| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 138/2018/03207/И |
| Дугаар | 183/ШШ2018/02224 |
| Огноо | 2018-10-10 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2018/02224
| 2018 оны 10 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2018/02224 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХФ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ-т холбогдох,
Гуравдагч этгээд: Б.Б гэв
Орон сууц, хувийн сууц болон газрын үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШЗ2017/00259 дугаар захирамжаар ХФ ХХК-иас 268 533 690 төгрөгийг гаргуулж, ГБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлд Т.Т-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байрны 57 тоотод байрлах, ......м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Т.Б ын өмчлөлийн Сүхбаатар сумын 15 дугаар хороо, Шарга морьт 3 дугаар хэсгийн 25 тоотод байрлах хувийн сууц, 672 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалсан байна. НШШГГ төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимейт” ХХК-иар үнэлүүлэн үнэлгээ тогтоолгож, орон сууцыг 113 300 000 төгрөгөөр, хувийн сууцыг газрын хамт 113 000 000 төгрөгийн үнэтэй байна гэж тус тус тогтоосон байх бөгөөд энэхүү үнэлгээг тус гараас ХФХХК-д 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдлээ. Гэтэл 150 000 000-160 000 000 төгрөгийн үнэ ханштай байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг үндэслэлгүйгээр бууруулан, өнөөдрийн зах зээлийн үнэ ханш, орон сууц, газрын үнэлгээнээс хэт доогуур буюу тус бүр 113 000 000 төгрөгөөр үнэлэн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэж байгаад гомдолтой байна. Ямар учраас 150 000 000-160 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 130 000 000-140 000 000 төгрөгийн үнэ бүхий хувийн сууц газрыг 113 000 000 төгрөгийн үнэтэй болгон үндэслэлгүйгээр үнийг бууруулсан талаар асууж тодруулахад хариу тайлбарлаж өгөхгүй, үнэлгээ тогтоосон тайлан дүгнэлтийг хавсаргаж өгөөгүй бөгөөд энэхүү үл хөдлөх эд хөрөнгүүдийг 40 000 000-50 000 000 төгрөгөөр бууруулан үнэлж байгаа үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй, ойлгомжгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдол энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасныг үндэслэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгүүдийг үндэслэлгүйгээр үнэлгээг бууруулсан тухай 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр анх мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт “...Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2 дахь хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд...гаргана” гэж заасны дагуу тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд ХФ ХХК-иас барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байрны 57 тоотод байрлах орон сууцыг 113 300 000 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт 3 хэсгийн 25 тоотод байрлах хувийн сууц болон 672 м.кв талбай бүхий газрыг 113 000 000 төгрөгөөр тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч байх тул дээрх үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үл хөдлөх эд хөрөнгүүдийг үндэслэлгүйгээр 226 300 000 төгрөг болгон бууруулан үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/00259 дугаар захирамжаар ХФХХК-иас 269 283 999 төгрөгийг гаргуулж, ГБХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч ХФ ХХК-ийн захирал Т.Бд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэхэд сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байр, 57 тоот орон сууцыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 190/02 тогтоолоор, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт /14082/, 3 дугаар хэсгийн 25 тоот хувийн сууц, 672 м.кв зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 190/04 тоот тогтоолоор тус тус битүүмжилж, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 17290414/01, 17290414/02 тоот тогтоолоор тус тус хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал өгөхийг удаа дараа мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 296 тоот тогтоолоор шинжээч томилж үнэлгээ тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, төлбөр төлөгч ХФХХК-ийн захирал Т.Б болон өмчлөгч Т.Т-ад 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 4/28309, 4/28308 тоот албан бичгээр мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналтай эсэхийг ХФХХК-ийн захирал Т.Бд мэдэгдэхэд санал ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байрны 57 тоот орон сууцыг шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 113 300 000 төгрөгийн 70 хувь буюу 79 310 000 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт /14082/, 3 дугаар хэсгийг 25 тоот хувийн сууц, 672 м.кв зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг 113 000 000 төгрөгийн 70 хувь буюу 79 100 000 төгрөгөөр тус тус дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарласан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2017/13716 дугаар захирамжаар иргэний хэрэг шийдвэрлэж, шүүхийн хүчин төгөлдөр болох хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хариуцагчийн гаргасан тайлбарыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Дээрх хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас бага үнэлээгүй харин ч өндөр үнэлсэн нь 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад гаргасан шинжээчийн дүгнэлт нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэрглэгдэхгүй. Тиймээс шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад гаргасан 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр зах зээлийн ханшнаас доогуур үнэлээгүй гэдэг нь тогтоогдож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХФ ХХК, НШШГГ-т холбогдуулан Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байрны 57 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 113 300 000 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт 3 дугаар хэсгийн 25 тоот хаягт байрлах хувийн сууцыг газрын хамт 113 000 000 төгрөгөөр үнэлсэн Сэлэнгэ эстмиейт ХХК үнэлгээг эс зөвшөөрч, уг үнэлгээ нь зах зээлийн бодит үнэ ханшид нийцэхгүй гэж нэхэмжлэлээ үндэслэж байна.
Хариуцагч НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Гуравдагч этгээд ГБ нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байна гэж тайлбарлаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:
Хэрэгт авагдсан баримтаар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 183/ШШ2017/00259 дугаар шүүгчийн захирамжаар Голомт банкны нэхэмжлэлтэй, ХФ ХХК-д холбогдох 268 533 690 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, дурдсан хугацаанд хариуцагч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байрны 57 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт 3 дугаар хэсгийн 25 тоот хаягт байрлах хувийн сууцыг газрын хамт албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэрийн үндсэн дээр олгогдсон гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэрт дурдсан эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байрны 57 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт 3 дугаар хэсгийн 25 тоот хаягт байрлах хувийн сууцыг газрын хамт битүүмжлэн хураасан, талууд үнийн санал ирүүлээгүйн улмаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар талууд үнэлгээг тохиролцоогүй гэж үзэж, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээч томилсноор Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байрны 57 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 113 300 000 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт 3 дугаар хэсгийн 25 тоот хаягт байрлах хувийн сууцыг газрын хамт 113 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн болох нь хэрэгт авагдсан Хан–Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 183/ШЗ2017/03525 дугаар шүүгчийн захирамж, 183/ГХ2017/000323 дугаар гүйцэтгэх хуудас, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 190/01 дугаар шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, 190/02, 190/04 дугаар эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 17290414/01, 17290414/02 дугаар эд хөрөнгө хураах тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шинжээч томилох тухай 296 дугаар тогтоолоор зэргээр нотлогдох бөгөөд эдгээр ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19, 41, 42, 49, 54 дугаар зүйлд нийцжээ.
Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үнэлгээний тайланг эс зөвшөөрч, тухайн үнэлгээ зах зээлийн жишиг үнэд нийцэхгүй, илт багаар үнэлсэн гэж маргаад 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдэл хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг зөрчөөгүй гэж үзсэн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч эд хөрөнгө хураан битүүмжилсэн тогтоолд гомдол гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг шүүх мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасны дагуу хуульд заасан хугацаанд зохих журмын дагуу гомдол гаргаагүй, урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн үндэслэлээр хүлээн аваагүй болно.
Иймд үнэлгээг эс зөвшөөрсөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс шинжээч томилж, төлбөр төлөгчийн битүүмжлэн хураагдсан эд хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэхэд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байрны 57 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт 3 дугаар хэсгийн 25 тоот хаягт байрлах хувийн сууцыг газрын хамт 191 236 079 төгрөгөөр үнэлсэн ба нэхэмжлэгч дээрх эд хөрөнгийг 226 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй, шаардлага үндэслэл нотлогдохгүй байна гэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдох, үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч ХФ ХХК-ийн нхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХФ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ