Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2019/ДШМ/032

 

С.Мд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Яллагдагч С.М

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЗ/412 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцлээр С.Мд холбогдох эрүүгийн 1814007010162 дугаар хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, С.М, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

С.М нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын .......... тоотод 2018 оны 11 сарын 29-30-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Б.Цыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас С.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЗ/412 дугаар шүүгчийн захирамжид:

...Хохирогч Б.Цын биед учирсан гэмтэлд гаргасан Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн 1 дэх хэсэгт ... Б.Цын биед тархи доргилт, дагзанд шарх, баруун нүдний доод зовхи болон алимны салстад цус хуралт зүүн шуу, баруун тавхай, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо..гэж шинжээчийн 2 дах хэсэгт ...нурууны шарх гэмтэл нь өндөр хэмийн харин бусад гэмтлүүд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.. гэж дүгнэлт болон шинжээч эмч Б Баяртогтохын.. нуруу түлэгдэлт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх мэдүүлгээс үзэхэд гэмтлийн зэрэг тогоох журмын 4 дүгээр бүлгийн 13-т ... түлэгдэлт, хөлдөлт, шархны улмаас үүссэн зөөлөн эдийн гэмтлийн хувь хэмжээг тогтоохоор заасан бөгөөд хохирогч Б.Цын биед учирсан гэмтлийг тогтоохдоо нуруунд шарх, түлэгдэлт гэж хоёр өөр зөрүүтэй байдлаар хэрэгт авагдсан,

хохирогч Б.Цын биед учирсан /нурууны түлэгдэлт/ гэмтлийн талаар Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийнн 01 дугаартай шинжээчийн дүгнлтэнд бичигдээгүй хохирогч Б.Цын нуруунд түлэгдэлт гэмтэл үүссэн байхад ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоогоогүй буюу Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийнэ гэсэн байхад шинжээчийн 01 дүгээр дүгнэлт үндэслэлтэй эсэхэд эргэлзээтэй байх тул нэмэлтээр дахин дүгнэлт гаргуулах, шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан хохирогч Б.Цаас мэдүүлэг аваагүй, хохирогчид учирсан гэмтлийн болон эмчилгээ хийлгэсэн талаар тодруулах, түүнчлэн хохирогч Б.Цын өгсөн мэдүүлгээс харахад биед учирсан “нурууны түлэгдэлт” гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй холбоотой эсэх нь эргэлзээтэй , өөрөөр хэлбэл С.Мын хохирогч Б.Цын биед нурууны шарх, нуруу түлэгдэлт гэмтэл учруулсан гэх үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож чадаагүй буюу хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий мэдүүлгүүд зөрүүтэй

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4-д ...эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл..., ...бусад эд зүйлс, гэмт хэрэг ул мөр үлдсэн, агуулсан, ...түүнчлэн...хэргийн бодит байдлыг тогтоох..., ....сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдолтой бүхий бичлэг олсон цахим баримт, эд зүйлийг тооцно... гэж заасан бөгөөд тухайн зуухны тагыг эд мөрийн баримтаар тооцож хураагаагүй

4/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1-д мөрдөгч гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор.... хэрэг гарсан газарт үзлэг хийнэ.. гэж заасан ба хэргийн газарт үзлэг хийгээгүй холбогдох ажиллагааг хийгээгүй шалгаагүй орхигдуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан тухайн хэргийн талаарх нотолбол зохих байдлыг бүрэн тогтоолгохоор тухайн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэх нь зүйтэй ...гэжээ.

Прокурор Э.Гантулга давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

...Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж ажиллах явцад яллагдагч С.Мын үйлдлийн улмаас хохирогчид учирсан гэмтэл нь үүссэн болох нь тогтоогдсон буюу хохирогч нь хэрэг гарахаас өмнө эрүүл мэндэд нь ямар нэгэн хохиролгүй гэмтэлгүй байсан. Хохирогч Б.Цын биед ямар гэмтэл учирсан талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулсан, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийг гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан дүгнэлтийг тайлбарлуулан байцаалт авсан. Шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар тодорхой тусгагдсан, дээрх гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гаргасан. Дээрх дүгнэлт эргэлзээтэй тайлбарлуулах шаардлагатай бол шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийг оролцуулан дүгнэлтийн талаар асууж тодруулах боломжтой. Мөн хохирогчийг шүүхийн хэлэлцүүлэгт оруулж учирсан гэмтэл, хийгдсэн эмчилгээний талаар мөн тодруулах боломжтой. Хэргийн газарт үзлэг хийгдээгүй, эд зүйлийг хураан аваагүй боловч дээрх нөхцөл байдлууд нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байх тул хэргийг анхан шатны шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Иймд ...Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар 01-ний өдрийн 412 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:

Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингү болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор Э.Гантулгын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

С.М нь 2018 оны 11 сарын 29-30-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг, 39Б-5 тоотод гэр бүлийн хамаарал бүхий, хамтран амьдрагч Б.Цыг аягаар шидэж толгойг нь хагалсан, зуухны таг авч баруун талын далыг түлэх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай, тэдгээрийг шүүх үнэлэн шийдвэрлэх боломжтой байна.

Хохирогч Б.Цын “... аягаараа миний толгойн ар хэсэгт цохиж хагалсан мөн зуухны таг авч баруун талын дал түлсэн...”/хх-ийн 17-19 дүгээр тал/ гэх мэдүүлэг, гэрч В.Бадамсамбуугийн “... Б.Цыг манай хүргэн С.М дал орчмыг нь түлж, хувцасыг нь шатаасан байсан...” /хх-ийн 26-27 дугаар тал/ гэх мэдүүлэг, яллагдагч С.Мын “... би зуух руу түлхэж унагаасан, толгой орчимд нь гараараа цохьсон...” /хх-ийн 43-44 дүгээр тал/ гэх мэдүүлэг, “...Б.Цын биед тархи доргилт, дагзанд шарх, баруун нүдний доод зовхи болон алимны салстад цус хуралт зүүн шуу, баруун тавхай, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, ...нурууны шарх гэмтэл нь өндөр хэмийн харин бусад гэмтлүүд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар гаргасан Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 01 тоот дүгнэлт /хэргийн 6-7 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЗ/412 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЗ/412 дугаар захирамжийг хүчингүй болгож, С.Мд холбогдох 1814007010102 тоот эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч С.Мд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М. МӨНХДАВАА

                                ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР

                                                            Б. БОЛОР-ЭРДЭНЭ