Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1488

 

 

 

 

 

 

   2022       10          14                                   2022/ШЦТ/1488

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч Б.М, Б.Э, Ө.Г нар,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа нарыг оролцуулан эрүүгийн 2106 01557 2703 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Э, 2000 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар *** тоотод оршин суух хаягтай, урьд 2017 оны 8 дугаар сарын 14 ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 427 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, /Регистрийн дугаар: ***/,

Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.М, 1989 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Увс аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, математик программ хангамжийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, хүүхдүүдийн хамтаар *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /Регистрийн дугаар: ***/,

Шүүгдэгч Монгол улсын иргэн Ө.Г, 1986 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, дүүгийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1285 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, /Регистрийн дугаар: ***/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М, Ө.Г, Б.Э нар нь бүлэглэн 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Быг Ө.Гийн эхнэр Н.Сг хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар түүнийг *** гэсэн улсын дугаартай Пажеро загварын тээврийн хэрэгсэлд хүчээр суулган, засварын газрын хашаанд байх нураасан барилга дээр аваачин зодож, эрүүл мэндэд нь бүслэхийн 2-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал, зүүн мөр, баруун дал, тохойд цус хуралт, баруун тохой, бүсэлхийд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.М, Ө.Г, Б.Э нар нь бүлэглэж хохирогч Д.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Шүүгдэгч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

- Шүүгдэгч Ө.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

- Шүүгдэгч Б.Эы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

- Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байхад манай эхнэр Майцэцэгийг хамт ажилладаг найз болох Н.С нь цохисон гэдгийг мэдсэн. Би цохисон гэдгийг нь мэдээд Н.Сгийн *** дугаарын утас руу залгаад манай эхнэрийг цохисон талаар нь чи ингэж болохгүй ш дээ гэж хэлсэн. Тухайн үед би бага зэрэг уурласан байсан учир Н.Сг пизда гэж хараасан. Тухай үед Н.Сгийн нөхөр хажууд нь байсан юм шиг байна лээ. Над руу *** дугаараас залгаад чи яахаараа эхнэр дарамталдаг юм чамайг ална пизда минь хүрээд ир гэхээр нь би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Шунхлай колонк дээр очсон. Би тэр залуутай зүгээр учраа олъё гэж бодоод тэр залууг ганцаараа ирнэ байх гэж бодож байсан чинь машинтай 4 залуу ирээд намайг *** гэсэн улсын дугаартай Пажеро загварын тээврийн хэрэгсэлд хүчээр суулгасан. Намайг суухад миний хоёр талд хүн суугаад тэр хоёр нь миний гарыг барьж байхад утсаар надтай муудалцаад байсан залуу миний нүүр рүү хэд хэдэн удаа цээж рүү цохиод өшиглөж байгаад чамайг ийшээ авч явж байгаад ална гээд намайг дагуулаад далангийн ертөнцийн зүгээр зүүн талдхан байх гудамжинд оруулаад машинаас буулгаад хашаа нь нурж байсан тоосгон байшин руу намайг чирч оруулаад зүүн гар талд сууж байсан залуу хоолой хэсгээс боогоод хойшоо татахад надтай утсаар маргалдсан залуу намайг зодсон. Намайг зодож байхад би газар унасан ба намайг газарт унахад дээрээс дэвсээд зодоод байсан, хэн нь намайг зодсон талаар би нарийн сайн мэдэхгүй байна, би толгойгоо дараад доошоо хараад байж байсан. Тэр хүмүүс намайг зодоод байхаар нь дахин дахин уучлалт гуйхад намайг машинд буцааж суулгаад иймээ тиймээ юм болбол чамайг ална шүү гээд намайг эргүүлээд Шунхлай колонк дээр байсан машинд минь хүргэж өгөөд явсан. ...Машины урд сууж байсан махлаг залуу урд суудлаас эргэж хараад “чи миний найзыг юу гээд байгаа юм” гээд миний мэдэхгүй шорон яриагаар яриад байсан. Ө.Г машины жолооч талаас эргэж хараад хар өнгийн тунгалаг гэртэй гар утсаа над руу харуулаад “одоо чи яаж чадах юм, чи хэн юм чи, чи түрүүн утасны цаанаас ярьдаг шигээ байгаач” гэх мэтээр над руу хандаж хэлж байгаад гар утсаа болиод миний зүүн талын нүдний доор гараараа 3 орчим удаа цохисон. Түнхэн тус газар 1 удаа, хоёр чихнээс зулгаагаад доош нь дарсан, нуруу, хүзүү, далны хэсэг үү гараараа цохисон. Машины урд сууж байсан бүдүүн залуу одоо чамайг ална, мөн Ө.Г одоо чамайг ална, эзгүй газар чамайг аваачаад алчихсан ч яадаг юм гээд машинаа асаагаад Шунхлай колонкоос гараад буцаж эргээд төв зам дагуу гараад Янтагийн хажуугаар буцаж эргээд засварын газрын хажуу талаар гудамж руу орсон. ...араас явж байсан нэг залуу нуруу руу хөлөөрөө өшиглөхөд би урагшаа харуулдаж унахад дээрээс тал талаас өшиглөж зодсон ба би нүүрээ хамгаалаад доошоо харсан байсан учраас хэн нь цохисон талаар хараагүй. Ө.Г намайг машинаас буулгаж авч явахад араас нэг нь ирж харагдсан, нэг нь бие засаж харагдсан. Тэгэхээр тэр гурав нийлж зодсон. Учир нь олон хөл орж ирээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24, 27-29 дэх тал/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-36 дахь тал/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-39 дэх тал/,

- Хохирогч Д.Бын *** дугаарын дуудлага, мессежний лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 46-48 дахь тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 3815 дугаартай: “...Дүгнэлт:

1. Д.Бын биед бүсэлхийн 2-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал, зүүн мөр, баруун дал, тохойд цус хуралт, баруун тохой, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 дэх тал/,

- Шинжээч эмч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хохирогчийн бүсэлхийн 2-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал нь түүний цээж болон бүсэлхийн хэсгээр хоёр өөр тийш эргүүлэхэд үүсэх боломжгүй, тухайн хугарсан нугалмын орчим хүч үйлчлэхэд үүснэ. Жишээ нь хохирогчийн бүсэлхий орчимд цохих, унах, ойчих зэрэгт хүч үйлчлэхэд сэртэнгийн хугарал үүсэж болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дахь тал/,

- Гэрч Н.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний төрсөн өдөр болоод би архи уусан, тэгээд тэнд ойролцоо наймаа эрхэлдэг Майцэцэгийг “чи одоо миний төрсөн өдөр орж ирэхгүй яасан юм, яасан их зантай юм” гээд өнгөрсөн байсан. Би тухайн үед согтчихсон байсан болохоор яг өөрөө цохисноо санахгүй байна. Маргааш нь найзаасаа сонсоод уучлалт гуйхаар Майцэцэг рүү 7-8 удаа залгахад утсаа аваагүй. Тэгэхээр нь Майцэцэгийн эгч рүү залгаад “би тийм үйлдэл гаргасан байна лээ, намайг уучлаарай” гэхэд утсыг нь Майцэцэгийн нөхөр нь утсыг нь булааж аваад намайг “чи эхлээд цагдаад өргөдлөө өг, би маргааш очиж чамайг ална” гэж хэлсэн. Намайг зөндөө хараалын үгээр доромжилж байгааг манай нөхөр Ө.Г сонсоод миний гар утсыг булааж аваад “манай эхнэр танай эхнэрийг тийм хүчтэй цохичихсон юм уу, чи эмэгтэй хүмүүсийн дунд яасан сүртэй юм бэ” гэсэн. Гэтэл Майцэцэгийн нөхөр манай нөхрийг уулзъя гээд Нарантуулын шатахуун түгээх станц дээр дуудсан. Би нөхрөө битгий яв гэж зөндөө хорьсон боловч дийлээгүй, манай нөхөр энэ хүмүүс чамайг удаа дараа дээрээс хойш хэл амаар доромжилж байна, одоо арай хэтэрлээ гэж намайг орхиод гэрээсээ ганцаараа гараад явсан. Манай нөхөр гэрээс гараад 1 цагийн дараа орж ирсэн ба надад хэлэхдээ “бид хоёр тохиролцчихлоо, одоо өөр юм ярихгүй гэж байна” гэсэн. Гэтэл Майцэцэгийн эгч удаагүй над руу залгаад “бөөнөөрөө нийлээд зодсон байна” гэхээр нь “эмчилгээ хийлгэж байгаа бол би мөнгө төгрөгийг нь төлнө, хүнийг тийм аймаар гэмтээсэн бол энэ хүний явуулдаг газар нь явуулаа” гэж хэлээд салгасан. Тухайн үед би жирэмсэн байсан ба энийг дуулаад нөхөртөө чи яасан өөдгүй юм бэ, ганц хүнийг олуулаа очиж зодоод байхдаа яах вэ дээ гээд уурласан. Түүнээс хойш нөхөртэйгөө маргалдаад тусдаа амьдрах болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 дахь тал/,

- Гэрч Ч.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...маргааш нь манай эгч Тунгалаг ээжийн гэрт ирээд намайг Н.С цохисон талаар ярьж байхад манай нөхөр Д.Б сонсоод Н.Стай “манай эхнэр чамд хийсэн гэм байхгүй, чи яагаад манай эхнэрийг цохиж байгаа юм” гэхэд Н.С “би юу ч мэдээгүй, би согтуу байсан байна лээ, би дүүгээсээ сонслоо” гээд ярьж байхад нь нөхөр нь гар утсыг нь аваад “чи яагаад манай эхнэр рүү дайраад байгаа юм” гээд уулзъя гээд дуудсан. Манай нөхөр Нарантуулын урд талын Шунхлай колонк дээр 2021 оны 5 дугаар сарын 04 ний өдөр ганцаараа очсон. Манай нөхөр өөрийн 30-49 УАР улсын дугаартай Приус-41 загварын машинтайгаа явсан бөгөөд оройхон гэртээ ирээд хашаандаа орж ирчхээд машинаасаа буухгүй байхаар нь нөхөр дээрээ очоод харахад нүүр хэсэг нь шалбарч цус гарсан, нуруу хэсэг нь шалбараад дээгүүр өмссөн байсан цэнхэр өнгийн цамц нь урагдсан байсан. Тэгээд би эмнэлэг явж үзүүлье гэхэд зүгээр гайгүй гээд байсан. Тэгээд орой нь халуураад байхаар нь гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд нуруу нь хугарсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Манай нөхөр надад хэлэхдээ Н.Сгийн нөхөр өөрөөсөө гадна 3 эрэгтэй хүнтэй ирсэн гэсэн ба машинаасаа бууж ирээд нөгөө залуутай уулзах гээд дагаад явж байсан чинь унаж байсан машинаа ухрааж байгаад нөгөө хамт байсан хоёр залуу нь шууд манай нөхрийг ирсэн машиндаа ар талын суудал дээр суулгаад хамт хойно суусан хоёр нь гарыг нь бариад, Н.Сгийн нөхөр урд сандал дээрээс арагшаа харж өшиглөсөн гэсэн. Тэндээсээ хөдлөөд 2 давхар хүн амьдардаггүй балгас руу авч ороод зодсон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дэх тал/,

- Шүүгдэгч Ө.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх ийн 202 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Эы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Тэр үед Ө.Г, Д.Б нар нь хоорондоо барьцалдаж аваад маргалдаж байгаад л ганц хоёр цохилцоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 213 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Ө.Г түүний биед халдсан би машинд суухад нь хамт явж хажууд нь байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 223-224 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Иймд шүүгдэгч Б.М, Ө.Г, Б.Э нарыг бүлэглэн 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Быг Ө.Гийн эхнэр Н.Сг хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар түүнийг *** гэсэн улсын дугаартай Пажеро загварын тээврийн хэрэгсэлд хүчээр суулган, засварын газрын хашаанд байх нураасан барилга дээр аваачин зодож, эрүүл мэндэд нь бүслэхийн 2-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал, зүүн мөр, баруун дал, тохойд цус хуралт, баруун тохой, бүсэлхийд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Б.М, Ө.Г, Б.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал, хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлж эвлэрсэн зэргийг харгалзан прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүр 2.700 нэгжээр торгох ялын санал гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж шүүх шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Д.Б нь хохирол төлбөрт 5 сая төгрөгийг авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б.Э, Б.М, Ө.Г нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.М, Ө.Г, Б.Э нарт тус бүр 2.700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Б.М, Ө.Г, Б.Э нар нь 2.700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга)  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.М, Ө.Г, Б.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.М, Ө.Г, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, Б.М, Ө.Г, Б.Э нар нь хохирогч Д.Бод 5.000.000 (таван сая) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.М, Ө.Г, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР