Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0497

 

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0497

Улаанбаатар хот

 

 

Г.Сын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар шийдвэрийг хариуцагч ШЕЗийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Т.Ч нарын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх хуралдааны даргалагч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

 

Нэхэмжлэгч Г.С

Хариуцагч ШЕЗ

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

 

Хэргийн индекс: 128/2024/0465/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, 21,929,373 төгрөгийг олгохыг ШЕЗд даалгаж шийдвэрлэжээ.

2. Хариуцагч ШЕЗийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Т.Ч нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1. ... Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас нэхэмжлэгч Г.Ст 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 10,800,00 /нэг зуун сая найман зуун мянга/-нэхэмжлэгч төгрөгийг тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмжийг олгосон. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2024/0021 дүгээр тогтоол, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2024/0053 дугаар тогтоолд шүүгчийг тэтгэвэрт гарахад нь олгох тэтгэмжийг албан тушаалын цалин дээр хуульд заасан бусад нэмэгдлийг нэмж тооцон олгохоор дүгнэсэн. Дээрх аргачлалын дагуу Ховд аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Г.Сын авч байсан албан тушаалын үндсэн цалин, онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн дүнг оруулан тооцоход 1 сарын дундаж цалин 3,870,850.33 мөнгө гарч байгаа бөгөөд үүнийг 36 сарын хугацаагаар тооцоход 139,350,630 төгрөгийг тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжид олгохоор тооцоо гарсан байх тул ШЕЗөөс 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0041 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2024/150 дугаар магадлалыг үндэслэн 38,550,627 төгрөг олгож, нэхэмжлэгч Г.Ст нийт буюу тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийг бүрэн олгоод байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1. Нэхэмжлэгч Г.С нь ...Шүүгчийн өндөр настны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 21,929,373 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

2. Анхан шатны шүүх ... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан зохицуулалтыг хэрэглэхдээ сарын дундаж цалингийн хэмжээнд бүх нэмэгдлийг оруулан тооцох үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж, тэтгэмжийн зөрүү 21,929,9373 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу хүчингүй болгох үндэслэлгүй.

3. Хариуцагч ШЕЗийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ... бүх нэмэгдлийг тооцоод 38,550,627 төгрөгийг олгосон. Шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж гомдол гаргасан боловч ямар хууль зүйн үндэслэлээр шийдвэрийг үгүйсгэж байгаа, ямар хууль журамд заасныг үндэслэн нэмэгдлийг тооцож олгосноо зөв гэж үзэж байгаа талаар маргаагүй байна.

3.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ховд аймгийн шүүхийн Тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 5/518 дугаар албан бичиг, Г.Сын 2020-2023 оны цалингийн баримт, нягтлан бодогчийн тооцооллоос үзвэл түүний авч байсан сүүлийн 36 сарын цалингаас сарын дундаж цалинг тооцон олгосон тул нэмж олгох үндэслэлгүй гэж маргасан гэж үзэхээр байна.

3.2. Харин нэхэмжлэгч нь хамгийн сүүлийн сар авч байсан үндсэн цалин 2,800,000 төгрөг дээр онцгой нөхцөлийн 1120000, төрийн алба хаасан хугацааны 520000 төгрөгийг нэмж, сарын дундаж цалинг тооцсоноос зөрүү үүсэж, түүний нэмж олгуулахаар маргажээ.

4. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно. гэж заасан.

4.1. Уг заалтад 36 сар гэж заасан нь шүүгчийн авч байсан сарын дундаж цалин -г тооцох хугацаа биш, харин сарын дундаж цалинг 36 сарын хугацаагаар үржүүлж тэтгэмжийн хэмжээг тооцох хугацааг заасан гэж ойлгохоор байна.

4.2. Харин тус хуулиар сарын дундаж цалин-г тодорхойлохдоо ямар хугацааны цалингаас тооцохыг заагаагүй байх тул хариуцагч нь авч байсан сүүлийн 36 сарын цалингаас сарын дундаж цалин-г тооцсон нь үндэслэлгүй байна.

 4.3. Уг хугацааг дээрх хуулиар зохицуулаагүй тул хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүрэг, цалин хөлстэй холбоотой харилцааг зохицуулдаг Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг хэрэглэхээр байна.

4.4. Тус журмын 2.1-д  Ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно: 2.1.1.нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж; тооцно гэж, 2.3-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно: гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажиллаж байсан сүүлийн 3 сарын цалингийн нийлбэрийг 3 сард хувааж, сарын дундаж цалинг тодорхойлж, түүнийг 36 сараар үржүүлж тооцон олгох тэтгэмжийн хэмжээг тогтоож, түүнээс олгосон 108,000,000+38,550627 төгрөгийг хасаж, зөрүүг олгохоор байна.

5. Ийнхүү тооцоход нэхэмжлэгч нь сүүлийн 2023 оны 3, 4, 5 дугаар сард ижил цалин авч байсны улмаас анхан шатны шүүхийн шийдвэрт заасан 21,929,373 төгрөгийн зөрүү өөрчлөгдөхгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0527 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ШЕЗийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Т.Ч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Д.ОЮУМАА

ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ