Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2019/00001

 

 

 

 

 

 

 

 

     2018 оны 12 сарын 21 өдөр

 Дугаар 183/ШШ2019/00001

               Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

   Нэхэмжлэгч: Ц.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.А холбогдох

 

Эд хөрөнгө хадгалах гэрээний үүрэгт 123.750.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

                   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнгөнсүх, хариуцагчийн өмгөөлөгч Э.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баяр-Эрдэнэ нар оролцов. 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ц.Б миний бие 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр А.Агийн хүсэлтээр “Эд хөрөнгө хадгалах гэрээ” байгуулж, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ ******* тоотод байрлах өөрийн байранд рестораны зориулалттай тоног төхөөрөмж бүхий эд хөрөнгийг хадгалсан билээ. Уг гэрээгээр А.Агийн рестораны зориулалттай эд хөрөнгийг нэг сарын 1.500.000 төгрөгөөр тооцож өөрийн байранд байршуулсан. А.А нь рестораны зориулалттай эд хөрөнгийг байлгах шалтгаанаа хэлэхдээ... удахгүй “Шангрила” зочид буудлын хажууд байрлах барилга ашиглалтад орж тийшээгээ тоног төхөөрөмжөө зөөнө, тэр болтол бороо шорооноос хамгаалж бүрэн байдлыг хангах шаардлагатай байна...”, төлбөрөө сар сард нь өгч байх болно гэж хэлсэн. Гэвч А.А 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 6 сарын төлбөрийг бэлнээр өгснөөс хойш нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд залгахаар барилга удахгүй ашиглалтад орох гэж байна, тэгээд нэг мөр тооцоогоо хийгээд тоног төхөөрөмжүүдээ авна, түр хүлээж байна уу гэсээр нэг ч төгрөг өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч А.Агаас эд хөрөнгө хадгалах гэрээний 2.3 дахь хэсэгт заасны дагуу 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр болох 55 сарын төлбөр 82.500.000 төгрөг, алданги 41.250.000 төгрөгийн хамт нийт 123.750.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнгөнсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б нь 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр А.Атай эд хөрөнгө хадгалах гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ, ********тоотод байрлах өөрийн байранд А.Агийн рестораны зориулалттай тоног төхөөрөмжийг хадгалсан. А.А дээрх тоног төхөөрөмжийг “Шангрила” зочид буудлын хажууд байрлах барилга ашиглалтад орох үед ресторандаа хэрэглэхээр хилээр оруулж ирсэн ба сав баглаа боодлыг задлалгүйгээр тэр чигээр нь хадгалуулсан байдаг. Тэд нэг сарын төлбөрийг 1.500.000 төгрөгөөр тооцож, А.А 2013 оны 9 дүгээр сарын 27-ноос 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 6 сарын төлбөрийг бэлнээр өгч, өөр төлбөр хйигээгүй. Улмаар Ц.Б А.А руу залгахаар барилга удахгүй ашиглалтад орох гэж байна, тэгээд нэг мөр тооцоогоо хийж, тоног төхөөрөмжүүдээ авна, түр хүлээж бай гэсээр өдийг хүргэсэн бөгөөд арга буюу шүүхэд хандсан. А.Агийн хадгалуулсан эд хөрөнгө одоо болтол Ц.Бы байранд байгаа ба сарын төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл тооцож, түүнээс хойш дахин 2 сар гаруй хугацаанд хадгалаад л байж байна. Хариуцагчийн өмгөөлөгч нь А.Аг А.П.ЛХХК-тай барилга захиалан бариулах гэрээ байгуулж, гэрээний дагуу тус компани нь 2013 оны 3 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул дээрх төлбөрийг төлөхгүй, А.П.ЛХХК төлбөрийг төлөх ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь хадгалалтын гэрээ Ц.Б, А.А нарын хооронд хийгдсэн бөгөөд А.П.ЛХХК нь барилгаа хугацаанд нь хүлээлгэн өгөөгүйд нэхэмжлэгч буруугүй, тус компанитай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, гэрээний нэг тал биш тул  эд хөрөнгөө хадгалуулсан А.Агаас төлбөрөө нэхэмжилж байна. А.А хохирлоо тус компаниас жич нэхэмжлэх эрхтэй. Иймд хариуцагч А.Агаас гэрээний 2.3 дахь хэсэгт заасны дагуу 2014 оны 03 дугаар сарын 27-ноос 2018 оны 10 дугаар сарын 03-ныг хүртэлх 55 сарын төлбөр 82.500.000 төгрөг, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 41.250.000 төгрөг нийт 123.750.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Золбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А нь А.П.ЛХХК-тай захиалан бариулах гэрээ байгуулж, тус компани гэрээний дагуу 2013 оны 3 дугаар улиралд багтаан барилгыг хүлээлгэн өгөх байсан боловч хугацаандаа хүлээлгэн өгөөгүйгээс эд хөрөнгөө хадгалах шаардлагатай болсон. Тоног төхөөрөмж хадгалахад байрыг бүхэлд нь түрээслэх гэхээр хэтэрхий үнэтэй байсан тул Ц.Бтай эд хөрөнгө хадгалах гэрээ байгуулж, рестораны зориулалтаар ашиглахаар авчирсан тоног төхөөрөмжөө хадгалуулсан юм. А.П.ЛХХК нь барилгаа 6 сарын хугацаанд ашиглалтад оруулах боломжтой гэж үзэж, Ц.Бтай 6 сарын хугацаатай гэрээ байгуулж төлбөрөө бүрэн төлсөн. Гэтэл энэ хугацаанд А.П.ЛХХК мөн л барилгыг ашиглалтад оруулаагүй. Улмаар Ц.Б шүүхэд нэхэмжлэл гаргаж, алдангийн хамт 123.750.000 төгрөг шаардаж байна. А.Агийн тухайд гуравдагч этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас дээрх хэмжээний мөнгөн төлбөрт унах болж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, А.П.ЛХХК-иас нэхэмжилж авах нь зүйтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б хариуцагч А.Ад холбогдуулан эд хөрөнгө хадгалах гэрээний үүрэгт 123.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.    

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгийг үндэслэн шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хадгалалтын гэрээний дагуу А.Агийн өмчлөлийн эд хөрөнгийг хадгалж, тэрээр 2013 оны 9 дүгээр сарын 27-ноос 2014 оны 03 дугаар сарын 27-ныг хүртэл 6 сарын төлбөр төлсөн боловч түүнээс хойш төлбөр хийгээгүй, одоог хүртэл эд хөрөнгийг хадгалж байгаа гэж тайлбарлан, 55 сарын төлбөр 82.500.000 төгрөг, алданги 41.250.000 төгрөг, нийт 123.750.000 төгрөгийг нэхэмжилж, дээрх шаардлагаа дэмжиж байна.

 

 Харин хариуцагч тал А.П.ЛХХК нь А.Атай барилга захиалан бариулах гэрээ байгуулж, гэрээний дагуу барилгыг 2013 оны 3 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх, дээрх барилгад ресторан ажиллуулахаар тоног төхөөрөмж хилээр оруулж ирсэн боловч хугацаандаа хүлээлгэн өгөөгүй, гуравдагч этгээдийн буруутай үйл ажиллагаанаас болж Ц.Бы байранд хадгалуулсан эд хөрөнгөө авч чадахгүй, гэрээний үүрэгт их хэмжээний төлбөр төлөх гэж байгаа нь үндэслэлгүй, дээрх төлбөрийг А.П.ЛХХК төлөх ёстой гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

 

 Зохигчдын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр эд хөрөнгө хадгалах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр хариуцагч А.А нь өөрийн өмчлөлийн “...Рестораны зориулалттай тоног төхөөрөмж, эд хөрөнгийг...” нэхэмжлэгч Ц.Бы байранд хугацаагаагүйгээр хадгалуулах, хадгалуулсаны төлбөр 1 /нэг/ сарын 1.500.000 төгрөг байхаар, 6 сараас дээшхи хугацааны төлбөрийг сар бүрийн 15-нд өгч байхаар харилцан тохиролцож Ц.Б, А.А нар гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.

 

 Хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд А.А гэрээ байгуулсан өдрөөс 2014 оны 6 дугаар сар 27 хүртэлх хугацааны 6 сарын төлбөрийг төлж барагдуулсан ба уг асуудлаар талууд маргаагүй болно.

 

 Хариуцагч тал өөрийн татгалзлаа нотлохоор А.П.ЛХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан үйлчилгээний талбайг захиалан бариулах гэрээ, мөн өдрийн орон сууц захиалан бариулах гэрээг шүүхэд баримтаар гаргаж өгсөн бөгөөд дээрх гэрээгээр А.П.ЛХХК нь барилгыг 2013 оны 3 дугаар улиралд багтаан А.Ад хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч одоог хүртэл хүлээлгэн өгөөгүй, ашиглалтад оруулаагүйгээс шалтгаалж хадгалалтын гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө төлөхгүй гэж үзэж байгаа нь Ц.Б, А.А нарын хооронд байгуулсан эд хөрөнгө хадгалах гэрээний маргаанд хамааралгүй юм.

 

 Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-т “... хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэгтэй...“, 422.4.2-т “...хадгалалт төлбөртэй бол хадгалалтын гэрээ дуусгавар болсон тохиолдолд хадгалагчид хөлсийг төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан дээрх хадгалалтын гэрээний дагуу нэхэмжлэгч хөлсөө шаардах эрхтэй байна.

 

 Нэхэмжлэгч 2013 оны 3 дугаар сарын 27-ноос шүүхэд нэхэмжлэл гаргах 2018 оны 10 дугаар сарын 03 хүртэл 55 сарын төлбөрт 82.500.000 төгрөг нэхэмжилсэн боловч нийт 54 сар 5 хоног болж байх тул сарын 1.500.000 төгрөгөөр тооцож, 81.250.000 төгрөг, гэрээний 3-т... төлбөрийн хугацааг хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож, хадгалагчид алданги төлөхөөр тохирсон, Иргэний хуулийн 232.4-т... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар /81.250.000:2/=40.265.000 төгрөг нийт 121.875.000 төгрөгийг хариуцагч А.Агаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.875.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 422.4.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Агаас 121.875.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.875.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 776.700 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Агаас 767.325 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бд олгосугай.

 

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.ДАВААСҮРЭН