Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/322

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0306/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа,

Шүүгдэгч Д.Б   /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт Б  овогт Д-ийн Б  д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000378 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10  дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Д-ийн Б   /РД: ...... /, ....  оны ... дугаар сарын ... -ны өдөр ..... аймгийн ........  суманд төрсөн, эмэгтэй, .......  настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, малчин, ам бүл ..... , ............-ийн хамт .......... аймгийн ............  сумын ...  дугаар багийн ......  хөдөө тоотод оршин суух хаягтай.  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Д.Б-ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б   нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө ........  аймгийн .... сумын .... дугаар багийн “........ ” гэх газарт иргэн Б.Б-ийг төмөр саваар цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-ийн мэдүүлсэн: “...Би өөрийнхөө хийсэн үйлдэлд маш их харамсаж байна. Өмнө нь үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй.” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2218000000378 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...Би Улаанбаатар хотоос 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ирээд ....  сумын ...  дугаар багт байдаг ээжийндээ байж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 16-ны орой 20 цагийн үед ...... сумын ...........-д байдаг өөрийн үеэл болох Б-ын гэрт очсон. Тэгээд орой Б , түүний эхнэр Б   бид гурав буцаж Д-д ирээд караокед сууж архи ууж байгаад шөнө 00 цаг өнгөрөөд Б-ын гэрт буцаж очсон. Тухайн үед Б  машин бариад явж байсан болохоор архи дарс уугаагүй. Харин Б   бид хоёр л уусан. Тэдний гэрт очоод машинд байсан 1 шил архийг задлаад Б   бид хоёр нэг хоёр хундага уугаад буцаагаад хийсэн. Тэгж байгаад яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Б   бид хоёр маргалдчихсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь миний толгойноос цус гарчихсан байсан. Тэгээд цагдаа дуудсан. Ямар ч байсан Б   намайг нэг төмөр саваар цохиж байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 2-3, 4-6 дахь тал/

 

Гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтад 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 09 дүгээр сарын 16-ны орой 18 цагийн үед тууварт яваад ирсэн. Харин замд манай нэг үхэр даваан дээр хэвтээд өсгөн. Тэгээд би хамаатан Б-ийг дуудсан. Тэгээд Б  манай эхнэртэй хамт ...... орж караоке орсон. Тэндээ манай эхнэр, Б , Б-тэй найз гээд хүн тэр гурав нэг литр архи хүний 2 лааз пиво уусан. Тэгээд гэрт ирээд Б  манай эхнэр хоёр юунаас болсныг мэдэхгүй байна маргалдаад байсан. Мөн Б манай эхнэрийг доромжлоод байхаар нь манай эхнэр төмөр паалантай саваар Б-ийн толгой руу цохисон. Тэгээд цус гараад цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 920 дугаартай “...Б.Б-ийн биед зулайн хуйханд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Б-ийн биед тогтоогдсон гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Б-ийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “...Б-ны Б , ... хэсэг газрын үзлэгээр: толгойн орой хэсэгт язарсан шархтай...” гэх яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

 

Д.Б-ийн яллагдагчаар 2022  оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...Манайх ......  суманд харьяатай айл, өвөлжөөндөө буух гээд явж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн үед ........  аймгийн .....  сумын .......  гэх газар ирсэн. Тэгээд тэндээ буудаллаад гэрээ бариад нөхөр үхэр малаа туугаад ирж байсан. Тэгсэн манай нэг үхэр даваан дээр хэвтчихээд босохгүй болохоор нь манай нөхөр өөрийн үеэл Б-ийг Д-аас дуудсан. Ингээд бид нар үхэр малаа хашчихаад орой 21 цаг 40 минутын үед Д  ороод бид гурав караокед орсон. Караокед байхад Б-ийн нэг найз  ирчхээд сууж байгаад явсан. Бид  нар тэнд хоёр шил архи авч уусан. Гэхдээ тухайн үед манай нөхөр Б машин барьж явсан болохоор огт уугаагүй. Харин Б бид хоёр түүний найзтай хоёр шил архи хувааж уусан. Ингээд караоке хаагаад Б-ийн найз яваад манай нөхөр Б, Б  бид гурав 00 цаг өнгөрч байхад манайд буцаж ирсэн. Гэрт ирээд нөхөр унтлаа гээд хэвтээд Б  бид хоёр машинд байсан нэг шил архийг ууна гэж задлаад дээрээс нь нэг хоёр татсан. Тэгж байгаад Б  намайг элдвийн хорон үгээр идээд байхаар нь бид хоёр маргалдсан. Тэгж хэрүүл хийж байгаад би ширээн дээр байсан хар цай хийчихсэн байсан төмөр савыг аваад Б-ийн урд очиж байгаад ширээний цаанаас Б  рүү шидчихсэн чинь толгойд нь оносон. Тэгээд цус гарч эхэлсэн чинь Б цагдаа дуудаж удалгүй цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Д.Б-ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Б-ийг  өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Д.Б-ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б  д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Б  нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирол нэхэмжлээгүй бөгөөд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ  тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Б   нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр савыг шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б  овогт Д-ийн Б-ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б  д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б   нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б   нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг төмөр савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.   

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР