Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
Хэргийн индекс | 105/2022/1470/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1504 |
Огноо | 2022-10-17 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1504
2022 10 17 2022/ШЦТ/1504
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүгдэгч Н.Б,
нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч Ц.Сайнхүү нарыг оролцуулан эрүүгийн 2206 00000 2799 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Н.Б, 1993 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 346 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, /Регистрийн дугаар: ***/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвай нэртэй зочид буудалд хохирогч З.Эын Самсунг галакси нөүт 20 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 945.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Н.Б нь хохирогч З.Эын Самсунг галакси нөүт 20 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 945.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
- Шүүгдэгч Н.Бгийн шүүх хуралдаанд: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
- Хохирогч 3.З.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байх дэн буудалд өөрийн найз Н.Б, түүний танил, миний танихгүй 2 хүүхэнтэй хамт архи уусан. Тэгээд архиа ихээр уугаад тасарсан байсан. Тухайн хоёр хүүхэн болон Н.Б нар явсан байсан. Тухайн үед миний Самсунг галакси нөүт 20 маркийн гар утас алга болсон байсан. Тэгээд би Н.Б руу залгатал миний гар утсыг аваагүй, чи Цагдаагийн байгууллагад гомдлоо гарга гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дахь тал/,
- Хохирогч З.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Би гар утсаа Н.Бд өгөөгүй, би цамцны халаасанд хийгээд үлдээсэн байсан. Би тэр өдөр Н.Бгаас гар утас алга болгочихлоо, авсан уу гэж асуухад Н.Б үгүй гэж хариулсан, харин ч тэнд байгаа найздаа загнуулсан. ...гар утсыг барьцаанд зээлийн газарт тавьсан мөнгөөр ууж байгааг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дахь тал/,
- Гэрч Ц.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гар утсыг Н.Б гэх хүн ганцаараа ирж барьцаанд тавьсан. Гар утсаа 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлбөрөө бүрэн төлж гар утсаа авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дэх тал/,
- Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...З.Э миний гар утас хаана байна гэж бүгдээс нь асуусан, гар утас алга болчихлоо гээд үглээд байсан. Тэрнээс хойш 2 цагийн дараа Н.Б ирсэн. Н.Б ирэхдээ мөнгөтэй ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дахь тал/,
- “Цасан бороо” барьцаат зээлийн газрын “...Н.Б нь Самсунг галакси эс 20 загварын гар утсыг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 400.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэх гэрээ /хх-ийн 37 дахь тал/,
- Дамно ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн БЗД2-22-1603 дугаартай: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 945.000₮ /есөн зуун дөчин таван мянган төгрөг/-р үнэлэгдэв.” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27 дахь тал/,
- Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Н.Бг 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвай нэртэй зочид буудалд хохирогч З.Эын Самсунг галакси нөүт 20 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 945.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүх шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар болон хувийн байдлыг нь харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 245 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн бөгөөд шүүх хуульд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч З.Эод 945.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Н.Б нь уг хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Н.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бд 245 /хоёр зуун дөчин тав/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч З.Э нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР