Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
Хэргийн индекс | 149/2022/0104/Э |
Дугаар | 2022/ШЦТ/106 |
Огноо | 2022-10-17 |
Зүйл хэсэг | 17.7.1., |
Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******ад холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 31 настай эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг Баянсуудал 2-23А тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хондого овогт Ганбаатарын Алтанбат /*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сум 3 дугаар баг Баянсуудал 1-34 тоот хашааны гаднаас иргэн *******ын эзэмшлийн 15-40 СЭН Улсын дугаартай улаан өнгийн “Чансаа” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:... Тухайн үед хөрш айлын Гэрэлт-Од ахын мотоциклыг тоглох зорилгоор хашааны гаднаас түрээд явж байсан. Тэгээд гэрээс нь зүүн тийш жоохон түрж явж байгаад буцааж аваачиж өгөх гээд явж байсан чинь ийм зүйл болсон. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, миний буруу...гэжээ.
Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7-р тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9-р тал/
Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн улаан өнгийн чансаа загварын мотоциклтой 19 цагийн үед үхэртээ явсан. 19 цаг 30 минутын үед үхрээ тууж ирээд хашааныхаа гадаа мотоциклоо байрлуулаад гэртээ орсон. Эхнэр Чимгээгийн хамтаар үхрээ саагаад 20 цаг өнгөрч байхад дуусаж сүүгээ гэртээ оруулаад цонхоор харсан чинь хашааны гадаа асаагуурын гэрэл харагдах шиг болсон. Би хашааны гадаа гараад хартал 1 эрэгтэй хүн миний мотоциклыг түрээд зүүн тийшээ явж байхаар нь араас нь гүйж очоод “Хөөе чи хэн бэ мотоцикл яахаараа авдаг” юм гэсэн чинь манай хөрш айлын Алтанбат байсан. Алтанбат тухайн үед “За ахаа тоглосон юм аа” гэж хэлээд миний мотоциклийг надад эргүүлэн өгсөн. Тэгээд би хүний эд зүйл хэлээгүй дур мэдэж авсан болохоор цагдаад хэлэхгүй бол дахиж ийм зүйл гаргаж магадгүй гэж бодоод цагдаад хандсан. Алтанбат ганцаараа явж байсан. Би мотоциклоо очоод авч байхад манай эхнэр Чимгээ миний араас гараад ирсэн байсан. Өөр хүн байгаагүй. Алтанбат манай хашааны гаднаас ертөнцийн зүгээр зүүн тийш 15 орчим метр зайд байсан. Алтанбатын гэр манай гэрээс ертөнцийн зүгээс баруун тийш 3 дахь айл. Миний мотоциклийг авч явахдаа гэр лүүгээ биш өөр чиглэл рүү авч явсан. Би гарч ирээгүй бол миний мотоциклийг тэр чигтээ аваад явах байсан байх. Надад баригдаад тоглож байсан юм гээд худлаа яриад байгаа юм...”гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,
Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр би нөхөр *******ын хамтаар үхрээ сааж дуусаад гэртээ 20 цаг өнгөрч байхад орсон. Гэртээ ороод удаагүй байж байтал нөхөр ******* хашааны гадаа гэрэл гараад байх шиг байна гээд гарсан. Би араас нь гарсан чинь нөхрийн мотоциклийг хөрш айлын Алтанбат зүүн тийшээ жоохон зайтай түрээд аваачсан байсан. Би очсон чинь Алтанбат “Гэрэлт-Од ахаа би тоглосон юм аа” гэсэн байдалтай зогсож байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 15-р тал/, зэрэг нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 26 дугаар хуудас/, Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /ХХ-ийн 28 дугаар хуудас/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /ХХ-ийн 29 дүгээр хуудас/ шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 31 дүгээр хуудас/, зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг. Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сум 3 дугаар баг Баянсуудал 1-34 тоот хашааны гаднаас иргэн *******ын эзэмшлийн 1540 СЭН Улсын дугаартай улаан өнгийн “Чансаа” загварын тээврийн хэрэгсэл /мотоцикл/-ийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 13-р тал/, Гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 15-р тал/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч ******* нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгч *******ад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сум 3 дугаар баг Баянсуудал 1-34 тоот хашааны гаднаас иргэн *******ын эзэмшлийн 1540 СЭН УлСын дугаартай улаан өнгийн “Чансаа” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хондого овогт Ганбаатарын Алтанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын торгох ялыг 04 /дөрөв/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.