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг заалтаар зүйлчлэгдэх” гэсэн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.
Иймд дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Б.У нарт холбогдох хэргийг Баянхонгор аймгийн прокурорт буцаахаар шийдвэрлэв гэжээ.
Прокурор В.Дэлгэрмаа 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаар эсэргүүцэлдээ: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хохирогч Д.Өийн эрүүл мэндэд учирсан гэх тархи доргилт хамрын ясны хугаралт, доод шүдний сулрал, нүдний дээд доод зовхинд цус хуралт, зулгаралт зэрэг гэмтлүүдийг хэн хэний буруутай үйлдлийн улмаас хохирогчид ямар хохирлыг хэн учруулсаныг сайтар тодруулж тогтоосон байдаг.
Мөн Мийн ээж нь хохирогч Д.Өийн үснээс зулгаасан үйлдэл нь Мэ, хохирогч Д.Ө нарын маргалдаж харилцан бие биенээ барилцаж авсан үйлдлийг таслан зогсоох зорилгоор хийсэн үйлдэл нь бөгөөд түүний буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй, хохиролд нөлөөлөөгүй юм.
Мөн яллагдагч Б.У, Э.Л нар нь хохирогч Д.Өийн эрүүл мэндэд бүлэглэн буюу үйлдлээр нэгдэн хохирол учруулаагүй болох нь
Гэрч М.Аын “...Мийн ах У өөрийнхөө эхнэрийг манай нөхөр Өийг алгадчихлаа гэж бодсон байдалтай гэнэт манай нөхрийг барьж аваад зодох шиг болсон тухайн үед харанхуй байсан болохоор хэрхэн яаж цохисон талаар хараагүй. Тухайн үед манай нөхрийн хамар нь хавдаад цус гарсан, шүдний доод талын шүд нь хагарсан байдалтай байж байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,
Гэрч С.Батхуягийн “...хашаанаас нэг залуу гарч ирээд Өийг цохих шиг болсон. ...Тухайн үед Өийн хамар, амнаас нь цус гарсан байдалтай байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33 дугаар тал/,
Гэрч Б.Мийн "...Миний мэдэж байгаагаар манай ах У Өийн нүүрэн хэсэгт 1 удаа толгойн духныхаа хэсгээр мөргөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-38 дугаар тал/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 76 дугаартай “...Д.Өийн биед тархи, доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчний мурийлт, баруун доод 1-р шүдний булгарал, зүүн доод 1-р шүдний сулрал, 2 нүдний доод зовхи, доод уруулд цус хуралт, хамарт зулгаралт, зүүн чамархай, баруун зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/,
Яллагдагч Э.Лн “...2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 23 цаг өнгөрөөд ээж бид 2 гэртээ орондоо орчихсон байсан. Гаднаас хашааны үүд нүдээд "Мэ байна уу" гээд орилохоор би гэрийн хаалгаар шагайгаад "байхгүй гараад явсан” гэж хэлсэн...Гадаа гараад дахиад орилолдоод том том дуугараад байхаар би хувцасаа өмсөөд гарахад Мэ ах ирчихсэн Өтэй хэрэлдэж заамдалцчихсан ноцолдож байсан. Би очоод "яагаад дээрэлхээд байгаа юм" гэхэд дээлтэй хүний мөрөн дээгүүр нь гараа явуулаад Өийг цохисон. Тэгээд ээж намайг ор гэхээр би яваад гэртээ орсон. Удалгүй цагдаа ирсэн. Тэгэхэд Б.У гадаа байхгүй байсан. Намайг гэрт орсоны дараа У ах гарч ирээд Өийг бас мөргөсөн гэсэн. Ээж орж ирэхдээ У өвчтэй юм шиг гарч ирээд эхнэрээ цохилоо гэж андуураад Өийг мөргөчихлөө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-76 дүгээр тал/,
Яллагдагч Б.Уын “...2019 оны 01 дүгээр сарын 05-ны орой би орондоо орчихсон унтаж байхад гэрт Ө шагайж манай дүү Мийг асуусан. Ө хэрүүл хийж байгаад өөрийнхөө эхнэрийг алгадахаар нь би манай эхнэр Баярцэцэгийг алгадчихлаа гэж андуурч хараад Өийг барьж аваад нүүр хэсэгт нь мөргөсөн юм. Тэгээд андуурснаа мэдээд уучлалт гуйсан. Өийн хамраас нь цус гоожсон..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болно.
Мөн тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч Өийг шөнө оройн цагаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан орилж чарласан өөрийнх нь ёс бус үйлдлээс үүдэлтэй байх тул яллагдагч нарын үйлдэл нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэх үндэслэлгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд зааснаар яллагдагч нар нь үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “...яллагдагч Б.У, Э.Л нарын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай..." гэж дүгнэсэн нь яллагдагч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудалд нөлөөлөхгүй бөгөөд ямар нэгэн байдлаар утга найруулгын алдаатай гэж үзэхээр байхад илтэд буруу, үндэслэлгүй ялласан гэж дүгнэж болохгүй юм.
Нөгөөтэйгүүр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Б.У мэдүүлэхдээ: Би Лтой нийлж Өийг зодоогүй. Шөнө унтаж байтал Ө манайд ирээд манай дүү болох Мийг асуусан. Би Өт урьд найзындаа байгаа гэж хэлчихээд унтаж байсан юм. Гэтэл гадаа орилоод байхаар нь би эхнэртэйгээ гараад Өээ чи яагаад айлын гадаа ирчихээд хэрүүл хийгээд байгаа юм бэ гэж хэлээд цагдаа дуудчихаад байж байтал, тухайн шөнө харанхуй байсан Өийн эхнэр, миний эхнэр хоёулаа урт куртик өмссөн байсан. Ө өөрийнхөө эхнэрийг алгадсан байсныг би миний эхнэрийг алгадчихлаа гэж андуурч хараад би Өийн хамар руу нь мөргөсөн юм. Тэгээд би тухайн үед манай эхнэрийг алгадаагүй өөрийн эхнэрээ алгадсан гэдгийг мэдээд уучлалт гуйгаад байж байтал цагдаа ирээд бид 2-ыг аваад явсан юм. Тэгэхэд манай дүү, эхнэр хамт байсан гэв.
Яллагдагч Э.Л мэдүүлэхдээ: Би тухайн шөнө унтаж байтал гадаа хүмүүс орилж чарлаад байсан юм. Тэгээд ээж гэрээс гарсан араас нь гарсан үгээр өдөөд байхаар нь би 1 удаа цохисон юм..." гэж тус тус өөрсдийн үйлдэл оролцоог тодорхойлсон бөгөөд шүүхээс хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх ажиллагаанд хохирогч Д.Өийг биечлэн оролцуулж болсон үйл явдлын талаар тодруулан асууж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм.
Иймд яллагдагч Э.Л, Б.У нарт холбогдох хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 83 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор С.Болорзулын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлгүй тул хүчингүй болгож, шүүхэд буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор В.Дэлгэрмаагийн гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:
Прокуророос Э.Л, Б.У нарын 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-1-169 тоот хашаанд Д.Өийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлаж үзвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих зүйлийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоосон, Э.Л, Б.У нарт холбогдох хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой байна.
Хохирогч Д.Ө нь эхнэр М.Аыг Б.Мэтэй хардсан эр эмийн хардлагаасаа үүдэн шөнийн цагаар, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 1 дүгээр гудамжны 169 тоот хашаанд очиж, хэрүүл маргаан үүсгэсэн нь гэмт үйлдэл үүсэх нөхцөл шалтгаан болсон байхад анхан шатны шүүх Э.Л, Б.У, Ү.Энх-Амгалан нар нь үйлдлээрээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нарийн шалгуулахаар хэргийг прокурорт буцаасан нь хэргийн үйл баримт болон нийгмийн аюулын хэр хэмжээ, үйлдлийн шинж байдалд нийцээгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 2019/ШЗ/325 тоот захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.3 -т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 2019/ШЗ/325 тоот захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Б.У, Э.Л нарт холбогдох эрүүгийн 1914000590090 дугаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар анхан шатны шүүхэд хэрэг шилжих хүртэл яллагдагч Б.У, Э.Л нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М. МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР
Б. БОЛОР-ЭРДЭНЭ