Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2557

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунхнад, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах Ерөнхий шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02569 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Бгийн хариуцагч Н албанд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, шүүх хуралдааны нариын бичгийн дарга Б.Ч нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н алба Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 563 дугаар шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах шийдвэр гаргахдаа 120 000 000 төгрөгөөр үнэлэгдэж буй хөрөнгийг 18 480 000 төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаанд оруулсанд гомдолтой байна. Н албанд хандан үнэлгээг дахин хийлгэх тухай гомдол шаардлага гаргасан боловч хүлээн аваагүй. Иймд миний өмч болох Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамжны 38 тоот, 359 м.кв талбайтай дэд бүтэц нь шийдэгдсэн газрыг 26 000 000 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н алба шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 563 дугаар шийдвэрээр Б.Бгаас 13 369 975 төгрөгийг гаргуулж С.Эт олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2203005150 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамжны 138 тоот 32 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 359 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт битүүмжилж, хураан авсан. Төлбөр төлөгч Б.Б нь барьцаа хөрөнгөө 120 000 000 төгрөгөөр үнэлснийг, төлбөр авагч хүлээн зөвшөөрөх боломжгүй хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тус албанд ирүүлсэн. Хөндлөнгийн шинжээч 32 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 359 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 26 400 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч Б.Бд үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 3/12530 тоот албан бичгээр гардуулан өгч, үнэлгээний тайлантай танилцуулсан. Хариуцагч байгууллагаас зохион байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд барьцаа хөрөнгийг хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувь болох 18 480 000 төгрөгөөр 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр, 2 дахь дуудлага худалдааг 50 хувь буюу 13 200 000 төгрөгөөр 2017 оны 6 дугаар сарын 21- ний өдөр тус тус оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч Б.Б нь хугацаа хожих замаар үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийг хэсэгт зааснаар Н албанд холбогдох Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 563 дугаар шийдвэрээр Б.Бгаас 13 369 975 төгрөгийг гаргуулж С.Эт олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Н албаны ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан хэмээн дүгнэж, уг дүгнэлтээ шийдвэрийн үндэслэх хэсэг болгосон. Н алба Б.Бгийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхдээ үнэлгээ хийх эрх бүхий байгууллагад хандаагүйд шүүх дүгнэлт хийгээгүй байна. Анхан шатны шүүхийн энэ алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөх үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Б 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Н албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх.1/ хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэх тайлбар гарган маргажээ. /хх.15/

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 00563 дугаар захирамжаар Б.Б нь нэхэмжлэгч С.Эт 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дотор 16 000 000 төгрөг төлж барагдуулах, зээлийн төлбөрийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамж, 138 тоот хаягт байршилтай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000363522 дугаар гэрчилгээтэй, Б.Бгийн өмчлөлийн, 18643316371604 нэгж талбарын дугаартай 359 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-2203005150 дугаарт бүртгэгдсэн газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000459855 дугаар гэрчилгээтэй, Б.Бгийн өмчлөлийн 32 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2203018425 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зөвшөөрч, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх.4-5,17-18,19,20/

 

Уг хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн /хх.4,17/ дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, анхны албадан дуудлага худалдаанд оруулах /хх.7/ ажиллагаа явуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж /хх.23/, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2017/01 тоот тогтоолоор хураасан байна. /хх.26/ Уг хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн талаар төлбөр төлөгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 120 000 000 төгрөг гэх санал гаргасныг /хх.29/ төлбөр авагч С.Э эс зөвшөөрч хөндлөнгийн шинжээч томилуулж, зах зээлийн үнэлгээ тогтоолгох хүсэлтийг гаргасан байна. /хх.30/

Иймд үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах талууд үнийн саналын талаар тохиролцоогүй гэж үзэх тул Н алба нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Н албанаас 113 тоот тогтоолоор “Мөнх трейд” ХХК-д хөрөнгийн үнэлгээ хийхийг үүрэг болгож, /хх.31/ Б.Бгийн үл хөдлөх эд хөрөнгө 26 400 000 төгрөгөөр үнэлэгджээ. /хх.32 дугаар хуудасны ар тал, 37/

 

Н албанаас 2017 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 3/12530 дугаар албан тоотоор Б.Бд мэдэгдэл гарган хөндлөнгийн шинжээч “Мөнх трейд” ХХК- ийн тогтоосон үнийн дүнгийн 70 хувиар тооцон 18 480 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон /хх.41/, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр анхны дуудлага худалдааг зарласан байна. /хх.44, 45 дугаар хуудасны ар тал/

 

Анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон 2017 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 3/12530 дугаар албан тоот мэдэгдлийг нэхэмжлэгч Б.Б тухайн өдөрт хүлээж авсан байх ба шүүхэд 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан байгаагаас үзэхэд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл Н алба нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах үйл ажиллагааг явуулсан байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт зөв болжээ.

 

Шүүх хэргийн үйл баримтад үндэслэн дээрх шаардлагад холбогдох Н албаны явуулсан ажиллагааг учир дутагдалтай болсон талаар дүгнэснийг буруутгахгүй бөгөөд төлбөр төлөгч талд дуудлага худалдаа болох тухай мэдэгдсэн гэх үндэслэлгүй байна. Гэвч нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дах хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн буюу хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02569 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                           

                                  ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ