Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсумын Идэр |
Хэргийн индекс | 166/2022/0295/Э |
Дугаар | 2022/ШЦТ/314 |
Огноо | 2022-09-29 |
Зүйл хэсэг | 17.5.1., |
Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0295/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч Д.А , түүний өмгөөлөгч Ж.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт У овогт Д-ийн А т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000365 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, У овогт Д-ийн А /РД: ........ /, ..... оны ..... дугаар сарын .... -ний өдөр ...... аймгийн ......... суманд төрсөн, ...... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны монтёр мэргэжилтэй, “......... ” ХХК-ийн ........... ажилтай, ам бүл 5, ...........-ийн хамт ......... аймгийн ...... сумын ...... дугаар багийн ......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Д.А ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.А нь 2022 ны 08 дугаар сарын 22-ны өдөр ........... аймгийн ...... сумын ..... дугаар багт байрлах ........... газрын гаднаас иргэн П.Б-ийн гээгдүүлсэн ........ маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 750,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан завших гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А ийн мэдүүлсэн: “Би гэмт хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2218000000365 дугаартай хэргээс:
Хохирогч П.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 08 дугаар сарын 23, 09 дүгээр сарын 26-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ажлынхаа хүмүүстэй эрүүл мэндийн төв дээр шинжилгээ өгчхөөд ........... сумын ..... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “.......... ” орж цай уучхаад гарахдаа ширээн дээр нь ......... маркийн гар утсаа үлдээгээд гарчихсан байсан. Тэгээд гадагшаа гараад машиндаа суучхаад гар утсаа үзсэн чинь алга байхаар нь буцаж орсон чинь миний гар утас алга болчихсон байсан. Бид нарын суусан ширээний нөгөө талын эгнээнд нэг танихгүй залуу сууж байсан. Тэгээд араас нь 2 гадаад иргэн орж ирсэн. Үүдэнд зөөгч охин, нярав гээд нэг эмэгтэй байсан. Өөр хүн байгаагүй. Би гар утсаа хэдэн сар барьсан. Гар утсаа 500,000 төгрөгөөр үнэлж байна. Миний гар утасны ар тал нь шар өнгөтэй, дэлгэц дээрээ шилэн наалттай, гадна талдаа өнгөгүй гэртэй, ямар нэгэн хагархайгүй 64GB багтаамжтай утас байсан. ...Би 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гээгдүүлсэн ......... маркийн гар утсаа цагдаагийн байгууллагаас хүлээн авлаа. Миний гээгдүүлсэн гар утас мөн байна. гар утасны imei код тохирч байна. Утсаа бүрэн бүтэн хэвийн ажиллагаатай хүлээн авсан учраас энэ хэрэгт миний зүгээс гар утсыг олж ашигласан хүнд холбогдуулан гаргах санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “............ маркийн Вьетнамд үйлдвэрлэсэн IMEI:.......... , улбар ягаан өнгийн урдаа 1, ардаа 5 камертай цилкон гэртэй, урд шилэн наалт нь цуурсан, type с цэнэглэгчийн оролттой, 2 сем ордог утас байна. Тухайн гар утсыг хохирогч П.Б-д хүлээлгэн өгөв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь тал/,
Капитал зууч ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “.......... маркийн 64GB багтаамжтай гар утас /шинэвтэр/ 1 ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ н 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 750.000 /Долоон зуун тавин мянган/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 21, 22 дахь тал/,
Д.А ийн яллагдагчаар 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 09 цаг өнгөрч байхад ажлаасаа буугаад ..... сумын 12 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ......... төв ороод 380-н байрны тэнд байдаг дэлгүүр орж бараа сонирхохоор .............. ......-ийн газрын орчим явж байтал газарт улбар шар өнгийн гадартай гар утас байхаар нь аваад үзтэл тухайн утас асаалттай байсан. Ойр хавьд хүн харагдаагүй учраас тухайн гар утсыг ямар нэгэн хүн гээсэн юм байна гэж бодоод олзны зүйл учраас өөрөө ашиглая гэж бодоод цүнхэндээ хийгээд таксинд суугаад хуучин ........... чиглэлд явж байтал гар утас дугарсан. Тэгэхээр нь би тухайн гар утасны эзэн нь утсаа хайгаад залгаж байгаа байх гэж таслаад утсыг цүнхнээсээ гаргаж хальт хараад ирсэн дуудлагыг нь авч ярилгүй шууд унтраах товч дээр дарж унтраагаад буцааж цүнхэлсэн. Тэгээд би гэртээ тухайн гар утсыг авч очоод тус утсанд байсан хуучин сим картыг авч хаяад өөрийн сим картуудыг ээлжлэн хийж 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ашигласан. Тэгээд цагдаагийн газраас намайг 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дуудаж хүний гэгдүүлсэн гар утас та завшсан байна. авчирч өг гэж хэлэхээр нь айгаад цагдаа дээр ирж уулзахдаа мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхдөө тухайн цагдаагаас санаа зовоод миний олсон гар утсыг нөхөр хөдөө аваад явсан гэж хэлсэн. Би өнөөдөр цагдаагийн газар дээр ирж уулзаад тухайн гар утсыг авчирч эзэнд нь өгөхгүй бол боломжгүй байна гэдгийг өмгөөлөгчөөсөө зөвлөгөө авч мэдээд өөрийн санаачилагаар тухайн гар утсыг нь хүлээлгэн өгөхөөр авчирсан. Тухайн гар утсыг ашиглахдаа ямар нэгэн эвдрэл гэмтэл учруулаагүй болно. Гар утас хэвийн ажиллагаатай байгаа. Миний олсон гар утас нь гадна талаараа улбар шар өнгийн корпустай, тунгалаг өнгийн хуванцар гэртэй, ................ маркийн шинэвтэр маш цэвэрхэн сайхан хэрэглэсэн гар утас байсан. би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.А ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Д.А ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Д.А ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хохирогч П.Баясгалан нь гээгдэл эд хөрөнгөө биет байдлаар хүлээн авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У овогт Д-ийн А ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР