Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1517

 

 

 

 

 

 

   2022       10          19                                   2022/ШЦТ/1517

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Г.Билгүүн /томилолт/,

шүүгдэгч Ч.Х нарыг оролцуулан эрүүгийн 2206 00000 2533 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ч.Х, 1986 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цагдаа мэргэжилтэй, *** менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 361 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 3 сар, мөн Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, улмаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосныг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэж байсан, /РД: ***/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Х нь 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, Хорека зочид буудлын хамгаалагч Т.Мыг “ажлын байран дээр энгийн хувцастай амарч байсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар биед нь халдаж, цохиж зодон Т.Мын биед хамрын баруун, зүүн хажуу хана, дээд үүдэн баруун, зүүн 1 дүгээр шүдний хугарал, доод уруулд шарх, дээд уруулын дотор салст, доод уруул, хамрын нуруу, зүүн бугалгад цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Дээрх шүүгдэгч Ч.Х нь хохирогч Т.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Шүүгдэгч Ч.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр ажил дээр хяналт тавихаар очиход Т.М ээлж солигдох болоогүй байхад ажлын хувцсаа өмсөхгүй унтаж байсан. Би дуудаж сэрээгээд бүртгэлийн дэвтэр шалгахад бөглөөгүй байсан болохоор уурлаад ажлыг ингэж хийдэггүй хэлээд цээж рүү нь түлхэхэд намайг зөрүүлээд зодсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлыг төлнө.” гэх мэдүүлэг,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дэх тал/,

- Хохирогч Т.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 09 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах, Хорека зочид буудалд хамгаалагчаар ажилладаг юм. Тэгээд өрөөндөө хэвтэж байсан чинь менежер Ч.Х гэх хүн хаалга өшиглөөд орж ирсэн. Тэгээд чи унтаад байна, хувцсаа тайлсан байна, гэж хэлэхээр нь би “өглөө эрт 08 цагийн үед рапортоо хаагаад, хувцсаа солиод хэвтэж байсан юм” гэхэд өөдөөс уурлаад, тэгээд бид хоёр маргалдаад би “чи уусан байгаа юм биш үү, намайг дарамтлаад байгаа юм уу, наашаа ирж болж байгаа юм уу?” гэхэд намайг шууд баруун зүүн хацар луу цохиод авсан. Тэгээд бид хоёр ноцолдоод намайг газар унагааж баахан цохисон. Мөн элэг рүү өшиглөж, үүдэн шүд рүү 2 цохиж унагаасан. Тэгээд ресейпшн бууж ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дэх тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10401 дугаартай: “...Дүгнэлт:

1. Т.Мын биед хамрын баруун, зүүн хажуу хана, дээд үүдэн баруун, зүүн 1-р шүдний хугарал, доод уруулд шарх, дээд уруулын дотор салст, доод уруул, хамрын нуруу, зүүн бугалгад цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт зэргээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Иймд шүүгдэгч Ч.Хыг 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, Хорека зочид буудлын хамгаалагч Т.Мыг “ажлын байран дээр энгийн хувцастай амарч байсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар биед нь халдаж, цохиж зодон Т.Мын биед хамрын баруун, зүүн хажуу хана, дээд үүдэн баруун, зүүн 1 дүгээр шүдний хугарал, доод уруулд шарх, дээд уруулын дотор салст, доод уруул, хамрын нуруу, зүүн бугалгад цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал, хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлж эвлэрсэн зэргийг харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялын санал гаргаж, түүнийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж шүүх шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Т.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрт учирсан хохирлоо баримтаар нэхэмжилсэн төлбөрийг шүүгдэгч Ч.Х нь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Х нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ч.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Хыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Ч.Х нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, Ч.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР