Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2021/0365

 

 

 

 

 

 

 

 

2021 05 27 128/ШШ2021/0365

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч,

Хариуцагч: Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Батзаяа,

Гуравдагч этгээд: Монгол даатгал ХК,

Нэхэмжлэлийн шаардлага: барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-265/206 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, дахин шинжилгээ хийж дүгнэлт гаргахыг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантогтох, А.Баттуяа, хариуцагч Н.Батзаяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анармаа, түүний өмгөөлөгч Ж.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар Банкны тухай хуульд заасан төлбөрийн чадваргүй болсон үндэслэлээр Хадгаламж банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилж, мөн өдрийн А-157 дугаартай тушаалаар өөрийн хөрөнгө алдагдсан Хадгаламж банк ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэж, дээрх ажиллагааг хийж гүйцэтгэхийг Банкны эрх хүлээн авагчид даалгасан. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авч банкны активыг төлүүлэх, банкны өр төлбөрийг барагдуулах чиг үүргийг хэрэгжүүлж байна. Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон Монгол даатгал ХК-ийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр №90С1820032064 дугаартай даатгалын гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр Багануур мах маркет ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө /Мах бэлтгэх үйлдвэр/ зэргийг даатгуулсан.

Багануур дүүрэг дэх цаг уурын өртөөний мэдээлснээр 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр тус дүүрэгт цаг агаарын аюултай үзэгдэл нөөлөг салхи ажиглагдаж, аадар бороо 3 цаг үргэлжлэн орж, хур тунадасны хэмжээ 15.6 мм-т хүрсэн буюу аюулын түвшнээс 0,6 мм-ээр их хур тунадас орсон. Энэ нь Цаг уурын өртөөний дарга Х.Энхчимэгийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн цаг агаарын аюултай үзэгдлийн тодорхойлолтоор нотлогдсон. Банкны эрх хүлээн авагчаас даатгалын гэрээнд заасны дагуу даатгалын тохиолдол байж болзошгүй нөхцөл байдлыг Монгол даатгал ХК-д зохих хугацаанд мэдээлсэн. Үүний дагуу Монгол даатгал ХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүсэлт гаргасан ба тус хүсэлтийн дагуу улсын байцаагч мах бэлтгэх үйлдвэрт шалгалт хийж 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 02-07-265/206 дугаартай дүгнэлт гаргасан. Гэтэл Монгол даатгал ХК нь дээрх улсын байцаагчийн дүгнэлтэд нэмэлт дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасан байх бөгөөд тус хүсэлтийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 02-03/5030 дугаартай албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргаас дахин дүгнэлт гаргах шаардлагагүй тухай мэдэгдэл Монгол даатгал ХК-д хүргүүлсэн байна. Энэхүү мэдэгдэлд улсын байцаагчийн дүгнэлтэд дурдаагүй үндэслэлийг зааж, утга агуулгын хувьд ижил гэж үзэх боломжгүй тайлбарыг хийсэн байдаг.

Энэ талаар Банкны эрх хүлээн авагч нь Монгол даатгал ХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн 01/1864 дугаартай албан бичгээс анх мэдэж, 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 45 дугаартай албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт дараах үндэслэлээр гомдол гаргасан. Үүнд: 1. Улсын байцаагч 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-265/206 дугаартай дүгнэлт гаргахдаа хэрэглэгдэх ёстой хууль тогтоомжийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хууль тогтоомжид үндэслэсэн, 2. Улсын байцаагчийн шалгалтын тэмдэглэлийг шалгуулагчид өгөөгүй, тэмдэглэл хөтлөөгүй, 3. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн мэдэгдэлд дүгнэлтэд огт тусгаагүй үндэслэл, тайлбарыг нэмж, мөн дүгнэлтэд тодорхой заагаагүй норм, дүрмийн зүйл, заалтыг нэмсэн нь хуульд нийцээгүй, улсын байцаагчийн дүгнэлтийг өөрчилсөн, дүгнэлтийг хүчингүй болгосон эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсэн тул улсын байцаагчийн дүгнэлт, үүнд хийсэн дэд даргын мэдэгдлийг хүчингүй болгож өгөхийг хүссэн.

Тус гомдолд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02-01/746 дугаартай тухай албан бичгээр ... 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 02-18/09 дугаартай удирдамжаар Барилгын техникийн хяналтьн байцаагч н.Батзаяа нь ... Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт заасан тэмдэглэлийн хувийг шалгуулагч этгээдэд өгөхөөр заасныг хэрэгжүүлсэн, ... 02-07- 265/206 дугаар бүхий дүгнэлт нь Байгууллагын стандартын 1.8 дахь заалт болон Ё нормативын шаардлагыг хангасан, ... улсын ахлах байцаагч У.Ёндон нь дахин дүгнэлт гаргах шаардлагагүй болохыг мэдэгдсэн гэсэн хариуг ирүүлснийг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр гардаж авсан. Улмаар Банкны эрх хүлээн авагчаас гаргасан гомдолд бүрэн гүйцэд тайлбар өгөөгүй, шаардлагатай баримт, бичгийг ирүүлээгүй, Банкны эрх хүлээн авагчийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Улсын байцаагч нь удирдамж, хяналтын хуудаст заасны дагуу хяналт шалгалт хийсэн эсэхийг мэдэхгүй, хийсэн хяналт шалгалтын тэмдэглэл байхгүй байгаа нь энэ талаар тайлбар, санал, хүсэлт гомдол гаргах зэрэг эрхийг ноцтой зөрчсөн, улсын байцаагчийн дүгнэлт нь тодорхойгүй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 02-03/503 дугаартай, 02-01/746 дугаартай албан бичгүүдэд үйлдвэрийн дээврийн хучлагын талаар мэдээллийг агуулсан байх боловч мэдээллийг агуулсан байх боловч бодит мэдээлэлд үндэслээгүй байгаа тул уг актыг хүчингүй болгож, шинээр акт тогтоох, Банкны эрх хүлээн авагчид учирсан хохирол цаг агаарын аюултай үзэгдлээс шалтгаалан үүссэн эсэх талаар бодитоор тогтоож өгөхийг хүссэн агуулга бүхий гомдлыг дахин гаргасан. Тус гомдолд 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 02-01/1877 дугаартай албан бичгээр Банкны эрх хүлээн авагчаас ирүүлсэн 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 312 тоот гомдлыг дахин хянаж үзэх шаардлагагүй болохыг мэдэгдъе гэсэн хариуг ирүүлсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.2 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу дараах үндэслэлээр эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсэгт заасны дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамж, эсвэл мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрт үндэслэн хийсэн нь тодорхойгүй, шалгуулагч буюу Банкны эрх хүлээн авагчид мэдэгдээгүй, огт танилцуулаагүй, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт заасны дагуу бидэнд улсын байцаагчийн шалгалтын тэмдэглэл өгөөгүй тул захиргааны шийдвэр гаргах журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу утга агуулгын хувьд ойлгомжгүй бөгөөд мах боловсруулах үйлдвэрт хийсэн үзлэгээр үйлдвэрлэлийн барилгад тавигдах ямар шинж илэрсэн, уг шинж илэрснээрээ ямар хууль тогтоомжийн ямар зүйл заалтыг зөрчсөн эсэх, мөн уг дүгнэлтээс үүдэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэргийг тусгаж өгөөгүй байна.

3. Тус улсын байцаагчийн дүгнэлтэд Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм БНбД 13-04-03-ийг үндэслэл болгосон байна. Уг дүрмийн 1.1 -д зааснаар орон сууцны барилга, олон нийт, соёл ахуйн зориулалтай обьектуудын сэргээн засварлалт болон засвар үйлчилгээний ажлын тогтолцооны дараалал ба бүрэлдэхүүнийг тогтооно гэжээ. Өөрөөр хэлбэл уг дүрэм нь үйлдвэрлэлийн зориулалттай барилгын норм стандартыг зохицуулаагүй буюу зөвхөн амьдрахад зориулагдсан орон сууцны стандартын тухай норм байх тул улсын байцаагчийн дүгнэлт нь үндэслэл бүхий байж чадахгүй байна.

4. Монгол даатгал ХК-иас дахин дүгнэлт гаргуулах хүсэлтийн дагуу тус компанид ирүүлсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын мэдэгдэлд дүгнэлтээр илрүүлээгүй зүйлсийг нэмж, мөн дүгнэлтэд тодорхой заагаагүй норм, дүрмийн зүйл, заалтыг нэмсэн байгаа нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Улмаар улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгосон, өөрчилсөн эсэх нь тодорхойгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна. Ингэснээр даатгалын нөхөн төлбөрийг хариуцах үүрэг бүхий этгээдэд давуу байдлыг бий болгосон бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт заасан зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

5. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Банкны эрх хүлээн авагчид ирүүлсэн 02-01/746 дугаартай, мөн тус газраас Монгол даатгал ХК-д ирүүлсэн 02-03/5030 дугаартай албан бичигт тус тус үйлдвэрийн дээврийн хучлагын талаар мэдээллийг агуулсан байх боловч бодит мэдээлэлд үндэслээгүй, баримт материалаар тогтоогдохгүй, үүссэн хохиролд цаг агаарын аюултай үзэгдлээс шалтгаалан үүссэн эсэхэд тодорхой хариулт өгөөгүй байх тул тус захиргааны акт нь ойлгомжгүй, тодорхойгүй, үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Барилгын насжилт, засвар ашиглалттай холбоотой нэмж гаргаж өгөх баримт байхгүй. Үйлдвэр ажиллахгүй байгаа тул үйлдвэрийг хариуцан хамгаалуулахаар Т.Баярхүүг түр тавьсан. Үйлдвэр ажиллахгүй, үйлдвэрийн барилга дээр өөр хариуцсан хүн байхгүй учраас дарга гэж ойлгож ярьж байна. Т.Баярхүү нь үйлдвэрийг хариуцаж хамгаалах байдлаар л байдаг. Улсын байцаагчийг шалгах үед Т.Баярхүү үйлдвэрийн барилгыг хариуцаж хамгаалж байсан. Одоо ч Т.Баярхүү үйлдвэрийн барилгыг хариуцаж хамгаалж ажиллаж байгаа. Т.Баярхүү үйлдвэрийг хариуцаж байсан эсэх дээр, Т.Баярхүүг байлцуулсан эсэх дээр маргаагүй, энэ талаар нэмж нотлох баримт цуглуулах шаардлагагүй. Т.Баярхүүгийн оронд даатгуулагч Хадгаламж банкны эрх хүлээн авагчийг байлцуулах ёстой байсан гэж нэхэмжлэгч үзэж байгаа. Бороо орсноор дээвэр лүү ус орсон гэж үзсэн. Борооноос гадна нөөлөг салхи нөлөөлсөн гэсэн дүгнэлт гарсан. Тухайн үеийн нөхцөл байдлыг л тогтоолгох хүсэлттэй байна.

Цаг уурын өртөөний тодорхойлолтоор цаг агаарын аюулт үзэгдэл үүссэн гэдгийг үгүйсгэсэн тайлбар гаргаагүй. Мөн үйлдвэрийн барилгын төлөв байдалд хийсэн нөхцөл байдлыг 3 өөр хэсэгт ангилсан байдлыг үндэслэн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны байгууллагын үйл ажиллагааны зарчим байдаг. Гэтэл бодит байдал дээр цаг агаарын аюултай үзэгдэл болсон байж болзошгүй тохиолдлыг мэргэжлийн байгууллагаас хэлсээр байтал тухайн үед байгаа хохирлыг л үнэлсэн. Барилгын төлөв байдал тухайн үед шалгаж байхад ямар байсан, юунаас болоод ийм болсон талаар шалгасан талаар ямар ч дүгнэлт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Батзаяа миний 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Монгол даатгал үндэсний даатгалын компаниас ирүүлсэн хүсэлтийн дагуу хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 02-18/09 дугаартай Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд Мах маркет ХХК-ийн Багануур салбар мах бэлтгэх үйлдвэрийн барилгад тус компанийн захирал Т.Баярхүүг байлцуулан хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 5.2 кодтой барилгын ашиглалтыг шалгах хяналтын хуудсаар үнэлэж, 0046876 дугаартай шалгалтын тэмдэглэл үйлдэж шалгуулагч этгээд болох Т.Баярхүүгээр гарын үсэг зуруулан хувийг хүлээлгэж өгсөн. Хяналт шалгалт хийхэд барилгын зураг төсөл, хувийн хэрэг байгаагүйгээс дээврийн урсгал болон их засварыг хэзээ хийсэн нь тодорхойлох боломжгүй байсан.

Барилгын дээврийн эвдрэл гэмтлийг засварлуулахаар 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-265/206 дугаартай Барилгын төлөв байдлын тухай дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалаар баталсан Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага стандарт, Ё нормативын дагуу үйлдэж Монгол даатгал ХК-ийн ажилтан Нямхүүд хүлээлгэн өгсөн. Барилгын норм ба дүрэм БНбД 13-04-03 нь барилгын техник үйлчилгээ, урсгал болон их засвар, сэргээн засварлалт хийх бүх байгууллага, аж ахуй нэгжүүд заавал мөрдөх баримт бичиг юм. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2008 оны засварын ажил хүлээж авсан улсын комиссын акт манай байгууллагад байхгүй, энэ талаар нэхэмжлэгч шүүхэд хандахаас өмнө манайд хандаад хариу авч байсан, энэ талаар өмнөх хуралд тайлбарласан. 2008 онд улсын комисст ажилласан Багануур дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Х.Мандах нас барсан тул гэрчээр асуух боломжгүй.

Тухайн үед мах бэлтгэх үйлдвэрийн дарга гэсэн Т.Баярхүүг хяналт шалгалтад байлцуулсан. Үйлдвэрийн барилгыг хариуцаж байсан хүнийг л байлцуулаад шалгалт хийсэн. Монгол даатгал ХК-иас ирүүлсэн хүсэлтийн дагуу хяналт шалгалт хийсэн тул Хадгаламж банкны эрх хүлээн авагч нь уг барилгатай ямар холбоотой талаар бидэнд ямар ч мэдээлэл байгаагүй. Тухайн барилга байгууламжийн хувийн хэрэг байхгүй тул яг хэзээ завсар хийсэн гэдгийг хэлэх боломжгүй. Үйлдвэрийн барилгын засвар ашиглалтын хугацааны норм дүрэм тусдаа байхгүй. Барилга байгууламжийн засвар, ашиглалтын хугацааны жишиг БНбД 13-04-03 норм дүрмийг бүхий л барилгын засвар ашиглалтын хугацааг тооцоход хэрэглэдэг. Газар дээр нь үзэж шалгаад тогтоогдсон нөхцөл байдлаар дүгнэлт гаргасан.

Нэхэмжлэгч талаас цаг уурын өртөөний ирүүлсэн гамшигт үзэгдэл гэсэн тодорхойлолттой уялдуулах гээд байна. Очиж үзэхэд тухайн барилгын дээвэр цоорсон байдалтай бага зэрэг бороо орвол ус нэвчихээр байсан. Тиймээс барилга байгууламжийн насжилт, ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх хүсэлтэй байвал бол нэн даруй дээврээ янзлах шаардлагатай байгаа талаар дүгнэлт гаргасан.

Шалгуулагч этгээд гэж Багануур мах маркет ХХК-ийн үйлдвэрийг гэж үзсэн тул үйлдвэрийг хариуцсан хүнийг байлцуулсан. Тухайн үедээ ашиглалтгүй үйлдвэрийн барилгыг хариуцаж байсан хүн нь Т.Баярхүү. Цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбогдуулж шалгалт хийгээгүй, үйлдвэрийн бодит нөхцөл байдлыг харж дүгнэлт гаргасан. гэв.

Гуравдагч этгээд Монгол даатгал ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Батзаяад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд Монгол даатгал ХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь Монгол даатгал ХК-тай даатгалын гэрээ байгуулсан бөгөөд Багануур дүүрэгт байрлах Мах маркет ХХК-ийн мах бэлтгэх үйлдвэрийн барилгад 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр бороо орсны улмаас хохирол учирсан гэх нөхцөл байдал үүссэн талаар мэдээлэл ирүүлсэн. Ирүүлсэн мэдээллийн дагуу дээрх үйлдвэрийн барилгад учирсан хохирол нь даатгалын тохиолдолд хамаарах эсэхийг тодруулах зорилгоор 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр холбогдох Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргасан болно.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 02-18/09 дүгээр хяналт шалгалтын удирдамжийн дагуу тус хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Батзаяа хяналт шалгалт явуулж, Мах маркет ХХК-ийн Багануур салбар мах бэлтгэх үйлдвэрийн барилгад тус компанийн захирал Т.Баярхүүг байлцуулан Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох дүрэм, журамд нийцүүлэн хяналт шалгалт хийсэн байна.

Улмаар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-265/206 дугаар дүгнэлт гарсан ба уг дүгнэлтээр Мах маркет ХХК-ийн барилгын дээврийн бин битүү байдал алдагдсан гэж, шалгалт хийсэн тухай тэмдэглэлд засвар үйлчилгээ хийгээгүйгээс дээврийн бин битүү байдал алдагдсан гэж дурдсан бөгөөд уг шалтгаанаар үл хөдлөх эд хөрөнгөд хохирол учирсан гэж тогтоосон.

Иймд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-265/206 дугаар дүгнэлт нь хуульд заасан журмыг зөрчөөгүй, холбогдох дүрэм, журмын дагуу гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар хяналт шалгалтыг зөвхөн удирдамжид заасан хүрээнд хийх ёстой. 2019 оны 08 сарын 21-ний өдрийн хяналт шалгалтыг хийх удирдамжид барилгын техникийн хяналтын чиглэлийн 5.2 кодтой барилга байгууламжийн ашиглалтыг шалгахдаа хяналтын хуудсаар шалгаад, эрсдэлийн үнэлгээг тогтооно гэсэн хүрээнд тухайн шалгалтын удирдамжид заасан. Удирдамжийн хүрээний дагуу тухайн барилгын оноо өгөөд хяналт шалгалтын хуудсын 30, Барилгын норм дүрмийн 31-7-5-д зааснаар тухайн дүгнэлттэй хуульд заасан шаардлага стандартын дагуу хуульд нийцсэн дүгнэлт гэж үзэж байна.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч тайлбартаа: Улсын байцаагчийн гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Хууль зүйн хувьд хүчингүй болгуулах талаар огт хэлсэнгүй. Нэхэмжлэгч тал бодит нөхцөл байдалтай танилцсан талаар асуухад танилцаагүй гэж хэлж байна. Энд тухайн нөхцөл байдалтай танилцсан ганц хүн нь улсын байцаагч. Цаг уурын нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрсэн гэх нөхцөл байдал харагдахгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-265/206 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, дахин шалгалт хийж дүгнэлт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Монгол даатгал ХК-д даатгуулсан барилгад даатгалын тохиолдол үүссэн гэх үндэслэлээр уг барилгад хяналт шалгалт хийсэн дүгнэлттэй ийнхүү маргажээ.

Хуульд заасан журмаар хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон Монгол даатгал ХК-ийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр байгуулагдсан 90С1820032064 дугаартай даатгалын гэрээгээр Хадгаламж банк ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалт бүхий Жаст агро ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай Багануур мах маркет ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2208002838 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болох Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэг, Уурхайчдын гудамж 40 тоот хаягт байрлах Махны үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг даатгуулсан[1] байдаг.

Багануур мах маркет ХХК-ийн Мах боловсруулах үйлдвэрийн дарга Т.Баярхүү 2019 оны 7 дугаар сарын 16-нд үйлдвэрт үзлэг хийсэн акт үйлдсэн[2], тодруулбал тус үйлдвэрийн газар байрлах Багануур дүүрэгт 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр болон 7 дугаар сарын 15-ны үдээс хойш их хэмжээний усархаг бороо орсны улмаас үйлдвэрийн дээвэр болон ханаар их хэмжээний борооны ус нэвчиж, гоожсон талаар үйлдвэрийн сахиул Ц.Дашдоржийн хамт үзлэг хийж акт үйлдэж, мөн Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч хөрөнгийн үнэлгээний Тод үнэлгээ ХХК-иар хохирлын үнэлгээ[3] гаргуулжээ.

Улмаар Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 2019 оны 7 дугаар сарын 23-нд 466 тоотоор Монгол даатгал ХК-д даатгалын нөхөн олговор хүсч[4], Монгол даатгал ХК 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 01/1223 тоотоор даатгалын тохиолдол үүссэн эсэхийг тогтоолгохоор мэргэжлийн хяналтын байгууллагаар барилгын хийц, чанарыг шалгуулж дүгнэлт гаргуулахад хамтран ажиллах талаар Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид мэдэгдэж[5], улмаар 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 01/1227 тоотоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт дүгнэлт гаргуулахаар хандаж[6], ийнхүү дүгнэлт гаргуулахаар хандсан талаар 2019 оны 8 дугаар сарын 08-нд 01/1260 тоотоор Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид мэдэгджээ[7].

Монгол даатгал ХК-иас 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 01/1227 тоотоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан хүсэлтийн дагуу Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 02-18/09 дугаартай удирдамжаар тус хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт байрлах Багануур мах маркет ХХК-ийн Мах бэлтгэх үйлдвэрийн барилгад 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр үйлдвэрийн дарга гэх Т.Баярхүүг байлцуулан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, үйлдвэрийн барилгын дээврийн бин битүү байдал алдагдсанаас борооны ус дээврийн хавтан хооронд нэвчин орж дото хана, таазын заслыг эвдсэн, дээврийн усны хаялга эвдэрснээс гадна фасадны өнгө үзэмж муудсан, мэргэжлийн байгууллагаар зураг төсөв батлуулан эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч барилгад их засвар, дээврийн засвар хийх шаардлагатай гэсэн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-265/206 дугаартай дүгнэлт[8] гаргажээ.

Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар барилга байгууламжийн техникийн улсын хяналтыг барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага буюу мэргэжлийн хяналтын байгууллагын барилгын техникийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлэх тул хуулиар олгосон энэ чиг үүргийн хүрээнд хяналт шалгалт хийгдсэн байна.

Даатгагч Монгол даатгал ХК нь улсын байцаагчийн дүгнэлтэд нэмэлт дүгнэлт гаргуулахаар 2019 оны 10 дугаар сарын 29-нд 01/1634 тоотоор хүсэлт гаргаснаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Монгол даатгал ХК-ийн болон үйлдвэрийн төлөөллийг байлцуулан газар дээр нь дахин шалгаж 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 02-03/5030 дугаартай албан бичгээр дахин дүгнэлт гаргах шаардлагагүй[9] хэмээн Монгол даатгал ХК-д хариу өгчээ.

Монгол даатгал ХК 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 01/1864 тоотоор даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж, Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч 2020 оны 1 дүгээр сарын 22, 4 дүгээр сарын 08-нд тус тус Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагчийн дүгнэлттэй холбогдуулан гомдол гаргаж, 2020 оны 2 дугаар сарын 20, 5 дугаар сарын 08-нд хариу аваад улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэснээр нэхэмжлэлээ гаргажээ.

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-265/206 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, дахин шалгалт хийж дүгнэлт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Багануур дүүрэг дэх цаг уурын өртөөний тодорхойлсноор 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр тус дүүрэгт цаг агаарын аюултай үзэгдэл болсон, энэ үзэгдлийн улмаас үйлдвэрийн дээвэр болон ханаар их хэмжээний борооны ус нэвчиж, гоожиж барилгад хохирол учирсан, энэ нь даатгалын тохиолдол байж болзошгүй хэмээн тайлбарлаж, улсын байцаагчийн дүгнэлт нь хяналт шалгалт хийх, дүгнэлт гаргах журам зөрчсөн, утга агуулгын хувьд ойлгомжгүй, буруу норм дүрэм хэрэглэсэн хэмээн хүчингүй болгуулахаар маргажээ.

Нэхэмжлэгч нь цаг агаарын аюултай үзэгдлээс барилгад хохирол учирсан гэж маргаж буй ч ийм нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Багануур дүүрэг дэх цаг уурын өртөө 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр тус дүүрэгт цаг агаарын аюултай үзэгдэл нөөлөг салхи ажиглагдаж, аадар бороо 3 цаг үргэлжлэн орж, хур тунадасны хэмжээ 15.6 мм-т хүрсэн буюу аюулын түвшнээс 0,6 мм-ээр их хур тунадас орсон гэж тодорхойлсон[10] ч Цаг уур, орчны шинжилгээний газрын архивын Багануур өртөөний тухайн өдрийн цаг агаарын мэдээллээр агаарын температур өдрийн цагаар 20-31 хэм дулаан, салхины хурд 3-6 м/сек, өдөр 14 цагийн орчимд 11 м/сек хүрсэн, хур тунадасны хэмжээ 4.4 мм, өдрийн 15:30-19:55 цагийн хооронд аадар бороо завсарлагатайгаар, 18:32-18:58 цагийн хооронд аянга, дуу цахилгаан ажиглагдсан борооны үеэр салхи 6-11 м/сек, зарим үед түр зуур 13-16 м/сек хүрч ширүүсэн нөөлөг салхи ажиглагдсан хэмээн тэмдэглэгдсэн[11] байх бөгөөд тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст цаг агаарын нөхцөл байдлын улмаас үүссэн гамшгийн дуудлага бүртгэгдээгүй[12] байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 286 дугаар тогтоолоор баталсан сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээнд орох цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалт-аас үзвэл салхины хурд 18м/сек, түүнээс их бол цаг агаарын аюулт үзэгдэл, 24 м/сек, түүнээс их бол гамшигт үзэгдэл, бороо 30 мм, түүнээс ихээр 12 цаг, түүнээс доош хугацаанд орох бол аюулт үзэгдэл, 50 мм, түүнээс ихээр 12 цаг, түүнээс доош хугацаанд орох бол гамшигт үзэгдэл, аадар бороо 30 мм, түүнээс ихээр 3 цаг, түүнээс доош хугацаанд орох бол аюулт үзэгдэл, 30 мм, түүнээс ихээр 1 цаг, түүнээс доош хугацаанд орох бол гамшигт үзэгдэл гэж үзэж аюулт үзэгдэл болох нөхцөл бүрдсэн үед сэрэмжлүүлэг мэдээ, гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэх нөхцөл бүрдсэн үед урьдчилан сэргийлэх мэдээ гаргадаг[13] байх бөгөөд цаг уурын байгууллагаас 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ... төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орох тухай мэдээ ирүүлснээр Онцгой байдлын байгууллагаас иргэдэд анхааруулах сэрэмжлүүлэх зарлан мэдээлэл явуулаагүй, Багануур дүүргийн цаг уурын станцын хэмжилтээр дүүргийн нутаг дэвсгэрт мөн өдөр агаарын температур 32 хэм, салхины хурд 7-12 м/сек, 4.0 мм бороо орсон нь цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээгүй[14] болохыг Онцгой байдлын ерөнхий газар 2021 оны 4 дүгээр сарын 02-ны 6/605 тоотоор шүүхэд тодорхойлжээ.

Багануур дүүрэгт 2019 оны 7 дугаар сарын 15-ны үдээс хойш их хэмжээний усархаг бороо орсны улмаас үйлдвэрийн дээвэр болон ханаар их хэмжээний борооны ус нэвчиж, гоожсон, үүний дараа 2019 оны 7 дугаар сарын 16-нд Мах боловсруулах үйлдвэрийн дарга гэх Т.Баярхүү, сахиул Ц.Дашдоржийн хамт хийсэн үзлэгийн актад ... Зоорины хэсэгт дээврээс борооны ус гоожиж шалан дээр ус тогтсон, хана усанд нэвчсэн, цахилгааны шитэн дээр ус гоожсон. Мах хадгалах 101 тоот агуулахын дээврээс ус гоожиж шалан дээр тунасан, төмөрлөсөн хана хөлөрсөн. Мах хадгалах 102 тоот агуулахын дээврээс ус гоожиж шалан дээр тунасан, аммиакын батерей буюу аммиак дамжуулах шугам цоорч шалан дээр масло тунасан, төмөрлөсөн хана хөлөрсөн. Гүн хөлдөөх 103, 104, 107, 108 дугаар камериуд мөн дээврээс ус гоожиж шалан дээр ус тунасан. Мах сэврээх камерын дээврээс ус гоожсон, хана ус нэвчсэн, шалан дээр ус тунасан. Эхлэн боловсруулах цехэд дээврээс ус гоожсон, шалан дээр ус тунасан, бод, богийн шугамнууд норж хөлөрсөн, плитан хана хөлөрсөн. Жижиг зүйлийн цехэд дээврээс ус гоожсон, гүзээ шамлагч машин дээр ус гоожсон, шалан дээр ус тогтсон, плитан хана хөлөрсөн. Блоклон хөлдөөгчийн өрөөнд дээврээс ус гоожсон, блоклон хөлдөөгч машин дээр ус гоожсон, шалан дээр ус тунасан, плитан хана хөлөрсөн. Мах шулалгааны цехэд дээврээс ус гоожсон, лампиран тааз хөндийрч, унасан, шалан дээр ус тогтсон, төмөр баганын будаг ховхорч хөндийрсөн, плитан хана хөлөрсөн. Машинт танхимын хана ус нэвчиж, шалан дээр ус тогтсон, шохой унасан. Арьсан цехийн дээврээс ус гоожиж, хана ус нэвчсэн, ханын шохой шалан дээр унасан, шалан дээр ус тунасан, цонхонд суулт өгсөн, плитан хана хөлөрсөн. Компрессорын өрөөнд дээврээс ус гоожиж шалан дээр ус тогтсон, лампиран тааз хөндийрсөн, компрессор дээр ус гоожсон. Тэрэг хадгалах өрөөнд дээврээс ус гоожиж шал норсон, лампиран тааз хөндийрч унжсан. Дулааны узелийн өрөөнд ус гоожсон, лампиран доторлогоотой шполан дээвэр нь нурсан. Мал оруулах танхимын хана ус нэвчиж, ханын шохой шалан дээр унасан, шалан дээр ус тогтсон. Ажилчдын хувцас солих өрөөний шалан дээр ус тунасан, цонх дагаж ус нэвчсэн байдалтай, цонхонд суулт өгсөн, плитан хана хөлөрсөн, вакум хаалга, хаалтнууд хөлөрсөн. Гаражийн дээврээс ус гоожсон, хана ус нэвчсэн, будаг шохой шалан дээр унасан, цонх суулт өгсөн. Оффисын хойд булангийн дээвэр хэсгээс ус гоожиж ханын обой хөндийрч, шохой унасан. Зочид буудлын 201 тоот өрөөний хойд булангаар ус нэвчсэн, обой хөндийрч унжсан. Сангийн өрөөнд дээврээс ус гоожиж, шалан дээр ус тунасан. Үйлдвэрийн уурын зуухны дээврээс ус гоожиж дээвэр дотогш нурсан. Оффисын уурын зуухны гадна ханын шавардлага нурсан. Архивын дээврээс ус гоожиж шалан дээр ус тунасан. Хуурай агуулахын дээврээс ус гоожиж шалан дээр ус тунасан, давс бутлагч машин дээр ус гоожсон зэрэг байдалтай байна.[15] гэжээ.

Мөн Багануур дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн шалгалтын тэмдэглэлд дээврийн хийцлэлд засвар үйлчилгээ хийгээгүйгээс дээврийн бин битүү байдал алдагдсан, дээврээс ус нэвчин орсноос дотор засал элэгдэж муудсан[16] гэж тэмдэглэсэн, барилгын ашиглалтыг шалгах хяналтын хуудсаар барилгын эргэн тойрны бетон хаяавч хананаас хөндийрсөн, суурь руу гадаргын ус орох нөхцөл бүрдсэн, барилгын дээврийн бин битүү байдал алдагдсан, дээврээс ус гоождог, барилгын дээврийн налуу алдагдсан, хар цаас ховхорч муудсан, барилгын дотор засал элэгдэж муудсан, барилга нь хүн ажиллаж амьдрах нөхцөл алдагдсан, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, аюулгүй байдлыг хангаагүй гэж үнэлсэн[17], түүнчлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр газар дээр нь шалгаад үйлдвэрийн барилгын дээвэр нь 3 өөр төрлийн хучлагатай, А хэсгийн дээвэрт нэмж хийсэн төмөр хучлага нь зэвэнд идэгдэн олон хэсэг газраа цоорч өвс ургамал ургасан, Б хэсгийн дээврийн хучлага хэвийн ашиглалттай, В хэсгийн дээврийн хар цаасан хучлага нэлэнхүйдээ ховхорч хөндийрч урагдаж цоорсон, нэмж хийсэн полистрол дулаалга цоорч хуучин хар цаасан хучлага ил гарсан. Барилгын А, В хэсгийн дээврийн ашиглалтын явцад нэмж хийсэн хучлагыг барилгын норм ба дүрмийн шаардлагын дагуу хийгээгүй, засвар хийгдсэн хугацаанаас үзэхэд үр ашигтай ашиглалтын хугацаа дууссан, цаашид ашиглах боломжгүй бөгөөд дээрх гэмдлүүдийг арилгах, их засвар хийх шаардлагатай[18] хэмээн үзсэн байдаг.

Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч Тод үнэлгээ ХХК-иар хийлгэсэн хохирлын үнэлгээний тайланд Зоорины хэсгийн коридор, үүдний пүүлэх хэсэг, баруун тасалгаануудын урд хана нэлэнхүйдээ усанд автсан, дээврээс ус гоожсон байдалтай. Мах хадгалах 101 тоот агуулахын баруун ба хойд хана дээврийн хавтан хооронд ба дам нуруу баганын залгаас хэсэг тус бүрээр ус нэвчиж дотор засал урссан, төмөрлөсөн хана хөлөрсөн, шалан дээр тогтсон. Мах хадгалах 102 тоот агуулахын баруун ба хойд хана дээврийн хавтан хооронд ба дам нуруу баганын залгаас хэсэг тус бүрээр ус нэвчиж дотор засал урссан, төмөрлөсөн хана хөлөрсөн, шалан дээр ус тогтсон, аммиакан хөргүүрийн шугам хоолой зэвэрсэн ба хар өнгийн тос шалан дээр гоожиж тунасан. Гүн хөлдөөх 103, 104, 107, 108 дугаар камериудын урд ханан тааз, зарим тасалгааны хажуу ханууд ус нэвчиж норсон. Мах сэврээх камерын урд ба баруун, зүүн хана ус нэвчиж дотор засал хууларсан. Эхлэн боловсруулах цехийн таазны засал норж хууларсан. Жижиг зүйлийн цехийн таазны лампир зарим хэсгээр хууларсан, рам мод салсан, хана эргэн тойрон плитанаас дээш засал хууларсан. Блоклон хөлдөөгчийн ханын плитанаас дээш засал норж хуурсан ба хуучин элэгдэлтэй байсан. Мах шулалгааны цехийн метал дүүжин тааз усанд автаж 10-15 хэсэг детал унасан, доош хотойсон байдалтай. Машинт танхимын баруун тасалгааны баруун хана, тааз баруун хэсэгт ус нэвчиж дотор засал хууларсан. Компрессорын өрөөний эргэн тойрон хана норж засал гэмтсэн. Тэрэг хадгалах өрөөний лампир тааз хотойсон, хана хөлөрсөн, таазны цаад хэсэгт ус хуримтлагдсан. Мал оруулах танхимын хучилтын хавтангуудын залгаа заадлаар болон баганы залгаа хэсэг эргэн тойрон ус нэвчиж засал хуурсан[19] гэжээ.

Дээрхээс үзвэл салхины хурд болон хур тунадасны хэмжээ цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд бишийн дээр барилгын дээврийн хэвийн байдал алдагдсанаас буюу дээврийн бин битүү байдал алдагдсанаас борооны ус орсон гэж үзсэн улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Улсын байцаагчийн дүгнэлтэд хамаарах Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт байрлах Багануур мах маркет ХХК-ийн Мах бэлтгэх үйлдвэрийн барилгын зураг төсөл, техникийн баримт бичиг, барилгын хувийн хэрэг улсын байцаагчийн хяналт шалгалтын үед байгаагүй[20], шүүх тухайн барилгын хийц бүтээц, насжилт, засвар ашиглалттай холбоотой баримт цуглуулахаар ажиллагаа хийсэн боловч холбоотой баримт цуглуулж чадаагүй. Уг барилга нь 1980-аад оны дундуур зүүн бүсийн мах бэлтгэл, агуулахын зориулалтаар баригдсан хэмээн нэхэмжлэгч тайлбарласан[21], 1991-1996 оны хооронд хувьчлалд хамрагдсан хэмээн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тодорхойлсон[22], ийнхүү хувьчлагдсан талаарх баримтаас барилгын бүтээц, насжилт, засвар үйлчилгээ, ашиглалттай холбоотой баримт Нийслэлийн өмчийн ашиглалтын удирдлагын газрын архивт байхгүй[23], 2004 оны 4 дүгээр сарын 29-нд анх Дорнын говь ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн[24], эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт барилгын зураг төсөл, техникийн баримт бичиг, барилгын хувийн хэрэг авагдаагүй[25], Дорнын говь ХХК шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны албадан дуудлага худалдаагаар 2004 оны 4 дүгээр сарын 09-нд Хишиг уул ХХК-иас худалдан авсан, 2008 онд Дорнын говь ХХК-ийн өмчлөлд байх үед их засвар хийгдэж, улсын комисс актаар хүлээн авсан[26], энэ талаарх баримт нэхэмжлэгчид болон Багануур дүүргийн архив, Үндэсний төв архивт байхгүй[27], Багануур мах маркет ХХК 2006 онд худалдан авч 2013 он хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад барилгын ашиглалтыг зогсоосон, ашиглагдахгүй байгаа хэмээн хяналт шалгалтын үед тайлбарласан[28] бөгөөд нэхэмжлэгчид барилгын хувийн хэрэг байхгүй.

Нэхэмжлэгч нь шалгуулагчийг хяналт шалгалтад байлцуулаагүй хэмээн маргасан ч энэ үндэслэлээ шалгуулагчаар Багануур мах маркет ХХК-ийг биш, даатгуулагч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч хяналт шалгалтад байлцах ёстой гэж тайлбарлах тул энэ үндэслэлийг улсын байцаагчийн дүгнэлтийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл болгоогүй, удирдамжийн дагуу хийгдсэн хяналт шалгалтад шалгуулагч этгээдийг байлцуулах үүргээ хариуцагч биелүүлсэн гэж шүүх дүгнэлээ. Учир нь хяналт шалгалт хийх үндэслэл болсон хүсэлтэд дурдсан үзлэг хийсэн актыг Багануур Мах маркет үйлдвэрийн дарга Т.Баярхүү үйлдсэн, актыг гарын үсэг, тэмдгээр баталгаажуулсан, Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 466 тоот албан бичигтээ ... үйлдвэрийн даргын хийсэн үзлэгийн актад дурдсан хохирол учирсан талаар дурьдаад, үйлдвэрийн дарга Т.Баярхүү гэх гарын үсэг, тэмдэг бүхий дээрх үзлэгийн актыг хавсаргаж Монгол даатгал ХК-д даатгалын нөхөн олговрын хүсэлт хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл улсын байцаагч нь хяналт шалгалт хийлгэх хүсэлтэд, түүнд хавсаргасан үзлэгийн актад үйлдвэрийн дарга хэмээн тодорхойлогдсон этгээдийг хяналт шалгалтад байлцуулжээ. Тэгээд ч ашиглалтгүй болсон тухайн барилгыг Т.Баярхүү хариуцан хамгаалж буйтай нэхэмжлэгч маргаагүй болно.

Дэд бүтцийн сайдын 2003 оны 130 дугаар тушаалаар батлагдсан Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм БНбД 13-04-03 ийг хяналт шалгалтад баримталсан, уг норм дүрмийн 2 дугаар хүснэгтээр барилга байгууламжийн бүрдэл хэсгийн үр ашигтай ашиглалтын хугацааны хамгийн бага үргэлжлэлийг тогтоосон, үүнд дээвэр ба дээврийн хучлага, дээврийн хучлагын бүрээс ямар материалаар хийгдсэнээс хамаараад хугацааг тогтоосон байх тул буруу норм дүрэм хэрэглэсэн гэж үзэхгүй.

Нөгөөтэйгүүр барилгын техникийн хяналтын улсын байцаагч барилгын төлөв байдалд дүгнэлт гаргасан, үүнийг даатгалын тохиолдол мөн эсэхийг гэрээнд заасан нөхцлөөр буюу даатгалын эрсдэл үүссэн эсэх, даатгалын зүйлд ашиглалтын хугацаанаас хамаарсан элэгдэл үүссэн эсэхийг даатгалын гэрээний талууд тогтоох боломжтой тул дүгнэлтийг ийнхүү төлөв байдалд гаргасан гэдгээс хамаарч утга агуулгын алдаатай гэж үзэхгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-265/206 дугаартай дүгнэлт хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хөндөөгүй гэж шүүх үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч буюу маргаан бүхий дүгнэлтийг үйлдсэн Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Батзаяа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт томилогдон ажилласан тул Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-265/206 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, дахин шинжилгээ хийж дүгнэлт гаргахыг даалгах тухай Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА

 

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 63-75 дугаар хуудас

[2] Хэргийн 2 дугаар хавтсын 141 дүгээр хуудас

[3] Хэргийн 2 дугаар хавтсын 142-146 дугаар хуудас

[4] Хэргийн 2 дугаар хавтсын 147 дугаар хуудас

[5] Хэргийн 2 дугаар хавтсын 150 дугаар хуудас

[6] Хэргийн 2 дугаар хавтсын 151 дүгээр хуудас

[7] Хэргийн 2 дугаар хавтсын 152 дугаар хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтсын 17 дугаар хуудас

[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 18-19 дүгээр хуудас

[10] Хэргийн 1 дүгээр хавтсын 16 дугаар хуудас

[11] Хэргийн 2 дугаар хавтсын 92-93 дугаар хуудас

[12] Хэргийн 2 дугаар хавтсын 96 дугаар хуудас

[13] Хэргийн 2 дугаар хавтсын 86, 120-122 дугаар хуудас

[14] Хэргийн 2 дугаар хавтсын 86 дугаар хуудас

[15] Хэргийн 2 дугаар хавтсын 141 дүгээр хуудас

[16] Хэргийн 1 дүгээр хавтсын 51 дүгээр хуудас

[17] Хэргийн 1 дүгээр хавтсын 52-54 дүгээр хуудас

[18] Хэргийн 1 дүгээр хавтсын 18-19 дүгээр хуудас

[19] Хэргийн 2 дугаар хавтсын 142-146 дугаар хуудас

[20] Хэргийн 1 дүгээр хавтсын 17, 18-19, 52-54 дүгээр хуудас

[21] Хэргийн 1 дүгээр хавтсын 62 дугаар хуудас

[22] Хэргийн 2 дугаар хавтсын 40 дүгээр хуудас

[23] Хэргийн 2 дугаар хавтсын 65 дугаар хуудас

[24] Хэргийн 2 дугаар хавтсын 34-37 дугаар хуудас

[25] Хэргийн 1 дүгээр хавтсын 88-250, 2 дугаар хавтсын 1-24 дүгээр хуудас

[26] Хэргийн 2 дугаар хавтсын 74-75 дугаар хуудас

[27] Хэргийн 2 дугаар хавтсын 89, 104 дүгээр хуудас

[28] Хэргийн 1 дүгээр хавтсын 17-19 дүгээр хуудас