Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/308

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0289/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Л.М /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт Б  овогт Л-ийн Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000338 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б  овогт Л-ийн М /РД: ........ /, ......  оны ....  дугаар сарын .... -ний өдөр .......  аймгийн ..... суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ........  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., .............-ийн хамт .......  аймгийн .......  сумын .......  дугаар баг ............  тоотод оршин суух хаягтай, урьд ......  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...... оны ...... дугаар сарын ..... -ний өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Л.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.М нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед ....  аймгийн ........  сумын .....  дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ............ дээр иргэн Б.М-ны нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М-ын мэдүүлсэн: “Би гэмт хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Би хохирогчид 300,000 төгрөг өгсөн. Одоо 200,000 төгрөг өгөх дутуу байгаа. гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218000000338 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.М-ны хэрэг бүртгэлтэд 2022 ны 08 дугаар сарын 18, 09 дүгээр сарын 05-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...Намайг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед .....  аймгийн ......  сумын .....  дугаар баг .......  ...........-ын урд найз С , Т  нарын хамт юм яриад зогсож байтал миний хажуугаас зүс таних нэрийг нь мэдэхгүй нэг согтуу залуу ирээд шууд миний  нүүр лүү цохиод авсан. Тэгээд би тэр хүнийг барьж аваад зууралдаад зогсож байтал тэр хүний эгч нь гэж өөрийгөө хэлсэн Ш гэдэг хүн гарч ирээд манай дүүг та нар яах гээд байгаа юм, яагаад нийлж зодоод байгаа юм гээд хүрээд ирсэн. Тэгэхэд надтай С , Т  хоёр бид нар дүүг чинь зодоогүй, танай дүү харин энэ хүнийг зодоод хамрыг нь хугалчихлаа гэж хэлсэн. Тэгээд намайг тэр залуутай зууралдаад газар хэвтэж байхад тэр эмэгтэй дүүгээ салгасан. Намайг босох хооронд тэр залуу гүйгээд зугтаагаад явчихсан. Тэр залуу миний нүүр лүү нэг удаа гараараа цохисон. Өөрөөр цохиж зодоогүй. Цохиулснаас болж тухайн үедээ маш их цус гарсан. Намайг эмнэлэгт ирж үзүүлээд зургаа авхуулсан чинь миний хамар хугарсан байсан. ...Би М-аас 300,000 төгрөг авах ёстой надад 300,000 төгрөгийг 2022  оны 08 дугаар сарын 13-ны өдөр өгсөн. Надад хохирлын баримт гэх зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6, 9 дэх тал/,

 

Гэрч Л.Ш-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн: ...2022 оны 08 дугаар сарын 11-ний өглөө 9 цагийн үед төрсөн дүү М-тай .......  сумын .... багт байрлах ........ дээр уулзаад бид хоёр ......  руу хамт алхаад явсан. ....-ын урд талд байх нүхэн гарцаар Хаан банк талаас ..........  тал руу гарч ирээд хот хооронд явдаг тээврийн хэрэгслийн зогсоолын хажуугаар өнгөрөх үед М ард үлдсэн. Тэгээд эргээд харахад манай дүү танихгүй хүнтэй зодолдож байсан. Би очиж салгаад юу болсон талаар асуухад М надад хэлэхдээ таны араас хараад инээгээд шоолоод байсан болохоор би цохисон юм гэж хэлсэн. Тэгээд М зугтаагаад яваад өгсөн. Мыг хүмүүс зодоогүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

Гэрч Д.Э-ны хэрэг бүртгэлтэд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 10-11 цагийн .........-ын хот хоорондын тээврийн зогсоол дээр очиход хамт тендерт явдаг жолооч нар болох М , Б  нар ирчихсэн байсан. Ингээд тэр хоёртой хамт юм яриад зогсож байтал танихгүй эрэгтэй шууд М-ны нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд М нөгөө цохисон залуутай барьцалдаад зогсож байтал түүний хамраас цус гарсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

Гэрч Ч.Б-ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн: ...08 дугаар сарын 11-ний өдөр 10-11 цагийн үед найз болох Э , М  нарын хамт ... сумын . .. дугаар багт байрлах .......  захын хот хооронд тендерийн машины зогсоол дээр өөрийнхөө тээврийн хэрэгслийн хажууд зогсоод найз нартайгаа юм ярьж байтал нэг танихгүй залуу ирээд шууд М-ны нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд М  нөгөө цохисон залуутай барьцалдаад зогсож байтал түүний хамраас цус гарсан. Ингээд тэр танихгүй залуугийн эгч нь гэх хүн ирээд тэр хоёрыг салгаад танихгүй залууг эгч нь аваад явсан. М цагдаа руу явсан. Бид нар хүмүүсийг хараад шоолж инээгээгүй. Хоорондоо юм яриад инээлдэж байсан юм. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 837 дугаартай ...Б.М-ны биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

 

.........  аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ...Б  М,  ...хэсэг газрын үзлэгээр: хамраар хавдартай. ... гэх яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн  23-24 дэх тал/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 36, 37 дахь тал/,

 

Л.М-ын яллагдагчаар 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 08 дугаар сарын 11-ний өглөө 10-11 цагийн үед .......... сумын .....  багт байрлах ... -н автобусны буудал дээр эгч Ш-тэй уулзаад хамт Төрийн банк орж мөнгө авчхаад ........ руу явсан. Ингээд ........-ын урд талд байрлах нүхэн гарцаар гараад хот хоорондын тендерийн машинууд зогсож байгаа хэсгээр дамжин өнгөрч байтал М  гэж дууддаг танил ах манай эгч Ш-ийг хараад инээгээд байсан. Тэгэхээр нь миний дургүй хүрээд эгчийгээ өмөөрөөд М гэх хүний нүүр лүү нэг удаа цохисон. Ингээд бид хоёр маргалдаж байхад Ш  эгч ирээд бид хоёрыг салгасан. Тухайн үед М  ахын хамраас цус гараад байхаар нь айгаад зугтаасан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Л.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Мыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Л.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Хохирогч Б.М  нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 300,000 төгрөгийг өгсөн байх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг рентген зургийг шийтгэх хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б  овогт Л-ийн М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг рентген зургийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.  

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР