Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/192

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Г.Баясгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 80/А дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 1907005070052 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны сарын 20-ны өдөр *******т төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, туслах малчин ажилтай, ам бүл 1, ******* аймгийн ******* тоотод оршин суух,

Урьд Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 393 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан. 

******* овогт *******ийн ******* /РД:*******/,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.******* нь , хаягт  2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн орчимд өөрийн хамтран амьдрагч Г.ийн хууль ёсны өмчлөлийн гар цүнхтэй 674.300 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, улмаар гар цүнхэнд байсан Г.ийн өмчлөлийн ны картаас 1.250.000 төгрөгийг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлж авч нийт 1.924.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Б.*******ын шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “

бид хоёр 2 үхэр янзлаад портер машинтай Улаанбаатар хот руу орж ирсэн. Махаа Налайхад зараад Улаанбаатар хот руу явж байтал машин эвдрээд бид хоёр муудалцсан. Цүнх нь угаасаа миний өвөрт байсан. Налайхад ирээд ынд байж байхад бид хоёр нэлээд муудалцаад би гараад явсан. Гарч яваад картнаас нь мөнгө аваад цааш Улаанбаатар хот руу явсан. Хот орчхоод цүнхэнд байсан тал юмыг нь буцаагаад явуулсан. Өөрөө талыг нь аваагүй гэж байсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хохирогч Г.ийн мэдүүлэг /хх-34-36/, гэрч Н.ын мэдүүлэг /хх-39/, гэрч Э.ын мэдүүлэг /хх-40-*******/,  хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-49-50/, ны албан бичиг /хх-90/,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Зөрчлийн хэрэг үүсгэх тогтоол /хх-*******/, мөрдөгчийн хугацаа сунгасан тогтоол /хх-*******/, хохирогч Г.ийн мэдүүлэг /хх-34/, дансны хуулга /хх-32/, ял шалгах хуудас, тодорхойлолт /хх-69/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-44-50/, хохирогчийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-69/, хохирол төлбөр төлсөн тухай баримт /хх-70/, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-/, шинээр гаргаж өгсөн ******* аймгийн сумын Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

            Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч “...Шүүгдэгч Б.*******т холбогдох хэрэгт улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, холбогдох эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тодорхой нөхцөл байдлууд тогтоогдсон. Үүнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хохирогчид нөхөн төлсөн буюу хэрэг прокурорын хяналтын шатанд байхад шүүгдэгч Б.******* нь хохирол болох 2.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж,  хохирол төлбөргүй болсон талаар баримт хэрэгт хавсрагдсан байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал эсрэгээрээ тогтоогдсон зүйлгүй. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд урьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлд зааснаар баривчлах ял шийтгэгдэж байсан. Гэхдээ үүнээс хойш дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байж байгаад өнөөдрийн шүүх хуралдаан болж байгааг дурдах нь зүйтэй байна. Одоогийн байдлаар 44 настай, *******т туслах малчнаар ажилладаг. Түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, үйлдлийн арга хэлбэр, бусдад учруулсан хохирол, хор уршгийг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд үндэслэж оногдуулах нь зүйтэй. Прокурортой тохирсон зорчих эрхийг хязгаарлах ял өнөөдрийн байдлаар хэрэгжих боломжгүй гэдгээ шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гаргасан баримтуудаар илэрхийлж байгаа. Энэ нөхцөл байдал дээр байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ эцсийн байдлаар энэ ял шийтгэл биелэгдэх боломжгүй гэсэн баримт бичиг хэрэгт авагдаагүй байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдал буюу бусад нөхцөл байдал хэвээрээ байгаа тул прокурортой тохиролцсон эрүүгийн хариуцлагыг дахин гаргах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж, ******* аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх эрүүгийн хариуцлагыг оногдуулах саналтай байна. Иргэний нэхэмжлэл, хохирол төлбөртэй холбоотой асуудлыг дурдсан. Шүүгдэгчийн зүгээс үүнийг төлж барагдуулсан түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, мөрдөн байцаалтын явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдуулах дүгнэлтийг гаргаж байна. Мөн шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ...Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэн ийн өмчлөлийн эд зүйлийг хулгайлж, эд хөрөнгийн үнэлгээгээр 675.300 төгрөгийн хохирол учруулсан. Мөн хохирогч ийн ны данс дахь мөнгийг буюу түүний картыг ашиглан 1.250.000 төгрөгийг түүний зөвшөөрөлгүйгээр нууцаар, хууль бусаар авсан үйлдлээ шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрдөг. Иймд өмгөөлөгчийн зүгээс прокурорын зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах мэтгэлцэх зүйлгүй байна. Энэ гэмт хэргийн улмаас 1.920.000 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирол хор уршгийг шүүгдэгч *******ын зүгээс 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ийн ны данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн учраас түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдуулах саналтай байна. Эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа.  Энэ гэмт хэргийн санкц нь зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх гэсэн ялын төрлүүдтэй. Б.*******ын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ гэмт хэрэг нь  2019 оны 10 дугаар сард гарсан. Өнөөдрийн байдлаар 3 жил гаран буюу хоногоор 1097 хоног шалгагдсан. Энэ гэмт хэрэг гарснаас хойш хуулийн байгууллагын удаан шалгасан, хариуцлагагүй үйлдлээс болоод энэ хүн үйлдсэн гэмт хэрэгтээ тохирсон ял шийтгэлээ авалгүй нэлээдгүй цаг хугацааг өнгөрүүлсэн. Шүүх, хуулийн байгууллагад хэргээ эцэслэн шийдвэрлүүлэхгүйгээр 3 жилийн хугацаанд шалгагдана гэдэг энэ шалгах хугацаандаа тодорхой хэмжээний цээрлэлийг шүүгдэгч хүртсэн байна. Б.******* нь одоогийн байдлаар ******* аймгийн Мөрөн суманд Отгонбямба гэх хүнтэй хамтран амьдарч, ахуй амьдралаа авч явж, амьдралынхаа тодорхой хугацаанд алдсан алдаагаа засаад ажиллаж амьдарч байгаа. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд Б.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь хамрагдаж байгаа бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр тэнсэх нөхцөл бололцоо хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар бүрдсэн байна. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Б.*******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.******* нь , хаягт  2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн орчимд өөрийн хамтран амьдрагч Г.ийн хууль ёсны өмчлөлийн гар цүнхтэй 674.300 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, улмаар гар цүнхэнд байсан Г.ийн өмчлөлийн ны картаас 1.250.000 төгрөгийг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлж авч нийт 1.924.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.*******ын өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тухайн үед Г.тэй хаягт байх таньдаг айлындаа 12 билүү 13 цагийн үед очиж хашаанд нь машинаа тавьсан юм. Тэр үедээ машин эвдэрсэн асуудлаас бид хоёр хоорондоо бага зэрэг муудалцаж хэрэлдэх үед миний уур хүрээд Г.ийн цүнхийг нь өөрт нь мэдэгдэхгүйгээр тэр чигтээ Улаанбаатар хот руу явчихсан. Налайхаас гарахаасаа өмнө ны бэлэн мөнгөний машинаас нийт 1.250.000 төгрөгийг данснаас нь зөвшөөрөлгүй аваад явсан. Тэрнээс хойш би Г.тэй ерөөсөө холбоо бариагүй. Ингээд би Улаанбаатар хотод нэг айлынд очиж тэднийд Г.ийн цүнхийг нь үлдээчхээд, цүнх дотроос нь түүний монетон ээмэг бөгжийг аваад зарчихсан бусдыг бүгдийг цүнхтэй нь хамт ******* руу  Г.ийн утасны дугаарыг тавьж үлдээгээд унаанд өгөөд явуулчихсан юм.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 60 дугаар тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.ийн өгсөн: “...Би ******* гэж хүнтэй танилцаад хамтран амьдраад 3 жил гаруй хугацаа өнгөрч байна. Анх ******* аймгийн суманд манай саахалт айл болох ахын гэрт туслах малчнаар ажиллаж байсан юм. Тэгээд танилцаад хамтран амьдрах болсон. ...2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр портер машинтай хот руу орох гээд явсан юм. Тэгсэн чинь Налайх дүүрэгт ирээд эвдэрчихээр нь би дүүгийнхээ найз болох руу залгаад ид байх хашаанд нь аваачиж тавьсан юм. Тэгээд гэрт нь сууж байгаад *******ыг чи гараад такси аваад ирээч хоёулаа хүн олж машинаа янзалъя, бас хот руу яаралтай явахгүй бол болохгүй нь гэж хэлээд гаргаад явуулсан. Тэгээд хүлээгээд сууж байсан чинь миний утсанд мессеж ирэхээр нь гайхаад харсан чинь данснаас 800.000 төгрөг гарсан байсан. Тэгээд дахиад удалгүй мессеж ирээд харахад 450.000 гарахаар нь би явж байгаад хаан банкныхаа картыг хаалгасан юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 34 дүгээр тал/

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.ын өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын сүүлээр манай найз ******* намайг Шархад руу ажилтай явж байхад над руу залгаад найз нь Улаанбаатар хотод ороод ирлээ гээд дээлээ бүсээрээ боогоод барьчихсан ноосон цамцтай такси бариад ирсэн. Тэгээд би найз *******ыг ямар ажлаар Улаанбаатар хотод ирэв гэж асуухад манай найз ******* нутаг руугаа явна гэж хэлсэн. Би *******аас зүгээр үү гэж асуухад зүгээрээ гэж хэлээд би нутаг явах гэж байгаа юм чинь жоохон чихэр боов аваад үсээ засуулаад нутаг руу гаа явна гэж хэлж байсан. Тэгээд Шархаднаас миний машинд суугаад бид 2 хамт Хархорин яваад тэндээ цайны газар орж хоолонд ороод би цаашаагаа гэр рүү гээ явсан Б.******* Хархорин дээр үлдсэн. Тухайн үед манай эхнэр төрөх гээд би ажил ихтэй байхад манай найз Б.******* өөр өөр дугаараас хүний утаснаас ярьж байна гээд найз нь энд явна, тэнд явна гээд ярьж байсан. Надтай уулзнаасаа хойш 2 хоногийн дараа Б.******* залгаад найз нь Баянхонгор нутаг руу гаа явж байна гэж хэлсэн. Тэрнээс хойш бол ирээгүй. Дараа нь 2019 оны 11 cap гарсан байхад над руу залгаад буцаад *******д гэртээ ирсэн чинь эхнэр Г. байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр Г.ийн дүү нь намайг та манай эгчийн хамаг юмыг нь хулгай хийж явчихаад ямар нүүрээрээ ирж байгаа юм гэж хэлээд байна гэж надад хэлэхэд нь би наад хүн чинь ямар хамаатай юм бэ эхнэртэйгээ өөрөө учираа ол гэж хэлэхэд эхнэр Г.тэй холбогдсон намайг энд байж бай гэж хэлсэн гэж надад Б.******* хэлсэн. Үүнээс 2,3 хоногийн дараа өөр утсаар Б.******* залгаад Улаанбаатар хотод ороод ирлээ гээд залгасан. Үүнээс хойш янз янзын дугаараас залгаад энд байна тэнд байна гээд голцуу согтуу ярьдаг байсан. 2020 оны 01 сард над руу Б.******* залгахаар нь манай гэрт хүрээд ир гэж хэлэхэд нялх хүүхэдтэй юм чинь хэрэггүй ээ гэхээр нь би манай найз гэх хүний гэрт байна гэхээр нь тэнд очиж уулзсан. Би Б.*******тай уулзахдаа Цагдаагийн байгууллагаас чамайг хайж байна Г. гэх хүний эд зүйлийг хулгайлсан гэж байна лээ чи наад асуудлаа очоод зохицуулаа чамд өөрт чинь хэрэгтэй учираа олчих гэж хэлэхэд Б.******* за тэгье тэгье гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг,

/хх-ийн 41-******* дугаар тал/

4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.ын өгсөн: “...2019 оны 10 сарын сүүлээр би гэртээ байж байсан чинь манай багт найзын эгч нь надруу яриад хотруу явж байгаад Налайх дээр машин эвдэрчихлээ гз хэлсэн юм. Тэгэхээр нь би машин олоод чирээд өөрийнхөө хашаанд оруулж тавьсан. Тухайн үед би хүний машин гуйж чирж ирсэн болохоор төлбөр мөнгийг нь өгөх гэз гарсан. Тэр хооронд манай гэрт нөхөртэйгөө цай уугаад үлдсэн. Тэгээд би гарч хүш мөнгө олж өгчихөөд гэрт ороод ирсэн чинь эгч ганцаараа сууж байсг бөгөөд данснаас мөчго глрэад байча гээд бмд хоёр гарч такси аваад картыг хаалгаад дараа нь цагдаагийн газар дээр ирж өргөдөл өгсөн” гэх мэдүүлэг

/хх-ийн 39 дүгээр тал/

5. Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан

/хх-ийн 49-50 дугаар тал/

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 61 дүгээр тал/

7. Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 71-75, 78 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Б.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Г.ийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь хохирогч Г.ийн монетон 2 хос, 4 ширхэг ээмэг, ХААН банкны картыг авсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон Дамно хөрөнгийн үнэлгээний НА-19-150 дугаар дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Б.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.т 1.924.300 төгрөгийн хохирол учирсныг хохирогчид 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар буцаасан ба 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр эсэргүүцэл бичиж 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 23 дугаартай “Шүүхээс буцаасан хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах тухай”  прокурорын тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн заалтыг хангах тогтоол үйлдсэн атлаа дээрх ажиллагааг хийлгүй яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлэг авч 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.*******т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг үндэслэн “зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах буюу өөрийн түр оршин суух ******* аймгийн нутаг дэвсгэрээс гадуур зорчихгүй” байхаар ял тохиролцож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

 

Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Б.******* нь ******* аймгийн Мөрөн сумын багт оршин суудаг. Зорчих эрхийг хязгаарлах ял нь интернэтийн сүлжээнд суурилж тухайн ялтны хязгаарлалтыг хянахаар техникийн зохицуулалт хийгдсэн. Б.*******ын байгаа газар нь интернэтийн сүлжээ байхгүй, утасны сүлжээ хааяа нэг ордог. Өөрөө мал хариулдаг тул зорчих эрхийг хязгаарлах ял нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах ял шийтгэл”, мөн шүүгдэгч Б.*******ын “Прокурортой тохиролцсон ялаас татгалзаж байна.” гэх тайлбар мэдүүлгийг тус тус гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.6-д зааснаар “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй.” учир ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлэв.

Мөн Улсын яллагч, шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлтийн шатанд улсын яллагч “Б.*******т 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж, ******* аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх эрүүгийн хариуцлагыг оногдуулах саналтай байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.ын “Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс прокурорын шатанд прокурортой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар буюу 6 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял дээр тохиролцож хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш прокурортой тохирсон уг ял нь шүүгдэгч Б.*******ын хувьд биелэгдэх боломжгүй, түүний эрх зүйн байдлыг дордуулахаар ял байна. Б.******* нь ******* аймгийн Мөрөн сумын багт оршин суудаг. Зорчих эрхийг хязгаарлах ял нь интернэтийн сүлжээнд суурилж тухайн ялтны хязгаарлалтыг хянахаар техникийн зохицуулалт хийгдсэн байгаа. Өөрөө мал хариулдаг тул зорчих эрхийг хязгаарлах ял нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах ял шийтгэл болох тул шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, хэргийг ердийн журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлт тайлбараас шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Тухайлбал Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж зааснаас үзэхэд ******* нь байршлын хувьд Улаанбаатар хотоос зүүн тийш 330 км, 80.3 мянган хавтгай километр нутаг дэвсгэртэй, 18 сум, 5 тосгон, 88 багтай, 70.2 мянган хүн амтай байх ба 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж, ******* аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх эрүүгийн хариуцлагыг оногдуулах санал нь ялын зорилгод нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.36 дахь хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг”,

Прокурорын байгууллагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 4-т “хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангасан эсэх”-д прокурор хяналт тавина,

Улсын ерөнхий прокурорын 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А96 дугаар тушаалаар баталсан Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан зааврын 13.3 дугаар зүйлийн 1-д Прокурор эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үндсэн хугацаанд шалгуулж шийдвэрлэхэд хяналтаа чиглүүлнэ. Мөн зүйлийн 13.3 дугаар зүйлийн 5.1-д “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үндсэн хугацаанд, эсхүл урьд сунгуулсан хугацаанд мөрдөн шалгах ямар ажиллагааг хийж гүйцэтгэсэн, түүний үр дүн” 5.3-т “цаашид хийгдэх мөрдөн шалгах ажиллагааны хэр хэмжээ, уг ажиллагааг зайлшгүй хийж гүйцэтгэх үндэслэл, шаардлага”, мөн зүйлийн 6-д “прокурор хавтаст хэргийг хянаж танилцсаны үндсэн дээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацаа сунгах эсэхийг шийдвэрлэнэ.”, 9-д “Мөрдөн байцаалтын хугацааг сунгах тухай мөрдөгчийн саналыг хүлээн авсан прокурор энэ зүйлийн 5,6 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж гүйцэтгэн, эрх бүхий прокурорт танилцуулж хугацааг сунгуулна” гэж тус тус заажээ.

Гэвч 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн прокурорын 190700507 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх” тухай тогтоол үйлдсэнээс хойш хэрэг бүртгэлтийн хэргийн хугацаа сунгасан байдал:

 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 2 сар, /Прокурор Б.Гантулга хх-7-8/,2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс мөн оны  03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 1 сар, /Прокурор Г.Эрдэнэбаяр хх-9/, 03 дугаар сарын 19-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 4 сар, /Прокурор М.Батхишиг хх-10-11/, 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 03 дугаар 19-ний өдрийг хүртэл 8 сар, /Прокурор Ч.Пүрэвсүрэн хх-12-17/, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 3 сар, /Прокурор С.Цэрэндалай хх-18/, 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 7 сар, /Прокурор Ц.Гэрэлчимэг хх-19-23/, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны сарын 19-ний өдрийг хүртэл 3 сар, Налайх,Багахангай дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит Б.Батжаргал  нар тус тус 19 удаа, нийт 2 жил 5 сарын хугацаагаар сунгасан байдлаас үзэхэд “хийгдэх мөрдөн шалгах ажиллагааны хэр хэмжээ, уг ажиллагааг зайлшгүй хийж гүйцэтгэх үндэслэл, шаардлага” зэргийг хянаагүйгээс мөрдөн байцаах ажиллагаанд хүний эрхийг зөрчиж байгаа зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож түүнд 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Түүнчлэн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Яллагдагчаар татсан тогтоолд: “Яллагдагчаар татах ийн ын хаана байгаа газар нь тодорхой” гэсэн атлаа Б.*******ыг яллагдагчаар татсан.

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс Б.*******ыг холбогдогч болохыг тогтоож эрэн сурвалжилж эхэлсэн мөртлөө хэрэгт эрэн сурвалжилж хайсан ажиллагаа байхгүй ба 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр буюу 2 удаа хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан, 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэлд “Б.*******ыг эрэн сурвалжилсан” байгаа тэмдэглэл, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Б.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны сарын 19-ний өдрийг хүртэл 3 сараар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит Б.Батжаргал сунгах хугацаанд 2022 оны 02 дугаар сарын 28-нд яллагдагчаар татах, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авах зэрэг ажиллагаанууд хийгдсэн зэргээс үзэхэд прокурор хяналт тавиагүйгээс хэргийн хугацаа удааширсан, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Г.ийг хохирогчоор тогтоолгүй байцаасан атлаа 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Г.ийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан зэрэг зөрчилүүдийг хянаж зөвтгөөгүйг анхаарах нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ   хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.        

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

            5. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ