Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсумын Идэр |
Хэргийн индекс | 166/2022/0304/Э |
Дугаар | 2022/ШЦТ/321 |
Огноо | 2022-10-04 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/00304/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Хохирогч Е.А Л ,
Орчуулагч Л.Н ,
Шүүгдэгч А.С. Л , түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт Л А С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000373 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлэээн авч, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Оросын Холбооны Улсын иргэн, Л А С , ..... оны ..... дүгээр сарын ..... -ны өдөр . ..........-д төрсөн, ....... настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл .. , ..........-ийн хамт ........... хотод амьдардаг /...... аймгийн ....... сумын . дүдгээр баг, ................ тоотод түр оршин сууж байгаа/, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч А.С.Л-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.С Л нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр .. аймгийн ... сумы . дугаар багийн нутаг “..... ” гэх газар Улаанбаатар-Дархан чиглэлийн төв зам дээр .... дугаартай ..... маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 12.2 дугаар зүйлд заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 13.1 дүгээр зүйлд заасан “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний үзэгдэлтийг харгалзан үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.” гэх заалтуудыг зөрчиж Ө.М-ыг жолоодож явсан .... улсын дугаартай ...-ын арын .....-ийг мөргөсний улмаас .......... дугаартай .......... маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л Е А-ийн эрүүл мэндэд баруун гарын атгаал ясны битүү хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С Л-ий мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Е.А Л-ийн мэдүүлсэн: “...Би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2218000000373 дугаартай хэргээс:
Хохирогч Е.А Л-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Би хүүгийнхээ хамт Улаанбаатар хотод дэлгүүр хоршоогоор явж байгаад 16 цагийн үед Улаанбаатар хотоос харих гээд манай хүү Л А С машинаа бариад Хиагт чиглэлд явсан. Ингээд би шороотой зам болон асфальтан замаар явж байх үед харанхуй болж гэгээ тасраад явж байгаад асфальтан зам дээр явж байхад манай хүү Л А С-ийн барьж явсан машины гэрэлд зам дээр ямар ч гэрэлтүүлэггүй өвс ачсан ...... явж байсан учир манай хүү тухайн өвстэй ........-ыг хараад шууд тормос гигшгээд зогсох арга хэмжээ авсан боловч хүүгийн барьж байсан машин зогсож амжилгүй тухайн ......-ын чиргүүлийг урд хэсгээрээ мөргөх үед машины ослын дэр гараад би ухаан алдсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан сэргээд харахад тухайн ........ анх мөргөлдсөн газраас 100-150 метр орчим зайд харагдсан. Би тэр .....-ыг яагаад хөдөлснийг мэдэхгүй байна. Манай хүү замд явж байсан жолоочтой яриад байх шиг байсан. Тэгээд цагдаа болон түргэн тусламж дуудсан. Би машинаас буух гээд хаалгаа онгойлгоход шууд уначихсан. Би хэр удаан ухаан алдсан талаараа мэдэхгүй байна. Би хүүтэйгээ явж байсан учраас гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...... дугаартай ...... маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын бүдүүвч зураг, ослын газарт хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 2-3, 4-8, 9, 10 дахь тал/,
Жолоочийн согтуурулах ундаа, мансууралх эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай /... согтуурлын хэмжээ 0,00% / гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгч Ш.Ө-ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...Манай хүү М р нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ....... гэх газраас миний эзэмшлийн ............ маркийн ...... улсын дугаартай .....-д ......... өвс ачаад сумын төвийн чичглэлд 16 цаг өнгөрч байхад гараад явсан. Харин 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манай хүү замдаа зам тээврийн осолд өртсөн тухай мэдсэн. ..... маркийн .... улсын дугаартай ..........-т чирч явсан ..........-д ямар ч бичиг баримт байхгүй. Хөдөө ашигладаг болохоор мөн тухайн .......-д гэрэлтүүлэг байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,
Гэрч Ө.М-ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ...... аймгийн .......... сумын ..... дугаар баг . гэх газар оршин суудаг аав Ө-ын гэрээс аавын эзэмшлийн ....... улсын дугаартай .... маркийн ..........-оор ....... өвс ачаад 18 цаг өнгөрөөд гэр лүүгээ явсан. Ингээд ........ гэх газарт явж байхад араас машин намайг гүйцэт түрүүлээд гарах гэтэл эсрэг урсгалаас том ачааны машин гарч ирэхэд нөгөө гүйцэт түрүүлэх хөдөлгөөн хийж байсан суудлын машин эгнээндээ орох гээд миний жолоодож явсан ........-ын ..........-ийн хажуу талыг мөргөсөн. Тэгэхээр нь буугаад хартал Оросын Холбооны Улсын 2 иргэн байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх байхгүй. ........-ийн гар тахийсан, нум гулзайсан өөр зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
Гэрч Д.Жанцанноровын хэрэг бүртгэлтэд 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцсэн жолоодоох эрхийн буюу олон улсын жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэхээр гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтэрснээс хойш нэг жилийн хугацаанд тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодож болно гэж заасан байдаг учир тухайн гадаадын иргэн тээврийн хэрэгсэл жолоодох үедээ жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явж байгаа бол жолоодох эрхтэй гэж үзнэ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,
Капитал зууч ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “...иргэн Ө.М-ын жолоодож явсан .........-ын -------- ийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас ........ маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Л Е А нь биеээ хүндэвтэр гэмтэл авсан хэрэгт 2017 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн ....... маркийн тээврийн ..... улсын дугаартай суудлын автомашины зах зээлийнй өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчинй дүгнэлт бэлтгэж 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн бадйлаар 14,000,000/арван дөрвөн сая/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 37, 38 дахь тал/,
Шинжээч Ш.Бямбажавын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “...Оросын холбооны улсын .......... маркийн ...... дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тормосын эд ангиуд нь стандартыг хангаж оролцсон байна. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдал нөлөөлөөгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-50 дахь тал/,
Шинжээч Ш.Бямбажавын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “.............. нь осол болхоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо MNS4598:2011 стандартын 14.9-1 .......-ийн урд талынхаас бусад талуудын гэрэлтүүлэг болон дохиоллын хэрэгслүүдээр тоноглогдсон байна. ......... бүрэн ажиллагаатай тормосны нэг системтэй байна гэсэн стандартын шаардлагыг хангаж оролцоогүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 97-98 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 ны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 898 угаартай “...Л Е А-ийн биед баруун гарыын атгаал ясны битүү хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн осолын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удааан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 85-86 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүшгээр сарын 14-ний өдрийн 899 дугаартай “...Л А С-ийн биед тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,
Шинжээч С.Саруулболдын “...Зам тээврийн осол гарсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зургаас харахад .......... маркийн .........-ын чирч явсан 2 дахь чиргүүлийн зүүн хойд дугуйны дээд хэсэгт ..... маркийн тээврийн хэрэгслийн их гэрэл гогцоогдсон байсан. Урд байгаа тээврийн хэрэгслийн эгч ардаас мөргөсөн үед тухан гэрэл чиргүүлийн зүүн арын дугуйны хэсэгт тогтохгүй байсан. Дээрх баримтыг үндэслэж ....... маркийн тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлэх үйлдэл хийсэн гэж үзнэ.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 104 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч Л А С , түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л А С-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Л А С-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Л А С-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л А С-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Л А С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л А С-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л А С-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л А С-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л А С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л А С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л А С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР