Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1509

 

 

 

 

 

 

   2022       10          18                                   2022/ШЦТ/1509

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч С.О,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Ю.Батсүх,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан эрүүгийн 2206 03413 2790 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн С.О, 1995 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа мал малладаг гэх, ам бүл 4 нөхөр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /Регистрийн дугаар: ***/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.О нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдөрт шилжих шөнө *** тоотод архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2 сартай П.А охиндоо хөхөө хөхүүлэх явцдаа хөхөөрөө дарж амь насыг хохироосон буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Дээрх шүүгдэгч С.О нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйл баримт нь:

- Шүүгдэгч С.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Талийгаач П.А нь миний төрсөн охин 2 сартай байсан. Би 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод гэр худалдаж авахаар ирсэн. 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр эхнэрийн хамт согтууруулах ундаа хэрэглээд шөнийн 04 цагийн үед унтсан. Тэгэхэд манай охин уйлагнаад байсан тул манай эхнэр С.О хөхөө хөхүүлж байсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 7 дугаар сарын 02-ны өглөө сэрэхэд охин маань амьсгалахгүй байх шиг байхаар нь яаралтай эмнэлэгт хүргэсэн чинь нас барсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дахь тал/,

- Гэрч Ц.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхор тосгоны эрүүл мэндийн төвд их эмчээр ажилладаг. 2022 оны 7 дугаар сарын 02-ны өглөө 8 цаг 20 минутын орчимд, ажлаа хийж байхад хүүхэд тэвэрсэн эмэгтэй, 2 эмэгтэйн хамт орж ирээд, манай охин таталт өгчихлөө гэсэн. Би уг 2 сартай нярай хүүхдийг үзэхэд царай улайсан толботой, цавь болон шууны судас нь тэмтрэгдэхгүй амьсгалахгүй байсан ба уг хүүхэд нь нас барчихсан байхаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дэх тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрэээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1800 дугаартай: “...Дүгнэлт

1. Талийгаач нь ам, хамар дарагдах хэлбэрийн механик амьсгал бүтэлтийн улмаас амьсгалын дутагдалд орж нас баржээ.

2. Дээрх гэмтэл нь зөөлөн мохоо зүйлийн дарах үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Шүүх химийн шинжилгээгээр цогцосноос авсан гэх цусанд спиртийн агууламж илрээгүй цусанд эмийн бодис болон хорт бодис тодорхойлох боломжгүй, дээжийн хэмжээ хүрэлцээгүй тул мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээ хийх боломжгүй байна гэжээ.

5. ДНХ шинжилгээг ШШҮХ-н тусгай шинжилгээний газрын ДНХ лабораторид харьцуулах шинжилгээгээр хийгдэнэ.

6. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 40-43 дахь тал/,

- Шүүгдэгч С.Оийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дэх тал/,

- Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 69 дэх тал/,

-  Төрсний гэрчилгээний хуулбар /70-71 дэх тал/ зэргээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Шүүгдэгч С.Оийн өмгөөлөгч М.Батмөнх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлд маргаагүй болно.

Иймд шүүгдэгч С.Оийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдөрт шилжих шөнө *** тоотод архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2 сартай П.А охиндоо хөхөө хөхүүлэх явцдаа хөхөөрөө дарж амь насыг хохироосон буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг гарсан, үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч С.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.П нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. С.Оийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.От хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар дээрх хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.ШИНЭБАЯР